Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0699

 

 

 

Ж.Бсы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал  

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Бс

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга  

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дүгээр сарын 05-ний өдрийн 580 дугаар шийдвэр,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нж, Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул   

Хэргийн индекс: 128/2026/0256/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дүгээр сарын 05-ний өдрийн 580 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бсы “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1.Ж.Бсы нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0580 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг хүргүүлж байна.

2.2.Тус шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад заасны дагуу маргаан бүхий Засаг даргын А/1009 дүгээр захирамжийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн гол үндэслэл нь 4.6 дахь хэсэгт “... хариуцагчаас маргаан бүхий актыг үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэх агуулгаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлийн хувьд учир дутагдалтай болжээ" мөн 4.7 дахь хэсэгт "Харин шүүхээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээс илүүтэй цаашид төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг илүүтэй хариуцлага, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг дадаж хэвшүүлэхээр хариуцагчид өөрийн гаргасан актын хууль зүйн үндэслэлийг эргэн хянуулах боломжийг олгох гэж үзсэн" гэжээ.

2.3.Гэвч тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 "Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" гэж заасныг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир тус заалт нь "нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн" буюу захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн боловч маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримт нь байхгүй, хангалтгүй бөгөөд шүүх болон хэргийн оролцогчоос үл хамаарах шалтгаанаар бүрэн дүүрэн цуглараагүй, үүний улмаас мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дэх хэсэгт тус тус заасан нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагаа хийх боломжгүйд хүрсэн үед мөн "Хэргийн нөхцөл байдал нь тодорхойгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөлтэй зохицуулалт юм.

2.4.Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" (захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байхыг ойлгоно³) 47.1.7 "Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй (захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгоно") дахь заалтад заасан илт хууль бус акт гэж дүгнэх эрх зүйн үндэслэл тус тус тогтоогдсонгүй гэж хүлээн зөвшөөрсөн захиргааны байгууллага, албан тушаалтныг илүүтэй хариуцлага, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг дадаж хэвшүүлэхээр гэж үндэслэн маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй юм.

2.5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэлийн тухайд:

1.1.Нэхэмжлэгч Ж.Бсаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эзэмшлийн газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх талбайд хамрагдсан тул газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй нь өөрөөс нь хамаарах шалтгаан биш, захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус акт...” гэж тайлбарлан маргасан.

1.3.Харин хариуцагчаас “...Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 4/61, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 01-06/1932, Улаанбаатар Тзын 10/1612 дугаар албан бичгээр Тзын зурвас газарт олгосон газар эзэмших эрхийг шалгах чиглэл өгсний дагуу холбогдох судалгааг хийж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, одоо уг газар Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар болсон...” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

2. Маргааны үйл баримт, захиргааны акт гарсан үндэслэлийн тухайд:

2.1.Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” захирамжаар[1] иргэн Х.Цд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Тзын **-** тоот хаягт байрлах 402 м.кв газрыг “иргэний-ахуйн” зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

2.2.Уг газар эзэмшигч Х.Ц нь нас барсантай холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг[2] үндэслэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар[3] нэхэмжлэгч Ж.Бсд дээрх газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байна.

2.3.Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ГХДТ-2014/2 багцын 26.3 га “Б” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Жгг” ХХК-ийг шалгаруулсан бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн газар уг төслийн талбайд хамрагдсан байна.

2.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 дугаар албан бичгээр[4]  Тзын зурвас газрын хэмжээ, хил заагийг эцэслэн тогтоох хүртэл шинээр газар олгохыг зогсоох, хууль бусаар газар олгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүчингүй болгох чиглэлийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

2.5.Уг чиглэлийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар албан бичгээр[5] Тзын зурвас газарт дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргахыг мэдэгдсэн байна.

2.6.Мөн Улаанбаатар Тзаас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар албан бичгээр[6] Тзын зурвас газарт хууль бусаар газар олгосон нь тээврийн аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй талаар мэдэгджээ.

2.7. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга дээрх албан бичгүүдийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийг[7]  гаргаж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, “...газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Бсы 402 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3.Шүүхийн дүгнэлт:

3.1.Дээрх үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо ямар бодит нөхцөл байдлыг үндэслэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтын алийг нь хэрэглэсэн, эдгээр заалтад хамаарах зөрчил тус бүр бодитоор тогтоогдсон эсэх нь тодорхойгүй байна.

3.2.Тодруулбал, хариуцагч маргаан бүхий захирамжийг гаргах болсон шалтгаанаа Тзын зурвас газарт хууль бусаар газар олгосон асуудлыг шалгах талаар эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн чиглэлтэй холбон тайлбарласан боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөлийг зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газрыг зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэх өөр өөр урьдчилсан нөхцөл бүхий хуулийн заалтуудыг хамтад нь баримталсан байна.

3.3.Гэтэл эдгээр үндэслэлийн аль нь нэхэмжлэгчид хамаарч байгаа, тэдгээрийг ямар нотлох баримтаар тогтоосон, газар эзэмших эрхийг хүчингүй болгоход нэхэмжлэгчээс шалтгаалах болон үл шалтгаалах ямар нөхцөл байдал нөлөөлсөн нь маргаан бүхий захиргааны актын агуулга, хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.

3.4.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээхээр заасан.

Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо тухайн эрхийг хязгаарлах болсон бодит болон хууль зүйн үндэслэлийг тодорхой тогтоож, гаргасан шийдвэртээ ойлгомжтой тусгах шаардлагатай. Энэ нь захиргааны шийдвэр хуульд үндэслэсэн байх шаардлагаас гадна тухайн иргэн өөрийн эрхийг ямар үндэслэлээр хөндөгдсөнийг мэдэх, уг үндэслэлийг няцаах, эрхээ хамгаалах боломжийг хангах ач холбогдолтой.

3.5.Нэхэмжлэгчийн хувьд эрх бүхий захиргааны байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхтэй байсан бөгөөд маргаан бүхий А/1009 дүгээр захирамжаар уг эрхийг хүчингүй болгосон нь түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн гэж үзэхээр байна.

3.6.Ийм нөхцөлд нэхэмжлэгчээс захиргааны байгууллага газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар маргаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

Учир нь маргаан бүхий захиргааны актын бодит болон хууль зүйн үндэслэл тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхийг нь ямар зөрчил, ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгосныг мэдэх, уг үндэслэлд тайлбар, нотлох баримт гаргах, эрхээ хамгаалах боломжид сөргөөр нөлөөлөх нөхцөл болжээ.

3.7.Гэхдээ захиргааны актын үндэслэл тодорхойгүй, эсхүл хэрэглэсэн хуулийн заалтын урьдчилсан нөхцөл бүрэн тогтоогдоогүй байгаа нь тухайн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэх шууд бөгөөд хангалттай үндэслэл болохгүй. Уг заалтыг хэрэглэхэд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл огт байгаагүй нь илэрхий тогтоогдсон байх шаардлагатай.

3.8.Харин энэ маргааны тухайд хариуцагч захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо баримталсан хуулийн заалтуудын аль үндэслэл бодитоор бүрдсэн, тухайн үндэслэл нь нэхэмжлэгчид хамаарах эсэх, газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг үгүйсгэж, маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй байна.

3.9.Иймд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудын аль үндэслэл бодитоор бүрдсэн, тухайн зөрчил нэхэмжлэгчийн үйл ажиллагаа, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэх, эсхүл газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэх шаардлагатай.

3.10.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь Тзын зурвас газар, авто замын трасс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайн алинд, ямар хэмжээгээр хамаарч байгаа, эдгээр төлөвлөлт, хязгаарлалт нь газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх боломжид хэрхэн нөлөөлсөн, тухайн газартай холбоотой эрх бүхий байгууллагын ямар шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа зэрэг нөхцөл байдлыг харилцан уялдаатайгаар хариуцагчаас тодруулах шаардлагатай байна.

Тухайлбал, Тзын зурвас газрын гадна байрлаж байгаа гэх баримт нь тухайн газар Тзын аюултай болон аюулгүйн бүсэд хамаарч байгаа эсэх асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй бөгөөд эдгээр бүсийн хил зааг, эрх зүйн дэглэмийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Тзын тээврийн тухай хуулийн холбогдох зохицуулалт, эрх бүхий байгууллагын шийдвэртэй уялдуулан шалгах шаардлагатай.

Үүний нэгэн адил тухайн газар авто замын трасст өртсөн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд хамрагдсан гэх нөхцөлүүд нь газар эзэмшигч тухайн газрыг бодитоор ашиглах боломжтой байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой юм.

3.11.Эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч захиргааны байгууллага нь Нийслэлийн Засаг дарга, газар зохион байгуулалт, хот байгуулалт, Тзын асуудал эрхэлсэн холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг авч, тухайн газарт хамаарах хүчин төгөлдөр төлөвлөлт, хязгаарлалт, газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхойлж, маргаан бүхий захирамжид баримталсан хуулийн үндэслэл тус бүрийн урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

Эдгээр үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон бодит шалтгаан, хэрэглэсэн хуулийн үндэслэл, тухайн үндэслэлд хамаарах үйл баримт бүрэн тодорхой бус, газар эзэмших эрхийг хүчингүй болгоход нөлөөлсөн нөхцөл байдлыг цаашид шалган тогтоох шаардлагатай байх тул маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дүгээр сарын 05-ний өдрийн 580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

   ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ   

 

   ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 56-60 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 139-140 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 138 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 143 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 6 дахь тал