Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 25

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,                                                      

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолтой Б.А , О.Э, Э.Ц  нарт холбогдох 201706000168 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Ц ын өмгөөлөгч М.Найдан, шүүгдэгч Б.А  түүний өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, шүүгдэгч Б.А , О.Э , Э.Ц , шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг, М.Найдан, П.Ган-Очир, Э.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

Шүүгдэгч О.Э  нь ганцаараа 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн Могод сумын ... нутгаас иргэн Л.Н ын хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн 8 завхай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 2.400.000 /хоёр сая дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Э , Б.А , Э.Ц  нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн Могод сумын ...  нутгаас иргэн С.Б ийн өвөлжөөний байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж 417.000 төгрөгийн үнэ бүхий зүйлс хулгайлсан ,

Мөн иргэн Ц.Б ын өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж 2.627.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан,

Иргэн Л.Ц ын зуслангийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетан ээмэг, бөгж, эмэгтэй бүс, эрэгтэй мөнгөн бүсийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор:

  “1. Шүүгдэгч Б овгийн О.Э г дангаараа болон Б.А , Э.Ц  нартай бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Ч овгийн Б.А , Н овгийн Э.Ц  нарыг О.Э тай бүлэглэн орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нарт эд хөрөнгө хураахгүйгээр, шүүгдэгч О.Э г 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар, Э.Ц , Б.А  нарыг тус бүрийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч О.Э гийн цагдан хоригдсон 287 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хазаар 1 ширхэг, эмэгтэй хүний ширэнбүс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгосугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Э гаас 2.400.000 / хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт оршин суух Ш  овогт Ш.Н -д, шүүгдэгч О.Э , Э.Ц , Б.А  нараас тус бүр 862.500 /найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Могод сумын 3 дугаар багт оршин суух Д овогт Ц.Б-д, 139.200 /зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн Могод сумын ... оршин суух Ш овогт С.Б-д, 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийг тус бүр гаргуулж хохирогч Булган аймгийн Могод сумын ... оршин суух Ө овогт Л.Ц -д тус тус олгосугай.
  6. Шүүгдэгч Э.Ц , Б.А  нар нь цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.А , Э.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Э , Б.А , Э.Ц  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ц ын өмгөөлөгч М.Найдан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Э.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дах хэсэгт зааснаар хохирогч Б од 862.500 төгрөг, хохирогч С.Б д 139.200 төгрөг, хохирогч Л.Ц т 54000 төгрөгийг тус бүрийнх нь дансанд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тушааж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгалаа. Шүүгдэгч Э.Ц  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн.

Иймд Э.Ц ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү…” гэжээ.

Шүүгдэгч Б.А  давж заалдах гомдолдоо: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хохирогч нарын хохирол төлбөрийг дансанд нь 2020 оны 04 дүгээр сарын 6-10-ны өдрийн хооронд шилжүүлж төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү…” гэжээ.

Шүүгдэгч Б.А ийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Б.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дах хэсэгт зааснаар хохирогч Б од 862.500 төгрөг, хохирогч С.Б д 139.000 төгрөг, хохирогч Л.Ц т 54000 төгрөгийг тус бүрийнх нь дансанд 2020 оны 04 дүгээр сарын 06-10-ны өдрийн хооронд тушааж хохиролыг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн.

Иймд Б.А д оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.А , өмгөөлөгч М.Найдан, Г.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорын шатанд буцаахаар шийдвэрлэв.

Яллагдагч О.Э  мөрдөн байцаалтын шатанд “Тэгээд энэ үйл явдал болсноос хойш 3 хоногийн дараа А  бид 2 манай гэрт байж байхад А  рүү Ц  утсаар залгаад Э  байна уу, Могод сум руу явж хулгай хийе гэж хэлсэн. Тэгээд Ц  Могод сум руу явах машин болон бензин тосоо өөрөө олоод бид 2 дээр ирсэн. Бид 3 Улаанбаатар хотоос 18 цагийн үед Могод сум руу хулгай хийхээр явсан. 22 цагийн үед очоод шууд Монгол гэртэй айл байхаар нь А  бид 2 ороод мөнгөн бүс 2 ширхэгийг, монетон юм шиг ээмэг, бөгж авсан. Тэгээд цааш яваад улбар шар дээвэртэй байшин байхаар нь бид 3 гурвуулаа ороод 1 ширхэг гаанс, хүүхдийн зүүлт, бөгж, 1 ширхэг даруулга зэрэг эд зүйл байсныг авсан. Тэгээд цаашаа яваад Б  гэх айлын амбаар руу орж мөнгөн аяга, дээл, хазаар болон бусад эд зүйлийг авсан. Хар хорин зах ороод хулгайлсан эд зүйлсээ зараад мөнгийг нь Ц  бүгдийг нь авсан... хулгай хийх санааг 3-уулаа ярилцаж байгаад явсан...” гэжээ.

Дээрх мэдүүлгээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэж шууд, буюу шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно.” гэсэн заалтуудыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд хангаж ажиллаагүй бөгөөд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчжээ.

Шүүгдэгч О.Э , Б.А , Э.Ц  нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шүүгдэгч Э.Ц ын унаж байсан **-** УНӨ улсын дугаартай HYUNDAI маркийн Sonata загварын тээврийн хэрэгсэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5

дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулна.” гэж зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэснээр “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод” шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УНӨ улсын дугаартай HYUNDAI маркийн Sonata загварын тээврийн хэрэгсэл хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх заалтаар “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар хууль тогтоогч үүрэг болгосон байхад тээврийн хэрэгслийг буюу түүний үнийг шүүгдэгч нараас албадан гаргуулж, машины үнийн дүнг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Ц ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэж, ашиглаж байсан **-** УНӨ улсын дугаатай HYUNDAI маркийн Sonata загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчийг тогтоож, хураан авч Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж, яллах дүгнэлт үйлдэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасан тул хууль хэрэглээтэй холбоотой гаргасан шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,

39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.А , өмгөөлөгч М.Найдан, Г.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Б.А , О.Э , Э.Ц  нарт өмнө авсан цагдан хорихтаслан сэргийлэх арга хэмжээг прокурорын шатанд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ё.БЯМБАЦЭРЭН

                                         ШҮҮГЧИД                                         М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                   Д.МӨНХӨӨ