Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганбагана,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407000000011 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, *******, , , , тоотод оршин суух бүртгэлтэй боловч , , , тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сар 90 хоногийн хугацаагаар тогтоосон,

******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өрөөнд байсан Дэлл /Dell/ брэндийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.д 1,935,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өрөөнд байсан Дэлл /Dell/ брэндийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.д 1,935,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч С.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 03 цагт Налайх дүүргийн Монгол-Германы хамтарсан сургуулийн дотуур байрны 228 тоот өрөөнд нөүтбүүкээ ширээн дээр гаргаж тавиад унтсан. Тэгээд өглөө зөөврийн компьютероо анзаарахгүй гараад өдөр хичээлд явчхаад орой хайгаад олоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Dell маркийн рам 8, 9 дүгээр үеийн нөүтбүүк байсан. Би 2023 оны 01 сард бэлгэнд авч байсан. Хяналтын камер байгаа. Манай өрөөний Г.******* гэх хүүхэд үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал),

 

  • “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НД-23-199 дугаартай “...Dell маркийн айб-тай, рам 8, 9 дүгээр үеийн нөүтбүүк 1.935.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 16-19 дэх тал),

 

  • , , тоотод байрлах ломбардаас ирүүлсэн гар утсаараа бичсэн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

  • , , тоотод байрлах ломбардад 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.******* нь Dell i5 загварын нөүтбүүкийг 700,000 төгрөгөөр барьцаалан зээлдсэн талаарх барьцаат зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

  • Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 12 дугаар сард яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, дотуур байрандаа сэрээд хартал өрөөндөө би ганцаараа байсан, босоод ширээн дээр байсан Дэлл брэндийн нөүтбүүкийг аваад гал тогооны тавиурын доор нуусан. Тэгээд 2-3 хоногийн дараа би тухайн нуусан нөүтбүүкийг авч гараад хотод Улсын их дэлгүүрийн хажуу талын “” гэдэг нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 700,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Харин хугацаа нь дуусч хураагдах гэж байхад нь би фейсбүүк цахим орчинд “Нөүтбүүк яаралтай зарна” гэсэн зарыг байршуулж, 830,000 төгрөгөөр худалдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал) болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Г.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч С.ий хулгайд алдагдсан Дэлл брэндийн нөүтбүүкийг 1,935,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.******* нь хохиролд 2,800,000 төгрөг төлсөн, хохирогч С. нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ