| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2024/0167/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/220 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/220
2024 02 19 2024/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч А.Ө, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ө д холбогдох 2303002870284 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрхан **-** тоотод оршин суух, урьд
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 374а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 267 дугаар зүйлийн 267.2-т зааснаар 01 жил 08 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хмшз/237 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
******** овогт А-ийн Ө (регистрийн дугаар:цг7507****).
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч А.Ө нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бат арвижих” хүнсний дэлгүүрийн урд замд “Hyundai sonata-6” маркийн **** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а “жолооч ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж явган зорчигч Д.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
1.1. Улсын яллагчаас: 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 300/а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1412 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хмшз/237 дугаар захирамж зэрэг баримтуудыг,
1.2. Өмгөөлөгч Н.Одонтуяа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Өлзийбаатарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс гэрч Б-ын мэдүүлэг /хх-31/, Мастер үнэлгээ компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-52/, Б.О-н тодорхойлолт /хх-54/, гэрч М-ийн мэдүүлэг /хх-93/, гэрч Нарантуяагийн мэдүүлэг /хх-95/, хохирогч А-ийн хэргийн материалтай танилцсан баримт, хүсэлт /хх-105/, /хх-107/, /хх-109/, Эрүүл мэндийн даатгалын санд 78,000 төгрөгийг төлсөн талаарх баримт, шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэргийг тус тус шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Шүүгдэгч А.Ө нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бат-*******” хүнсний дэлгүүрийн урд замд “Hyundai sonata-6” маркийн **** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “жолооч ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж явган зорчигч Д.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
4.1. Хохирогч Д.А-ийн “... 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим би гэрийнхээ гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрханы 12 дугаар гудамжинд байдаг “Бат-*******” хүнсний дэлгүүрийн үүдэнд гарч ирэх үед манай нөхөр Б өөрийнхөө “Toyota fielder” маркийн **** УНЭ улсын дугаартай машинтай дээшээ өгсүүр газар руу хөдлөх гэтэл дээрээс буюу урдаас нь “Hyundai Sonata-6” маркийн **** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч чигээрээ ирээд манай нөхрийн машиныг мөргөх шахам урд нь ирж тулаад дахин дахин хаазлаад байсан. Тэр үед манай нөхөр машинаасаа буугаад та зам тавьж өг манай машин өгсөх гэж байна, гэж нөгөө машины жолоочид хэлсэн. Гэтэл нөгөө машины жолоочийг харахад согтуу байсан, машиндаа өөр хүнтэй байсан тэр хүнтэйгээ хэрүүл хийгээд машинаасаа буух гээд байхаар нь би хоёр машины дундуур нь гүйж очоод салгах гэтэл тэр согтуу жолооч урагшаагаа чигээрээ хөдлөөд миний зүүн талын хөлийг мөргөөд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд манай нөхрийн машинтэй хавсарсан. Би тэр жолоочид чи намайг мөргөчихлөө шүү дээ машинаа ухраа гэхэд тэр хөдлөхгүй байсан, тэр үед манай нөхөр хойшоогоо ухраад хашаа руу ойртуулаад машинаа байрлуулахад тэр согтуу жолооч чигээрээ урагшаа хөдлөөд ойролцоо зогсож байсан нэг цагаан өнгийн машиныг мөргөөд дараа нь манай нөхрийн машиныг мөргөөд чигээрээ гудамжны үзүүр рүү зугтсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 хуудас),
4.2. Гэрч Ж.Б-ын “... би өөрийн автомашинаа хашааны үүднээс холдуулах гээд хөдөлтөл урдаас нэг Соната маркийн машин ирээд тулаад зогссон тэр үед эхнэр А дэлгүүрээс гарч ирээд хоёр машины дундуур явж байтал согтуу жолооч урагшаа хөдлөөд эхнэрийг мөргөсөн, дараа нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээд миний машинтай хөлийг нь хавчсан, ... би машинаа ухраагаад хашаа дагуулж тавиад буух үед нөгөө согтуу жолооч байсан газраасаа хөдлөөд хажууд байсан цагаан өнгийн автомашиныг мөргөөд чигээрээ зугтаад явсан. Араас нь нөгөө мөргүүлсэн машины жолооч очиж барьсан байсан, ...” (хавтаст хэргийн 30-31 хуудас),
4.3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... А овогтой Ө-г драйгер багаж ашиглан шалгахад 2,43 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. ...” (хавтаст хэргийн 13 хуудас),
4.4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5583 дугаартай “... Д.А-н биед зүүн өвдөгний дотор хагас саран жийргэвч мөгөөрсний арын эвэрийн урагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 хуудас),
4.5. 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 724 дугаартай “Hyundai Sonata-6” маркийн **** УНЗ улсын дугаартай автомашины жолооч А.Ө нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ "... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 80-81 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын акт (хавтаст хэргийн 6-9 хуудас)-аар тоормосны мөр илрээгүй, харин мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 80-81 хуудас) -нд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.4а заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн, улсын яллагч яллах дүгнэлтдээ мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн” гэсэн магадлагаанд тусгагдаагүй дүрмийн заалтаар ялласан.
Хохирогч Д.А (хавтаст хэргийн 16 хуудас), гэрч Ж.Б (хавтаст хэргийн 30-31 хуудас) нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Ө нь зогсож байгаад хөдлөхдөө хохирогчийг мөргөж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон тул Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар заалтыг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн дүрмийн 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" хэмээн мөрдөгч магадлагаанд дээрх заалтыг бүхэлд нь буюу яг ямар зөрчил гаргасныг тодорхой бичдэггүй нийтлэг байдлаар дүрмийн тухайн заалтад байгаа бүх зөрчлийн шинжүүдийг хуулбарлаж бичдэг, мөн прокурор дүрмийн ямар заалтыг зөрчсөн болохыг бусад яллах талын нотлох баримтуудтай харьцуулж тодорхой болгох талаар хяналтаа хэрэгжүүлээгүй, мөн уг хэргийн яллах дүгнэлт хуулийн шаардлагад нийцэхгүй “осол хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг” г.м Эрүүгийн хуульд байхгүй нэр томьёо хэрэглэсэн, яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийгдээгүй зэрэг алдаа зөрчлүүд байгаа хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
6. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хамаардаг.
7. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1.1. “согтууруулах ундаа" гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг ойлгохоор заасан.Шүүгдэгч А.Ө /жолооч/ нь зам тээврийн осол гаргасан цаг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь түүний мэдүүлэг “Цагаан нэртэй 2 шил 0,75 литрийн архийг уусан” талаар мэдүүлсэн (хавтаст хэргийн 28 хуудас), мөн цагдаагийн албан хаагчаас “согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 2,43% согтолттой, согтуурсан” болохыг тогтоосон баримт (хавтаст хэргийн 13 хуудас) зэргээр тогтоогдсон.
8. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Ө нь дээрх заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож Д.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан.
9. Шүүгдэгч А.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч бөгөөд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хохирогч Д.А (хавтаст хэргийн 16 хуудас), гэрч Ж.Б (хавтаст хэргийн 30-31 хуудас) нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон тул түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.
10. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй.
11. Хохирол, хор уршгийн талаар:
11.1. Хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2,400,000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 107, 108 хуудас), мөн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын 78,000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлсөн (хавтаст хэргийн 178 хуудас), “Nissan wingroad” маркийн **** УНТ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О-д 771,000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 54 хуудас), “Toyota Fielder” маркийн **** УНЭ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б-т 560,000 төгрөгийн хохирол төлсөн (хавтаст хэргийн 53 хуудас) болох нь баримтаар тогтоогдсон, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирлоо авсан нэхэмжлэх төлбөргүй байх тул шүүгдэгч А.Ө-г гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
12. Эрүүгийн хариуцлагын талаар:
12.1. Улсын яллагч: Шүүгдэгч А.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, нийт 01 жил 02 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар оногдуулах. Энэ ял дээр шүүгдэгч А.Ө-н тэнсэгдсэн 2 жил 6 сар 23 хоног ялыг нэмж, нийт 3 жил 8 сар 23 хоногийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэв.
12.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Ө-н хувьд гэмт хэрэг үйлдсэн даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй хэрэгт мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг санахгүй байна гэх мэдүүлгийг өгсөн. Өнөөдрийн хэлэлцүүлэгт хохирогчийн нөхөр намайг зодох гээд байсан учраас хөдөлсөн гэх мэдүүлгийг өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг тул тэнсэгдсэн ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан тул уг ялыг нэмэхгүй байх боломжтой гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
13.1 Шүүгдэгч А.Ө нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлын бодит зардлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нарын саналыг харгалзан А.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 02 сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
13.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч А.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 02 сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 08 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
13.3. Шүүгдэгч А.Ө урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хмшз/237 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон бөгөөд тэрээр хяналтын хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн.
13.4. Ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
13.5. Энэ ч үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон заалт тул шүүх тухайн хэм хэмжээг заавал хэрэглэнэ.
13.6. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ө-т энэ тогтоолоор биечлэн эдлүүлэхээр тогтоосон 08 сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хмшз/237 дугаар захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 02 жил 06 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 жил 02 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
14. Шүүгдэгч А.Ө-т холбогдох хэрэг нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдсэн, УИХ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн, уг хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
15. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******** овогт А-ийн Ө-г:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ө-г Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 02 сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан А.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 02 сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 08 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3, 6.12 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан А.Ө-т энэ тогтоолоор биечлэн эдлүүлэхээр тогтоосон 08 сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хмшз/237 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан 02 жил 06 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 жил 02 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Өлзийбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Ө-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгчийн иргэний болон жолооны үнэмлэх, бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Д.А-д 2,400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Б-т 560,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 78,000 төгрөг тус тус төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч энэ тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ