Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

       2024         02          26                                          2024/ШЦТ/197

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзул,

Хохирогч Б.С-ын өмгөөлөгч Ц.Т,

Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Тхолбогдох эрүүгийн 2309000002890 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, "Б К" ХХК-д бетон арматурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн ............................... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн .............................. тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.Т, ...................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна хохирогч Б.С-ийг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд баруун 1, 2-р шүдний булгарал, туушин сэртэнгийн хугарал, дээд уруулд шарх, дээд уруулын дотор салст шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, няцрал, доод зүүн 2-р шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2309000002890 дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Б.С-ын өгсөн: "Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Соёл төвийн караокены гадна 02:40 цагийн орчим очоод гадна талд нь 2 залуу байсан нэг нь өндөр болон намхан залуу байсан тэгээд би тэр хоёроос караоке онгорхой байна уу гэхэд тэр хоёр чамд ямар хамаатай юм гээд байсан. Тэгээд би тэр хоёроос “орчих уу” гээд асуусан чинь “Чи ямар олон юм ярьдаг гөлөг вэ” гэж хэлээд намхан залуу нь гараараа 2 удаа миний ам руу цохисон. Тэгээд би ахынх нь шүд уначихлаа гээд хэлсэн чинь намайг тэр хоёр чирээд гудамж руу оруулаад өндөр нь дух руу 1 удаа өшиглөсөн тэгээд цагдаад хэлбэл ална шүү гүйцээнэ шүү гээд байсан. Тэгээд дахиад миний цээж рүү болон баруун, зүүн гуя руу тэр 2 өшиглөөд байсан. Тэгээд намайг орхиод явсан тэгээд би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст рүү очоод болсон зүйлээ хэлсэн би гомдолтой байна. Тухайн үед бид 3-аас өөр хүн байгаагүй. Хяналтын камер байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би тэр хоёрыг огт танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Д.Б-ын өгсөн: ".. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөрт шилжих шөнө өөрийн найз У, Х, Т нарын хамт Соёлын төвийн доод давхарт байрлах караокед үйлчлүүлж байгаад 03 цаг өнгөрч байхад өөрийн найз Т бид хоёр караокены гадна гараад тамхи татаад зогсож байхад 30-40 орчим насны эрэгтэй хүний амнаас нь цус гарсан, өөрийнхөө шүдийг унасан гээд нүүр ам нь цус болсон байдалтай ирээд "караоке байна уу" гэхээр нь байгаа байх гэж хэлээд цаашаа явчих гэхэд тэр хүн хэрүүл өдөөд байсан. Тэгээд надтай хамт явсан Т тэр хүнийг цаашаа явж гэж түлхчхээд бид хоёр дотогш ороод байж байхад 20-30 минутын дараа тэр хүн цагдаа нартай хамт орж ирээд намайг зодсон гэж яриад байна. Би тэр хүнтэй караокены үүднээс өөр газарт уулзаагүй. Би тэр хүнтэй муудалцаж, биед нь халдсан зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14445 дугаартай дүгнэлт: "Б.С-ын биед дээд баруун 1, 2-р шүдний булгаралт, туушин сэртэнгийн хугарал, дээд уруулд шарх, дээд уруулын дотор салст шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, няцрал, доод зүүн 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна." гэх /хх-ийн 33/,

Шинжээч эмч Т.Н-ийн "Тухайн гэмтлүүд нь нэг удаа болон олон удаагийн алинаар нь үүсэх боломжтой гэмтэл. Нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой байгаа тул тийм дүгнэлт гаргасан." гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

Яллагдагч О.Тгийн өгсөн: "Тухайн өдөр би Соёл караокены үүдэнд тамхи татаад зогсож байтал цаанаас согтуу ах гуйвж ирээд караоке ажиллаж байна уу гэж асуухаар нь ажиллаж байгаа байх та өөрөө ороод харчих гэж хэлээд тэр ахыг тоолгүй байж байтал тэр ах явахгүй, хажууд сонин сонин юм яриад зогсоод байсан. Тэгтэл тэр үл таних ах Б ахтай хэрэлдэж маргалдаад байж байтал тэр танихгүй ах над руу та муу хоёр бацаан надад лай болов гэх зэргээр давшлаад над руу дөхөхөөр нь би заамдах гэж бодоод нүүр ам хэсэг рүү нь 1 удаа гараараа цохитол тэр ах цаашаа холдсон бөгөөд Б бид хоёр ч нээх юм бодохгүй байж байтал тэр ах дахиж ирээд одоо ах нь та хоёрт жинхэнээсээ лай болно гэхээр нь тэр ахыг цаашаа холдуулаад караоке рүүгээ орсон. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч О.Т нь хохирогч Б.С-той тодорхой шалтгаангүйгээр маргалдан эрх чөлөөнд нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд баруун 1, 2-р шүдний булгарал, туушин сэртэнгийн хугарал, дээд уруулд шарх, дээд уруулын дотор салст шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, няцрал, доод зүүн 2-р шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан камерын бичлэг хэрэгт авагдаагүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хохирогч өөр хүнд цохиулсан байх магадлалтай гэснийг хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С-ынэрүүл мэндэд дээд баруун 1, 2-р шүдний булгарал, туушин сэртэнгийн хугарал, дээд уруулд шарх, дээд уруулын дотор салст шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, няцрал, доод зүүн 2-р шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Хохирогч хавтаст хэргийн 52-р хуудсанд 71 336 төгрөгийн хохирлын баримт хавсаргасан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгээр тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.С нь шүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар мэдүүлсэн тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үүгэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, "Б К" ХХК-нд бетон арматурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ...........тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй талаар төрийн үйлчилгээний нэгдсэн системийн авсан тодорхойлолт, лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 55-62/ зэрэг авагджээ.

 

Улсын яллагч шүүгдэгчид гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг, шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбодсон, хохирлыг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2309000002890 дугаартай хэрэгт дугаартай хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тг 2 000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан 2 000 000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5.Хохирогч Б.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ