Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 268

 

Л.Га-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Л.Га-, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар магадлалтай 1708014240347 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Га-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос нэхмэлийн технологич мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Л.Га- нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны 1600 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖМЖ” худалдааны төвд иргэн Д.Ө-ыг “гутлын мөнгө нэхлээ” гэж маргалдан түүний нүүр ам, цээж рүү нь хогийн шүүрээр цохиж зодон, хүзүүг нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Га-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Л.Га-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Га- гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаагүй. Д.Ө-ы надад зодуулж хөнгөн зэргийн гэмтэл учирсан асуудлыг шалгахдаа Д.Ө-, Л.Га- бид хоёрыг нүүрэлдүүлэн байцааж мэдүүлэг аваагүй, байгууллагын хяналтын камерыг шүүж хэрэг учрал болсон өдөр Л.Га-, хохирогч Д.Ө-ыг зодож биед нь гэмтэл учруулсан үйлдэл хийсэн үйл явцыг тогтоогоогүй. Зодоон болсон гэх үйл явдлыг гэрч Х.Су-гаас өөр олон гэрч харсан. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авч хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бодит байдалд тулгуурлан гараагүй байхад хуульд заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгэх ажиллагаа явуулаагүй хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр үнэлж дүгнэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Тухайлбал шүүхээс хохирогч Д.Ө-д шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Хохирогч энэ талаараа давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Нөгөө талаар шүүгдэгч Л.Га- нь өөрийн гэм бурууг огт хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл Л.Га-ийн өмгөөлөгч Ж.Гантулга нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа торгуулийн ял оногдуулсан нь хүнд байна, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөөч гэж хүссэн байдаг. Хэдийгээр өмгөөлөгчийн давж заалдсан гомдолтой Л.Га- танилцаж гарын үсэг зурсан байдаг боловч өмгөөлөгч гомдлынхоо талаар огт ойлгуулаагүй болох нь тодорхой харагдаж байна. Тухайн гомдлоор нь давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Га- нь хохирогч Д.Ө-тай “гутлын мөнгө нэхлээ” гэж маргалдахдаа эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Л.Га-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг болгон тогтоож хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Л.Га-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм бурууг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Га-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Га-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                  ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН