| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/04022/и |
| Дугаар | 101/ШШ2021/00516 |
| Огноо | 2021-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2021/00516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Дорж 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Хатагин овогт Э.А /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, 0 байр 0 тоот хаягт түр оршин суух, Долоон овогт Б.Б-Э /рд:0/-д холбогдох
Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.А нь Ү-0 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж 0 байр, 0 тоот хаягт байрлалтай 94,68 м.кв талбайтай, 2 давхар таун хаус, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Э.А нь 2014 оноос АНУ-д ирж, очин байж байгаад 2017 онд өөрийнхөө өмчлөлийн дээрх орон сууцыг эцэг, эхдээ захиад явсан. Түүнээс хойш уг орон сууц эзэнгүй цоожтой байлгадаг байсан. Гэтэл З.А-ийн аав нь уг байрыг эргэхээр очиход үл таних хүмүүс хаалгыг нь эвдэн орж, дотор нь амьдарч байгааг мэдсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандахад иргэний маргаан байгаа тул шүүхэд ханд гэж мэдэгдсэн. Тус байранд одоо өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Б.Б гэдэг хүн амьдарч байгаа ба уг байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч “...бусдаас авах авлагатай, энэ авлагын оронд уг байранд амьдарч байгаа” гэсэн тайлбар хэлээд байрыг суллаж өгөхгүй байна. Иймд Э.А-ийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж буй иргэн Б.Б-Эийг уг байрнаас албадан гаргуулж, тус орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж 0 байр, 0 тоот хаягт байрлалтай 94,68 м.кв талбай бүхий хувийн сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хариуцагч Б.Бд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан ба тэрээр хариу тайлбар бичгээр гаргаагүй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.А-ийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж 0 байр, 0 тоот хаягт байрлалтай 94,68 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 12 дугаар тал/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд “...би тус байрыг чөлөөлсөн ч М өөр хүн оруулна. Тус байр нь М-ын өмчлөлийнх, тус байранд бодитоор би амьдарч байгаа, нэхэмжлэгчээс байранд сууя гэж гуйж ороогүй, Мэндбаяртай гэрээ хийж орсон. Би М-аас 2 өрөө байр авах ёстой. Гэвч тус асуудал нь шүүхээр явж байгаа тул намайг одоогийн маргаан бүхий байранд амьдруулж байгаа юм. Би тус байрын өмчлөгчтэй холбоотой баримтыг шалгаагүй, уг байр 1 жил хоосон байсан” гэж тайлбарласан. /хх-ийн 34-35 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.М оролцсон. Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд “...Манай байгууллага 2005 онд уг байрыг бариад захиалагчдаа оруулсан. Манай байгуулага Э, А нартай гэрээ байгуулсан зүйл байхгүй” гэж, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “...Манай Г к ХХК-ийн 15 айлын амины орон сууцнаас Э нь анх энэ байрыг худалдаж авсан. Гэхдээ мөнгө төлөлгүйгээр гэрчилгээг нь гаргуулж авсан. Мөнгийг нь зээлээр төлөхөөр тохиролцсон байдаг. нь өөрийн охин Э.А-ийн өмчлөлд шилжүүлсэн. Э.А тухайн байрыг хууль бусаар өмчилж авсан” гэж тус тус тайлбарласан. /хх-ийн 39-40, 52-53 дугаар тал/
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд маргаан бүхий орон сууцанд хариуцагч Б.Б амьдарч, эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон, уг үйл баримтад хариуцагч маргаагүй.
Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг Ж.М-аас авах авлагын оронд авсан гэсэн үндэслэл зааж маргасан боловч орон сууцны өмчлөх эрх болон эзэмших эрхийг хууль ёсоор олж авснаа баримтаар нотлоогүй.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зохих этгээдийн эрхийн гэрчилгээгээр баталгаажиж, бүртгэлд үндэслэгддэг тул уг эрхийг нотолсон баримтыг үндэслэж эд хөрөнгө олж авсан эзэмшигчийг хууль ёсны эзэмшигч гэж үзэхийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2-т заасан.
Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог бөгөөд харин эд хөрөнгийн эзэмших эрх бүртгэлд үндэслэсэн бол эзэмших эрхийг олж авч буй этгээд бүртгэл буюу эрхийг нотолсон баримтад үндэслэх ёстой байна.
Хариуцагч Б.Б нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд хэн болох, уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрх Ж.М-т байгаа эсэхийг шалгаагүй, эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээдийн зөвшөөрлөөр орон сууцыг эзэмшиж байх тул шударга бус эзэмшигч болох юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-аас гаргасан “...нэхэмжлэгчийн төрсөн эцэг н.Э нь “ к” ХХК-иас маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. Уг орон сууцны үнийг төлөөгүй тул Э.А өмчлөх эрхгүй” гэх тайлбар энэ хэрэгт хамааралгүй байна.
Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Б.Б нь маргаан бүхий орон сууцыг өмчлөгч Э.А-ийн зөвшөөрөлгүй, хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, 0 байр, 0 тоот хаягт байрлалтай 94,68 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч Б.Б-Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ