| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/014 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: П.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000282 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Балдан тайж овогт Пүрэвсүрэнгийн Даваасүрэн /РД: ВГ88050902/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Даваасүрэн нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Пүрэвсүрэнгийн тээврийн хэрэгслээс Д.Эрдмаагийн олсон Самсунг А-04е загварын гар утсыг бусдын эзэмшлийн гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж, 88505994 дугаарыг хийж ашигласан, үүний улмаас хохирогч З.Гончигдоржид 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч П.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мөн яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Ойлгосон, ямар нэг санал, хүсэлт байхгүй. Би 2004 онд Галуут сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн, уншиж, бичиж чадна, бүрэн бус дунд боловсролтой, өмгөөлөгч авахгүй. Өмнө болсон зүйлийн талаар ярьж мэдүүлэг өгсөн тул эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Даваасүрэн мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч З.Гончигдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 8 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед Их номгон худалдааны төвийн урд талын зогсоол дээрээс 87-54 шар өнгийн улсын дугаартай таксинд суугаад гэртээ буюу 5-15-11 тоот хашааны гадаа хүргүүлсэн. Би тухайн үед тэр таксинд ганцаараа сууж яваад гэртээ хүргүүлсэн. Би согтуу байсан. Намайг гэрт ороход манай гэр бүлийнхнээс өөр хүн байгаагүй. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа явах гээд гарч утсаа хайгаад байхгүй байхаар нь утас руугаа залгасан чинь дуудаад авахгүй байсан. Түүнээс хойш 31-ний орой хүртэл дуудаж байгаад холбогдохгүй болсон... Миний гар утас хар өнгөтэй, бор өнгийн кейстэй Самсунг Галакси А04е загварын гар утас байсан. Би тэр гар утсандаа 88300949 дугаарын сим хийсэн байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 6/,
....Миний гар утас ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй, ажиллагаа хэвийн байсан. Одоо надад ямар нэгэн гомдол, занал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
4. Гэрч Д.Эрдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2023 оны 8 дугаар сарын 30-ны үеэр санагдаж байна. Нөхрийнхөө машиныг цэвэрлэж байгаад буюу жолоочийн талын суудлын доод талын хогийг цэвэрлэж байтал тэндээс хар өнгийн кейстэй утас гарч ирсэн. Утас тухайн үедээ цэнэгтэй байж байгаад орой цэнэг нь дуусаад унтарсан юм. Тэгээд утсыг барьж ашиглаж чадахгүй байсан тул 9 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот руу охин П.Даваасүрэнд өгч явуулаад охин дугаараа хийж хүүхдүүддээ бариулсан юм шиг байна лээ. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр байх охин цагдаагаас ярилаа гээд утсыг буцааж явуулахаар нь утасны эзэн Гончигдоржид утсыг аваачиж өгсөн. Мөн утасны гэрний мөнгө гэж 15,000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 50-51/,
5. Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:......өглөө таксинд явах гээд машины масло нэмж байсан. Мөн манай эхнэр машины дотор талыг цэвэрлэж байгаад хар өнгийн гэртэй утас байна гэж хэлээд утсыг гэртээ оруулсан юм. Тэгээд хэд хонуулж байгаад Улаанбаатар хотод байдаг охин Даваасүрэнд явуулсан юм... Их Номгон худалдааны төвийн автобусны буудал дээрээс Гончигдорж миний машинд согтуу суугаад гэртээ хүргүүлсэн юм. Тэгж суухдаа утсаа миний машинд хаясан юм шиг байна лээ. Тухайн үед нэлээд их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 /,
6. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаартай шинжээчийн:
1. Самсунг А04e маркийн гар утас 500.000 төгрөг
Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 08 дугаар сарын 30-ны байдлаар 500.000 /Таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов.....гэх дүгнэлт / хх-ийн 24 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / хх-ийн 1 /, Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 14 /, шүүгдэгч П.Даваасүрэнгийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.Даваасүрэн нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Пүрэвсүрэнгийн тээврийн хэрэгсэп орхисон хохирогч З.Гончигдоржийн Самсунг А-04е загварын гар утсыг эхнэр Д.Эрдмаагийн олсон бөгөөд уг утсыг бусдын эзэмшлийн гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж, 88505994 дугаарыг хийж ашигласан, үүний улмаас хохирогч З.Гончигдоржид 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч З.Гончигдоржийн мэдүүлэг болон гэрч Д.Эрдмаа, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч П.Даваасүрэнгийн төрсөн эцэг Б.Пүрэвсүрэн өөрийн эзэмшлийн авто машинаар таксинд явж байхдаа үйлчлүүлэгч З.Гончигдоржийн орхин буусан гар утсыг бусдын гээгдэл хөрөнгө эгж мэдсээр байж охин П.Даваасүрэн нь авч завшиж ашигласан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч П.Даваасүрэнг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Даваасүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч П.Даваасүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, уг оногдуулсан эрүүгийн хариуцлагаас шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч П.Даваасүрэн нь энэ хэргийн улмаас хохирогчид гар утсыг буцаан өгсөн бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэсэн учир түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Даваасүрэн нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Балдан тайж овогт Пүрэвсүрэнгийн Даваасүрэнг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Балдан тайж овогт Пүрэвсүрэнгийн Даваасүрэнг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч П.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч П.Даваасүрэн нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ