Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 45

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч: Г.Лхагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: Д.Эрдэнэхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зузаануд овогт Данзангийн Эрдэнэхуягт холбогдох 201615000338 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 26 настай, боловсрол мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг Онги гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 33-20 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/60 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 cap 9 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Зузаануд овогт Данзангийн Эрдэнэхуяг /РД: ЙО91070512/

Шүүгдэгч Д.Эрдэнэхуяг нь 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ба 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эдлээгүй үлдсэн 1 жил 04 cap 09 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд ялтай байх хугацаандаа буюу дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 31-17 тоотод оршин суух иргэн Б.Саранцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч цааны годон гутал хулгайлан авч 300 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Эрдэнэхуяг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би Өвөрхангай аймгийн Уянга суманд том ахындаа очиж модыг нь хагалж өгчихөөд явж байтал Батцэнгэл ахтай таарсан. Батцэнгэл ах надад цааны арьсан /годон/ гутал байна авах уу? гээд үзүүлсэн. Гутлыг үзээд гайгүй гутал байхаар нь Шомбоной ахад үүдний амбаараа 200.000 төгрөгөөр зарж, тэр мөнгөөр нь годон гутлыг авсан. Би хулгай хийгээгүй. Батцэнгэлээс гутал авсан тул шалгаж өгнө үү гэв.

Хохирогч Б.Сугардорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Миний бие 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу аав ээж хоёрынхоо хөлийг үзүүлэх гэж яваад 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд аав ээж хоёрыг хүргэж ирсэн. Тэр үед аавын гэр зүгээр байсан ба өмнө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хулгай орсон байсан. Манай дүү Пүрэвдорж очиход гэрийн хаалганы цоожийг нь эвдээд хулгай орчихсон байсан гэсэн. Ингээд бид нар гэртээ ороод алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд манай ээж Б.Сарангэрэлийн өмсдөг цааны годон гутал алга болсон байсан. Уг гутал нь манай гэрийн баруун хатавчинд байдаг шар өнгийн шүүгээний доод хэсэгт байсан. Хүрэн саарал өнгийн дээд түрий хэсгээрээ шигтгээ хээтэй цааны годон гутал байсан. Уг гутлыг 2015 оны өвөл манай ах ээжид 700.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Алдагдсан гутлаа буцааж авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 19 хуудас/

Гэрч Б.Саранцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би 2017 оны 10 дугаар сарын 05, 06-ны үед Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Тэгээд хотод байж байтал 10 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, манай хүүхэд Пүрэвдорж яриад гэрт хулгай орсон юм шиг байна, гэхдээ юм алга болоогүй юм шиг байна гэж хэлсэн. Манай хүүхэд болон манай төрлийн хүүхэд хоёр гэр сахиж байсан. Тэгээд тэр хоёрыг айлд очиж хоол идэх гээд явсан хойгуур нь хулгай орсон байсан. Манайхаас цааны годон гутал нэг хос алга болсон. Өөр зүйл алдагдаагүй. /хх-ийн 20 хуудас/

Гэрч Д.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Өнгөрсөн онд сарыг нь сайн мэдэхгүй байна. Тэр өдөр би баруун хорооллоос алхаж яваад Д.Эрдэнэхуягтай таарсан. Тэгээд би гараа өргөж сундлаад замаараа Пүрэвсүрэнгийн дэлгүүр рүү орж нэг шил архи аваад айлд хүргүүлээд буусан. Тэрнээс биш гутал зарна гэж ороогүй. Би зүгээр л хүргүүлсэн. Нэг ууттай зүйл байх шиг байсан. Юу байсныг нь мэдэхгүй. Орой бүрэнхий болсон байсан. /хх-ийн 22 хуудас/

Гэрч Т.Чимэдцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Нэг хүн орж ирээд цааны арьсан гутал зарна, авах уу? гэхээр нь би авахгүй гэсэн. Цааны гутал авах уу? гэж нэг л удаа асуусан. Би авахгүй гэхэд үзэх үү? гэхээр нь би гутлыг нь үзэхгүй гэсэн. Тэгээд тэр хүн өөр юм асууж ярилгүй гараад явсан. /хх-ийн 23 хуудас/

Гэрч С.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Өвөрхангай аймгийн Уянга сумын төвд Эрдэнэбат гэх айлд Д.Эрдэнэхуягтай таарсан. Гэтэл Д.Эрдэнэхуяг надад цааны арьсан эмэгтэй гутал зарна гэхээр нь гэрт нь хамт очсон. Эмэгтэй хүний цааны годон гутал байсан. Гэрт нь ил ширээний хажууд гялгар ууттай байсан. Тэгээд идэшний шүдлэн үхэр дээр нь 100.000 төгрөг өгөхөөр тохиролцож авсан. Эхнэр нь ганцаараа байсан. Эхнэрийнхээ дэргэд манай эхнэрт томдсон гутал гэж ярьж байсан. Эхнэр нь энэ талаар сонсож байсан. Юм яриагүй болохоор нь итгээд аваад явсан. /хх-ийн 24 хуудас/

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ¹08 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтэнд:… Үзүүлэгч Д.Эрдэнэхуяг нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэггүй. Үзүүлэгч Д.Эрдэнэхуяг нь сэтгэцийн олдмол төрөлхийн өвчин эмгэггүй. Үзүүлэгч Д.Эрдэнэхуяг нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгнө. Үзүүлэгч Д.Эрдэнэхуяг нь хэрэг хариуцах чадвартай. /хх-ийн 40 хуудас/ 

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06/29 тоот тодорхойлолт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12/12 дугаартай үнэлгээний тайлан, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/60 дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 155 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбарууд, шүүгдэгч Д.Эрдэнэхуягийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1, 4-6, 10, 13-17, 32-36, 48-49, 51-52, 58-61, 75, 86-87 хуудас/

Шүүгдэгч Д.Эрдэнэхуягийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/415 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 53-54 хуудас/

Шүүгдэгч Д.Эрдэнэхуягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Эрдэнэхуяг нь ялтай байхдаа, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 31-17 тоотод оршин суух иргэн Б.Саранцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэж орж цааны арьсан гутал хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Сугардоржийн Өвөрхангай аймгийн Уянга суманд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аавын гэрт хулгай орсон байсан. Манай дүү Пүрэвдорж очиход гэрийн хаалганы цоожийг нь эвдээд хулгай орчихсон байсан гэсэн. Манай ээж Б.Сарангэрэлийн өмсдөг цааны годон гутал алга болсон байсан. Гэрч Б.Саранцэцэгийн намайг 2017 оны 10 дугаар сарын 05, 06-ны үед Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан хойгуур 10 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, гэрт хулгай орсон байна гэж манай хүүхэд Пүрэвдорж хэлсэн. Манайхаас цааны годон гутал нэг хос алга болсон. Гэрч Д.Нямдоржийн би баруун хорооллоос алхаж яваад Д.Эрдэнэхуягтай таарч сундлаад замаараа Пүрэвсүрэнгийн дэлгүүр рүү орж нэг шил архи аваад айлд хүргүүлээд буусан. Тэрнээс биш гутал зарна гэж ороогүй. Гэрч Т.Чимэдцэрэнгийн нэг хүн орж ирээд цааны арьсан гутал зарна, авах уу? гэхээр нь би авахгүй гэсэн. Гэрч С.Гантулгын 2016 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Өвөрхангай аймгийн Уянга сумын төвд Эрдэнэбат гэх айлд Д.Эрдэнэхуягтай таарахад Д.Эрдэнэхуяг надад цааны арьсан эмэгтэй гутал зарна гэхээр нь гэрт нь хамт очсон. Эмэгтэй хүний цааны годон гутал байсан. Идэшний шүдлэн үхэр дээр нь 100.000 төгрөг өгөхөөр тохиролцож авсан. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ¹08 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12/12 дугаартай үнэлгээний тайлан, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/60 дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 155 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбарууд, шүүгдэгч Д.Эрдэнэхуягийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь шүүгдэгч Д.Эрдэнэхуягт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах шаардлагатай, мөн шүүгдэгч Д.Эрдэнэхуяг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Эрдэнэхуяг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн тус тус үзлээ.

Шүүгдэгч Д.Эрдэнэхуяг хэрэг хариуцах чадвартай болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ¹08 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтээр,

Шүүгдэгч Д.Эрдэнэхуяг нь ялтай байхдаа буюу Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/60 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 155 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 4 cap 9 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан болох нь шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/60 дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 155 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэхуягт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Эрдэнэхуяг нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорыг арилгасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, ялтай байхдаа, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг давтан үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Д.Эрдэнэхуягийн цагдан хоригдсон 4 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж,

Шүүгдэгч Д.Эрдэнэхуяг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Эрдэнэхуягт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Д.Эрдэнэхуягт холбогдох 201615000338 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж, түүнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Д.Эрдэнэхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зузаануд овогт Данзангийн Эрдэнэхуягийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэхуягт 10.000 /арван мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэхуягт оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэхуягийн цагдан хоригдсон 4 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.   

5.Шүүгдэгч Д.Эрдэнэхуяг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эрдэнэхуягт авсан агдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эрдэнэхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Х.ОТГОНЖАРГАЛ

                                      ШҮҮГЧ                      М.МАНДАХБАЯР

                                                                         Д.ЦЭЦЭГЭЭ