Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/031

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000304 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******гийн ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг “Хөх-толгой”-д байрлах “Чандмань” гэх дэлгүүрийн орчимд “урьд ******* нь төрсөн ахтайгаа нийлээд зодож байсан” гэх шалтгаанаар иргэн *******ийн толгойноос үсдэж унагааж, цээж болон нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсний улмаас биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би *******ийг зодсон нь үнэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 48/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэм буруу хүлээж байна Х.Өлзийцэцэг нь намайг ахтайгаа нийлж зоддог байсан болохоор би нэг өдөр таарахаараа зодох бодолтой байсан. Тэгээд тухайн өдөр зодсон. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг ажил хийж байгаад төлөхөө илэрхийлж байна гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянхонгор ресторанд ажилладаг юм өглөө ажилдаа 06 цаг гэж очоод тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цаг гээд ажил тарсан юм. Тэгээд ажил тараад ажлаасаа гараад гэр лүүгээ алхаж явсан юм аа. Манай гэр Хөх толгойд 2-2-14 тоотод байдаг юм. Тэгээд ганцаараа алхаад явж байтал Хөх толгойн Чандмань дэлгүүрийн орчимд Баянговь сумын харьяат гэгч нь эхнэр ******* гэх эмэгтэй хамт нийлээд бүгд 6-7 орчим хүн байсан. Тэгээд Чандмань дэлгүүрийн орчимд тэд нар хоорондоо маргалдаад бужигнаад байж байсан би хажуугаар нь явган хүний замаар гараад явах гэж 5айсан чинь нь хөөе Өлзийцэцэгээ чи ямар даварсан гөлөг вэ гэж араас дуудаад тэгээд миний араас цүнхнээс татаад газарт унагаасан. Тэгээд би босоод ирсэн чинь ******* гэх эмэгтэй миний үснээс татаж газар унагаасан. Тэгээд би зүгээр байгаач гэсэн чинь зүгээр байх үгүйгээ чам шиг юмаар заалгахгүй шүү чам шиг юм ингэж явах болоогүй шүү гэж хэлсэн. Би газарт унасан болохоор толгой аймар эргэсэн тэгээд босох гэж байхад намайг газарт уначихсан байх үед миний толгой хэсэг рүү ******* хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд би манараад нүдээ нээгээд байж байтал Адъяа гэдэг залуу та 2 наад охиноо зодохоосоо ичээчээ гэсэн тэгсэн чинь гэгч нь чамд хамаагүй гээд Адъяа руу явсан араас нь ******* явсан тэр хооронд нь би босоод замын нөгөө тал руу гарсан тэгсэн чинь , ******* 2 араас хөөгөөд байж бай гээд намайг ахиж миний куртикнээс татаад газарт унагаасан тэгээд миний толгой эргээд босож чадахгүй байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 /,

.. Хамгийн эхэнд нь миний цүнхнээс татсан тэгээд би зам гарсан, зам гарч байх үед араас нэг юм шидсэн тэр нь намайг оноогүй. Тэгээд зам гарсны дараа , ******* 2 ирээд ******* намайг үсдээд газарт доош нь дарсан тэр хооронд намайг цохиод л байсан юм. Гэхдээ би яг ыг намайг цохисон эсэхийг би нүдээрээ бол хараагүй яагаад гэвэл тонгойчихсон байсан болохоор харагдаагүй би дотроо бол , ******* хоёрыг хоёулаа л намайг цохисон гэж бодож байгаа. Гэхдээ би ыг намайг цохисон гэдгийг би бол нүдээрээ хараагүй. Тухайн үед намайг ******* гэгч нь намайг үсдэж газарт унагаасан тэр үед миний цээж хэсэг болон нүүр хэсэг рүү хүн өшиглөсөн. Гэхдээ би түүнийг яг хэн өшиглөсөн гэдгийг би нүдээрээ хараагүй надад өвдөлт мэдрэгдсэн би дотроо бол , ******* хоёрыг хоёулаа өшиглөсөн л гэж бодож байгаа гэхдээ би яг хэн өшиглөсөн бэ гэдгийг нь нүдээрээ хараагүй ээ...гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би эмчилгээний зардал 613.000 төгрөг нэхэмжилж байна. 2023 оны 11 дүгээр сарын 19-ний орой Баянхонгор зочид буудлын ажлаасаа тараад гэр лүүгээ явахаар Чандмань дэлгүүр өгсөөд явж байхдаа нэгж авах гээд дэлгүүр орох гэж байсан. Гэтэл *******, н. нар нь Чандмань дэлгүүрийн ард харанхуй гудамжинд н. нь намайг нэрээр дуудсан. Тэгээд ...чи яасан их зантай болсон юм... гээд цүнхнээс татсан. Тэгээд дэлгүүр орохоо болиод гэрлүүгээ явахаар такси барих гэтэл ******* н: нар араас ирээд н. нь цүнхнээс татаж оосор тасалсан. Гэтэл ******* ...чи ямар их зантай янхан бэ... гээд үснээс татсан. Би дээшээ өндийхөд нүд рүү цохиод доошоо унагааж толгой руу цохисон. Эмнэлэгт үзүүлэхэд хамрын талавч цөмөрсөн, хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Орой унтахаар толгой их өвдөж байгаа. Би одоо 613.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ эм авах ёстой баримтаа шүүхэд авч ирж өгөөгүй гэв.

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...******* /РД:ВБ98071902/ нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 392.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 392.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 77/,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чандмань дэлгүүрийн тэнд айлаас гараад би болон манай найз охин *******, *******, ******* нарын хамт явж байтал зүс таних ******* гэж эмэгтэй Чандмань дэлгүүрийн орчимд таарсан. Тэгэхээр нь би хар өнгийн 2 үүргэвчтэй цүнхнээс нь бариад татчихсан юм тэгсэн чинь цүнхний оосор нь тасарчихсан юм. Тэгээд ******* зам гараад явчихсан юм тэгээд зам гараад такси барих гээд зогссон юм тэгээд ******* бид 2 замын эсрэг талд гарсан тэгсэн чинь ******* Өлзийцэцэг дээр очоод Өлзийцэцэгийг үсдэж аваад нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон тэгтэл тухай Өлзийцэцэг газарт уначихсан юм. Тэгсэн чинь цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд нүүр хэсэг рүү бас нэг удаа өшиглөсөн тэгээд би салгаад *******г аваад явсан тэгээд Өлзийцэцэг уйлаад хоцорсон юм ийм зүйл болсон. Яг явахдаа бас цагдаад өгөөрэй гэж хэлээд нүүр хэсэг рүү нь ******* 1 удаа өшиглөсөн зүйл болсон. Би цүнхнээс нь татсан нь үнэн тэгээд татахад цүнхний оосор нь тасарчихсан юм. Уугансарнай надад хэлэхдээ урьд нь намайг ахтайгаа нийлээд зодож байсан талаар хэлж байсан тэгээд би түүнийг нь дотроо бодчихсон байсан юм. Би *******ийн цүнхнээс нь 2 удаа татаж халдсан. Миний хувьд *******тэй хэрэлдэж байгаагүй, харин манай найз охин *******г ахтайгаа нийлж зодоод шүүхээр орж байсан талаар ******* надад хэлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 /,

7. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чандмань дэлгүүрийн харалдаа мухар гудамжинд архи ууж байгаад гарч ирсэн юм. Тэгээд Чандмань дэлгүүрийн орчимд явж байтал Чандмань дэлгүүрийн урд гэж залуу нэг танихгүй эмэгтэй хүнийг цүнхнээс нь татаад байсан тэгсэн чинь тэр эмэгтэй нь зам гараад явсан тэгсэн чинь араас нь эхнэр *******тай хамт тэр эмэгтэй дээр очиж байсан. Тэгээд очоод ******* нь тэр эмэгтэйг өшиглөж байгаа харагдаж байсан. Тэгээд би эхнэр *******тай хамт дээшээ өгсөөд гэр лүүгээ явсан. цүнхнээс нь татаж аваад байсан тийшээ зам гарсан чинь эхнэр нь өшиглөөд байсан тэгээд л би гэр лүүгээ явсан. Миний харснаар ******* тэр танихгүй эмэгтэйг 1 удаа өшиглөж байсан өөр яасан талаар би хараагүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,

8. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Чандмань дэлгүүрийн харалдаа мухар гудамжинд архи ууж байгаад гарч ирсэн юм. Тэгээд Чандмань дэлгүүрийн орчимд явж байтал Чандмань дэлгүүрийн урд гэж залуу эхнэр *******тай хамт нэг жоохон охиныг гэгч нь цүнхнээс нь татаад тэгээд эхнэр Сарнай гэгч нь тэр танихгүй эмэгтэйг өшиглөсөн зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 509 дугаартай шинжээчийн:1. *******ийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна....гэх дүгнэлт / хх-ийн 39-41 / болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 53/,  шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг “Хөх-толгой”-д байрлах “Чандмань” гэх дэлгүүрийн орчимд “урьд ******* нь төрсөн ахтайгаа нийлээд зодож байсан” гэх шалтгаанаар иргэн *******ийн толгойноос үсдэж унагааж, цээж болон нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсний улмаас биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чандмань дэлгүүрийн тэнд айлаас гараад би болон манай найз охин *******, *******, ******* нарын хамт явж байтал зүс таних ******* гэж эмэгтэй Чандмань дэлгүүрийн орчимд таарсан. Тэгэхээр нь би хар өнгийн 2 үүргэвчтэй цүнхнээс нь бариад татчихсан юм тэгсэн чинь цүнхний оосор нь тасарчихсан юм. Тэгээд ******* зам гараад явчихсан юм тэгээд зам гараад такси барих гээд зогссон юм тэгээд ******* бид 2 замын эсрэг талд гарсан тэгсэн чинь ******* Өлзийцэцэг дээр очоод Өлзийцэцэгийг үсдэж аваад нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон тэгтэл тухай Өлзийцэцэг газарт уначихсан юм. Тэгсэн чинь цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн.....”гэх мэдүүлэг  Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 509 дугаартай шинжээчийн: *******ийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна....”гэх дүгнэлт зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч *******тэй таарч улмаар урьдын харилцааны үйлдлийг шалтаглан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  ******* нь  эмчилгээний зардал 613.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт 125700 төгрөгийн баримтыг хавсаргасан байх тул уг нотлох баримтын хүрээнд буюу 125.700 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж 487300 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 392.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч *******гаас 392.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

Харин шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 12 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцов.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялаас 96 цагийг хасаж түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 204 цагийн хугацаагаар тогтоолоо.

Шүүгдэгч *******д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнийг цагдан хорих байрнаас суллаж шийдвэрлэв.

Энэ хэргийн учир эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир цагдан хоригдсон арван хоёр / 12 / хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож хасаж ерэн зургаан цагийг  / 96 /  эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөрвөн  / 204 /  цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  хоёр зуун дөрөв / 204 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 392.000 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд, 125.700 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч ******* 487.300 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ