Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/198

 

       2024        02         27                                      2024/ШЦТ/198

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг,

Хохирогч А.Б, түүний өмгөөлөгч Ц.Г,

Шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Схолбогдох эрүүгийн 2303000000595 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс баяд, дээд боловсролтой, олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.С, ............ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ........... худалдааны төвийн арын замд, Тоёота акуа маркийн ..-.... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.4-т заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч А.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2303000000595 дугаартай хэрэгт авагдсан;

Хохирогч А.Бийн өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би Баянзүрх дүүргийн ..................... тоот гэрээсээ Хан-Уул дүүргийн нутагт байрлах И  худалдааны төвийн 14 давхарт байрлах ажлын газар луугаа орой 22 цагийн орчим такси бариад явсан. Тэгээд би ажлын ард буюу замын хойд талд тухайн таксинаас буугаад явган хүний гарцаар зам хөндлөн урагшаа гараад явж байхад ертөнцийн зүгээр баруун талаас зүүн чиглэлд явж байсан Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл миний баруун талын хөл хэсгийг мөргөөд би газарт унасан. Жолооч маань тээврийн хэрэгсэлдээ суулгаад гэмтэл дээр очиж үзүүлсэн. ...жолооч Б.С нь надад 350 000 төгрөг эмчилгээний мөнгө, гэмтэл дээрээс чиг баригчийн 60 000 төгрөг өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Д өгсөн: "...жолооч Б.С-ын жолоодож явсан ..-... УБГ улсын дугаартай Aqua маркийн тээврийн хэрэгсэл нь Н к ББСБ барьцаанд байдаг тээврийн хэрэгсэл. ...бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулахгүй, жолооч өөрөө хариуцах болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14570 дугаартай дүгнэлт: "1.А.Бийн биед зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс болон урд чагтан холбоосын урагдал, зүүн тохой баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх  /хх-ийн 40-41/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 28- ны өдрийн 39921715 дугаартай шинжээчийн дүгнэлт: "...баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 200cd...баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна." гэх /хх-ийн 46-51/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Өнөрбатын 2023.10.05-ны өдрийн 1307 дугаартай “....Жолооч Б.Снь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа яв зорчигчид зогсож зам тавьж өгнө мөн дүрмийн 3.5 г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэх, мөн дүрмийн 3.4а Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн г үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 58/,

Тоёота акуа маркийн ..-...УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 150 000 төгрөгөөр үнэлсэн Итгэлт хөрөнгө ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-56/,

Яллагдагч Б.С-ын: "...би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 3/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл заавал хуульд заасан хохирол хор учирч төгсдөг. Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй. Энэ зөрчлийн улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд зөрчил, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

 

Шүүгдэгч Б.С-ын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн .................. худалдааны төвийн арын замд Тоёота акуа маркийн ..-...УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч болох А.Бийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс болон урд чагтан холбоосын урагдал, зүүн тохой баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Бийн эрүүл мэндэд " зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс болон урд чагтан холбоосын урагдал, зүүн тохой баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.Б нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт "Миний бие энэ гэмт хэргийн улмаас 1 сар гаруй хугацаанд ажилдаа яваагүй. Өвчтэй байсан 1 сар 15 хоногийн олох ёстой байсан орлогоо нэхэмжилнэ. Миний өвдөгний жийргэвч мөгөөрс болон чагтан холбоосны урагдал гэмтэлтэй байгаа бөгөөд дурангийн хагалгаанд орох шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ." гэж мэдүүлсэн.

 

 Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүнтэй холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй тул хангах боломжгүй,

Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хохирогч А.Бийн сэтгэцэд учирсан хор уршгийг Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1, 2.2, тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр гуравдугаар зэрэглэлээр тооцсон нь үндэслэлтэй гэж үзэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7 150 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийг тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Дээд боловсролтой, олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ...........................тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 71-77/ зэрэг авагджээ.

Улсын яллагч шүүгдэгч Б.С-д гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд,

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоноос гадна,

 шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2303000000595 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-аас 7 150 000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, Баянзүрх дүүрэг, ....................... тоотод оршин суух хохирогч А.Б /РД:................/-т олгосугай.

 

6.Хохирогч А.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Снь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ