| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/032 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Шүүгдэгч: С.Агваан, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000298 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Сартуул овогт Содвоогийн Агваан /РД: ВЮ68071711/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Агваан нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний 14 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 13-19 тоот гэртээ ирлэж байсан заазуураа хүү А.Буяндэлгэрийг хаалга хаан гарсныг ширүүн хаалаа гэж орилоход зэмлэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Болормаа руу шидэж, түүний биед баруун нүдний дээд зовхины шарх, цус хуралт, алимын салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч С.Агвааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би эхнэр Д.Болормаа руу заазуур шидсэн нь үнэн. Би уг тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан......гэх мэдүүлэг /хх-ийн 62/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Агвааны мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч Д.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр С.Агваан нь заазуур ирлэж сууж байгаад манай хүү бөмбөг аваад гарсан чинь хаалга ширүүн хаалаа гэж хэлээд ирлэж байсан заазуураа аваад шидчихсэн юм. Тэгсэн миний толгойны баруун нүд орчимд оночихсон. Тухайн үед би болон манай нөхөр С.Агваан охин Дондогдулам нар байсан. Манай нөхөр Агваан гэрийнхээ баруун урд хэсэгт ариун цэврийн булан орчимд газар завилаад суучихсан заазуур ирлэж байсан. Би зүүн талын орон дээр гурил хэрчээд сууж байсан. Тэгэхэд намайг хүүхэд Буяндэлгэр гаднаас орж ирээд зүүн талын орны хажуу талаас бөмбөг аваад гарсан юм. Тэгээд Буяндэлгэрийг бөмбөг аваад гэрээс гарсны дараа хаалга чанга хаалаа гэж хэлээд сууж байсан газраасаа над руу заазуур шидсэн юм....гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 /,
....Би шинжээч эмчид сэтгэцээ үзүүлэх шаардлагагүй. Агваан нь намайг заазуураар цохисон үйлдэлд л гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
4. Гэрч А.Дондогдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... манай аав Агваан гэртээ заазуур ирлээд сууж байсан. Манай ээж Болормаа гэртээ орон дээр гурил хэрчээд байж байсан. Би гэртээ хүүхдээ хувцаслаад байж байсан. Тэгтэл манай дүү Буяндэлгэр гаднаас орж ирээд орны ар талаас бөмбөг аваад гэр дотор бөмбөгөө залж байсан чинь бөмбөг нь тогоо руу орчихсон юм. Тэгээд аав Агваан нь манай дүү Буяндэлгэрийг яаж байгаа юм гэсэн. Тэгсэн чинь Буяндэлгэр хаалга чанга хаачхаад гараад явчихсан. Тэгсэн чинь ээж хүүхэд үзэж чадахгүй юм гэж аавд хэлсэн. Тэгсэн чинь аав Агваан огцом уурлаад ирлэж байсан заазуураа аваад ээж рүү шидчихсэн юм. Тэгсэн чинь ээжийн баруун нүдний хажуу талд нь оночихсон юм. Тэгээд ээжийн цус нь ерөөсөө тогтохгүй байсан. Тэгээд би 103 дуудсан юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,
5. Насанд хүрээгүй гэрч А.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... гадаа гарч тоглох гээд гэрээс бөмбөг аваад хөргөгчний урд залсан чинь бөмбөг түмпинтэй ус руу орчихсон. Тэгсэн чинь манай аав уурлаад намайг яах гэж гэр дотор бөмбөг залаад байгаа юм. Гадаа гарч залахгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгыг чанга хаачхаад гэрээс гараад явчихсан юм...гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн:1. Д.Болормаагийн биед баруун нүдний дээд зовхины шарх, цус хуралт, алимын салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
З. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 46-47/,
7. Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн: 1.Оролцогч Сартуул овогтой Содвоогийн Агваан /РД:ВЮ68071711/ нь G40.2 нийлмэл хэсэгчилсэн уналт бүхий байршлын хамааралт ( хэсэгчлэн ) (голомтот) шинж тэмдгийн эпилепси ба эпилепсийн хам шинж өвчний учир мэдрэлийн эмчийн хяналтад байдаг...5.Тухайн хэрэг, үйл явдал болсноос хойш оролцогч С.Агваан нь тухайн хэрэг үйл явдалтай холбоотойгоор сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өөрчлөлт илрээгүй. б.Оролцогч С.Агваан нь хэрэг хариуцах чадвартай... мэдрэлийн эмчийн хяналтад байдаг хэдий ч тухайн хэрэг, үйл явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй байсан. Болсон хэргийг дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай ярьж, тайлбарлаж байна. Оролцогчид одоогоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Агваан нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний 14 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 13-19 тоот гэртээ байхдаа хүү А.Буяндэлгэрийг хаалга хаан гарсныг ширүүн хаалаа гэж орилоход нь зэмлэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Болормаа руу ирлэж байсан заазуураа шидэж , түүний биед баруун нүдний дээд зовхинд онож шарх, цус хуралт, алимын салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч Д.Болормаа, гэрч А.Дондогдулам, насанд хүрээгүй гэрч А.Буяндэлгэр нарын мэдүүлэг, шинжээчийн 508 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Агваан нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Д.Болормаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа зэвсгийн чанартай зүйл заазуурыг шидэж гэмтэл учруулсан нь гэмтэл учруулах гол нөхцөл болсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Агвааныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Агваанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Болормаа нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч Д.Болормаа нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 90.000 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Агваанаас 90000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.
Шүүх шүүгдэгч С.Агваанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч С.Агваанд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол байхгүй мөн түүнийг уналт таталт өвчний учир хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан гэх дүгнэлт зэргийг харгалзан оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Агваан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч С.Агваан нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан заазуурыг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг шүүхийн тамгын газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Содвоогийн Агвааныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Содвоогийн Агвааныг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Агвааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч С.Агваан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Агваанаас 90000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч С.Агвааны гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Агваанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Агваанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ