Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч Ж.Лхагвасүрэн  

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Лхагвасүрэнд холбогдох 2423000000013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг гуравдугаар эмнэлэгт төрсөн, 29 настай,  дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг шагж аваргын хэсэг 1303 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ажиндай овогт Жаргалсайханы Лхагвасүрэн /РД:УП95020895/

Шүүгдэгч Ж.Лхагвасүрэн нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү” зоогийн газрын 1 давхрын VIP өрөөнд С.Пүрэвдоржтой үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний толгойн хэсэгт стаканаар цохиж, баруун чамархайн дагзны ар болон толгойн оройг баруун талд шарх үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ж.Лхагвасүрэн нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 18 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “Хүннү” зоогийн газрын 1 давхрын VIP өрөөнд С.Пүрэвдоржтой үл ялих зүйлээс  маргалдаж  түүний толгойн хэсэгт стаканаар цохисон хэргийн үйл баримт нь

Ж.Лхагвасүрэнд толгойн хэсэгт цохиулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч С.Пүрэвдоржийн “... би Алтангэрэл, Лхагвасүрэн нарын хамт ...Хүннү зоогийн газарт хоол идэхээр орсон тэгээд хоол идчихээд пиво уусан.  Лхагвасүрэнд хандаж чи одоо гадуур дотуур явахаа боль, эхнэр хүүхэд дээрээ оч энэ тэр гээд ганц хоёр үг хэлсэн чинь чамд ямар хамаатай юм  гэж хэлээд хоорондоо маргалдаад барилдаж аваад би нэг удаа цохисон, хаашаа цохисноо сайн мэдэхгүй байна. ...ширээн дээр байсан шилэн станканыг аваад толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...тэгээд миний толгойноос цус гараад хамт байсан Алтангэрэл ах бид 2-ыг салгаад байтал Хүннү зоогийн газрын ажилчид орж ирсэн...”  гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн Д.Мөнхчимэгийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 34 минутын үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Хүннү Кафены 2 давхарт байх гэртээ байж байтал доод давхарт байх Кафед чимээ шуугиан гарсан. Тэгэхээр доошоо буугаад ортол манай ажилчин Пүрэвсүрэн энд зодоон болоод байна гэж хэлсэн. Тэгээд би зодоон болж буй манай Кафены Vip өрөөнд ортол нэг залуу толгой хэсэг нь цус болчихсон доошоо суучихсан манай эхнэрийг дууд гэж хэлээд нөгөө хоёр нь эмнэлэгт хүргэж өгье гэж хэлээд байсан. Тэгтэл нөгөө залуу эмнэлэг явахгүй эхнэр дууд гэж хэлээд байгаад байсан. Тэгэхээр нь би гал тогооны эмийн сангаас Бинт аваад тэр цус болчихсон залуугийн толгойг нь боож өгсөн. Толгойноос нь цус гараад байсан яг хаанаас ямар гэмтэлтэй байсныг нь би харж чадаагүй...  ...Тэгэхээр нь би та яахаараа ингэж байдаг юм одоо манай өрөөнөөс гар наад хүнээ эмнэлэгт аваачиж үзүүл гэж хэлэхэд өрөөнөөс цус гарсан залууг нөгөө хоёр сугадаад манай Кафенаас гараад явсан. Дараа нь би Кафеныхаа Vip өрөөний цус болсон зургийг утсаараа дарчхаад бушуухан цэвэрлүүлье гэж бодоод цэвэрлүүлсэн юм. Тухайн өрөөнд зодоон болоход 3 залуу л байсан. Би хоорондоо зодолдсон 2 залуугийн нэрийг нь мэдэхгүй. юунаас болж хоорондоо зодолдох болсныг нь ч мэдэхгүй. Согтуу л харагдаж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...15 цагийн үед 3 эрэгтэй хүн орж ирээд Зоогийн газрын VIP өрөөнд суугаад хоол захиалж идсэн. Дараа нь пиво авсан. Тэгээд өрөөнд нийтдээ 13 ширхэг пиво авч оройн 18 цаг 30 хүртэл суусан. Тэгтэл 18 цаг 30 минутын орчимд VIP өрөөнд чанга, чанга дуугаралдаад унахаар нь би өрөөнийх нь хаалгыг онгойлгоод орох гэтэл намайг нэг залуу нь оруулахгүй юу ч болоогүй ээ, ахын дүү гэж хэлээд байсан. Тухайн үед нэг залуугийнх нь нүүр цус болчихсон харагдаж байсан. Тэгтэл зоогийн газрын эзэн Мөнхчимэг эгч дээрээс бууж ирээд өрөөнд орсон. Тэгэхээр нь хамт орсон. Өрөөнд ороход өрөөний ширээ хулдаас, хана, сандал цус болчихсон байсан. Тэгээд ороод юу болсон талаар асуухад нэг бор цамцтай ах энэ хоёр хоорондоо ам зөрөлдөөд ийм зүйл болчихлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч С.Минжбадгарын “...би нөхрөөс яагаад юу болоод толгойгоо гэмтээсэн талаар асуухад өчигдөр Хүннү зоогийн газарт сууж байгаад Лхагвасүрэнтэй маргалдаад Лхагвасүрэн миний толгой руу стаканаар цохиод ингэчихлээ гэж хэлсэн. Юунаас болж хоорондоо маргалдсан талаар нь асуухад надад энэ талаар юм хэлээгүй учир би сайн мэдэхгүй байна. Тэгээд тэр өдрөө Гэмтлийн тасаг руу шилжүүлж 4 хоног хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны 01 дүгээр 02-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоо гэртээ толгойдоо оёотой нэг талын гар зүсэгдсэн мөн оёо хийлгэсэн шархтай ухаан санаа эрүүл биеийн байдал сайжирч байгаа. Би толгой болон гартаа яг хэдэн оёо хийлгэсэн талаар нь сайн мэдэхгүй. Манай нөхрийн биеийн толгойн хуйх хэсэг болон нэг талын гарын бугуй хэсэг орчим зүсэгдсэн оёо тавиулсан өөр биед учирсан гэмтэлгүй. Хүннү зоогийн газарт тухайн үйл явдал болох үед Ж.Лхагвасүрэн, Алтангэрэл манай нөхөр гурав байсан өөр хүн байгаагүй гэсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ц.Алтангэрэлийн “...Хүннү зоогийн газарт 16 цаг 40 минутын үед очсон... нэг давхарт байх VIP өрөөнд Лхагвасүрэн, С.Пүрэвдоржийн хамт хоол унд идээд ганц нэг пиво уугаад байж байсан. Тэгээд хамт суугаач гэхээр нь хамт суугаад би мөн ганц хоёр пиво уусан. Тэгээд сууж байтал С.Пүрэвдорж, Лхагвасүрэнд хандаж би дандаа чиний бөгсний ажлыг хумиж явдаг чи энийгээ боль гэх утгатай зүйл хэлэхэд нөгөөх нь миний энэ хувийн асуудал танд ямар хамаатай гэж хэлсэн. Тэгтэл Пүрэвдорж уурлаад босож ирээд Лхагвасүрэн мөн босож ирээд хоорондоо барилцаж аваад шалан дээр ноцолдоод байхаар нь та хоёр боль гэж хэлээд тэр хоёр ч хоёр тийшээ салсан. Тэр хоёр салсны дараа С.Пүрэвдоржийн толгойноос цус гараад нүүр рүү нь урсаад нүүр, хувцас нь цус болсон. ...Хоорондоо барилцаж авах үедээ хэн нь хэнийгээ хаашаа нь юугаар цохисныг би анзаарч харж чадаагүй...” гэсэн мэдүүлгээр болон  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, С.Пүрэвдоржийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн албан бичиг өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан  нотлох  баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Лхагвасүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч С.Пүрэвдоржийн  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 000000035 дугаартай 1. С.Пүрэвдоржийн биед: Баруун чамархай, дагзны ар болон толгойн оройн баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Тухайн гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. С.Пүрэвдоржийн биед: Баруун чамархай, дагзны ар болон толгойн оройн баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна... хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. С.Пүрэвдоржийн биед: Баруун чамархай, дагзны ар болон толгойн оройн баруун талд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Ж.Лхагвасүрэн нь хохирогч С.Пүрэвдоржийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч Ж.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогч С.Пүрэвдорж нь “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн гаргуулахаар...” заасан бөгөөд хохирогчийн эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох  2.189.250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ.

Хохирогч С.Пүрэвдорж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас  2.189.250 төгрөгийн зардал гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Лхагвасүрэнгээс 2.189.250 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ж.Лхагвасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх зардлыг цалингаасаа 4 хувааж  төлөхөө илэрхийлсэн болохыг  дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Ж.Лхагвасүрэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Ж.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч  Ж.Лхагвасүрэнд  прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчимд нийцэж байна.         

Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Лхагвасүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ажиндай овогт Жаргалсайханы Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лхагвасүрэнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/ гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лхагвасүрэн нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ж.Лхагвасүрэн нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т зааснаар хохирогч С.Пүрэвдоржийн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 2.189.250 төгрөгийн зардлыг шүүгдэгч Ж.Лхагвасүрэнгээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид байгууллагад олгосугай.

7. Шүүгдэгч Ж.Лхагвасүрэн нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА