| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0502/3 |
| Дугаар | 221/МА2026/0683 |
| Огноо | 2026-09-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0683
Д.Үтгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч З.Об түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гц
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Үт
Хариуцагч: Нийслэлийн Дотоод аудитын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Д.Үтгийн Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хянал шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2021 оны 02 дугаар 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 674 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Үт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0502/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 674 дүгээр шийдвэрээр:
“...Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Үтгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Үтгийн Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон эрх зүйн харилцаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлж шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч З.Об, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гц шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3 3, 121.3.4, 121.3.5-д заасан үндэслэлүүдийг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0674 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө γγ.
Учир нь анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой үйл баримт, нотлох баримтыг бүрэн тогтоож, цуглуулаагүй; өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын эрх зүйн үр дагаврыг бүрэн үнэлээгүй; нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд ажиллаж байсан эрх зүйн статусыг бүрэн тогтоолгүй материаллаг хуулийн баталгааг хэрэглэсэн; мөн шүүхийн шийдвэрийн үр дагавраар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх Ч.Гбыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна. Эдгээр зөрчил нь хоорондоо уялдаатай бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвхөн хууль хэрэглээг засах байдлаар нөхөн гүйцээх боломжгүй.
2.1.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх Ч.Гбыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь шийдвэрт нөлөөлсөн процессын ноцтой зөрчил:
Маргаан бүхий Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд Ч.Гб 2021 оны Б/04 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байсан бөгөөд өмнөх шүүхийн шийдвэрүүдийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс уг албан тушаалаас чөлөөлөгдсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан байна. Одоогийн маргаанаар Д.Үтг дээрх албан тушаалтай холбоотойгоор эгүүлэн тогтоох, түүний эрх зүйн байдлыг сэргээх үр дагавар яригдаж байгаа нь Ч.Гбын томилгоо, чөлөөлөлт, тухайн албан тушаалын орон тоо болон түүнтэй холбоотой эрх зүйн үр дагаварт шууд хамааралтай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 22.1-д зааснаар маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой. Гэтэл Ч.Гбыг оролцуулаагүйгээс түүнд тайлбар, татгалзал гаргах, өөрийн томилгоо болон сонгон шалгаруулалттай холбоотой нотлох баримт гаргах, бусад оролцогчийн баримттай танилцах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх бодит боломж олгогдоогүй.
Энэ нь зөвхөн оролцогчийн бүрэлдэхүүний техникийн алдаа биш бөгөөд Ч.Гбын тайлбар, баримтыг авч хэлэлцэхгүйгээр тухайн албан тушаалын эрх зүйн түүх, сул орон тоо байсан эсэх, хэний эрх ямар үндэслэлээр үүссэн болон дуусгавар болсон зэрэг маргааны суурь үйл баримтыг бүрэн тогтоох боломжгүй. Иймд уг зөрчил нь хуулийн 121.3.3-т заасан, шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн бөгөөд давж заалдах шатанд анх удаа гуравдагч этгээд оролцуулан бүх эрхийг нь эдлүүлэх замаар нөхөн гүйцээх нь анхан шатны ажиллагааг орлох үр дагавартай.
2.2.Шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр заасан. Гэтэл энэ хэрэгт нэхэмжлэгчийн эрх зүйн статус болон маргаан бүхий албан тушаалын эрх зүйн байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай баримтуудыг харилцан уялдаатайгаар бүрдүүлж, үнэлээгүй.
Тухайлбал, Д.Үтг анх ямар эрх зүйн үндэслэлээр, ямар хугацаагаар, сул орон тоонд эсхүл түр орлон гүйцэтгүүлэх байдлаар томилсон эсэх; тухайн үед уг албан тушаалд тавигдах тусгай шаардлага, сонгон шалгаруулалтын нөхцөл; Ч.Гбын сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлэлт, томилгоо; 2021-2025 онд уг орон тооны эрх зүйн байдал хэрхэн өөрчлөгдсөн; Төрийн албаны зөвлөлийн холбогдох шийдвэр, дүгнэлтүүд ямар агуулга, үр дагавартай байсан зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөв шийдвэрлэхэд шууд ач холбогдолтой.
Тухайлбал нэхэмжлэгч Д.Үтгийн хувьд Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн Б/08 тушаалаар эрүүл мэндийн байдлаар Санхүүгийн аудитын хэлтсийн Ахлах аудиторын албан тушаалаас чөлөөлж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн. Шаардлага хангасан ямарч албан тушаалд өрсөлдөх эрхтэй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн албан хаагч юм. Энэ эс үйлдэхүйн байдалд манай байгууллага Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0674 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн дэс 13-т иргэн Д.Үтгийн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Үтгийн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах, эс ажиллах үйлдэхүйгээс манай байгууллага үл хамаарна гэж үзэж байгаа. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2029 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам" /Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам нь ТАЗ-ын 2024 оны 498 дугаар тогтоолоор батлагдсан журам/-ын 2.1.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд хамаарч байгаа юм. Энэ тухай хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01/814 тоот албан бичгээр нотлогддог.
Эдгээрийг бүрэн тогтоолгүйгээр зөвхөн зарим тушаал, өмнөх шийдвэрийн хэсэгчилсэн агуулгад тулгуурлан дүгнэлт хийсэн бол хуулийн 121.3.4-т заасан шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлд хамаарна. Дээрх баримтуудыг шинээр цуглуулж, оролцогчдод танилцуулан, шүүх хуралдаанаар мэтгэлцүүлэх шаардлагатай тул давж заалдах шатанд шууд эцэслэн шийдвэрлэхээс илүү анхан шатанд буцаах шаардлагатай.
2.3.Д.Үтгийн эрх зүйн статусыг бүрэн тогтоолгүй Төрийн албаны тухай хуулийн 62.1.1 дэх баталгааг хэрэглэсэн.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 62.1.1-д заасан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгааг хэрэглэсэн. Гэвч уг зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа тул түүнийг хэрэглэхийн өмнө Д.Үт тухайн үед төрийн жинхэнэ албан хаагчийн ямар статустай байсан, албан тушаалд ямар журмаар, ямар хугацаагаар томилогдсон, түр орлон гүйцэтгэгч байсан эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай. Хэрэв нэхэмжлэгч нь төрийн албаны нөөцөөс тодорхой хугацаагаар буюу түр орлон гүйцэтгүүлэх шинжтэйгээр томилогдсон бол түүний эрх зүйн харилцааны үүсэх, үргэлжлэх, дуусгавар болох нөхцөл нь байнгын томилгоотой төрийн жинхэнэ албан хаагчийнхаас ялгаатай. Ийм суурь нөхцөлийг тогтоолгүйгээр 62.1.1 дэх баталгааг шууд хэрэглэсэн нь хэрэглэгдэх хуулийн хүрээг урьдчилан тодорхойлсон дүгнэлт болжээ.
Иймээс нэхэмжлэгчийн статусыг нотлох баримтаар бүрэн тогтоосны дараа аль материаллаг хэм хэмжээ хэрэглэхийг шийдэх ёстой бөгөөд энэ ажиллагаа хийгдээгүй нөхцөлд хуулийн 121.3.5-д заасан хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар шийдвэрийг зөвхөн өөрчлөх байдлаар залруулах боломжгүй үндэслэл үүссэн гэж үзнэ.
2.4.Өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, тэдгээрийн эрх зүйн үр дагаврыг бүрэн үнэлээгүй хэрэгт Д.Үттай холбоотой олон шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд авагдсан. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 622 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаар тогтоол болон бусад шийдвэрээр тодорхой үйл баримт, эрх зүйн үр дагавар тогтоогдсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан. Иймд анхан шатны шүүх өмнөх шийдвэр тус бүрээр яг ямар үйл баримт нэгэнт тогтоогдсон, тэдгээр нь одоогийн нэхэмжлэлийн шаардлага болон эрх зүйн харилцаанд ямар үр дагавартай, өмнөх шийдвэрээс хойш ямар шинэ хууль зүйн факт үүссэнээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлах шаардлагатай байсан. Гэтэл 2021-2025 оны харилцааг үргэлжилсэн шинжтэй гэж дүгнэхдээ өмнөх хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримтаас хойш эрх зүйн байдлыг өөрчилсөн яг ямар шинэ факт үүссэнийг тусгайлан тогтоож, нотлох баримтаар холбон тайлбарлаагүй. Энэ нь өмнөх шийдвэрүүдийг зүгээр дурдсан эсэх асуудал бус, харин одоогийн маргааны суурь үйл баримтын хил хязгаарыг буруу тогтоох эрсдэлтэй процессын дутагдал юм.
2.5.2021-2025 онд эрх зүйн харилцаа тасралтгүй үргэлжилсэн гэх дүгнэлтийн суурь фактыг бүрэн тогтоогоогүй
Одоогийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой асуудал нь нэхэмжлэгчийн өмнөх албан тушаалын харилцаа ямар үед, ямар эрх зүйн үр дагавартайгаар дуусгавар болсон, түүнээс хойш ямар шинэ акт, үйл явдал, шүүхийн шийдвэрийн улмаас уг харилцаа дахин сэргэсэн эсхүл үргэлжилсэн гэж үзэх боломжтой болсон эсэх юм. Өмнөх хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгох болон түүнтэй холбоотой шаардлагууд шийдвэрлэгдсэн нөхцөлд дараагийн хугацаанд нэхэмжлэгчийн эрхийг дахин үүсгэсэн эсхүл өмнөх эрх зүйн харилцааг үргэлжлүүлсэн шинэ хууль зүйн фактыг тодорхойлохгүйгээр бүх хугацааг нэг тасралтгүй харилцаа мэт үзэх боломжгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд 2021-2025 оны тушаал, сонгон шалгаруулалт, томилгоо, чөлөөлөлт болон өмнөх шүүхийн шийдвэрүүдийн биелэлтийг он цагийн дарааллаар бүрэн тогтоох шаардлагатай.
2.6.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримт үйл баримт хэрэглэсэн хуулийн хэм хэмжээний холбоог хангалттай тайлбарлаагүй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.4-т шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үнэлгээ, захиргааны актын хууль зүйн үндэслэл, шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, түүнийг хэргийн үйл баримтад хэрхэн тайлбарлан хэрэглэснийг тусгахыг шаарддаг. Энэ хэрэгт олон удаагийн томилгоо, чөлөөлөлт, сонгон шалгаруулалт болон өмнөх шүүхийн шийдвэрүүд огтлолцож байгаа тул зөвхөн баримтыг жагсаах бус, аль баримтаар ямар үйл баримт тогтоосон, тэр үйл баримтад ямар хуулийн хэм хэмжээ хамаарч байгаа, өмнөх шүүхийн шийдвэрийн үр дагавар одоогийн маргаанд яагаад саад болохгүй эсхүл яагаад өөрөөр үнэлэгдэх болсон талаар дараалсан үндэслэл шаардлагатай. Ийм холбоос хангалтгүй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нөлөөлсөн.
2.7.Нэхэмжлэлийн шаардлагын хүрээ болон шүүхийн шийдвэрлэсэн асуудлын хил хязгаарыг дахин нягтлах шаардлагатай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шийдвэр гаргахгүй байхаар заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын угчлэл, түүний үндэслэл болсон захиргааны акт, эс үйлдэхүй, шаардаж буй эрх зүйн үр дагаврыг шийдвэрийн тогтоох хэсэгтэй нэг бүрчлэн тулган шалгах шаардлагатай. Хэрэв анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарахгүй өмнөх томилгоо, чөлөөлөлтийн эрх зүйн үр дагаврыг шинээр тогтоосон, эсхүл оролцогчдын мэтгэлцээгүй асуудлаар шийдвэрийн үр дагавар бий болгосон нь хэргийн материалаар тогтоогдвол энэ нь 121.3.3-т хамаарах нэмэлт процессын үндэслэл болно. Иймд дахин хэлэлцэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шийдвэрлэх асуудлын хүрээг тодорхой болгож, оролцогчдод бүрэн мэтгэлцэх боломж олгох шаардлагатай.
2.8.Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатанд нөхөн гүйцээх боломжгүй тухай
Дээр дурдсан зөрчлүүд нь тус тусдаа зөвхөн хууль хэрэглээний техникийн алдаа биш. Ч.Гбыг хэрэгт оролцуулах, түүнд хэргийн материалтай танилцах болон тайлбар, нотлох баримт гаргах бүрэн боломж олгох; Д.Үт болон Ч.Гбын томилгоо, сонгон шалгаруулалт, чөлөөлөлтийн эх баримтыг бүрдүүлэх; тухайн албан тушаалын орон тооны эрх зүйн байдлыг 2021-2025 оны хугацаанд он цагийн дарааллаар тогтоох, өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бүрээр тогтоогдсон үйл баримтыг ялган тодорхойлох; шинээр бүрдүүлсэн баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж талуудыг мэтгэлцүүлэх зэрэг ажиллагааг бүхэлд нь хийх шаардлагатай.
Давж заалдах шатны шүүх эдгээр ажиллагааг анх удаа өөрөө хийж, шинээр бүрдсэн нотлох баримт болон шинээр оролцсон гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь талуудын анхан шатны журмаар мэтгэлцэх, нотлох баримтаа бүрэн гаргах, тухайн баримтын үнэлгээг анхан шатны шүүхээр хийлгэх процессын боломжийг алдагдуулах эрсдэлтэй. Иймээс илэрсэн зөрчлийг давж заалдах шатанд шийдвэрийг өөрчлөх замаар бүрэн залруулах боломжгүй бөгөөд хуулийн 121.3.3-121.3.5-д заасан буцаах үндэслэлүүд харилцан уялдаатайгаар бүрдсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.5-д заасныг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0674 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэв. Үүнд:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэл, хариуцагчийн тайлбарын тухайд:
1.1.Нэхэмжлэгч Д.Үтгаас “Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Дотоод аудитын газарт холбогдуулан гаргажээ.
1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “намайг албан тушаалаас чөлөөлсөн болон миний оронд өөр этгээдийг томилсон тушаалууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон, харин намайг анх томилсон 2020 оны Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй тул уг тушаалын үйлчлэл сонгон шалгаруулалт явагдаж, шинэ албан тушаалтан томилогдох хүртэл үргэлжилсэн. Хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээр хохирсон” гэж тайлбарласан.
1.3.Харин хариуцагч “нэхэмжлэлийг эс зөвшөөрч, өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоогоогүй, түүний тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох боломжтойг заасан, уг шийдвэрүүдийг хэрэгжүүлж сонгон шалгаруулалт зохион байгуулах захиалгыг хүргүүлсэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, даатгалын шимтгэлтэй холбоотой шаардлагыг шүүхээр нэгэнт хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэж маргажээ.
Хоёр. Өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн эрх зүйн үр дагавар, нэхэмжлэгчийн албан тушаалын эрх зүйн байдлын тухайд:
2.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Үтг төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор тухайн албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулж, албан хаагч томилох хүртэл хугацаанд Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар түр томилжээ.
2.2.Улмаар хариуцагчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгчийг уг албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрийн Б/04 дүгээр тушаалаар Ч.Гбыг томилсон бөгөөд эдгээр тушаалтай холбоотой маргааныг шүүхүүд өмнө нь хянан шийдвэрлэсэн байна.
2.3.Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2022/0047 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг чөлөөлсөн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээжээ.
2.3.Уг магадлалд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй байхад хариуцагч сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр өөр этгээдийг шууд томилсонтой холбогдуулан түүнийг чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5-д заасан төрийн алба хаах адил тэгш боломж, чадахуйн зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн байна.
2.4.Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0414 дүгээр шийдвэр, түүнийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2024/0499 дүгээр магадлалаар Ч.Гбыг томилсон Б/04 дүгээр тушаалыг[2] хүчингүй болгож, тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, холбогдох захиалгыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэхийг даалгажээ.
2.5.Эдгээр шийдвэрийн дагуу хариуцагч захиргаанаас сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлж[3], 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан, сонгон шалгаруулалтад Д.Үт, Ч.Гб нарын 4 иргэн оролцсоноос Б.Загдсүрэн хамгийн өндөр оноог авч, Нийслэлийн дотоод аудитын албаны даргын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар[4] тус албан тушаалд томилогджээ.
2.6.Мөн Үтгаас Нийслэлийн дотоод аудитын албанд холбогдуулан “...ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 107,374,274 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/16160 дугаартай шийдвэрээр “...нэхэмжлэгч Д.Үтг урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан.
2.7.Дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, сонгогдох боломжоор хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэгчийг чөлөөлсөн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон, мөн хариуцагчийн маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахгүй байгаатай холбоотой хууль бус эс үйлдэхүйг тогтоосон байна. Харин нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоож, эсхүл 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд түүний албан тушаалын эрх зүйн харилцаа тасралтгүй үргэлжилсэн болохыг тогтоосон шийдвэрүүд гараагүй байна.
Иймд нэхэмжлэгчийг чөлөөлсөн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосныг түүнийг түр томилсон Б/08 дугаар тушаалын үйлчлэл сэргэсэн, улмаар нэхэмжлэгч тухайн албан тушаалыг тасралтгүй эрхэлж байсан гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна.
Гурав. Маргаан бүхий албан тушаалын эрх зүйн харилцаа үргэлжилсэн эсэх нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:
3.1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилохоор, 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн захиргааны албан тушаалд чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилохоор тус тус зохицуулжээ.
3.2.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох эрх нь зөвхөн тухайн албан тушаалд өмнө ажиллаж байсан, эсхүл томилсон тушаал гарч байсан нөхцөлөөр бус, хуульд заасан шаардлага, сонгон шалгаруулалтын үр дүн, эрх бүхий этгээдийн томилох шийдвэрээр тодорхойлогдоно.
3.3.Нэхэмжлэгчийг 2020 оны Б/08 дугаар тушаалаар томилохдоо тусгай шалгалт зохион байгуулж, маргаан бүхий албан тушаалд хуульд заасан шаардлагыг хангасан этгээд томилогдох хүртэл гэсэн хоёр тусгай нөхцөлтэйгөөр түр томилсон байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд анх томилохдоо байнга ажиллуулахаар томилоогүй, харин төрийн албаны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор тодорхой нөхцөлтэйгөөр түр томилсон байжээ.
3.4.Харин нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн 2022 оны 221/МА2022/0047 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаагүй, харин сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нь нээн өгсөн бөгөөд мөн 2024 оны 414 дүгээр анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 499 дүгээр магадлалаар тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхийг хариуцагчид даалгасан байна.
3.5.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөхгүй байх баталгаа нь албан хаагчийг хууль бус шийдвэрээс хамгаалах агуулгатай, харин тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон, түр томилогдсон албан тушаалтны үргэлжлэн ажиллах нөхцөл, болзлыг тодорхой тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй.
3.6.Иймд анхан шатны шүүх “нэхэмжлэгчийг чөлөөлсөн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосноор түүнийг томилсон Б/08 дугаар тушаалын үйлчлэл сэргэсэн” гэж дүгнэн, үүнээс албан тушаалын эрх зүйн харилцаа 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилсэн гэж үзсэн нь өмнөх шүүхийн шийдвэрүүдийн эрх зүйн үр дагаврыг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
3.7.Нөгөө талаар хариуцагч захиргааны байгууллага өмнөх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Гбыг томилсон Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, сул орон тооны захиалгыг холбогдох байгууллагад хүргүүлсэн, улмаар 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сонгон шалгаруулалт зарлагдаж, түүнд нэхэмжлэгч өөрөө оролцсон боловч хамгийн өндөр оноо авсан өөр иргэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр уг албан тушаалд томилогдсон байна.
3.8.Энэ нь өмнөх шүүхийн шийдвэрүүдээр хамгаалагдсан нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрх бодитоор хэрэгжсэн болохыг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцсон боловч шалгараагүй нь түүний 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн албан тушаалд томилогдон ажилласан эрх зүйн харилцаа үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Дөрөв. Дүгнэлт
4.1.Нэхэмжлэгчийн “маргаан бүхий албан тушаалын чиг үүргийг бодитоор хэрэгжүүлээгүй боловч түүнийг чөлөөлсөн тушаал шүүхээр хүчингүй болсон тул түр томилгооноос үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хууль зүйн хувьд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
4.2.Учир нь нэхэмжлэгчийг 2020 оны Б/08 дугаар тушаалаар төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор, тусгай шалгалт зохион байгуулж албан хаагч томилох хүртэл хугацаанд түр томилсон бөгөөд уг тушаал нь нэхэмжлэгчид тухайн албан тушаалыг байнгын байдлаар эрхлэх эрхийг олгоогүй байна.
4.3.Түүнчлэн 2022 оны 221/МА2022/0047 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг чөлөөлсөн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо түүнийг маргаан бүхий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж үзээгүй, харин сонгон шалгаруулалтад оролцож, бусад албан хаагчтай чадахуйн зарчмаар өрсөлдөх эрх нь зөрчигдсөн гэж дүгнэсэн. Улмаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу холбогдох албан хаагчдын мэргэшил, мэдлэг, ур чадвар, ажлын үр дүн, туршлагыг харьцуулан үнэлж, шаардлагыг илүү хангасан этгээдийг томилох ёстойг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
4.4.Иймд Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь Б/08 дугаар тушаалаар тогтоосон түр томилгооны нөхцөлийг өөрчлөх, нэхэмжлэгчид тухайн албан тушаалыг сонгон шалгаруулалтгүйгээр үргэлжлүүлэн эрхлэх эрхийг шинээр бий болгох үр дагавар үүсгээгүй. Өөрөөр хэлбэл, 2022 оны 221/МА2022/0047 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хамгаалж гарсан нөхцөл байдлыг тухайн албан тушаалд байнга ажилласан хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэн тогтоосон нөхцөл байдалтай адилтгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалтай холбоотой хөдөлмөрийн харилцаа нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилсэн болохыг тогтоох үндэслэлгүй байна.
4.5.Тодруулбал, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тодорхойлогдох албан тушаал эрхлэх боломжийг сонгон шалгаруулалтгүйгээр тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах баталгааг хэрэгжүүлэх эрхтэй адилтгах боломжгүй юм.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Үтгаас Нийслэлийн Дотоод аудитын газарт холбогдуулан гаргасан Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон эрх зүйн харилцаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилсэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Үтгаас Нийслэлийн Дотоод аудитын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Об, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гц нараас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ