| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/021 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Прокурор: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Шүүгдэгч: Д.Ганзориг, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314001610244 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Санги тойн овогт Дамбаагийн Ганзориг /РД: ВК79060511/,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Д.Ганзориг нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.Эрдэнэбилэгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч, 2 мөнгөн аяга, монетын ээмэг, мөнгөн хослол зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 770,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2023 оны 05 дугаар сарын дундуур, яг өдрөө бол санахгүй байна, тухайн үед ямаа самналтын үе байсан. Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр баг сумын төвд иргэн Г.Эрдэнэбилэгийн 4 ханатай монгол гэрийн тооноор ороод авдарт байсан 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний монетан ээмэг 1 хос, эмэгтэй хүний мөнгөн ээмэг 1 хос, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлийг авдар нь дотроос ертөнцийн зүгээр зүүн талд байсан хурган дээлний завсраас авсан. Тухайн үед Г.Эрдэнэбилэгийн гэр нь цоожтой байсан ба гэрийн өрхийг нь урагш татсан байхад нь өрхний доогуур нь ороод авсан. Тухайн үед шөнө байсан ба эргээд гэрийнх нь тооноор гараад Бөмбөгөр сумын урд талаас аймгийн төв рүү замын машинд суугаад аймгийн төвд ирсэн. Хаягийг нь мэдэхгүй байна, нэг танихгүй айлд хоноод мөнгөн бөгжийг, мөнгөн ээмэгний хамт маргааш нь би аймгийн төвийн урд зах дээр танихгүй хүнд 25.000 төгрөгөөр зарсан. Монетон ээмгийг нь би халаасандаа хийсэн байж байгаад хаясан байсан, хаана яаж хаяснаа санахгүй байгаа юм. 2 ширхэг мөнгөн аягыг нь биедээ байлгаж байгаад хохирогч Г.Эрдэнэбилэгт эргүүлэн өгсөн байгаа юм. Би тухайн Г.Эрдэнэбилэг гэж айл руу орохдоо эрүүл байсан, би өөрөө биедээ нэг шил Их монгол нэртэй 0.5 граммын архи авч явсан ба замын машинд суугаад аймагт ирэх хугацаандаа ганцаараа уучихсан юм. Тэгээд согтоод танихгүй айлд хоносон юм. Г.Эрдэнэбилэгийн аав нь Гончиг гэж хүн нь манай ээж Бадамын төрсөн дүү нь байгаа юм. Төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм. Би Г.Эрдэнэбилэгийн аавынх нь малыг, өөрийнх нь малтай хамт 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэл Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Ар шанаган” гэх газарт малыг нь малласан юм. Надад тухайн хугацаанд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй юм. Тэр асуудлаас болоод 2023 оны 02 дугаар сард Г.Эрдэнэбилэгийн аавтай нь хэрүүл маргаан хийсэн боловч хөлсөө авч чадаагүй юм. Уг нь би тэр мал малласан ажлынхаа хөлсийг авах, тухайн эд зүйлүүдийг барьцаалах зорилгоор л хэлэлгүй нууцаар авчихсан юм. Хөлсөө өгсөн тохиолдолд би буцаан өгье гэж бодож байсан боловч архинаас болоод тухайн мөнгөн ээмэг, бөгжийг нь зараад архи аваад уучихсан юм. Надад дээрх шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би 2 ширхэг мөнгөн аягыг нь буцааж өгсөн, одоо монетон ээмэг, мөнгөн ээмэг, бөгжний мөнгийг мал хариулж байгаа цалингаа авахаар хохирлыг нь барагдуулахаар ярилцаж тохирсон байгаа юм. Дунд гарын 2 ширхэг, цулгай шинэ цагийн, ямар нэгэн бичиг тэмдэггүй аяга байсан. Г.Эрдэнэбилэг нь мөнгөн завьяагаас авсан гэж ярьж байсан. Мөнгөн ээмэг, бөгж нь хүрэн шигтгээтэй байсан, монетон ээмэг нь цэцэг хэлбэртэй байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 54-56/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг Д.Ганзориг мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
3. Хохирогч Г.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймаг яваад аймгийн төвд хоёр хоноод 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Бөмбөгөр сумын төвд гэртээ ирээд ойр зуур хувцас угаачхаад гэртээ чигтэй цэвэрлэгээ хийж байгаад авдраа онгойлгоод харсан чинь авдар дотор байсан 2 мөнгөн аяга, монетын ээмэг, алга болчихсон байсан. Мөн 2023 оны 5 дугаар сарын 15-ны үед хүүхдийн үсэглэлийн баяр болоод би мөнгөн хослолоо зүүчхээд гэртээ ирээд хүүхдийн хувцасны шүүгээнд хийчихсэн байсан чинь алга болчихсон байна. Тухайн үед би гэрээсээ гараад гэрээ тойроод харсан чинь гэрийн зүүн талд хүний гутлын мөр эүдэг харагдсан. Тэгэхээр манай гэрт хүн тооноор орж авдарт байсан манай эд зүйлүүдийг хулгайлж аваад явсан байх. Би аймаг явахаасаа өмнө авдар дотроо 2 мөнгөн аяга, монетон ээмэг зэргийг улаан өнгөтэй цахилгаантай жижиг цүнх /паасаг/ нд хийгээд авдар дотор байх хурган дээлний завсар хийгээд авдраа цоожилж үлдээсэн. Мөнгөн хослолоо урд нь хүүхдийн үсэглэлийн баяраар зүүчхээд хүүхдийнхээ хувцас хийдэг цагаан өнгийн шкабны жижиг шүүгээнд хийчихсэн чинь алга болчихсон байна. Би монетон ээмгээ Бөмбөгөр сумын Амар гэх хүнээс 2022 оны 06 дугаар сарын дундуур 350000 төгрөг, мөнгөн хослолоо 3 жилийн өмнө Бөмбөгөр сумын иргэн Нарантунгалаг гэх хүнээс 65000 төгрөг худалдаж авсан. Харин 2 мөнгө аяга хадам ээж нөхөр бид хоёрыг хурим хийгээд тусдаа гарахад бэлгэнд өгсөн.дунд гарын цулгай 2 мөнгөн аяга, нэг аяга нь ёроолдоо морь дүрстэй, монетон ээмэг жижиг цагаан шигтгээтэй, мөнгөн хослол дундаа дөрвөлжин улаан хүрэн өнгийн том шигтгээтэй. Би хулгайд алдсан 2 мөнгөн аяга нийт 400,000 төгрөг, Монетон ээмэг 350000 төгрөг, Мөнгөн хослол 70000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна гэрийн тооноор орж эд зүйл хулгай хийсэн хүнийг олж эд зүйлээ авмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,
.... Би 2023 оны 05 дугаар сарын 19-ны өглөө Баянхонгор аймаг яваад 2023 оны 05 дугаар сарын 22-ны орой сумын төвд замын унаанд суугаад гэртээ ирсэн. Би аймаг явахынхаа өглөө авдраа онгойлгож улаан өнгийн гэдсээр зүүдэг паасак дотроос жижиг цагаан шигтгээтэй төмөр ээмэг авч зүүхэд манай алдсан 2 мөнгөн аяга, миний монетон ээмэг зэрэг байсан. Харин мөнгөн ээмэг, бөгжөө 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авдарт байсан уулан өнгийн зүүдэг паасакнаас аваад хүүхдийнхээ үсэглэлийн баяраар зүүчхээд тэр өдрөө хүүхдийнхээ хувцасны шкабны шүүгээнд хийсэн чинь алга болчихсон байна. Намайг аймгаас ирэхэд гэрийн цоож, цуураг эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Би гэртээ ирээд хувцас угааж байгаад авдар руугаа харсан чинь аварт байсан улаан өнгийн паасакны улаан оосор нь авдрын таганд хавчуулагдаад үзүүр нь харагдахаар нь авдраа онгойлгоод харсан чинь 2 мөнгөн аяга, монетон ээмэг зэрэг алга байхаар нь аймгийн төв рүү аав, ээж хоёр руу утсаар залгаад манайд хулгай ороод гэрээс эд зүйл аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ гараад гэрээ тойроод хартал гэрийн зүүн талаад хүний авирсан бололтой гутлын мөр, шороо зэрэг болчихсон гэрийн өрхийг хойш нь татчихсан байсан би ийш тийшээ юманд явахдаа гэрийнхээ өрхийг байнга урагш татчихаад явдаг тухайн үед аймаг явахдаа гэрийн өрхөө урагш нь татчихаад явсан. Би аймгийн төвд аавынд байж байхад Ганзориг гаднаас орж ирээд ойр зуур юм ярьж нэлээн сууж байгаад Ганзориг би амралтын өдрүүдээр амардаг Бөмбөгөр сум руу явж ямаа самнуулах айл байвал ямаа самнамаар байна. та нар хэзээ сум руу явах юм гэж асуухаар нь би аймагт жоохон ажилтай 2 хонож байгаад гэр лүүгээ явна гэсэн чинь Ганзориг намайг чи гэрийнхээ түлхүүрийг өгчих гэсэн би юу гэж танд гэрийнхээ түлхүүрийг өгч явуулах вэ гэж хэлээд удалгүй Ганзориг нэг хүнтэй утсаар яриад гараад явсан. Манай гэрийн хаалганы цоож зүгээр харин гэрийн зүүн талаад хүн авирч явсан бололтой хүний гутлын мөр харагдсан тэгэхээр тооноор орж эд зүйлийг хулгай хийж авсан. Би гомдолтой байна гэрийн тооноор орж эд зүйл хулгай хийсэн хүнийг олж эд зүйлээ авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
4. Гэрч Н.Гончигийн мөрдөн байцаалтад өгсөн:... Манай охин Эрдэнэбилэг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Бөмбөгөр сумаас Баянхонгор аймагт манайд ирж хоёр хоноод 2023 оны 5 дугаар сарын 22- нд Бөмбөгөр сум руу гэр лүүгээ буцаж очоод ээж аав хоёр луугаа залгаад манай гэрт хулгай орж авдарт байсан 2 мөнгөн аяга, монетын ээмэг, мөнгөн ээмэг, бөгж зэрэг алга байна гэж ярьсан. Тэгээд Эрдэнэбилэг “наана чинь Ганзориг ах байна уу” гэхээр нь байхгүй гэж хэлээд манай эхнэр гараад амбаарт Ганзориг цүнхтэй хувцас дотроос нь 2 мөнгөн аяга байхаар нь гаргаж ирээд Эрдэнэбилэгт хэлсэн чинь намайг байхгүй хойгуур Ганзориг ах манайд ороод мөнгөн аяга, монетын ээмэг, мөнгөн бөгж, ээмэг зэргийг аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би охин Эрдэнэбилэг 2 мөнгөн аягыг авдартаа хийгээд цоожилчихсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 /,
5. Гэрч С.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:.... Би 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүүхдийнхээ үсэглэлийн баярт оролцчихоод 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Би Улаанбаатар хотод очиж ажил хийгээд нэлээн хэд хонож байхад манай эхнэр Эрдэнэбилэг над руу залгаад аймгийн төв рүү яваад хоёр хоноод ирсэн чинь авдарт байсан 2 мөнгөн аяга, монетын ээмэг, хүүхдийн хувцасны шүүгээнд байсан мөнгөн ээмэг, бөгж зэрэг алга гэрийн цоож эвдэлсэн зүйлгүй харин гэрийн зүүн талд хүн гарсан бололтой хүний гутлын мөн гэр дээр гарсан байна гэж хэлсэн. Манай эхнэрийг аймагт байгааг Ганзориг мэдээд сум орж ямаа самнахаар явна гээд хадам аавынд эхнэрийг байхад орж ирээд гарсан гэсэн тийм болохоор Ганзориг сум орж ирээд манай гэрийн тооноор орж эд зүйлийг хулгай хийж авсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 /,
6. Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 147 дугаартай шинжээчийн:
... Мөнгөн аяга 180.000 төгрөг 2 ширхэг 360.000 төгрөг,
Монет ээмэг 1 ширхэг 350.000 төгрөг,
Мөнгөн хос ээмэг бөгж 1 ширхэг 60.000 төгрөг
Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 770.000 / Долоон зуун далан мянга / төгрөг болохыг тодорхойлов...дүгнэлт /хх-ийн 47 /, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14/, шүүгдэгч Д.Ганзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийн лавлагаа /хх-ийн 59/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 /, шүүгдэгч Д.Ганзоригийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ганзориг нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.Эрдэнэбилэгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч, 2 мөнгөн аяга, монетын ээмэг, мөнгөн хослол зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 770,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт болсон нь хохирогч Г.Эрдэнэбилэг, гэрч Н.Гончиг, С.Наранбаатар нарын мэдүүлгээс гадна хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн 147 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Ганзориг нь хохирогчтой урьдын харилцааны явцыг ашиглан хохирогчийг эзгүй байгааг мэдэж тооноор нь орж бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэлээ..
Иймд түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч Д.Ганзоригийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 770.000 төгрөг нэхэмжлэх зүйлгүйг илэрхийлсэн талаар улсын яллагч яллах дүгнэлтэд дурдсан тул шүүгдэгч Д.Ганзоригийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.Ганзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэж ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ганзоригт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэргийн учир шүүгдэгч Д.Ганзориг нь 5 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Санги тойн овогт Дамбаагийн Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Санги тойн овогт Дамбаагийн Ганзоригийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Д.Ганзориг нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ