Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 43

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Иргэний нэхэмжлэгч Т.Ганхуяг,

Шүүгдэгч Б.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэндэнзав овгийн Батмөнхийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201615000332 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1981 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, "Даганалтайн дэрс" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Гэндэнзав овгийн Батмөнхийн Сүхбаатар, /РД:ЙВ81010719/

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, 26 дугаар гудамжны 282 тоот хашаанаас иргэн С.Бат-Эрдэний эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж, 1500000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 37 дугаар гудамжны 28 тоот хашааны гаднаас иргэн С.Батсайханы эзэмшлийн 28-82 ӨВЗ улсын дугаартай, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж, 400000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Сүхбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Ганхуяг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би А.Азбилэгээс 500000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Би энэ Сүхбаатар гэдэг хүнийг танихгүй, энэ хүн надад хамаагүй. А.Азбилэг бид хоёр л хоорондоо мотоцикль өгч авалцсан, Б.Сүхбаатараас энэ мөнгийг нэхэмжлэхгүй гэв.

Хохирогч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянгол сумаас аймгийн төв рүү Б.Сүхбаатарыг хүргэж өгөх гэж явсан. Тэр өдрөө аймагт ирээд Б.Сүхбаатарын хамаатны айлд нь ирж хоносон. Баярбат гэж айл байсан. Тэднийх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р хорооны тэр хавиар байсан. Тэр өдрөө тэндээ нэг шил 0.5 литрийн Харзтай архи уучихаад хоносон. Маргааш нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөө Б.Сүхбаатар Баярбаттай хамт миний мотоциклиор усанд явж ирсэн. Тэгэхдээ нэг шил архи авч ирсэн байсан. Миний мотоциклийн түлхүүрийг тэр айлын тогооны саван дээр тавьсан байсан. Би гарч бие засах гээд нойл руу явсан. Тэгээд нойлд байж байхад гадаа мотоцикль асах чимээ гарахаар нь харахад Б.Сүхбаатар миний мотоциклийг асаангуутаа хөдлөөд явчихсан. Тэгэхэд өглөөний 08:00 цаг болж байсан. Тэгэхээр нь би эргэж айлд ороод Баярбатаас та Б.Сүхбаатарыг юманд явуулсан юм уу? гэхэд үгүй түлхүүр чинь хаана байсан юм гэхээр нь тогооны саван дээр тавьчихсан байсан гэж хэлсэн. Б.Сүхбаатар эргэж ирээгүй. Сүхбаатар намайг нойл орох гээд гарах хооронд миний мотоциклийг маниулаар нь гишгэж асаагаад унаад явчихсан. Надаас зөвшөөрөл аваагүй, юу ч хэлээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Хохирогч С.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Арвайхээр сумын 1-р багийн 37-р гудамжинд байдаг танил Мөнхцоодолын гэрт нь очсон. Мөнхцоодолын гэрийн гадна танил Цэрэнтогтохтой таараад хамт Мөнхцоодолын гэрт нь орж нэг шил архи надад байсныг хувааж уусан. Харин Мөнхцоодол архи уугаагүй. Цэрэнтогтох бид хоёр хамт гараад Цэрэнтогтох мотоциклио унаад явсан. Би баруун талын хашаанд байдаг Содномын гэрт орсон. Би яагаад орсныг мэдэхгүй байна. Гаднаас хүн байсан байхаа. Би Содном өвгөний гэрт орохдоо архигүй орсон. Содном өвгөний гэрт нь ороод нэг шил архи хувааж уугаад тасраад уначихсан байсан. Би шөнө 22 цагийн үед сэрсэн чинь хашааны гадна байсан миний мотоцикль хулгайд алдагдсан байсан. Би тэр хавиар хайж үзтэл олдоогүй. Манай хүү Бямбадорж ирээд намайг аваад явсан байсан. Би маргааш өглөө 06 цагийн үед буцаж Содномын гэрт очоод тэр хавиар мотоциклио хайгаад Содном өвгөнтэй уулзсан. Намайг Сондом өвгөний гэрт миний араас Сүхбаатар гэдэг хүн орж ирээд хамт архи уусан байсан. Би тэр Сүхбаатар гэдэг хүн орж ирснийг санахгүй байна. Харин Содном надад Сүхбаатар ер нь зүгээргүй хүн шүү авсан ч байж магадгүй гэж хэлсэн. Би энэ мотоциклийг 2012 онд аймгийн зах дээрээс шинээр нь 1150000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би хөдөө гэр лүүгээ явах гэж байсан болохоор юу гэж танихгүй хүнд мотоциклио өгөх вэ дээ, Сүхбаатар надаас мотоцикль өгчих гэж гуйсан зүйл байхгүй. Намайг согтоод тасраад унасан хойгуур далимдуулаад л миний мотоциклийг хулгай хийж аваад явсан байсан. Намайг Содном өвгөний гэрт ороход өөр хүн байгаагүй. Тухайн үед миний мотоциклийн түлхүүр надад байсан. Харин тэр Сүхбаатар гэж хүн яаж, ямар замаар миний мотоциклийн түлхүүрийг авсныг бол би мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 хуудас/,

Гэрч Ц.Баярбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын эхээр байхаа одоо өдрийг нь санахгүй байна, оройн нар жаргаж байх үеэр Б.Сүхбаатар нэг залуутай ирсэн. Тэр хоёр нэг мотоцикльтой сундалж ирсэн. Тэр хоёр манайд хоносон. Орой нь бид гурав 1 шил 0.5 литрийн Харзтай архи уусан. Дахиж юм уугаагүй тэгээд л хоносон. Маргааш өглөө нь босчихоод байж байтал манайх усгүй болчихсон байсан. Тэгсэн тэр Хархорины залуу миний мотоциклиор усанд явчихаад ир гэхээр нь би Сүхбаатартай хамт мотоциклиор нь усанд явж ирсэн. Тэгэхдээ дахиж нэг шил 0.5 литрийн Харзтай архи авч ирээд тэрийгээ уусан. Нөгөө залуу гадаа гараад бөөлжөөд байх шиг байсан. Тэгсэн араас нь Сүхбаатар гарсан. Удалгүй мотоциклийн дуу гарсан. Тэгээд нөгөө залуу орж ирээд та Сүхбаатарыг юманд явуулсан уу гэхээр нь үгүй ээ би юманд явуулаагүй гэж хэлсэн. Тэр залуу Сүхбаатарыг эргэж ирэхийг хүлээгээд манайд байгаад байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Гэрч А.Азбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын 06-наас 08-ны хооронд жанжин хочтой Б.Сүхбаатар аймгаас манайд ирсэн. Тэгэхдээ бол улбар шар өнгийн мотоцикльтой ирсэн. Манайд 6-7 хоног байсан. Тэр хооронд унаж ирсэн мотоциклио зарах талаар ярьж байсан. Тэгэхлээр нь би надад зарчих гэсэн. Тэгээд би бэлэн 380000 төгрөг, дээр нь нэг хонь өгсөн. Сүхбаатар уг мотоциклийг зарахдаа би айлын адуу мал маллаж онд оруулж өгсөн, тэрнийхээ цалинд авсан гэж ярьж байсан. Яг ямар хэн гэдэг айлын мал маллаж байсан талаараа надад хэлээгүй. Миний эзэмшлийн мотоцикль байгаа юм, дараа ирэхдээ гаалийн бичиг бусад баримт бичгийг нь авч ирж өгнө гэж хэлээд буцсан. Би хулгайн мотоцикль гэдгийг нь мэдээгүй. Би тэр явдпаас хойш 7-8 хоногийн дараа манайхаас зүүн тийш 10 км зайтай “Борхын” гол гэх газарт байх Ганхуяг гэдэг айлд очсон юм. Тэгсэн Ганхуяг миний Сүхбаатараас авсан мотоциклийг сонирхоод зарчих гээд байхаар нь 500000 орчим төгрөгөөр зараад дараа нь идэшний үхэр авахаар тохиролцоод зарчихсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Т.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Азбилэг шинэ улбар шар өнгийн мотоцикль унаад ирсэн байсан. Би тэгэхлээр нь мотоциклио зарах уу гэсэн чинь Азбилэг намайг та худалдаж авбал ав гэж хэлсэн. Тэгээд надад өгөөд явсан. Би тухайн үед Азбилэгт бэлэн 500000 төгрөг өгөөд намар идэшний үхэр өгөхөөр болсон. Тухайн үед Азбилэг надад ярихдаа би өөрөө хүнээс худалдаж авсан юм гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 хуудас/,

Шүүгдэгч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бат-Эрдэнэтэй хамт Баянгол сумаас Өвөрхангай аймгийн төв рүү орсон. Бат-эрдэнэ бид хоёр манай хамаатан Баярбат гэх айлд ирж хоносон. Тэнд гурвуулаа нэлээн архи уусан. Тэгээд өглөө нь 07 цагийн орчим босоод би дэлгүүр яваад нэг шил Харзтай архи авч ирж бид гурвуулаа уусан. Би удалгүй Бат-Эрдэнийн эзэмшлийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг нь унаад тэр өдрөө ягаан толгойд хүмүүстэй нийлж архи ууж байгаад орой нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд очиж "Гаргүй Аз" хочтой Азбилэг гэдэг айлд очиж хоносон. Азбилэгийн гэрт нь нэлээн хэд хоноод буцахдаа Азбилэгт Бат-Эрдэнийн эзэмшлийн улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг нь бэлэн 300000 төгрөг, нэг хонь зэргээр зарсан. Намайг Бат-Эрдэнийн мотоциклийг унаад гарахад Бат-Эрдэнэ тухайн үед нойлд орох гээд явсан байсан. Би тэр хойгуур нь мотоциклийг нь унаад явсан. ....2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед 1-р багийн гудамжаар явж байгаад танил Содном гэдэг өвгөний гэрт нь орсон. Содном өвгөн нэг үл таних өвгөнтэй архи уугаад нэлээн халамцуу сууж байсан. Тэр хоёр нэг шил 0.5 литрийн Харзтай архи уусан бололтой хоосон архины шил байсан. Би тэр хоёрт ганц юм уух уу гэж хэлсэн чинь тэр хоёр зөвшөөрсөн. Би Содном өвгөний гэрт ороход хашааны үүдэн дээр улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Содном өвгөнтэй хамт архи ууж байсан Батсайхан өвгөнтэй хамт архинд явсан. Би тэр Батсайханы мотоциклийг унаад Бадархундага гэдэг дэлгүүр ороод 1 шил Харзтай архи 4500 төгрөгөөр авсан. Архины мөнгийг нь би гаргасан. Бид хоёр архиа аваад буцаад Содном өвгөний гэрт ирээд бид гурав архиа хувааж уусан. Содном өвгөн их согтуу байсан. Харин мотоциклийн эзэн Батсайхан орон дээр согтоод унтаад өгсөн. Би өвгөний мотоциклийг унаад ягаан толгойд 2 хоног архи ууж яваад цагдаад баригдсан. Би мотоциклийн эзэн өвгөний нэрийг мэдэхгүй, хаана амьдардгийг нь мэдэхгүй. Батсайхан нэлээн их согтуу байсан. Ухаангүй тасраад унахаар нь гараад мотоциклийг нь аваад явсан үнэн. Би хүнтэй архи ууж байгаад мотоциклийг нь унаад явчихдаг юм. 82-28 гэсэн улсын дугаартай улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоцикль байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 81-82 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/62 тоот үнэлгээний: "...Shineray Mustang ХҮ150 маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1500000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөг гэж дүгнэж байна." гэсэн тайлан /хх-ийн 35-37 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/31 тоот үнэлгээний: "...Mustang ХҮ150 маркийн 28-82 ӨВЗ улсын дугаартай, улаан өнгийн мотоциклын өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 400000 /Дөрвөн зуун мянга/ төгрөг гэж дүгнэж байна." гэсэн тайлан /хх-ийн 68-70 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тухай тогтоол /хх 1, 79/,

201615000355 тоот хэргийг 201615000332 тоот хэрэгт нэгтгэсэн тогтоол /хх-ийн 2/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 11-12/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 13, 58/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр дүгээр шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 146-149/,

Хархорин дахь ШШГА, хорих 423 дугаар ангийн тодорхойлолт /хх 150/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 151-154/,

Шүүгдэгч Б.Сүхбаатарын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 123/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 124/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын ЕБСургуулийн тодорхойлолт /хх 125/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 130/,

Хохирогч С.Батсайхан, С.Бат-Эрдэнэ нарын шүүхэд ирүүлсэн “Хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг надгүйгээр хийж өгнө үү” гэсэн хүсэлтүүд зэрэг болно.

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, 26 дугаар гудамжны 282 тоот хашаанаас иргэн С.Бат-Эрдэнийн эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг шунахайн сэдэлтээр хулгайлж, 1500000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 37 дугаар гудамжны 28 тоот хашааны гаднаас иргэн С.Батсайханы эзэмшлийн 28-82 ӨВЗ улсын дугаартай, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг шунахайн сэдэлтээр хулгайлж, 400000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хохирогч С.Бат-Эрдэнийн "...Би гарч бие засах гээд нойл руу явсан. Тэгээд нойлд байж байхад гадаа мотоцикль асах чимээ гарахаар нь харахад Б.Сүхбаатар миний мотоциклийг асаангуутаа хөдлөөд явчихсан. Тэгэхэд өглөөний 08:00 цаг болж байсан. Тэгэхээр нь би эргэж айлд ороод Баярбатаас та Б.Сүхбаатарыг юманд явуулсан юм уу? гэхэд үгүй түлхүүр чинь хаана байсан юм гэхээр нь тогооны саван дээр тавьчихсан байсан гэж хэлсэн. Б.Сүхбаатар эргэж ирээгүй. Сүхбаатар намайг нойл орох гээд гарах хооронд миний мотоциклийг маниулаар нь гишгэж асаагаад унаад явчихсан. Надаас зөвшөөрөл аваагүй, юу ч хэлээгүй..." /хх-ийн 20 хуудас/, хохирогч С.Батсайханы "...Би шөнө 22 цагийн үед сэрсэн чинь хашааны гадна байсан миний мотоцикль хулгайд алдагдсан байсан. Би тэр хавиар хайж үзтэл олдоогүй. Манай хүү Бямбадорж ирээд намайг аваад явсан байсан. Би маргааш өглөө 06 цагийн үед буцаж Содномын гэрт очоод тэр хавиар мотоциклио хайгаад Содном өвгөнтэй уулзсан. Намайг Сондом өвгөний гэрт миний араас Сүхбаатар гэдэг хүн орж ирээд хамт архи уусан байсан. Би тэр Сүхбаатар гэдэг хүн орж ирснийг санахгүй байна. Харин Содном надад Сүхбаатар ер нь зүгээргүй хүн шүү, авсан ч байж магадгүй гэж хэлсэн. Тухайн үед миний мотоциклийн түлхүүр надад байсан. Харин тэр Сүхбаатар гэж хүн яаж, ямар замаар миний мотоциклийн түлхүүрийг авсныг бол би мэдэхгүй байна..." /хх-ийн 62-63 хуудас/, гэрч Ц.Баярбатын "...Нөгөө залуу гадаа гараад бөөлжөөд байх шиг байсан. Тэгсэн араас нь Сүхбаатар гарсан. Удалгүй мотоциклийн дуу гарсан. Тэгээд нөгөө залуу орж ирээд та Сүхбаатарыг юманд явуулсан уу гэхээр нь үгүй ээ би юманд явуулаагүй гэж хэлсэн..." /хх-ийн 30-31 хуудас/, иргэний нэхэмжлэгч А.Азбилэгийн "...2016 оны 06 дугаар сарын 06-наас 08-ны хооронд жанжин хочтой Б.Сүхбаатар аймгаас манайд ирсэн. Тэгэхдээ бол улбар шар өнгийн мотоцикльтой ирсэн. Манайд 6-7 хоног байсан. Тэр хооронд унаж ирсэн мотоциклио зарах талаар ярьж байсан. Тэгэхлээр нь би надад зарчих гэсэн. Тэгээд би бэлэн 380000 төгрөг дээр нь нэг хонь өгсөн. Сүхбаатар уг мотоциклийг зарахдаа би айлын адуу мал маллаж онд оруулж өгсөн, тэрнийхээ цалинд авсан гэж ярьж байсан. Яг ямар хэн гэдэг айлын мал маллаж байсан талаараа надад хэлээгүй. Миний эзэмшлийн мотоцикль байгаа юм, дараа ирэхдээ гаалийн бичиг бусад баримт бичгийг нь авч ирж өгнө гэж хэлээд буцсан. Би хулгайн мотоцикль гэдгийг нь мэдээгүй. Би тэр явдпаас хойш 7-8 хоногийн дараа манайхаас зүүн тийш 10 км зайтай “Борхын” гол гэх газарт байх Ганхуяг гэдэг айлд очсон юм. Тэгсэн Ганхуяг миний Сүхбаатараас авсан мотоциклийг сонирхоод зарчих гээд байхаар нь 500000 орчим төгрөгөөр зараад дараа нь идэшний үхэр авахаар тохиролцоод зарчихсан..." /хх-ийн 27-28 хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.Ганхуягийн "...Азбилэг шинэ улбар шар өнгийн мотоцикль унаад ирсэн байсан. Би тэгэхлээр нь мотоциклио зарах уу гэсэн чинь Азбилэг намайг та худалдаж авбал ав гэж хэлсэн. Тэгээд надад өгөөд явсан. Би тухайн үед Азбилэгт бэлэн 500000 төгрөг өгөөд намар идэшний үхэр өгөхөөр болсон. Тухайн үед Азбилэг надад ярихдаа би өөрөө хүнээс худалдаж авсан юм гэж байсан..." /хх-ийн 23-25 хуудас/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Сүхбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний үнэлгээний тайлангууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Сүхбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Сүхбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдлыг болон  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Сүхбаатарын цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч А.Азбилэг нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Сүхбаатараас 380000 төгрөг, нэг хонь буюу 100000 төгрөг, нийт 480000 төгрөгөө нэхэмжилж байна гэж, шүүгдэгч Б.Сүхбаатар нь би хулгайлсан мотоциклио Азбилэгт бэлэн 380000 төгрөг, нэг шүдлэн насны эр хониор зарсан, уг хонийг хүүхэд дагуулсан эмэгтэй хүнд 60000 төгрөгөөр зарсан гэж тус тус мэдүүлж байгаа боловч шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь тухайн хонины үнийн талаар зөрүүтэй мэдүүлдэг, ямар үнэтэй, хэдэн насны хонь болох талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул ирэгний нэхэмжлэгч А.Азбилэгийн нэхэмжилсэн хонины үнэ болох 100000 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Сүхбаатараас 380000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Азбилэгт олгож, хонины үнэ болох 100000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч А.Азбилэг нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч А.Азбилэг нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Сүхбаатараас уг мотоциклийг худалдаж авснаас хойш 7-8 хоногийн дараа Ганхуягт бэлэн 500000 төгрөг, дээр нь нэг идэшний үхэр авахаар тохиролцож зарсан,

Иргэний нэхэмжлэгч Т.Ганхуяг нь мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би тухайн мотоциклийг А.Азбилэгээс бэлэн 500000 төгрөг өгөөд дараа нь нэмж идэшний үхэр өгөхөөр болж ярилцаж тохиролцоод авсан юм. Би Б.Сүхбаатарыг танихгүй, харж ч байгаагүй. Б.Сүхбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй, харин А.Азбилэгээс 500000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэж тус тус мэдүүлж байгаа бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Т.Ганхуягт хохирол учирсан байна гэж үзэх боломжгүй, тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох ёсгүй хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байгааг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Сүхбаатар нь өөрт ногдох эд хөрөнгөгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын тодорхойлолт, гэрч Б.Нарангэрэл, Б.Самдандулам нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Б.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэндэнзав овгийн Батмөнхийн Сүхбаатарыг давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Гэндэнзав овгийн Батмөнхийн Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарт оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарын цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатараас 380000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Азбилэгт олгож, иргэний нэхэмжлэгч А.Азбилэгийн нэхэмжлэлээс 100000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Иргэний нэхэмжлэгч А.Азбилэг нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сүхбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ