Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/224 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч Ц.Амар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

            Иргэдийн төлөөлөгч Э.Отгонбаяр,

            Улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Т.Золбаяр, М.Билгүүтэй нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт М.А-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2308000001993 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** аймгийн  ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ********* мэргэжилтэй, “*****” ээлжийн дарга ажилтай, ам бүл *, ***** хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ***** гудамж, **** дүгээр байр, **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт М-ын А (РД:************* ).

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.А нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-р хорооллын автобусны буудлын дэргэд автомашинтай зогсож байсан М.Б-тэй “таксинд сууна, суухгүй” гэсэн шалтгааны улмаас хоорондоо маргалдан түүний хөл рүү өшиглөж, түүнийг заамдаж зам дээр өргөж шидсэний улмаас эрүүл мэндэд “зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн чамархайн суурийн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан ба тухайн үйлдлийн дараа М.Б нь цааш автомашин жолоодож явсан, дүү Д.Б-ын хамт такси үйлчилгээнд явж, идэвхтэй үйлдэл хийж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын гаднах зогсоол дээр **-** *** улсын дугаартай Прис-10 маркийн автомашинд гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1454 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч М.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...11 дүгээр сарын 10-ны өдөр манайх шинэ угаалгын машин аваад орой нь хүргэлтээр ирсэн. Угаалгын машинаа холбох гэхэд түлхүүр хэрэгтэй болоод найзыгаа дуудаж холбоод хувцсаа угаагаад байж байхад найз удаан уулзаагүй юм чинь гээд 2-3 ширхэг пиво уусан. Тэгээд байж байхад манай ажлынхан дуудахаар нь очоод гараад явж байхдаа найзтайгаа хамт бар луу орсон. Тэндээсээ гараад ирэхэд манай найз алга болсон. Баарны үүдэнд нэлээн нимгэн хувцастай 19 орчим настай залуу надад “хэрэгт орооцолдчихсон” гэдгээ хэлж надтай танилцаад тамхилаад дээшээ өгсөөд явсан. Надаас салаад зам гараад явахад нь араас нь харахад нимгэн хувцастай, нэлээн согтуу гуйваад явж байхаар нь “хөлдөөд үхчихвий дээ” гэж бодоод араас нь очоод таксинд суулгаж өгөх гээд ар гэрийнх нь хүнтэй ярьж байхад хаанаас ч юм нэг согтуу хүн гарч ирээд “тамхи байна уу, такси авах уу” гэж хэлсэн. Би “согтуу юм байж юу яриад байгаа юм бэ, цаашаа яв” гээд бөгс рүү нь өшиглөөд явуулсан. Гэтэл тэр хүн нэг машины цаана очоод “писда минь энэ жолооч байна, хар” гэхээр нь “тийм байна аа, одоо яв” гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь хөл рүү нь өшиглөсөн. Гэтэл намайг “ална” гээд цохиод байхаар нь уг үйлдлийг хийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Оршуулгын зардалд 24,500,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Хүний амь нас хохирсон, тэр даруй эмнэлгийн түргэн тусламж үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие талийгаач М.Б-н төрсөн ах бөгөөд би айлын том хүү харин талийгаач маань айлын бага хүү байгаа юм. Бид 2 эх нэгтэй эцэг ондоо бөгөөд манай талийгаач дүү ээж М-аар овоглодог. Өөдөс овогтой А гэх нутгийн эмэгтэйтэй 2004 онд танилцаж улмаар гэр бүл болсон. Манай талийгаач дүү хүү охин 2-той бөгөөд хүү 16 настай харин охин нь 7 дугаар ангид суралцдаг. Эхнэр нь сумын төв дээр сувилагч хийдэг бөгөөд талийгаач малаа маллан ирэн очин байдаг байсан. Харин 2023 оны 08 дугаар сараас эхлэн гэр бүлийн харилцаанд тогтворгүй байдал үүсэж эхнэртэйгээ 2 талд амьдарч эхэлсэн бөгөөд эхнэр хүүхэд нь Улаанбаатар хот ирж суурьшин Багануур дүүрэгт ажиллаж харин талийгаач маань хотод ирж төрсөн эгч М-ын гэрт амьдарч байсан. Дүү маань хотод ирээд махны үйлдвэр болон шуудайны үйлдвэрт ажиллаж байсан. Болсон үйл явдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-39 дэх тал),

            - Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Содон хороололд байрлах түр хугацаанд амьдарч байгаа ахынхаа гэрт байхдаа 13 цагийн орчимд үеэл ах Б-тэй уулзах зорилгоор өөрийнхөө 89******* гэсэн дугаараас үеэл ах Б-гийн 80****** гэсэн дугаар луу залгаж яриад хаана байгаа талаар асуухад би ажил дээрээ байна. Удахгүй ажлаас буух гэж байгаагаа хэлсэн. Ингээд би ажил дээр нь өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус 10 маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр түүний ажил болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их наранд байрлах хүнд даацын уутны үйлдвэрт ирсэн. Ингээд би ахтай уулзсаны дараагаар хамтдаа А ХХК-ийн гурилын үйлдвэр орохоор болсон ба Б-н төрсөн дүү М тэнд хүнтэй уулзахаар тохирсон байсан. Тэгээд Б, М 2 Алтан тариа ХХК руу орж хүнтэй уулзсан Би гадаа машиндаа байсан. Би 30-40 минут хүлээсэн бөгөөд гарч ирээд Маньдаарий бид 2-с салаад явахад нь бид 2 машинаа асаах гэтэл машин ахуйд М дуудлагын Приус засвар дуудаж үзүүлэхэд бензин дууссан байсан бөгөөд бид 2 такси барьж яваад саванд бензин хийж ирээд машинаа асаасан. Машин асах үед өдрийн 16 цаг болж байсан. Тухайн үед машины маань нэг дугуйн хий гарсан, нэг дугуй маань хагарч запаас дугуйгаа хийсэн байсан тул дугуйгаа засуулахаар толгойтын зам дагуу хар дугуй засвар дээр очиж 2 ширхэг дугуйгаа засуулж тавьсан. Дугуй засуулж байх хооронд манай ах Б дэлгүүр ороод 0.500 граммын Их монгол нэртэй архи аваад ганцаараа ууж байсан. Дугуй засуулж дууссаны дараагаар бид хоёр 21 дүгээр хороололд байрнуудын голд байрлах Цэлмэг нэртэй газрын цайны газарт орж 2 хоол авч идсэн. Хоол идэж дуусаад бид 2 таксинд явахаар болсон ба Толгойт 21 хоёрын чиглэлд хэд хэдэн удаа хүн зөөсөн ба улмаар орой цаг нэлээн орой болчихсон. Ингээд шөнийн 01 цагийн орчимд 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр машинаа нормалдчихаад суудлаа хойш налаад хэсэг хэвтсэн бөгөөд миний бие унтаад өгсөн байсан. Нэг сэрээд харахад манай ах Б гадаа хэвтэж байсан ба хажууд нь нэг залуу зогсоод надад хандаж “энэ ахыгаа ав” гэж хэлэхээр нь би ахыг аваад машиндаа суулгасан. Тэгээд юу болсон талаар тэр танихгүй залуугаас асуухад “танай ах чинь миний нүд рүү цохичихлоо” гээд уурлаад надтай маргаан хийх гээд байсан. Тэгэхэд ах “явъя явъя наадахаа хая” гэхээр нь би машинаа бариад хөдлөөд явсан. Бид 2 байрны дунд машинаа зогсоочихоод машиндаа хоносон. 2023 оны 11 дүгээр сарын 11-ны өглөө 09 цагийн орчимд бид 2 сэрээд Их наранд байрлах ажил дээр нь очсон. Тэгээд ажлынхаа гадаа ирээд “ажил дээрээ хүн байхгүй” гээд ах маань буухгүй байсан. Тэгээд би машин засуулах ажилтай байсан учир машиндаа суулгаад аваад явсан. Улмаар Драгонд байрлах Номингийн засвар дээр ирээд тормазны наклад солиулсан ба тэр үеэр ах Б унтаж байсан. Засварын газар дээр очиход 11 цаг болж байсан ба засварын газраас огт хөдлөөгүй. Тэгээд би амаржины пүршээ агшаалгаад ирэхэд ах машин дотор сонин царайлчихсан байсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан. Ингээд би 15 цаг 16 минутад түргэн дуудахад 20-30 минутын дараа буюу 15 цаг 40 орчим минутын үед ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд 16 цагийн орчимд цагдаа ирсэн. Манай ах зодоон хийсний дараагаар толгойн зүүн талд бага зэрэг хагарч цус гарсан байсан. Өөрөөр гэмтэл шарх байгаагүй. Намайг харахад бол зам дээр дээшээ харсан байдалтай уначихсан байсан. Тэгээд татаж босгож ирээд машиндаа оруулсан. Яг цохиулж зодуулсан хэсгийг бол хараагүй. Ахтай маргаан хийсэн хүн 25-30 орчим насны 170 орчим см өндөртэй, хар өнгийн куртиктэй залуу байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дахь тал),

            - Гэрч Ч.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би А-ийг Содон хорооллын доод талд байрлах Голомт банкны АТМ дотор хүлээсэн бөгөөд хүлээж байгаад А-ийг хаачсан талаар асуух зорилгоор түүний дугаар луу залгахад “за найз нь автобусны буудал дээр байна, одоо очлоо” гэж хэлсэн. Удалгүй миний байгаа газар А ирсэн бөгөөд ирэхдээ зүүн нүд нь бага зэрэг улайж хавдсан юм шиг харагдсан. Тэгэхээр нь нүдээ яасан талаар асуухад автобусны буудал дээр 2 хүнтэй муудалцахад нэг нь миний нүд рүү цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь одоо тэгээд нүд чинь гайгүй юу гэж асуухад зүгээр гэж хариулсан бөгөөд улмаар гэрт нь орж унтаж амарсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал),

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-6 дэх тал),

            - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 7-9 дэх тал)

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 10-13 дахь тал),

            - Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 17-20 дахь тал)

            - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 26-32 дахь тал)

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2997 дугаартай дүгнэлтэд"... Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн чамархайн суурийн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн эдийн няцрал, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гавал тархины гэмтэл нь нас барахаас өмнө 24 цагийн дотор, зулгаралт цус хуралт гэмтэл нь 48 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой Дээрх гэмтэлтэй тохиолдолд тодорхой хугацаанд тархи дарагдах хүртэл идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт зулгаралт цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үхлийн шалтгаанд нөлөөлөх өвчингүй байна. 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цаг 50 минутын анхны үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон байжээ. Ходоодны хөндийд 60мл хүрэн бор өнгийн шингэн агууламжтай байна. Эсэргүүцсэн тэмцэлдсэн ул мөр тогтоогдсонгүй. Эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй. Эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй болно. Талийгаачийн цусанд 1.4 промилли, ходоодны шингэнд 2.1 промилли, шээсэнд 3.3 промилли спиртийн зүйл илрэв. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цусанд 1.4 промилли спиртийн зүйл илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамаарна. Талийгаач нь В бүлгийн цустай байна. Гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ гэх шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 8-12 дахь тал),

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1010 дугаар: “М.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 52-54 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 109, 123-126 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал), зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бөгөөд иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч М.А нь хохирогчийг нас барах үед дэргэд нь байгаагүй учир гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.А нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын дэргэд М.Б-тэй “такси үйлчилгээ авах эсэх” асуудлаар маргаан үүсгэж,  улмаар түүний хөл рүү өшиглөж, заамдаж, мөн зам дээр өргөж шидсэний улмаас биед нь “зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн чамархайн суурийн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн эдийн няцрал” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан, улмаар М.Б нь эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй байхад эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д, гэрч Д.Б, Ч.Д- нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 2997 дугаартай дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаны улмаас хохирогч нас барсан байхыг ойлгоно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.А, амь хохирогч М.Б нар нь “такси үйлчилгээ авах эсэх” асуудлаар маргалдан шүүгдэгч нь амь хохирогчийг өргөж шидсэний улмаас “эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй гавал тархины гэмтэл учруулсан” бөгөөд шүүгдэгч М.А, амь хохирогч М.Б-, гэрч Д.Б хэн аль нь хүний амь насанд аюултай гэмтэл гэдгийг ухамсарлаагүй буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйн улмаас, М.Б-н амь нас хохирсноор “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинж хангагдаж, төгссөн байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийг оршуулахтай холбогдсон 24,462,160 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчээс 24,500,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “хүний амь насыг яаж үнэлдэг хэмжээгээр нь хохирол төлбөр нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн тул түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох браимтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээний 3/2-оос багагүй хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн тус тус санал гаргасан.

Шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний амь нас хохирсон, хохиролд 24,500,000 төгрөг төлсөн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдээгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ...болно” гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтыг шүүхэд хэрэглэхийг үүрэг болгоогүй, тодорхой нөхцөл байдлуудыг харгалзан хэрэглэх эрх олгосон заалт тул гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн гомдолтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид түүний үйлдсэн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийн 2023 оны 11 дүгаар сарын 12-13-ны өдөр хүртэлх шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 шихгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ц овогт М-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-ийн цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            5.Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 шихгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БУЛГАНТАМИР

 

 

                         ШҮҮГЧИД                                             Ц.АМАР                  

 

 

                                                                                     М.МӨНХБААТАР