Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/ШШ2026/0019

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч З.Ганзориг, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 801 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,                                                                                  

Нэхэмжлэгч: А.Нт /РД:ШЖ69072360/

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Нт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Пж, Ө.Эо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Го, С.Аг, С.Гз, Г.У, иргэдийн төлөөлөгч Б.У нар оролцов.

 Маргааны төрөл: “Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 тоот тогтоол хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг анхан шатны журмаар хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч А.Нт 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:

“...Миний бие Ажын Нт нь 1992-2013 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторид лаборантаар ажлын гараагаа эхэлж, эрдэм шинжилгээний туслах, дэд, ахлах ажилтан, 2013-2023 оны хооронд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байгаад төрийн албаны мерит зарчмын дагуу 2023 оны 07 сарын 26-ны өдрийн 285 тоот тогтоолоор Засгийн газрын тогтоолоор Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл Хүнс, Хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн сайдаар М.Бс томилогдмогц миний биеийг дуудан уулзаж "Таньтай хамтран ажиллаж чадахгүй. Та ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг” гэж тулган шаардсан.

Миний бие тус үндэслэлгүй тулган шаардлагыг үл хүлээн зөвшөөрсөн тул тэрээр 2026.01.27-ны өдөр өөрийн гарын үсэг бүхий "Сонсох ажиллагааны мэдэгдэл" гардуулсан. Тухайн мэдэгдэлд “үндэслэлгүй зүйл дурдаж Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-д зааснаар "төрийн албанаас халах" сахилгын арга хэмжээ авах саналыг томилох эрх бүхий байгууллагад хүргүүлэх болохыг мэдэгдсэн. Миний бие тухайн улс төрийн зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тус сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан "зөрчил" үндэслэлгүй талаар тайлбар гаргасан. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 сарын 28-ны өдрийн 37 тоот тогтоолоор Ажын Нт миний биеийг Төрийн албаны тухай хуулийн 46.2.2-д заасан үндэслэлээр буюу "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэх үндэслэлээр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоол гарчээ. Тогтоолыг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэг. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-р зүйлд зааснаар надад сахилгын зөрчил гаргасан гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулна гэж сонсох ажиллагаа явуулж тайлбар авсан хэрнээ огт сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар аваагүй үндэслэл болох "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэж зааснаар төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах ажиллагаа болон шийдвэр хоорондоо эрс зөрүүтэй байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2026.01.28-ны өдрийн 37 тоот тогтоолоор гарсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26-р зүйлд тус тус заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагааr оrт хийгээгүй гарч тус хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хоёр. Миний бие 1969 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд 2026.01.28-ны өдрийн байдлаар 56 нас 6 сартай байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д "Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: Тайлбар: Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна" гэж заасан.

Үүнээс үзвэл миний бие 1963-1969 он хүртэл нийт 3 сар тутмаар нэмэгдүүлж 21 сар буюу 1 жил 9 сараар нэмэгдэж нийт 56 сар 9 сар хүрч тэтгэвэр тогтоолгох насанд хүрнэ. Гэтэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс даруй 2 сарын өмнө намайг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэмээн үзэж Төрийн албаны тухай хуулийн 46.2.2- д зааснаар төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргаж буй нь үндэслэлгүй байна. Энэ талаар хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус газраас 2026.04.03-ны өдрийн 01/673 тоот албан бичгээр "А.Нт нь 1969 оны 07 сарын 23-нд төрсөн бөгөөд Засгийн газрын 2026.01.28-ны 37-р тогтоол гарах үед 56 нас 6 сартай байна. Мөн төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг томилох эрх бүхий албан тушаалтанд гаргасан талаарх баримт ирүүлээгүй бөгөөд А.Нтд Төрийн албаны тухай хуулийн 48.1.4 дэх заалтад заасан "төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулах тухай 2026.01.27-ны 01 дүгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг танилцуулж, сонсох ажиллагааг зохион байгуулсан талаар баримт ирүүлсэн. Баримт бичгээс үзэхэд А.Нтг хариуцлага ногдуулах хүрээнд өөртэй нь тохирч тэтгэвэрт гаргасан эсэх, эсвэл түүний өөрийн хүсэлтээр нь тэтгэвэрт гаргасан эсэх, захиргаа санаачилсан тэтгэвэрт гаргасан эсэх, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг судалж үзсэн эсэх нь тодорхойгүй байна" гэж дүгнэсэн. Гэсэн атлаа гомдлыг хангаж хууль бус шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр миний гомдлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 сарын 28-ны өдрийн 37 тоот тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний Олговор түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аг, З.Го нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэн А.Нтгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох "Ажлаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна: Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ "Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулна гэж сонсох ажиллагаа явуулсан боловч огт сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэл болох "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газрын 2026 оны 37 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагааг хийгээгүй гарч, хуулийг ноцтой зөрчсөн" гэжээ.

Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нтг ажлаас чөлөөлөх тухай санал болон А.Нтд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн тухай 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/116, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/306 дугаартай албан бичгийг холбогдох баримтын хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад тус тус ирүүлсэн байдаг.

Дээрх баримтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.” гэж заасны дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн Мал, эмнэлгийн ерөнхий газрын даргыг төрийн албанаас халах шийдвэрийн төслийг хэлэлцүүлсэн.

Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг хэлэлцээд А.Нтгийн төрд ажилласан хугацаа, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн зэргийг харгалзан түүнийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас халах шаардлагагүй гэж үзэж тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Засгийн газрын хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргахдаа салбар яамнаас сонсох ажиллагаа хийсэн байдал болон А.Нтгийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Засгийн газар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрх ашгийг хамгаалсан эерэг үйлчлэл бүхий шийдвэр гаргасан. Тухайлбал, "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр А.Нтгийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь тус тус нээгдэж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хамгаалагдсан байх тул Засгийн газар тухайн шийдвэрийг гаргахад Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг дахин хийх шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл анх төлөвлөснөөс илүү хөнгөн, эрх зүйн хувьд ашигтай үр дагавартай шийдвэр гарсан тул сонсох ажиллагааг шинэ нөхцөлөөр дахин хийх шаардлагагүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс 2 сарын өмнө төрийн албанаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “... Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй." гэж заажээ.

Түүнчлэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 55 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасны дагуу А.Нт нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөд 55 нас хүрч, тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн байна. Харин А.Нтгийн нэхэмжлэлд дурдсан мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын тайлбарыг өөрт хамаатуулж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 65 нас хүрсэн иргэнд тус хуулийн тайлбар хамаарахаар байна.

Иймд “нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс 2 сарын өмнө тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй байхад төрийн албанаас чөлөөлсөн" гэх гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй юм.

Засгийн газрын 2026 оны 37 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй, хариуцагч захиргааны байгууллагаас түүний эрхийг зөрчсөн сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн “Ажлаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Иргэдийн төлөөлөгч Б.У “нэхэмжлэлийг шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Насны дээд хязгаартаа хүрээгүй байгаа, өөрөө ажиллах сонирхолтой байгаа энэ тохиолдолд хүчээр тэтгэвэрт гаргах нь буруу гэж үзэж байна” гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

              Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

   1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, үйл баримтын тухайд:

   1.1.Нэхэмжлэгч А.Нтгаас “Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргажээ.

1.2.Нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад түүнийг чөлөөлсөн, сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар сонсох ажиллагаа явуулсан атлаа уг ажиллагаанд огт хөндөгдөөгүй тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх өөр үндэслэлээр шийдвэр гаргасан нь хууль бус гэж маргасан.

1.3.Харин хариуцагчаас Засгийн газар агентлагийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй, нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.2-т заасан тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нөхцөлийг хангасан, сахилгын шийтгэлээр халах бус тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлсөн нь түүнд илүү ашигтай шийдвэр тул дахин сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж тайлбарлажээ.

1.4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Нтг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 325 дугаар тогтоолоор түүнийг нэр дэвшүүлсний дагуу, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 285 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар томилжээ (хэргийн 1-р хавтас, 102 дахь тал).

1.5.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/116 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 06/15105 дугаар албан бичгийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газарт хийсэн дотоод хяналт шалгалтын дүнг үндэслэн нэхэмжлэгчийг хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, ажлаас халах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлжээ (хэргийн 1-р хавтас, 40–41 дэх тал).

1.6.Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэлд дотоод хяналт шалгалтаар илэрсэн гэх зөрчил, тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх талаар тусгасан (хэргийн 1-р хавтас, 56 дахь тал).

1.7.Харин маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18⁴ дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн (хэргийн 1-р хавтас, 36 дахь тал).

1.8.Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөхдөө хяналт шалгалтын үр дүнтэй холбоотой сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар “төрийн албанаас халах” үндэслэлийн дагуу сонсох ажиллагаа явуулсан боловч Засгийн газраас маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх өөр үндэслэлээр “төрийн албанаас чөлөөлөх” шийдвэр гаргасан, энэ шийдвэртэй холбоотой сонсох ажиллагаа явуулаагүй байна.

1.9.Иймд шүүхээс Засгийн газар агентлагийн даргыг чөлөөлөх эрх хэмжээг хариуцагчаас хэрэгжүүлэх явцад Төрийн албаны тухай хуульд заасан материаллаг үндэслэл бүрдсэн эсэх, шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.

Хоёр.Засгийн газрын агентлагийн даргыг томилж, чөлөөлөх хариуцагчийн эрх хэмжээ болон төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааны тухайд:

2.1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18⁴ дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлын хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр зохицуулжээ.

Энэхүү зохицуулалт нь хариуцагч Засгийн газарт агентлагийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ олгосон боловч уг эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах үүргийг үгүйсгээгүй.

2.2.Нэхэмжлэгч А.Нт нь Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлснээр Засгийн газрын 2023 оны 285 дугаар тогтоолоор томилогдсон бөгөөд маргаан бүхий тогтоол гарах үед түүнийг томилсон тушаалд заасан зургаан жил ажиллах хугацаа дуусаагүй байсан, энэхүү хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх тохиолдолд хуульд заасан үндэслэл бүрдсэн байх шаардлагатай.

2.3.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” баталгааг тогтоосон. Энэхүү баталгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг хамгаалах, төрийн албаны тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж үзэхээр байна.

2.4.Иймээс агентлагийн даргыг чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа хариуцагч Засгийн газар нь холбогдох Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн шийдвэр гаргах эрхтэй боловч тухайн санал нь төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх материаллаг үндэслэлийг дангаараа бүрдүүлэхгүй.

2.5.Энэ тохиолдолд холбогдох сайдын санал нь нэхэмжлэгчийг албан үүргээ хэрэгжүүлээгүй гэх сахилгын шинжтэй нөхцөл байдалд үндэслэсэн байхад Засгийн газар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх өөр үндэслэлээр чөлөөлсөн тул шинэ үндэслэлийг хэрэглэх хуульд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг бие даан шалгаж, тогтоох шаардлагатай байжээ.

2.6.Иймд Засгийн газар агентлагийн даргыг чөлөөлөх эрх хэмжээтэй, холбогдох сайдын саналыг хэлэлцсэн гэх хариуцагчийн тайлбар нь маргаан бүхий тогтоол хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлийг дангаараа нотлохгүй байна.

Гурав. Тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх болон төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийн ялгаатай байдлын тухайд:

3.1.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж заасан.

3.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 5.1.1-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн өндөр насны тэтгэврийн ердийн насанд буюу 65 насанд хүрсэн даатгуулагч”, 5.1.2-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;” гэж заасан.

3.3.Дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т төрийн жинхэнэ албан хаагч “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” бол төрийн албанаас чөлөөлөхөөр, мөн зүйлийн 46.3-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах, захиргааны санаачилгаар чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулжээ.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар, мөн хуулийн 5.1.1, 5.1.2-т тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх ялгаатай нөхцөлийг тус тус тодорхойлсон байна.

3.4.Нэхэмжлэгч А.Нт нь 1969 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд маргаан бүхий тогтоол гарах үед 56 нас 6 сартай байжээ. Түүний төрсөн онд харгалзах ердийн тэтгэврийн нас “56 нас 9 сар” байх тул 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр уг хуульд заасан тэтгэвэрт гарах насанд хүрэхээр байсан.

3.5.Харин хариуцагчаас нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан нөхцөлөөр 55 наснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж тайлбарласан.

3.6.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасан хуулийн зохицуулалт нь даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нөхцөлийг тодорхойлсон боловч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн нь тухайн иргэний төрийн албан тушаал эрхлэх эрхийг дуусгавар болох үр дагаврыг тогтоогоогүй.

Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын харилцаанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх болон төрийн албаны харилцаанд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх нь эрх зүйн өөр өөр харилцаа бөгөөд тэдгээрийг адилтган авч үзэх үндэслэлгүй юм.

3.7.Хариуцагчаас нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан нөхцөлөөр нэхэмжлэгчид тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн нөхцөлөөс гадна Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь зохицуулалтыг хэрэглэх нөхцөл, журмын харгалзан үзэхээр байсан.

3.8.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй нь захиргааны санаачилгаар чөлөөлөхөд саад болохгүй гэж заасан боловч энэ нь захиргааны байгууллагад төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг үнэлж, хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр төрийн албан хаагчийг чөлөөлөх эрх хэмжээг олгосон зохицуулалт биш юм.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасан зохицуулалтын агуулга нь нэхэмжлэгч төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, харин үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нөхцөлд хариуцагчаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлийг хэрэглэхдээ тухайн албан хаагчийн эрх зүйн байдал, үргэлжлүүлэн ажиллах боломж болон хуульд заасан холбогдох нөхцөлийг үнэлэх шаардлагатай байжээ.

3.9.Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлөхдөө түүний үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг, эрх зүйн байдал, уг үндэслэлээр чөлөөлөх шаардлагуудыг тус тус авч үзээгүй байна.

3.10.Иймд нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгох эрхтэй болсон гэсэн үндэслэлээр түүнийг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий тогтоолыг шүүхээс хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн энэ талаарх тайлбарыг маргаан бүхий тогтоолыг зөвтгөх хангалттай үндэслэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Дөрөв. Сонсох ажиллагаа болон шийдвэрийн үндэслэл өөрчлөгдсөнтэй холбоотой хууль хэрэглээний тухайд:

4.1.Хэрэгт авагдсан 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдлээс үзэхэд нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх талаар мэдэгдэж, уг асуудлаар тайлбар гаргах боломж олгосон байна.

4.2.Харин маргаан бүхий 37 дугаар тогтоол нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээр бус, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3-д  заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр гарчээ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах болон мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөх заалтууд нь хэрэглэх үндэслэл, тогтоох шаардлагатай нөхцөл байдал, эрх зүйн үр дагавраараа ялгаатай зохицуулалтууд байна.

Тодруулбал, сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр төрийн албанаас халахад төрийн албан хаагч хууль, албан үүргээ зөрчсөн эсэх, зөрчлийн шинж, хариуцлага ногдуулах үндэслэлийг тогтоох шаардлагатай бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөхөд тухайн албан хаагчийн тэтгэврийн нас, холбогдох хуулийн нөхцөл, үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг болон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг тусад нь авч үзэх шаардлагатай.

4.3.Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, мөн хуулийн 26–28 дугаар зүйлд оролцогчийг сонсох ажиллагааны шаардлага, журмыг тус тус зохицуулсан.

4.4.Сонсох ажиллагааны зорилго нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэрийн бодит болон хууль зүйн үндэслэлийн талаар оролцогчид мэдэгдэж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тайлбар, санал, нотлох баримт гаргах бодит боломж олгох нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

4.5.Иймд сонсох ажиллагаа явуулсан эсэхийг зөвхөн шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан мэдэгдэл хүргүүлсэн, тайлбар авсан гэх хэлбэрийн шаардлагаар бус, уг ажиллагааны агуулга нь шийдвэр гаргах ажиллагааны үр дүнд гаргасан сүүлийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн байх шаардлагатай.

4.6.Энэ тохиолдолд нэхэмжлэгчид шийдвэр гаргах ажиллагааны явцад үүсч байсан сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар тайлбар гаргах боломж олгосон боловч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөх маргаан бүхий тогтоолын талаар урьдчилан мэдэгдэж, уг үндэслэлтэй холбоотой тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.7.Нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан эсэх асуудлаар тайлбар гаргах болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсэх, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах боломжтой эсэх асуудлаар тайлбар гаргах нь агуулга, нотлох баримтын хувьд ялгаатай тул нэг үндэслэлээр явуулсан сонсох ажиллагааг өөр үндэслэлээр гаргасан шийдвэрийн сонсох ажиллагаатай адилтгах үндэслэлгүй юм.

4.8.Түүнчлэн хариуцагчаас Засгийн газрын хуралдаанаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг хэлэлцээд түүний төрд ажилласан хугацаа, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байдлыг харгалзан анх төлөвлөснөөс илүү хөнгөн, эрх зүйн хувьд ашигтай шийдвэр гаргасан тул дахин сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж тайлбарлажээ.

4.9.Гэвч захиргааны шийдвэрийн үндэслэл өөрчлөгдсөн тохиолдолд сонсох ажиллагаа явуулах шаардлагыг анх төлөвлөсөн болон сүүлд гаргасан шийдвэрийн хүнд, хөнгөн байдлыг харьцуулах байдлаар бус, сүүлд гаргасан шийдвэр нь оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэх, шинээр үндэслэл болгосон нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж олгосон эсэхээр тодорхойлно.

4.10.Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй нь түүнийг төрийн албан тушаалаас чөлөөлснөөр өмнө нь эрхэлж байсан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цалин хөлс авах, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн бодит үр дагаврыг үгүйсгэх үндэслэл биш байна.

4.11.Иймд хариуцагчийн анх төлөвлөснөөс илүү хөнгөн, ашигтай шийдвэр гаргасан тул сонсох ажиллагаа дахин явуулах шаардлагагүй гэх тайлбар нь Захиргааны ерөнхий хуулийн 24–28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны зорилго, оролцогчийн эрхийг хамгаалах шаардлагад нийцэхгүй байна.

Тав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрийн үндэслэлийг өөрчилсөн болон захиргааны шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагын тухайд:

5.1.Хэрэгт авагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/116 дугаар албан бичиг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл, Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Засгийн газрын хуралдаанд нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал хэлэлцэгдсэн боловч эцэст нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх өөр үндэслэлээр чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

5.2.Хэдийгээр Засгийн газар холбогдох сайдын саналыг хэлэлцээд түүнд тусгагдсанаас өөр шийдвэр гаргах эрх зүйн боломжтой боловч энэ нь шинээр сонгосон үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг тогтоох, тухайн үндэслэлээр шийдвэр гаргах хуульд заасан шаардлагыг хангах үүргээс чөлөөлөхгүй.

 Өөрөөр хэлбэл, Засгийн газар сахилгын шийтгэл ногдуулах саналд дурдсан зөрчил, нөхцөл байдлыг үндэслэлгүй гэж үзсэн, эсхүл сахилгын шийтгэл ногдуулах шаардлагагүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг өөр үндэслэлээр чөлөөлөх нөхцөл бүрдсэн болохыг нотлох үндэслэлд хамаарахгүй юм.

5.3.Иймд хариуцагч нь шийдвэрийн үндэслэлийг өөрчилсөн тохиолдолд шинэ үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг тусад нь тогтоож, тухайн үндэслэлээр чөлөөлөх болсон шалтгааныг тодорхойлох, уг шийдвэрийн талаар нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгохоор байжээ.

5.4.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх захиргааны шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах зарчмыг тус тус тогтоосон.

Эдгээр зарчмын агуулгаас үзэхэд захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ тухайн эрх хэмжээг олгосон хуулийн зорилгод нийцүүлэн, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шийдвэрийн үндэслэл болон эрх зүйн үр дагаврыг харгалзан үзэх үүрэгтэй.

5.5.Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлөхдөө түүний албан тушаалдаа үргэлжлэн ажиллах хүсэл зориг, эрх зүйн байдал болон уг үндэслэлээр чөлөөлөх шаардлагыг хэрхэн тогтоосон нь хариуцагчийн тайлбар, түүний гаргасан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

   5.6.Иймээс хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар эхэлсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөр үндэслэлээр чөлөөлөх шийдвэр гаргасан атлаа уг шинэ үндэслэлийн талаар нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй маргаан бүхий шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 24–28 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Зургаа.Хариуцагч талын маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий нөхцөл байдлыг бий болгосон гэх тайлбарын тухайд:

6.1.Хариуцагчаас “нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлээр төрийн албанаас халах бус, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлсөн нь түүнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авах боломж бүрдүүлсэн тул эрх зүйн байдлыг нь дордуулаагүй, эерэг үйлчлэл бүхий шийдвэр” гэж тайлбарлажээ.

6.2.Гэвч захиргааны актын эрх зүйн үр дагаврыг тодорхойлохдоо тухайн актаас ирээдүйд үүсэж болох эдийн засгийн үр дагаврыг зөвхөн харгалзах нь хангалтгүй бөгөөд уг акт тухайн этгээдийн өмнө нь эдэлж байсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан, дуусгавар болгосон эсэхийг тогтоох шаардлагатай.

6.3.Маргаан бүхий тогтоолын шууд эрх зүйн үр дагавар нь нэхэмжлэгчийн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаал эрхлэх харилцааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, тухайн албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх, цалин хөлс авах, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах боломжийг хязгаарласан байна.

6.4.Харин өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь холбогдох хуульд заасан тусгай нөхцөл бүрдсэн эсэхээс хамааран хэрэгжих бөгөөд эдгээр боломж үүссэн нь төрийн албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийн сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл гэж үзэх үндэслэлгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй, харин албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нөхцөлд түүнийг хүсэл зоригийнх нь эсрэг чөлөөлсөн шийдвэрийг зөвхөн тэтгэвэр, тэтгэмж авах боломж бүрдсэн гэх үндэслэлээр эерэг үйлчлэл бүхий акт гэж дүгнэх боломжгүй. Захиргааны байгууллага тухайн этгээдэд ашигтай гэж үзсэн үр дагаврыг түүний хүсэл зоригийн оронд тавьж, хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хязгаарлах шийдвэр гаргах үндэслэлгүй.

Иймд маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, эерэг үйлчлэл бүхий шийдвэр гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Долоо.Дүгнэлт

7.1.Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Монгол Улсын Засгийн газар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргыг чөлөөлөх эрх хэмжээтэй боловч уг эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэлийг бүрэн тогтоож, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны шаардлагыг хангаагүй байна.

   Тодруулбал, нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх ажиллагаа нь сахилгын зөрчилтэй холбоотой асуудлаар эхэлсэн боловч Засгийн газар уг үндэслэлээр шийдвэр гаргаагүй, харин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх өөр үндэслэлээр чөлөөлсөн бөгөөд шинэ үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй байна.

Ийнхүү хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдсэн болохыг хангалттай тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24-28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны шаардлагыг хангаагүйгээс маргаан бүхий тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч А.Нт нь хуульд заасан журмаар томилогдсон бөгөөд түүнийг томилсон шийдвэрт заасан зургаан жилийн хугацаа дуусаагүй байхад маргаан бүхий тогтоолоор албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр түүний тухайн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цалин хөлс авах, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол зөвхөн уг шийдвэрийг хүчингүй болгохоор хязгаарлахгүйгээр түүний улмаас үүссэн эрх зүйн үр дагаврыг арилгаж, зөрчигдсөн эрхийг шүүхээс сэргээх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн үр дагавар болно.

Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байхад тэтгэвэрт гаргасан нь үндэслэлгүй гэсэн агуулгатай дүгнэлт гаргасан нь шүүх бүрэлдэхүүний дээрх дүгнэлттэй агуулгын хувьд нийцэж байна.

Эдгээр үндэслэлээр маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 37 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

А.Нтг чөлөөлсөнтэй холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргыг томилох хүртэлх хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны Б/06 дугаартай тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Агийг томилсон, түүнийг тухайн албан тушаалд жинхлэн томилсон нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байх тул түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нтгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2026  оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Нтг урьд эрхэлж байсан ажил болох Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.САРАНГЭРЭЛ

 

                      ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

 

                      ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ