| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/016 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314001480254 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, *******т овогт *******гийн ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл эрэглэсэн /2.08%/ үедээ буюу 2023 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 3 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн “Ве” /We/ шөнийн цэнгээний газрын гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******тай маргалдаж, улмаар зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, зүүн нүдний дээд зовхи, дотор булангийн ус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баасанжаргал над руу утсаар яриад ирээд аваадах гэхээр нь Баянхонгор сумын 1 дүгээр багт байх байрны гадаа яваад очсон чинь баар хааж байсан. Тэгсэн чинь гадаа машинд Баасанжаргал, ******* хоёр нэг залуутай хамт 2 охины хамт сууж байснаа бааранд хүнтэй маргачихлаа гэж байсан. Тэгсэн чинь Баасанжаргал машинд суу гэхээр нь суусан чинь пиво хийж өгөхөөр нь уусан. Тэгээд ******* намайг юун залуу вэ гээд уурлаж эхэлсэн. Тэгээд ******* бид хоёр маргалдсан. Бид хоёр зодоон хийгээгүй Бат-Эрдэнэ гээд миний таньдаг залуу хажууд байсан. Тэгээд ******* намайг унагаад цамц урчихаар нь би зөрүүлээд унагасан. Тэгээд ******* машин руугаа ороод дугуйн дорцоов аваад дайрахаар нь би яваад өгсөн. Тэгээд Би цамцаа үлдээсэн байж байгаад цамцаа авах гээд буцаад очсон чинь ******* машин барьж байсан найзынхаа хамт Баасанжаргал нар цагдаа дуудсан гээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч Н.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 06 дугаар сарын 03-ний өдөр 00 цагийн үед найз Пүрэвсүрэнгийн хамт Баянхонгор сумын номгон 1 дүгээр багт байх WE бааранд ороод 2 ширхэг 500 мл Калтенберг уучихаад 02 цаг гээд баар хаагаад гарч ирээд манай найз пиво уугаагүй машинаа асаагаад би урд суудал дээр сууж байсан чинь Баасанбат 2 эмэгтэй хүнтэй хүрч ирээд хаашаа явах гэж байгаа юм хамт явах уу гэхээр нь тэгье гээд Баасанбат хамт явсан 2 охинтойгоо хамт суусан чинь нэг залуу хүрч ирээд Баасанбаттай хамт явсан 2 охиныг машинаас буу гээд байсан. тэгээд машин хөдлөх гээд хаалга хаахгүй байхаар нь би хаалгаа хаачих явах гэж байна гэсэн чинь намайг шууд татаж буулгаад 2 удаа хавирч унагахаар нь би босож ирээд заамдаж авсан чинь намайг дахиж хавирч унагасан. Тэгээд ******* гэх залуу зугтаад явчихаар нь би цагдаа дуудсан. Манай найз Пүрэвсүрэн, Баасанбат, ******* гэх залуу байсан Баасанбаттай хамт явсан 2 охин явчихсан байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан болохоор уурандаа хандсан юм. Одоо надад гомдол санал байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 / ,
... ******* нь намайг машинаас буугаад ир гэхээр нь би буусан чинь намайг цээж рүү цохиод дараа нь зүүн талын нүд рүү 2 удаа цохисон. Миний цээж рүү 1 удаа цохиод зүүн талын нүд рүү 2 удаа цохиод 1 удаа хавирч унагасан. *******тай бид хоёр уулзаад нэгэндээ гомдол, саналгүй гээд ярилцсан байсан юм. Тэгээд би тэгж хэлсэн юм. Миний зүүн талын нүдэнд цус хурсан байсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй зүгээр болсон...гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 /,
4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 06 дугаар сарын 03-ний өдөр ******* гээд манай найз машин бариад өгөөч гээд 00 цагийн үед дуудаад байхаар нь Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах WE бааранд очиход Баасанбат *******, тэгээд Баасанбатын найз гээд 2 охин байсан. Тэгээд бааранд байж байгаад 02 цагт баар хаагаад гараад найз Баттулга, Баасанбат тэр 2-н найз 2 охиныг аваад машинд нь суулгаад байж байсан чинь Баасанбатын найз гэх Болдбаатар гэх залуу ирээд Манай найз ******* урд суудал дээр сууж байсан чинь Баттулгын талаарх урд хаалгыг ******* гэх залуу онгойлгоод Баасанбатыг дуудаадах гээд манай найз Баттулгын малгай руу нь цохиж аваад яасан хэгжүүн бацаан бэ чи гээд машинаас буулгаад хавирч унагасан. Тэгсэн чинь Баасанбат би энд байна гээд машинаас гараад ирсэн. Тэгээд Баасанбат *******, ******* хоёрыг цааш нь аваад явсан. Тэгээд цаана очоод юу болсныг би мэдэхгүй байна. Араас нь би болиоч гээд орилсон. Цаана очоод зодолдоод байх шиг л байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 06 дугаар сарын 03-ний өдөр Ви бааранд 00 цагийн үед Н.Баттулгын хамт ороод 3 лаазтай сэнгүүр пиво уугаад байж байтал 01 цаг 30 минут орчмын үед баар хаах гээд Н.Баттулгын хамт гарч ирээд байж байсан чинь ******* ирээд явган явж байна гэхээр нь хүргээд өгье гээд машинд суулгах гэсэн чинь ******* танихгүй хүн суулгахгүй гэсэн чинь ******* суухгүй үлдээд Н.Баттулга, Нямсүрэн, надтай хамт ирсэн 2 охин бид хэд хөдлөөд ВИ баарны ертөнцийн зүгээр зүүн тал руу яваад төрийн банкны ард мухар руу очоод зогсож байсан чинь ******* хүрээд ирсэн байсан тэгээд би машинд унтах гэж байсан чинь *******, ******* 2 маргалдаад байсан чинь надтай хамт явсан 2 охин уурлаад маргалдаад байх юм гээд машинаас буугаад явчихаар нь би араас нь буугаад нөгөө 2 охиноо араас нь явсан. Тэгээд нөгөө 2 охин уурлаад очихгүй гээд байхаар нь би арагдаж зогсож байгаад очихгүй гээд байхаар нь би гэр рүү нь явуулчихаад буцаад очсон чинь Нямсүрэн *******, ******* 2 зодолдоод би цагдаа дуудсан гээд зогсож байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 /,
6. Шинжээч С.Каделын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би тухайн дүгнэлтийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан. Тухайн хохирогчийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 08 минутад үзлэг хийсэн. Тухайн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь аль алинд нь үүссэн байх боломжтой. Ихэвчлэн мохоо хүчин зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой....гэх мэдүүлэг / хх-ийн 63-64 /,
7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн:
1. Н.Баттулгын биед баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, зүүн нүдний дээд зовхи, дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 36-37 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, шүүгдэгч М.Баярсайхан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 / зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл 2.08% хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 3 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн “We” шөнийн цэнгээний газрын гадна үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******тай маргалдаж, улмаар зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, зүүн нүдний дээд зовхи, дотор булангийн ус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, *******ын нарын мэдүүлэг, шинжээчийн 271 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч болон хохирогч нар нь архидан согтуурч улмаар үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж зодолдож эрүүл мэндээрээ хохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан байхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******т овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т овогт *******гийн *******ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******т овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ