Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2021/00145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 25-06 тоотод оршин суух, ЖЛ85111904 регистрийн дугаартай, Моотгоно харгана овогт Доржпаламын Алтанчимэгийн,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 1-5 тоотод оршин суух, ЖЛ82102710 регистрийн дугаартай, Харгана овогт Мандахын Сүх-Очирт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 сарын 21-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Д.Алтанчимэг, хариуцагч М.Сүх-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр М.Сүх-Очиртой 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид гэр бүл болоод гурван хүүхэдтэй болсон бөгөөд 2008 оны 3 сарын 20-ны өдөр хүү С.Бат-Эрдэнэ, 2013 оны 4 сарын 27-ны өдөр хүү С.Батсүх, 2015 оны 11 сарын 09-ний өдөр хүү С.Бат-Од нар мэндэлсэн. Том охин С.Саранчимэг бол би Сүх-Очиртой гэр бүл болохдоо миний дагуулж ирсэн хүүхэд ба Сүх-Очирын нэрээр овоглодог. Бид хоёрын амьдралд Сүх-Очирын дүү болон ар гэрийнхэн нь орж ирж бидний амьдралыг ер нь бусниулсан. Дандаа худал хэлж гэр бүл үймүүлдэг. М.Сүх-Очир хилийн цаана ажилладаг, би хүүхдүүдтэйгээ гэртээ байдаг байсан. Гэтэл гэрээр орж ирсэн хүн болгонтой унтсан болгож М.Сүх-Очирт ярьдаг байсан. М.Сүх-Очир аймагт ажиллаж байх үедээ орой болгон согтуу ирдэг. Шөнө нь намайг хүүхдүүдийнхээ хажууд зоддог байсан. Хэзээ унтах бол гэж хүлээж байгаад гэртээ ордог байсан. 2020 онд би арга ядаад гэрээсээ яваад найзынхаа гэрт очсон. Гэтэл намайг буудалд биеэ үнэлж байна гэж загнасан. Би аргагүй эрхэнд гэрлэлтээ цуцлуулах саналыг гаргаж байна. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эцэг, эх дээрээ байж байгаад гэнэт газар унаж бөгсөн бие мэдээгүй болсон. Ингээд Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Гэтэл намайг буудлын гадаа хоёр залууд зодуулсан гэсэн үү гэж асуусан. Уул нь Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсаныг М.Сүх-Очир мэдэж байсан. Гэтэл хотод байхад багийн Засаг дарга маань над руу яриад хадмууд чинь хүүхдүүдийг чинь асрамжийн газарт өгөх талаар хөөцөлдөөд явж байна гэсэн. Тэгэхэд нь би учраа хэлж тэгж болохгүй шүү гэдэг байдлаар хэлсэн. Сая М.Сүх-Очир нь морьноос унаад эмнэлэгт ухаангүй байна гэхээр нь би очсон. Гэтэл дүү нар нь янхан, гичий, шоучин авгай гэж эмнэлгээр дүүрэн орилсон. Надад үнэхээр хэцүү байна. Одоо би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Одоогоор бид хоёр гэр бүлийн баталгаагаа салгаагүй ч гэсэн 2020 оны 11 сараас хойш тус тусдаа амьдарч байна. Учир нь М.Сүх-Очир өөр эмэгтэйтэй гэр бүл болсон бөгөөд эхлээд салахдаа тусдаа гэр бүлтэй болсон хоёр хүүхдээ аваад явна гээд аваад явсан боловч одоо миний хүүхдүүд бүгд надтэй хамт амьдарч байна. Нэгэнт нөхөр маань өөр эмэгтэйг сонгоод эхнэр хүүхдүүдээ хаяад явсан учраас бид эргэн нийлэх боломжгүй. Хүүхдүүд минь аавтайгаа байхгүй бүгд надтай хамт баймаар байна гэсэн. Миний бие муудах үед би хүүхдүүдээ ахындаа түр орхиж явдаг. М.Сүх-Очир бол хүүхдүүддээ дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Бид өөрийн гэсэн гэртэй байсан боловч энэ гэртээ М.Сүх-Очир нөгөө эмэгтэйгээ авчраад амьдарч байгаа гэсэн. Тиймээс би гэр орон, эд хөрөнгийн маргаан гаргаж булаацалдахгүй.

Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, бага насны хүүхдүүд болох С.Батсүх, С.Бат-Од, С.Бат-Эрдэнэ, С.Саранчимэг нарыг миний асрамжинд үлдээж, хүү С.Батсүх, С.Бат-Од, С.Бат-Эрдэнэ нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Охин С.Саранчимэгт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

Хариуцагч М.Сүх-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2006 онд гэр бүл болсон. 15 жилийн хугацаа өнгөрсөн байна. Сүүлийн хэдэн жил асуудал их үүсэх болсон. Надаас болсон байх гэж бодож байна. Би амьдралаа босгох гээд 2017 онд цалингийн зээл авсан. Ингээд зээлэээ төлөхийн тулд Хятад улс руу гарч ажил хийсэн. Ажил хийх гэж явсан биш сүүлдээ салах дээрээ тулж байна. Түүнээс биш би хүнтэй суугаагүй, өөр хүнтэй болсон асуудал бол байхгүй. Үүнийг олон хүн мэдэж байгаа. Харин Д.Алтанчимэг өөрөө л гэр орондоо тогтохгүй болж, хүнтэй чатаар харьцаж л гэртээ тогтохоо больсон. Би тогтсон ажил төрөл эрхэлдэггүй, энд тэнд ажил гарвал хаашаа ч хамаагүй ажиллахаар явдаг. Эхнэр өөрөө хүүхдүүдээ хаяж Улаанбаатар хот руу ажил хийхээр явлаа гээд алга болоод явж явж ирж л байсан. Одоо надад хэлээд байх зүйл алга. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзахгүй, хүүхдүүд минь ээж дээрээ байсан нь арай дээр байх гэж бодож байна. Би цалингийн зээлээ төлж чадахаа больсон учраас шүүхэд дуудагдаж сүүлдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжин ажиллагаа хийгдэж байгаа гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь хариуцагч М.Сүх-Очирт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, дөрвөн хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2006 онд танилцан, 2006 оны 06 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2008 оны 03 сарын 20-ны өдөр хүү С.Бат-Эрдэнэ, 2013 оны 04 сарын 27-ны өдөр хүү С.Батсүх, 2015 оны 11 сарын 09-ний өдөр хүү С.Бат-Од нар нь тус тус төрсөн, нэхэмжлэгч Д.Алтанчимэгийн 2005 оны 01 сарын 13-ны өдөр төрсөн охин Саранчимэгийг хариуцагч М.Сүх-Очир өөрийн нэрээр овоглосон үйл баримтууд нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, бие биенээ үл хүндэтгэх, гэрийн дотор байнга хэрүүл маргаан үүсгэх, нөхөр нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, эхнэрээ бусадтай хардах, хэл амаар байнга доромжлох зэргээр сэтгэл санаа, бие махбодид нь хүчирхийлэл үзүүлдэгээс гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болж тэдний харьцаа таарамжгүй болсон байдал нь бага насны болон өсвөр насны хүүхдүүдийнх нь хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгож болзошгүй байхаас гадна шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан явуулсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгыг хэн алин нь гаргаагүй зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, хүүхдүүдийн асрамжийн талаар хэн алин нь маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин С.Саранчимэг, хүү С.Бат-Эрдэнэ, С.Батсүх, С.Бат-Од нарыг эх Д.Саранчимэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан хүү С.Бат-Эрдэнэ, С.Батсүх, С.Бат-Од нарыг насанд хүртэл нь эцэг М.Сүх-Очироор сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байх ба нэхэмжлэгч нь охин С.Саранчимэгт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба хариуцагч М.Сүх-Очироос улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрт 70 200 төгрөг буюу 140 400 төгрөг, гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад 95 705 /хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох/ төгрөг, нийт 236 105 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 тус тус заасныг баримтлан Харгана овогт Мандахын Сүх-Очир /РД:ЖЛ82102710/, Моотгоно харгана овогт Доржпаламын Алтанчимэг /РД:ЖЛ85111904/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 зааснаар охин С.Саранчимэг, хүү С.Бат-Эрдэнэ, С.Батсүх, С.Бат-Од нарыг эх Д.Алтанчимэгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 08 настай хүү С.Батсүх, 06 настай хүү С.Бат-Од нарыг 11 насанд хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод

түвшингийн 50 хувиар, хүү С.Батсүх, С.Бат-Од, 13 настай хүү Б.Бат-Эрдэнэ нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Сүх-Очироор сар тутам тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг, нэхэмжлэгч нь охин С.Саранчимэгт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Алтанчимэг нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч М.Сүх-Очироос улсын тэмдэгтийн хураамжид 236 105 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн газрын иргэний бүртгэлийн байгууллага болох Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН