Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/026

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,

Улсын яллагч: Н.Цогням,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314001210253 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

тодорхойлох нь:       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* / РД: ******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 18- ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 100 дугаар байрны гадна урьдын таарамжгүй харилцаагаар шалтгаанаар шалтаглан иргэн *******тай маргалдаж, улмаар үсдэлцэн, зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацар, духны зүүн төвгөр, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдөр баруун бүс худалдааны төв дээр ажил дээрээ байж байсан чинь Дуламханд ирээд миний нүүр рүү цохиод авсан тэгснээ намайг үсдээд лангууны булан руу намайг шахаад миний нүд рүү дайраад байсан. Тэгэхээр нь би өмнөөс нь үсдээд авсан чинь хүмүүс ирээд салгах гэсэн чинь дийлэгдэхгүй ба  хамгаалагч ирээд хөөж гаргасан. Тэгээд би гэртээ ирээд байж байсан манай хажуу лангууны хүн над руу залгаад нөгөө хүүхэн чинь дахиж ирээд  лангууны төмрийг чинь нураагаад хувцсыг чинь гишгэж орилж байгаад гараад явлаа гээд над руу ярихаар нь би лангуу руу явах гээд гарсан чинь манай гадаа ирчихсэн. Манайх руу алхаж байхаар нь таараад намайг янхан гээд хэл амаар доромжлоод байхаар нь би үсдээд тэгээд зодолдсон миний хажууд манай дүү байсан тэгээд манай дүү салгасан. Манай дүү Бөмбөгөр сумаас ирчихсэн байсан юм. Би *******ын биед халдсан зүйл болсон. Би 285 дугаартай дүгнэлттэй танилцсан санал нийлэхгүй байгаа. Би тухайн өдрөөс хойш Дуламхандтай уулзаж холбоо барьсан зүйл байхгүй. Хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Дуламханд над дээр ирж хэрүүл маргаан үүсгэж бид 2 нэгнийхээ үснээс татаж доогуураа өшиглөсөн зүйл болсон. Би өөрөө очиж зодоогүй болохоор санаатай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна....гэх мэдүүлэг/ хх-ийн 132-133 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Манай нөхөр Энхбаатар *******тэй гэр бүлийн гадуурх харилцаа үүсгээд 2 жил явсан. Би тэр хооронд боль гэж зөндөө хэлээд болихгүй болохоор нь би 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр *******ийн гэрийн гадаа очоод уулзаад байж байсан чинь *******ийн ах нь юм уу, дүү нь юм уу нэг залуу гарч ирсэн. Тэгээд тэр залууд танай ******* чинь манай нөхөр Энхбаатартай явалдаад байна. Надад зураг, бичлэг нь байгаа гээд харуултал намайг ******* хажуугаас орж ирээд үснээс зулгаагаад газар унагаагаад чирсэн. Тэгсэн чинь тэнд байсан залуу бид хоёрыг салгасан. Би ганцаараа очсон юм. Тэгээд *******, бид хоёрыг салгасан нэг залуу байсан. Өөр хүн байгаагүй. Миний үснээс зулгаагаад чирсэн. Миний мөр өвдөгт цус хурсан байсан. Бас шанаа хүзүү зулгарсан байсан. Одоо гайгүй болсон. Миний сэтгэл санааны хувьд хямралтай хохирогч байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 /,

Би 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би *******ийн гэрийн гадаа очоод уулзаад байж байсан чинь *******ийн ах нь юм уу дүү нь юм уу нэг залуу гарч ирсэн. Тэгээд тэр залууд танай ******* чинь манай нөхөр Энхбаатартай явалдаад байна. Надад зураг бичлэг нь байгаа гээд харуултал намайг ******* хажуугаас орж ирээд үснээс зулгаагаад газар унагаад чирсэн. Тэгсэн чинь тэнд байсан залуу бид хоёрыг салгасан. Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Миний үснээс зулгаагаад чирсэн. Миний мөр өвдөгт цус хурж зулгарсан байсан. Одоо сорви нь үлдсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

....Би 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******тэй муудалцаж зодуулсны дараа толгой өвдөөд стресстэй байсан болохоор 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт өдрийн эмчилгээний стор нээлгэж гадуур эмчилгээ хийлгэж байсан. Тайвшруулах, хаван бууруулах, толгойн өвчин намдаах гэх мэт эмчилгээ хийлгэж байсан....гэх мэдүүлэг,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:  2022 оноос хойш 2 жил гаруй манай гэр бүлийг үймүүлж ийм байдалтай байсаар байгаа. Өмнөх шүүх хуралдаан болсноос хойш тус шүүх хуралдаанд болсон үйл баримтыг манай нөхөр мэдэж байсан. Би огт хэлээгүй тул ******* хэлсэн гэж бодож байна. Одоо манай нөхөр хувцсаа аваад явсан *******тэй хамтран амьдарч байгаа. Намайг баруун бүс худалдааны төв буюу ажил дээр нь дээр очиход зүүн хацар дээр самардсан байсан. Гэрийнх нь гадаа нь очоод би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Намайг дүүгийнхээ хажууд газар унагаад чирээд байсан. Тэгээд дууссаны дараа дүү нь цагдаа дуудсан. Нэхэмжлэх зүйл бол байхгүй гэв.

5. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн өдөр Бөмбөгөр сумаас Баянхонгор аймагт ирээд Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт байх төрсөн эгч болох *******ийнд орох гээд явж байсан чинь ******* үүдэн дээрээ нэг эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэгсэн чинь манай эгч *******тэй маргалдаад байснаа манай эгч ******* тэр эмэгтэй хүнтэй үсдэлцээд авахаар нь би боль гээд салгасан. Тэгээд цагдаа ирсэн...Хоорондоо л хэрэлдээд зодолдоод байсан... Тухайн үед *******, Дуламханд бид 3 байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 /,

6. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 303.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөтөнд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн.  Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөтөнд хамрагдсан 303.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Эн төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг,

7. Шинжээч Б.Маралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.....гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн:

...1. *******ын биед зүүн хацар, духны зүүн төвгөр, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 18- ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн 100 дугаар байрны гадна урьдын таарамжгүй харилцаа хардалт буюу хохирогч *******ын нөхөртэй гэр бүлийн харилцаа үүсгэсэн гэх  шалтгаанаар шалтаглан хохирогч ******* ирж  маргалдаж, улмаар хоорондоо үсдэлцэн, зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацар, духны зүүн төвгөр, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Энхбаатар *******тэй гэр бүлийн гадуурх харилцаа үүсгээд 2 жил явсан. Би тэр хооронд боль гэж зөндөө хэлээд болихгүй болохоор нь би 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр *******ийн гэрийн гадаа очоод уулзаад байж байсан чинь *******ийн ах нь юм уу, дүү нь юм уу нэг залуу гарч ирсэн. Тэгээд тэр залууд танай ******* чинь манай нөхөр Энхбаатартай явалдаад байна. Надад зураг, бичлэг нь байгаа гээд харуултал намайг ******* хажуугаас орж ирээд үснээс зулгаагаад газар унагаагаад чирсэн. Тэгсэн чинь тэнд байсан залуу бид хоёрыг салгасан. Би ганцаараа очсон юм. Тэгээд *******, бид хоёрыг салгасан нэг залуу байсан. Өөр хүн байгаагүй. Миний үснээс зулгаагаад чирсэн. Миний мөр өвдөгт цус хурсан байсан. Бас шанаа хүзүү зулгарсан байсан. Одоо гайгүй болсон. Миний сэтгэл санааны хувьд хямралтай хохирогч байна.....”гэх мэдүүлэг  Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн: 1. *******ын биед зүүн хацар, духны зүүн төвгөр, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, зүүн мөр, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна....гэх дүгнэлт зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******  нь  хохирогч *******ын нөхөртэй гэр бүлийн дотно харьцаа үүсгэж, улмаар хохирогч ******* хардалтаас шалтгаалж очиж хэрүүл маргаан үүсгэж эрүүл мэнддээ хөнгөн гэмтэл авсан байна.

Уг үйлдэл нь гэр бүлээс гадуур харьцаа үүсгэсэн хохирогчийн нөхрийн зүй бус үйлдлээс шалтгаалсан, мөн шүүгдэгч гэр бүлтэй болохыг мэдсээр байж уг харилцааг таслаагүй зэргээс шалтгаалж уг гэмт хэрэг гарах нөхцөл болсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч  *******  нь нэхэмжлэхгүй зүйлгүй талаар илэрхийлсэн шүүгдэгч *******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 303.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, энэ талаарх нотлох баримтыг ирүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч *******ээс 303.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

  Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг     болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 303.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг  Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ