| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 188/2024/0144/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/208 |
| Огноо | 2024-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308016901198 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр ****** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, “*****” ХХК-д нүүрс тээвэрлэх ажилтай, ам бүл *, ******* хамт, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ******* гудамж, ** дугаар байр, ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ***** аймагт, ****** тоотод оршин суугаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Л овогт Г-ийн Г /РД:********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Тольт сургуулийн орчимд “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч С.Б-ын нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд зүсэгдсэн шарх, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 867 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой, бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хэргийн үйл баримтын талаар:
- Шүүгдэгч Г.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед стресстсэн учраас ийм зүйл хийсэн нь миний буруу. Гэхдээ би гэмгүй хүнийг цохиогүй, тухайн хүн жил гаруй хугацаанд надаас зугтаасан. Би өмнө нь ямар нэгэн байдлаар ял авч байгаагүй, ял шийтгэл авах гэж байгаадаа харамсалтай байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
- Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цаг өнгөрч байхад би өөрийн охин болох А-ийг Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тольт сургуульд хүргэж өгөөд өөрийн эзэмшлийн **-** УБ* улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиндаа суугаад хөдлөх гэтэл миний машины урд талд зүс таних Ж ирж зогсоод өөрийн найз болох Г-ийг дуудна гэж хэлээд гар утсаараа Ганбилэгтэй яриад зогсоод байсан болохоор нь машиндаа Г-ийг хүлээгээд байж байтал Г нь 20 орчим минутын дараа хүрч ирээд намайг машинаасаа буугаад ир гэхээр нь буутал “машины чинь түлхүүр хаана байна” гэхээр нь би “энд байна” гээд гаргаж үзүүлтэл Г нь миний машины түлхүүрийг булааж аваад “машиныхаа хойно суу” гэхээр нь би суутал арын хаалгыг онгойлгоод миний толгой, нүүр тус газарт гараа атгаж байгаад 4-5 удаа цохиод миний машины жолооны суудлын ард суугаад миний машиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын орчим руу явж байгаад автомашины зам дагуу намайг “одоо буугаад хурдан мөнгө төгрөгөө олж ир” гэж хэлээд машин зогсоохоор нь би машинаас явган буугаад үлдсэн. 2022 оны 03 дугаар сарын эхээр Г гэх хүнтэй анх танилцаад Г-ээс би хашаа байшин худалдаж авахаар болоод тухайн хашаа байшинг банкны лизингээр худалдаж аваад танилцаж байсан бөгөөд би Ганбилэгээс 50,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай гэрээ байгуулан зээлсэн байсан юм. Энэ асуудал явсаар байгаар Төв аймгийн иргэний хэргийн шүүхээр орж шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүгчийн захирамж нь очсон байгаа. Энэ асуудлаас болоод намайг цохиж зодон миний автомашины аваад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4731 дугаартай: “С.Б-ын биед баруун нүдний дээд зовхинд зүсэгдсэн шарх, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- Яллагдагч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэх хүнтэй 2022 оны 03 дугаар сард танилцаж байсан. Тухайн үед Б надаас 50.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байсан юм. Манай найз Ж над руу залгаад Б-той Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Тольт” сургуулийн гадна таарчихлаа гэхээр нь би очиж Б-той уулзаад “яагаад зугтаагаад байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдаж байгаад би Б-ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед түүний баруун талын хөмсөг хэсгээс цус гарсан. Тэгээд би түүний эзэмшлийн **** УБ* улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дахь хуудас),
- Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл ( хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), иргэний оршин суух хаягийн бүртгэл (хавтас хэргийн 41 дэх тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тольт сургуулийн орчимд “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч С.Б-ын нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд зүсэгдсэн шарх, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Б-ын мэдүүлэг, шинжээчийн 4731 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч Г.Г-ийн хохирогч С.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан.
Шүүгдэгч Г.Г-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай гэх), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л овогт Г-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Г-т сануулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6.Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР