| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/029 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Прокурор: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Шүүгдэгч: Г.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Т.Гүнжлхам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Алтанхуягт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000216 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Боржигон овогт Гандангалсангийн Алтанхуяг, /РД:ЕН70082216 /,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Г.Алтанхуяг нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 7-713 тоот хашаанд байх иргэн Г.Ундармаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн хаалганы цүүг эвдэн нэвтрэн орж BSB загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, DV3 M2 загварын зурагтны хүлээн авах 1 ширхэг, 60 литрийн багтаамжтай усны сав 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Г.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:... Яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчийн эрх, үүргийг Д.Мэндээ уншиж танилцууллаа яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мөн яллагдагчийн эрх үүрэгтэй танилцлаа, ямар нэг санал хүсэлт байхгүй, өмгөөлөгч Д.Мэндээ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцахад байлцаж, уншиж өгч байгаа юм, таньдаг тул түр зуур гуйсан юм, би амьжиргааны түвшингээ тодорхойлуулж байж улсын өмгөөлөгч авах юмаа, эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна бичиг үсэг мэдэхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 70-71/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Алтанхуяг мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
3. Хохирогч Г.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг, тухайн үед хөдөө байсан. Аймгийн төвийн гэрт миний хүүхэд болох Д.Бат-Очир амьдардаг. Миний хүү 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хөдөө гэртээ очсон. Гэрээсээ гарах үед зурагт нь байсан, хаалгаа цоожилчхоод явсан гэсэн. Манай хашаанд хүн үлдээгүй. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 14-ний орой аймгийн төв орж ирээд гэртээ орох гэтэл байшингийн хаалганы цүү эвдэрсэн, цоож нь цүүндээ зүүлттэй байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл том өрөөнд байдаг 32 инчийн зурагт, зурагтны хүлээн авах, гал тогооны өрөөнд байсан 60 литрийн багтаамжтай усны сав зэрэг байхгүй байсан. Тэгээд гэрт хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрийн дүү болох Г.Алтанхуяг гэх эрэгтэйг хардаж байна. Бид нарыг хөдөө явсныг тэр хүн мэдэж байгаа Г.Алтанхуяг нь заримдаа гадуур архи уудаг, архины мөнгө олох гэж манай зурагтыг авсан байх гэж бодож байгаа....гэх мэдүүлэг / хх-ийн 10-11/,
.... Манай байшингийн хаалгыг цоожилсон яган төмөр цоожийг хөшиж эвдээд эргүүлээд цүүнд зүүсэн байсан, цоож эвдэрсэн байсан тул хаясан, одоо байхгүй цүүг эргүүлээд хийсэн зүгээр байг, эвдрээгүй юм. Эвдэрсэн цоожийг үнэлэхгүй. Миний сэтгэцэд ямар нэг гэм хор учраагүй, ямар нэг нэхэмжлэх зүйл алга байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
4. Иргэний нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:....2023 оны 08 дугаар сарын 13-ны үеэр санагдаж байна яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, гэртээ байж байтал танил Г.Алтанхуяг утсаар залгаад ээжийн гудамжны үзүүр дээр явж байна, хүрээд ир гэхээр нь очсон. Очиход өөрийнхөө ажлын хөлсөнд авсан зурагтыг 100,000 төгрөгөөр зармаар байна, мөнгөний хэрэг гараад байна, хүний нохой идэхээр өөрийн нохой ид, та авчих гэж хэлэхээр нь 6-7-713 тоотод буюу ээжийнхэн хашааны гадаа очиж зогсоход арын цагаан байшинд ороод нэг хар өнгийн В8В маркын, эл си ди зурагт, тоон систем 2-г тэвэрч гарч ирээд өгсөн. Тэгээд би 100,000 төгрөг өгөхөд Г.Алтанхуяг зах руу яваад өгсөн юм тэгтэл 2023 оны 08 дугаар сарын 20-ны үеэр байх Г.Алтанхуяг цагдаагийн хамт манайд хүрээд ирсэн, тухайн зурагт болон тоон системийн хүлээн авч зэргийг хүнээс хулгайлсан талаар цагдаа хэлэхээр нь би цагдаад өгөөд мэдүүлэг өгсөн юм. Г.Алтанхуягийг нилээд дээр үеэс буюу 10-аад жилийн өмнөөс зүс харж танина, ямар нэг найз, нөхөд, төрөл, садангийн холбоо байхгүй. 2022 онд ээж нь надаас нүүрс авч байсан болохоор зурагт, хүлээн авагч авахаар очихдоо ээжийнхэн хашаа гэдгийг мэдэж байсан, тухайн хашаанд байгаа жижиг гэр нь ээжийнхэн гэр байгаа юм. Харин зурагт, тоон систем авч гарч ирсэн цагаан байшин нь хэнийх гэдгийг мэдэхгүй байна. Г.Алтанхуяг зурагт, тоон системийг хулгайлж авсан талаар надад ямар нэг зүйл хэлээгүй, өөрөө ажил хийж авч байсан талаар хэлж байсан юм. Зурагт нь ВSВ маркийн 32 инчийн зурагт, хар өнгийн тоон системийн хүлээн авагч байсан юм харин надад усны сав бол зараагүй юм, надад 100,000 төгрөгөө өгөөгүй байгаа юм. Надад ямар нэг гомдол алга байна, 100,000 төгрөгөө авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/,
5. Гэрч Ц.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:... 2023 оны 08 дугаар сарын 11-ний эсвэл 12-ны өдрийн аль нэг өдөр нь Алтанхуяг гэх миний нэг танил над руу өөрийн 89407039 дугаарын утсаар миний 80444439 дугаарын гар утас руу залгаад “ээжийн гудамжны үзүүр лүү явж байна, нэг зурагт авах уу” гэхээр нь би одоо очоод үзье гэж хэлээд гэрээсээ 89-51 УАН улсын дугаартай портер-2 маркийн автомашинаа унаад гарсан. Тэгээд ээжийнх нь байдаг гудамж буюу 6 дугаар багийн 7 дугаар гудамж руу орсон чинь тэр гудамжинд Алтанхуяг явж байсан. Би очоод Алтанхуягийг машиндаа суулгаад ээжийнд буюу 6 дугаар баг 7-713 тоотод очсон. Тэр үед Алтанхуяг бага зэргийн согтолттой байсан. Тэгээд бид хоёр тэр хашаанд ороод хойд талд нэг цагаан өнгийн байшинд ороод баруун гар талд нь байх өрөөнд ороод зурагтны тавиур дээр байсан В5В загварын зурагтыг Алтанхуяг заагаад нөгөө зурагт чинь энэ, би урдаас авч ирсэн, энэ байшин миний хүүгийн байшин гэж хэлсэн. Бид хоёр тэр байшинд ороход хаалга нь онгорхой байсан. Би хаалганы цоож, цуургыг эвдэрсэн эсэхийг хараагүй. Тэгээд Алтанхуяг тэр зурагтыг 100,000 төгрөгөөр зарна гэхээр нь 100,000 төгрөг бэлнээр өгөөд бид хоёр манайд очиж зурагтны ажиллагааг шалгаж үзсэн чинь ажиллагаа нь хэвийн байсан. Тэгээд Алтанхуяг манайхаас зах руу явлаа гээд гарсан. Манайх зурагттай учир надад уг зурагтыг худалдаж авах зайлшгүй шалтгаан байгаагүй. Гэхдээ Алтанхуяг над руу гар утсаар залгаад энэ зурагтыг худалдаад авчих гээд гуйгаад байсан. Тэгээд би өөрийн гэрээ засварлаж барих ажилтай байсан учраас тэр ажилд туслуулах гээд гуйлтыг нь зөвшөөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /,
6. .“Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 240 дугаартай шинжээчийн:... BSB загварын 32 инчийн зурагт 250.000 төгрөг,
DVZ Т2 загварын зурагтны хүлээн авах 40.000 төрөг,
Усны сав 10.000 төгрөг,
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар 300.000 / Гурван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...дүгнэлт /хх-ийн 35 /, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/, хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/, шинжээчийн дүгнэлт /тайлбар, мэдүүлэг/ танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 22/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын албан бичиг /хх-ийн 98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Алтанхуяг нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 7-713 тоот хашаанд байх иргэн Г.Ундармаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн хаалганы цүүг эвдэн нэвтрэн орж BSB загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, DV3 M2 загварын зурагтны хүлээн авах 1 ширхэг, 60 литрийн багтаамжтай усны сав 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь тогтоогдсон байна.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Алтанхуяг нь бусдын хүн амьдрах зориулалтын байрны хаалгыг эвдэж орж эд зүйл хулгайлсан бөгөөд бага хэмжээний хохирол буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан боловч хүн байнга амьдрах зориулалтай байранд нэвтэрч хулгайлсан нь энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт болсон нь хохирогч Г.Ундармаа, иргэний нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар, гэрч Ц.Хүрэлбаатар мэдүүлгээс гадна хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн 240 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон, түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байна.
Иймд түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч Г.Алтанхуягийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүйг илэрхийлсэн талаар улсын яллагч яллах дүгнэлтэд дурдсан тул шүүгдэгч Г.Алтанхуягийг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Г.Алтанхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэж ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Алтанхуягт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэргийн учир шүүгдэгч Г.Алтанхуяг нь 23 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Гандангалсангийн Алтанхуягийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гандангалсангийн Алтанхуягийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Алтанхуягт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Алтанхуягийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Г.Алтанхуяг нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Алтанхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Алтанхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ