Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/142

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 23030003920313 дугаартай эрүүгийн  хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефть хий хадгалалт тээвэрлэлтийн мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 3, 7-12 насны хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******, ******* *******од оршин суух хаягтай, урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:ЦД*******/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 00  минутын орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны гүүрний урд зам дээр “Toyota Akua” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч /Scooter/ скүтерээр зорчигч -ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Би тухайн өдөр хараагүйчүүдийн байрнаас гараад хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү орж байхад өөрийнхөө болгоомжгүй үйлдлээс болж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед хохирогчийг түргэн ирээд аваад явсан бөгөөд би араас нь сктүтерийг нь авч очсон. Хохирогчийн эмчилгээний төлбөрийг нөхөн төлж барагдуулсан. Эмнэлэг дээр ойр ойрхон очиж уулздаг байсан. Сүүлд утсаар холбогдоход хохирогчийн биеийн байдал нь гайгүй байна гэж хэлж байсан. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн  үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор 7-12 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эцэг, эхийн хамт амьдардаг байсан боловч эхнэр салаад явсан. Такси үйлчилгээ эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг учраас шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 23030003920313 дугаартай хэргээс

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-08 дахь тал),

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “******* нь 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал),

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2023.6.07-ны өдрийн 13:38:22 минут байна. Камерын тусгал зорчих хэсэг рүү харсан байх бөгөөд замын хөдөлгөөн бүрэн харагдаж байна. Хойноос урагш чиглэл нь түгжрэлтэй, урдаас хойш явсан чиглэл нь сийрэг хөдөлгөөнтэй, явган хүний гарц бүрэн харагдаж байв. 13:38:27 цагт цагаан өнгийн Akua маркийн автомашин зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр гарч ирэх үед /Scooter/ скүтерийн зорчигч араас нь гарч ирж байна. Бичлэгийн 13:38:28 цагт Akua маркийн автомашин баруун гар тийш эгнээ эзлэх үед /Scooter/-ын жолооч автомашины баруун хойд хэсэгт мөргөлдөн газарт шидэгдэн унаад автомашин зогсож байна.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),

4.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад -ын хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Гранд плазагийн хажууд байх ажлаасаа гараад Нарны гүүр урагшаа даваад МИС-ийн урд талд байх оффис дээр очиж гарын үсэг зуруулчхаад буцаад ажилдаа очих зорилгоор өөрийн эзэмшлийн цахилгаан /Scooter/ скүтерийг жолоодон Нарны гүүрний урдаас хойш чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 20-30 км цагийн хурдтай явж байсан. Гэтэл хоёрдугаар эгнээгээр миний хажуугаар “Akya” маркийн автомашин гүйцэж түрүүлж орж ирээд баруун гар тийш буюу над руу дараад нэгдүгээр эгнээнд орох үед нь би хараад тоормос базаад, сигналаа дарсан боловч жолооч нь намайг харалгүй над руу шахаад би машины баруун хойд хэсэг рүү нь мөргөөд газарт шидэгдэн унасан. Хойд хаалга хавьд мөргөх шиг болсон. Би ухаан алдаад нэлээн удсан бөгөөд нэг сэрэхэд зам дээр хэвтэж байсан. Жолооч хажууд зогсож байсан. Түргэн ирээд намайг аваад гэмтэл рүү явсан. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж байсан. Гэмтэлд очоод зураг авхуулахад гавал ясны хугаралтай, 2 газарт цус хуралттай гээд гэмтэлд 5 хоног хэвтсэн. Мөн дараа нь Цэргийн төв эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Одоо гэрээр эмчилгээ хийгдэж байна. Тухайн үед унаж явсан /Scooter/ скүтер нь миний өөрийнх бөгөөд 2022 онд 2.450.000 төгрөгөөр худалдан авсан. Осол гарах үед би хамгаалах малгай өмсөөгүй, хамгаалах тусгай хэрэгсэлгүй явж байсан. Би гүүр давж байсан учир машин замаар явж байсан юм. Миний /Scooter/ скүтер нь маш хүнд учир явган хүний шатаар авч явахад маш төвөгтэй учир замаар явж байсан юм. Жолооч осол гарах үед хэдүүлээ явсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

5. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн хохирогч -ын өвчний түүх (хавтаст хэргийн 21-30 дахь тал),

6. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 33-36 дахь тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Баасансүрэнгийн иргэний хариуцагчаар өгсөн: “Би 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Akua маркийн ******* дугаарын автомашин нь миний өөрийн нэр дээр байдаг миний өөрийн эзэмшлийн автомашин бөгөөд тухайн өдөр ******* өөрийнх нь машин явдаггүй учир миний автомашиныг унаж явсан. ******* бид 2 гэр бүлийн харилцаатай боловч бид гэрлэлтээ батлуулаагүй, одоогоор тусдаа амьдарч байгаа. Тухайн өдөр миний зөвшөөрлөөр машиныг унаж явж байсан. Ер нь хааяа унадаг юм. Миний автомашинд эвдэрсэн зүйлгүй бөгөөд үнэлгээ хийлгэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн заалтыг ойлголоо, ******* өөрөө хохирлоо төлнө гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

8. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7481 дугаартай “-ын биед баруун чамархай, зулай ясны хугарал, баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, субарахнойд зай шулуун синуст цус харвалт, тархи доргилт, баруун, чамархайн хуйханд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Баруун чамархай, зулай ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, субарахнойд зай, шулуун синуст цус харвалт, тархи доргилт, баруун чамархайн хуйханд цус хуралт, нуруунд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

9. “Итгэл Хөрөнгө” ХХК-ийн “Seal up q18 scooter 576.000 төгрөгөөр үнэлэгдсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

10. “Автотээврийн үндэсний төв” Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн  төвийн шинжээчийн 999849 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 57-67 дахь тал),

11. Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 821 дугаартай “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хохирогч - нь ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал),

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хараагүйчүүдийн байрнаас гараад нэгдүгээр хороолол орох зорилгоор явж байсан. Тухайн үед би манай эхнэрийн нэр дээр байдаг “Аkua” маркийн ******* дугаарын автомашиныг жолоодон ганцаараа явж байсан. Алтай хотхоны зүүн замд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр урдаас хойш чиглэлд явж байгаад явган хүний гарж өнгөрөөд автобусны буудал орох зорилгоор баруун гар тийш дохио өгөөд нэгдүгээр эгнээнд орох үед гэнэт араас түс няс хийх чимээ гарахаар нь буугаад хартал машины жолооч талд газарт хүн уначихсан байсан. Би очтол  хүн нь ухаангүй байх шиг байсан. Тэр хүн цахилгаан /Scooter/ скүтэртэй явж байсан. Түргэн ирж үзээд эмнэлэгт үзүүлээрэй гээд явсан. Би хараагүйчүүдийн байрнаас гарч ирээд хоёрдугаар эгнээгээр явж байгаад нэгдүгээр эгнээ рүү орох үед осол гарсан. /Scooter/ Скүтэр хаанаас гарч ирснийг хараагүй, миний араас явж байсан байх. Миний унаж явсан автомашин нь манай гэр бүлдээ унаж ашигладаг машин бөгөөд осолд нөлөөлөх хэмжээний эвдрэл гэмтэлгүй байсан. /Scooter/ Скүтэр толинд харагдаагүй...Осол гаргасандаа маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),   

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал) жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн  72 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий О.Баасансүрэнгийн эзэмшилтэй “Toyota Akua” маркийн ******* дугаарын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчиж, 13 цаг 38 минут 28 секунд орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны гүүрний урд зам дээр /Scooter/ скүтэртэй явж байсан  -ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт авагджээ.

Дээрх зам тээврийн ослын улмаас хохирогч -ын эрүүл мэндэд биед баруун чамархай, зулай ясны хугарал, баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, субарахнойд зай шулуун синуст цус харвалт, тархи доргилт, баруун, чамархайн хуйханд цус хуралт, нуруунд зулгарал гэмтэл бүхий хүнд хохирол учирсан нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-08 дахь тал), Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),  -ын хохирогчоор өгсөн: “...цахилгаан /Scooter/ скүтерийг жолоодон Нарны гүүрний урдаас хойш чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 20-30 км цагийн хурдтай явж байсан. Гэтэл хоёрдугаар эгнээгээр миний хажуугаар “Akya” маркийн автомашин гүйцэж түрүүлж орж ирээд баруун гар тийш буюу над руу дараад нэгдүгээр эгнээнд орох үед нь би хараад тоормос базаад, сигналаа дарсан боловч жолооч нь намайг харалгүй над руу шахаад би машины баруун хойд хэсэг рүү нь мөргөөд газарт шидэгдэн унасан. Хойд хаалга хавьд мөргөх шиг болсон. Би ухаан алдаад нэлээн удсан бөгөөд нэг сэрэхэд зам дээр хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

О.Баасансүрэнгийн иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7481 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), “Итгэл Хөрөнгө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51-52 дахь тал), “Автотээврийн үндэсний төв” шинжээчийн 999849 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 57-67 дахь тал), Мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 821 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал),

*******ын яллагдагчаар өгсөн: “...Алтай хотхоны зүүн замд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр урдаас хойш чиглэлд явж байгаад явган хүний гарж өнгөрөөд автобусны буудал орох зорилгоор баруун гар тийш дохио өгөөд нэгдүгээр эгнээнд орох үед гэнэт араас түс няс хийх чимээ гарахаар нь буугаад хартал машины жолооч талд газарт хүн уначихсан байсан. Би очтол хүн нь ухаангүй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал)  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Харин шүүгдэгч *******ын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заасан байна.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч -ын биед учирсан хүнд гэмтэл бүхий эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч - нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх “Люкс Мед” эмнэлгийн 400.000 төгрөгийн баримт, “Люкс Центр” ХХК-ийн 300.000 төгрөгийн баримт, “Ази Фарм” эмийн сангийн 107.170 төгрөгийн баримт, пос машины 48.000 төгрөгийн баримт, “Монгол Фарм” эмийн сангийн 15.600 төгрөгийн баримт, “Монос” эмийн сангийн 60.000 төгрөгийн баримт, ГССҮТөвийн 1.354.000 төгрөгийн баримт, “Нора” эмийн сангийн 56.400 төгрөгийн баримт, Цэргийн төв эмнэлгийн 74.100 төгрөгийн нийт 2.415.270 төгрөгийн  баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Мөн зам тээврийн осол гарах үед хохирогчийн унаж явсан “Seal up q18” маркийн /Scooter/ скүтэр 576.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн баримт болон хавтаст хэргийн 99, 115 дахь талд авагдсан хохирогчийн “..3.100.000 төгрөг хүлээн авлаа...гомдол саналгүй...” гэх хүсэлтийг харгалзаж  шүүгдэгч  *******ыг энэ тогтоолоор хохирогч -т  төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч - нь гомдол саналгүй гэх хүсэлтийг гаргасан байх боловч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбогдох цаашид  эмчилгээ, хохирол хор уршгийн зардал гарвал энэ талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Энэ гэмт хэрэг нь болгоомжгүй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн. Мөн миний үйлчлүүлэгч нь бага насны 2 хүүхдээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтын хүрээнд хохирлоо нөхөн төлсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг *******т анхааруулах нь зүйтэй.

Камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

   ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******т мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч - нь өөрт учирсан хохиролтой холбогдох цаашид зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ