| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/022 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Шүүгдэгч: М.Насанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Насанбаярт холбогдох 2314000000287 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Өөлд овгийн Мэнджаргалын Насанбаяр, / РД:ВО93050114 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Насанбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бараа баазын хашаа гэх газар Д.Мөнх-Эрдэнийг нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины шарх, цус хуралт, зулгаралт, алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын зулгаралт, дээд уруул, хэлний цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч М.Насанбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мөн яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа ойлгосон. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, мөн өмнө болсон зүйлийн талаар санаж байгаагаа хэлсэн тул яллагдагчийн эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг, / хх-ийн 48-49 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Насанбаяр мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Д.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээ багийн нутаг дэвсгэрт байрлах бараа баазын хашаан дотор Цогжавхлантай үл таних 2 эрэгтэй хүн архи уугаад сууж байхаар нь Цогжавхлангаас тамхи авах гэж очоод тэд нарын хажууд 2 өвдгөө нугалаад суусан. Тэд нар Монгол гэх нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи дундаа тавьчихсан ууж байсан. Архи нь бараг дуусаж байсан. Би архинаас нь уугаагүй. Тэгээд би Цогжавхлангаас тамхи гуйсан чинь цэнхэр дээлтэй, бүдэг цэнхэр өнгийн бүстэй, бакал өмссөн үл таних 30 гаруй насны согтуу эрэгтэй нь “чи хүнээс тамхи авдаг хэн юм” гэхээр нь “би чамаас тамхи аваагүй” гэсэн чинь над руу дайраад сууж байхад урдаас бакалийнхаа хоншоор хэсгээр дараалан 3 удаа нүүр лүү өшиглөөд миний нүүрнээс цус гарч байхыг харчхаад хамт байсан үл таних цагаан саарал куртиктэй, цэнхэр жинсэн өмд өмссөн, махлагдуу залуутай хамт хашаанаас гараад явсан. Тэр үед миний нүүрнээс цус гараад Цогжавхлан даавуу авч ирж толгой боож өгчхөөд явчихсан... Намайг зодсон эрэгтэй хүнийг өмнө нь ямар нэгэн байдлаар харж байгаагүй. Миний толгой өвдөж байна, хамар, баруун талын нүд орчмоор өвдөж байна. Баруун нүд нуухтаж улайсан, хавдсан. Бас бүрэлзээд байна. Өчигдөр эмнэлэг дээр очиж баруун нүдний дээд зовхинд 2 оёо тавиулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 6-7 /,
...Миний хувьд сэтгэцэд учирсан гэм хор нэхэмжлэхгүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй мөн амбулаториор эмчид үзүүлсэн баримт байгаа. Харин эм бичиж өгсөн боловч мөнгө байхгүй тул авч чадаагүй тул баримт байхгүй. Нэмж ярих зүйл алга байна, 500,000 төгрөг өгчихвөл гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35/
4. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Д.Мөнх-Эрдэнэ нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 118.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /,
5. Гэрч Д.Цогжавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн өдрийн 14 цагийн үед Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бараа баазын хашаан дотор хуурай дүү Д.Ёндоншаарав, танилын М.Насанбаяр нартай хамт архи уугаад сууж байсан. Тэгсэн Д.Мөнх- Эрдэнэ бид 3 дээр согтуу ирээд шалтгаангүйгээр Д.Ёндоншаарав, М.Насанбаяр нар луу салаавч гаргаад, М.Насанбаяртай хэрэлдээд байхаар нь би Ёндоншааравыг аваад зайдуу очиж тамхи татах гээд босоод явтал ард Насанбаяр Мөнх-Эрдэнийг өмсөж явсан бакалаараа 2 удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр тэр хоёрыг салгаад Ёндоншаарав Насанбаярыг аваад явсан. Би Мөнх-Эрдэний дух нь 2 газар, баруун талын зовхи нь бас шалбарсан цус ихээр гарч байхаар нь хөлийнхөө жийргээрээ боож өгөөд, хажууд явж байсан нэг эмэгтэй хүнийг цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлчхээд Ёндоншаарав, Насанбаяр хоёрын араас явсан... Мөнх-Эрдэнэ нь нэлээн согтуу байсан. Бид гурав 0,75 литрийн хэмжээтэй Хараа гэх архи хувааж уугаад бага зэрэг согтсон байсан... Тухайн үед Насанбаяр цэнхэр цоохор дээлтэй, гар дурдан бүстэй, малгайгүй, бакалтай явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09 /,
6. Гэрч Д.Ёндоншааравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би тухайн өдөр 14 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бараа баазын хашаан дотор хуурай ах Д.Цогжавхлан, танил М.Насанбаяр нартай хамт архи уугаад сууж байсан. Тэгсэн Д.Мөнх-Эрдэнэ бид 3 дээр согтуу ирээд шалтгаангүйгээр М.Насанбаяр бид хоёр луу салаавч гаргаад М.Насанбаяртай дүүгийнхээ тухай юм яриад хэрэлдээд байхаар нь би Д.Цогжавхлан ахтай тамхи татах гээд босоод явтал ард Насанбаяр Мөнх-Эрдэнийг өмсөж явсан бакалаараа нүүрэнд нь 2 удаа өшиглөсөн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ гэх хүний нүүр битүү цус болчихсон байсан. Нүүрэнд нь ямар шарх, гэмтэл үүссэн байсныг хараагүй. Тэгээд бид хоёр тэр хоёрыг салгаад би Насанбаярыг аваад Наранбулаг дэлгүүрийн хажууд ирсэн... Мөнх-Эрдэнэ нэлээн согтуу байсан. Бид гурав 0,75 литрийн хэмжээтэй Хараа гэх архи хувааж уугаад бага зэрэг согтсон байсан. Тухайн үед ...Насанбаяр цэнхэр цоохор дээлтэй, гар дурдан бүстэй, малгайгүй, бакалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
7. Гэрч Д.Отгонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний төрсөн ах болох Д.Мөнх-Эрдэнэ нь 10 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ эрүүл гарсан. Тэр үедээ биедээ гэмтэл, шархгүй гарсан. Тэгсэн тэр өдрийн орой толгойгоо боолгочхоод согтуу ирсэн. Д.Мөнх-Эрдэнэ ах өөрөө нэгдсэн эмнэлгээр явж гадуур эмчилгээ хийлгэсэн. Д.Мөнх-Эрдэнэ ах нүдний дусаагуур, шархны тос, үрэвслийн эсрэг эм зэргийг авч хэрэглэж байсан. Эдгээрийн мөнгийг хаанаас олж авсныг мэдэхгүй байна. Би эмчилгээний төлбөр мөнгөний талаар мэдэхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт төлбөр гаргаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25/
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 473 дугаартай шинжээчийн:
1. Д.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины шарх, цус хуралт, зулгаралт, алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын зулгаралт, дээд уруул, хэлний цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт / хх-ийн 15-16/ болон шүүгдэгч М.Насанбаяр эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Насанбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бараа баазын хашаа гэх газар Д.Мөнх-Эрдэнийн зүй бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдаж улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины шарх, цус хуралт, зулгаралт, алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын зулгаралт, дээд уруул, хэлний цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь гэрч Д.Цогжавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдрийн 14 цагийн үед Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бараа баазын хашаан дотор хуурай дүү Д.Ёндоншаарав, танилын М.Насанбаяр нартай хамт архи уугаад сууж байсан. Тэгсэн Д.Мөнх- Эрдэнэ бид 3 дээр согтуу ирээд шалтгаангүйгээр Д.Ёндоншаарав, М.Насанбаяр нар луу салаавч гаргаад, М.Насанбаяртай хэрэлдээд байхаар нь би Ёндоншааравыг аваад зайдуу очиж тамхи татах гээд босоод явтал ард Насанбаяр Мөнх-Эрдэнийг өмсөж явсан бакалаараа 2 удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр тэр хоёрыг салгаад Ёндоншаарав Насанбаярыг аваад явсан. Би Мөнх-Эрдэний дух нь 2 газар, баруун талын зовхи нь бас шалбарсан цус ихээр гарч байхаар нь хөлийнхөө жийргээрээ боож өгөөд, хажууд явж байсан нэг эмэгтэй хүнийг цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлчхээд Ёндоншаарав, Насанбаяр хоёрын араас явсан... Мөнх-Эрдэнэ нь нэлээн согтуу байсан. Бид гурав 0,75 литрийн хэмжээтэй Хараа гэх архи хувааж уугаад бага зэрэг согтсон байсан... Тухайн үед Насанбаяр цэнхэр цоохор дээлтэй, гар дурдан бүстэй, малгайгүй, бакалтай явж байсан....”гэх мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 473 дугаартай шинжээчийн: 1. Д.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, баруун хөмсөгний шарх, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины шарх, цус хуралт, зулгаралт, алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын зулгаралт, дээд уруул, хэлний цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.
Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Насанбаяр нь архидан согтуурч мөн архидан согтуурсан байсан хохирогч Д.Мөнх-эрдэнийн зүй бус үйлдэл буюу салаавч гаргасан үйлдлийн улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Насанбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч М.Насанбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Мөнх-Эрдэнэ нь 500.000 төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлсэн боловч хохирол нэхэмжлэлийн үндэслэл болох нотлох баримтыг гаргаж өгөөгүй түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
Иймд шүүгдэгч М.Насанбаярыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Д.Мөнх-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 118.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч М.Насанбаяраас 118.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч М.Насанбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.
Шүүгдэгч М.Насанбаяр нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овгийн Мэнджаргалын Насанбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өөлд овгийн Мэнджаргалын Насанбаярыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Насанбаярт оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Насанбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Насанбаяр нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Насанбаяраас 118.000 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн хэлтэст олгохыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Мөнх-эрдэнийн 500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Насанбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Насанбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ