| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2026/0490/З |
| Дугаар | 221/МА2026/0735 |
| Огноо | 2026-10-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0735
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А
Нэхэмжлэгч: Ц.Га
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчид олгохоос татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д заасны дагуу суманд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсанд тооцож, холбогдох нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0694 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Га, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0490/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Га нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчид олгохоос татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д заасны дагуу суманд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсанд тооцож, холбогдох нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0694 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Гын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/2059 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1 дэх заалтад заасны дагуу суманд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг нэхэмжлэгч Ц.Гад олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “… журам үйлчилж эхлэх үед ажиллаж байгаа хуулийн шаардлага хангасан албан хаагч гэж тайлбарлах нь хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн зорилго, агуулгад нийцэхээр байна гэж үндэслэсэн нь хэрэгт авагдсан хуулийн үзэл баримтлал хуулийн зорилгод Монгол Улсын хэмжээнд байх алслагдсан сум буюу аймгийн төвөөс бусад суманд одоо ажиллаж байгаа төрийн алб хаагч нарт нэг удаа мөнгөн урамшуулал олгохоор тухайн хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлснээр нотлогдож байна” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Гаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан
2.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчид олгохоос татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
2.2. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д заасны дагуу суманд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах,
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсанд тооцож, холбогдох нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д заасны дагуу суманд тасралтгүй 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:
3.1. Нэхэмжлэгч Ц.Га нь 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул, Ягаан толгойн 6 дугаар багийн зохион байгуулагчаар, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төрийн захиргааны түшмэлээр, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл Онги-Таац голын сав газрын захиргааны газарт Газрын доор усны нөөц, хяналт, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллажээ.
3.2. Онги-Таац голын сав газрын захиргаанаас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 тоот албан бичгээр нэхэмжлэгч Ц.Гын мөнгөн урамшуулал авах хүсэлтийг холбогдох баримтын хамт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлэхэд хариу өгөөгүй. Улмаар нэхэмжлэгчээс мөн хүсэлтийг Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад гаргасны дагуу маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/2059 тоот албан бичгээр “... Төрийн албна хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-д заасан шаардлагыг хангахгүй байгаа тул Таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгснөөр энэхүү маргаан үүсжээ.
3.3. Төрийн албаны тухай хуульд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд уг хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална”, 57 дугаар зүйлийн 57.17-д “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэж тус тус нэмж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
3.4. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зорилгоор 2024 оны 83 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталжээ.
3.5. Дээрх журмын 2.1-д “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэж заасан байх ба хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас нэхэмжлэгч Ц.Гыг тус заалтын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр урамшуулал олгохоос татгалзсан нь Төрийн албаны тухай хууль болон тус журмын зорилгод нийцээгүй байна.
3.6. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Ц.Га нь 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төрийн албанд /төрийн захиргааны албан хаагчаар/ ажиллаж байгаа нь “тасралтгүй 5 жил /60 сар/ түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч” байх хууль, журамд заасан урьдчилсан нөхцөлийг хангаж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.
3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… журам үйлчилж эхлэх үед ажиллаж байгаа хуулийн шаардлага хангасан албан хаагч гэж тайлбарлах нь хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн зорилго, агуулгад нийцэхээр байна гэж үндэслэсэн нь хэрэгт авагдсан хуулийн үзэл баримтлал хуулийн зорилгод Монгол Улсын хэмжээнд байх алслагдсан сум буюу аймгийн төвөөс бусад суманд одоо ажиллаж байгаа төрийн албан хаагч нарт нэг удаа мөнгөн урамшуулал олгохоор тухайн хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлснээр нотлогдож байна” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
3.8. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт болон уг харилцааг нарийвчлан зохицуулахаар Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д дээрх зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө шаардлага хангасан албан хаагч гэж, эсхүл хэрэгжиж эхлэснээс хойш шаардлага хангасан албан хаагч гэж тодорхой заагаагүй байна.
3.9. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “таван жил тутамд нэг удаа” гэж зааснаас үзвэл цаашид давтагдах шинжтэй байх ба Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын зорилго нь хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэхэд оршиж байх тул дээрх тодорхойгүй зохицуулалтыг төрийн албан хаагчид ашигтай байдлаар тайлбарлаж хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, хууль дээдлэх зарчимд нийцнэ.
4. “Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсанд тооцож, холбогдох нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:
4.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна” гээд 28.1.15-д “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох” гэж заасан.
4.2. Анхан шатны шүүхээс “... ажил олгогч нь хариуцагч бус Онги-Таац голын сав газрын захиргаа байх бөгөөд хариуцагчийн аливаа хууль бус эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр байхгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.3. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч болон хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ