Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2021/00456

 

 

 

 

                                               2021        02          04

                     101/ШШ2021/00456

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 0 тоотод оршин суух, Боржигон овогт Б.О/РД:0/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байрт байрлах НШШГГ-т холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С г” XXК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ш.Гансүх 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б.О надтай ирж уулзаад алтны уурхай ажиллуулах болсон, үүнтэй холбоотойгоор Хера экуйпмент ХХК-иас тоног төхөөрөмж буюу экскаватор түрээсээр авахаар ярилцлаа. Тоног төхөөрөмж авахын тулд заавал компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр тоног төхөөрөмжөө өгнө гэсэн. Иймээс яаралтай компани байгуулах шаардлагатай байна. Компани байгуулах талаар улсын бүртгэлийн газарт очиж тодруулахад компани нь тодорхой хаягтай, Улаанбаатар хотод бүртгэлтэй компани байх ёстой гэж байна. Компанийхаа хаягийг танай гэрийн хаягаар авахад тус бол гэсэн Би найз учраас татгалзаж чадаагүй, иргэний үнэмлэхээ өгөөд явуулсан. Үүнээс хойш би компани байгуулсан болон компанийн хувьцаа эзэмшигч гэдгээ мэдээгүй явж байтал 2020 оны 2-р сард НШШГГ-аас С г ХХК-тай холбоотой “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 дугаартай шийдвэр гарч, С г ХХК-иас 192,303,955 төгрөгийг гаргуулж М ХХК- д олгохоор болсон. Та 10 хувийн хувьцаа эзэмшигч юм байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийн 193,023,424 төгрөгийн төлбөрийг компанийн үүсгэн байгуулагчид өөрсдийн хөрөнгөөр хариуцахаар зохицуулагдсан. Иймд төлбөрийг төл гэсэн” мэдэгд надад өгсөн. Миний бие тус газарт очиж, хувьцаа эзэмшигч биш болох талаараа хэлсэн. Гэтэл НШШГГ 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр миний Хаан банкны 0 тоот данснаас 4.958,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр миний Хаан банкны 0 тоот данснаас 150,000 төгрөг, мөн энэ данснаас 2020 оны  дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг нийт төгрөгийг С г ХХК-ийн өмнөөс төлбөрт суутган авсан. Үүнийг би эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийн 193,023,424 төгрөгийн төлбөрийг компанийн үүсгэн байгуулагчид өөрсдийн хөрөнгөөр хариуцахаар зохицуулагдсан учир өр төлбөрт суутгасан гэсэн. Миний бие С г ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш бөгөөд үүнийг Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 145/ШШ2020/00374 дүгээр шүүгчийн захирамжаар тогтоосон. Мөн энэхүү шүүхийн шийдвэр дээр үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Б.О миний бие С г ХХК-тай ямар ч хамааралгүй болсон талаар бүх учир байдлаа хэлэн миний данснаас татсан төлбөрийг буцаан олгох талаар хариуцагч байгууллагад хандсан боловч буцаан олголт хийхгүй байна. Б.О миний зүгээс компанийн үүсгэн байгуулагч гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний данснаас мөнгө татсан нь хууль бус гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байсан ч компанийн үүргийг шууд хариуцах эрх бүхий субъект би биш. Нөгөө талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахдаа яг эд хөрөнгийн хариуцлага хүлээхэд Б.О гэдэг хүний үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг огт тодруулалгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж миний дансыг битүүмжилсэн, мөн 5,208,000 төгрөг гаргуулж авсан үйлдлүүд нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгтэй нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн яаж зохицуулсан. Б.О-т эд хөрөнгийн хариуцлагыг хэдэн хувиар оногдуулах вэ гэдэг үйл баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоогоогүй хирнээ хувьцаа эзэмшигч гэдгээр нь шууд хувь хөрөнгөд халдаж хариуцлага ногдуулж, 5,208,000 төгрөгийг Б.О миний данснаас татаж авсан байгаа нь хууль бус. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдлыг бүрэн шалган тогтоох ажиллагааг хийгээгүй байж хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулж байгаа нь хууль бус юм. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Б.Оын Хаан банкны 0 тоот данснаас 4,958,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны 0 тоот данснаас 150,000 төгрөг, мөн энэ данснаас 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, нийт 5,208,000 төгрөгийг татаж, С г ХХК-ийн өмнөөс төлбөрт суутган авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/00552 дугаартай захирамжаар “С г" ХХК-иас 74.861.776 төгрөгийг гаргуулж “Х” ХХКомпанид, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2044 дүгээр магадлалаар “С г” ХХК-иас 193.423.424 төгрөгийг гаргуулж “М” ХХКомпанид олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “С г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Г-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй, төлбөр төлөгч хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, харилцах дансыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр битүүмжлэх тогтоол арилжааны банкнуудад хүргүүлэхэд дансны үлдэгдэл хүрэлцэхгүй, данс эзэмшдэггүй талаар хариу ирүүлсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар төлбөрийг компанийн үүсгэн байгуулагчид өөрсдийн хөрөнгөөр хариуцахаар зохицуулагдсан тул үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ш.Гансүх, Б.О нарт мэдэгдэж, хувьцаа эзэмшигч нарын харилцах дансыг битүүмжилсэн. Дансны хасалтаар Б.Оаас  5,208,000 төгрөг татсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч НШШГГ-т  холбогдуулан түүний эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот данснаас нийт 5,208,000 төгрөгийг татаж, “С г” ХХК-ийн өр төлбөрт суутган авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02109 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2044 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 353 дугаар тогтоолоор “С г” ХХК-иас 192,303,955 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  /хх-ийн 16-23 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрт тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 12-н өдрийн 12476 дугаар захирамж, 1023 дугаартай гүйцэтгэх хуудас олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлснээр 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19261641 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор “С г” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-ийн 8-10 дугаар тал/

 

Хариуцагч НШШГГ нь гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “С г” ХХК-ийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахад тус компанийн 10 хувийг нэхэмжлэгч Б.О, 90 хувийг Ш.Г нар эзэмшдэг талаар лавлагаа иржээ.

 

Төлбөр төлөгч “С г” ХХК-ийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, арилжааны банкнуудад дансны үлдэгдэлгүй тул шийдвэр гүйцэтгэгч хувьцаа эзэмшигч Б.От 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/4332 тоот мэдэгдлээр өөрийн эзэмшдэг хувийн хувьцаанд ногдох төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх-ийн 13 дугаар тал/

 

Улмаар компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Б.Оын Хаан банкны 5099002440 тоот данснаас 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 4,958,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны 5003545956 тоот данснаас 150,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, нийт 5,208,000 төгрөгийг битүүмжилж, төлбөрт хураан авсан байна. /хх-ийн 23-27 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь НШШГГ-т тус ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үндэслэлтэй талаар хариуг нэхэмжлэгчид өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь тус ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхэд гаргасан нь үндэслэлтэй. /хх-ийн 15, 34 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Б.О нь “С г” ХХК-ийн хувьцаа эзэмшдэггүй, уг компанийн хувьцаа эзэмшигч биш болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Ш.Г-д холбогдуулан гаргасныг Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 145/ШШ2020/00374 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 28-30 дугаар тал/

 

Үүнээс хойш “С г” ХХК-ийн дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орж, нийт хувьцаа эзэмшигчийн тоо 1 болж буюу Ш.Г-ийн 100 хувийн эзэмшлийн компани болсон байна. /35-37 дугаар тал/

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байхад буюу хувьцаа эзэмшигч Б.Оын данснаас нийт 5,208,000 төгрөгийг битүүмжилж, хураан авах үед тэрээр төлбөр төлөгч “С г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан тул улсын бүртгэлийг үндэслэн ажиллагаа явуулсан гэж маргаж буй нь үндэслэлгүй.

 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Хуульд заасан уг журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шийдвэр гүйцэтгэгч Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэгтэй.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж, мөн хуулийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус заасан.

 

Хувьцаа эзэмшигч Б.Оын хувийн эд хөрөнгө нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх талаарх ажиллагааг хийж гүйцэтгээгүй атлаа хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгийг битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

 

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нь “С г” ХХК нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй улмаас хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх боловч тус үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгч “С г” ХХК-ийн арилжааны банкууд дахь мөнгөн хөрөнгийг бүрэн тодруулаагүй, нэр бүхий 5 арилжааны банкнаас тус компанийн дансны лавлагааг аваагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй болно.

 

Мөн Б.Оын эд хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан атлаа түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан талуудын эрх, үүргийг танилцуулаагүй, түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.Оын эзэмшлийн Хаан банк дахь 5099002440 тоот данснаас 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 4,958,000 төгрөг, Хаан банк дахь 5003545956 тоот данснаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, нийт 5,208,000 төгрөгийг төлбөр төлөгч “Сасаёобо гоулд” ХХК-ийн төлбөрт суутган авсан хариуцагч НШШГГ-ын ажиллагааг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 93 дугаар зүйлийн 93.4 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-ын эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот данснаас 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 4,958,000 төгрөг, Хаан банк дахь 0 тоот данснаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, нийт 5,208,000 төгрөгийг төлбөр төлөгч “С г” ХХК-ийн төлбөрт суутган авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.БЯМБАЖАРГАЛ