Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 46

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн,

Шүүгдэгч: Т.Идэрмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нүдэн овогт Төмөрчөдөрийн Идэрмөнхөд холбогдох 201715000001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Цагаан Овоо” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Нүдэн овогт Төмөрчөдөрийн Идэрмөнх. /РД: ЙА86062312/

Шүүгдэгч Т.Идэрмөнх нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан нуур” гэх газарт сумын иргэдийн хурлын даргын албан хэрэгцээнд унадаг автомашиныг жолооч С.Баасансүрэн даргын зөвшөөрөлгүйгээр унаж яваад мөсөнд суулгасан байхад нь өөрийн эзэмшлийн 82-45 УН улсын дугаартай Даявоо Доосан /Daewoo Doosan/ маркийн эксковатороор уг автомашиныг татаж гаргах явцдаа иргэн Б.Батнасанг эксковаторын шанагаар цохиж бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Идэрмөнх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Иргэдийн төлөөлөгчдийн хурлын машин мөсөнд суучихлаа гээд Баасансүрэн жолооч шөнө 2-3 цагийн үед ирээд машин мөснөөс гаргаад өгөөч гэж хэлсэн. Маргааш өдөр нь Баасансүрэн дахиад ирэхээр нь тэр газар нь очиход тухайн машины хоёр дугуй нь мөсөнд цөмрөөд орчихсон байсан. Тэр машиныг татаж гаргаж өгөх гэж байгаад болгоомжгүйгээр энэ гэмт хэргийг үйлдсэн. Миний буруутай үйл ажиллагаанаас болж энэ гэмт хэрэг гарсан. Хохирогчид учирсан хохиролд нийт 8.710.000 төгрөг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Б.Батнасан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд С.Баасансүрэн над руу өөрийнхөө утсаар залгаад иргэдийн хурлын дарга С.Батжаргалын 00-05 ӨВА улсын дугаартай автомашин мөсөнд суусан талаар хэлээд 2 ширхэг паяалник аваад ир гэж хэлсэн. Ингээд би хажуу айлаасаа паяалник аваад “Цагаан нуур” руу явж очсон ба 19 цаг хүртэл машиныг нь гаргах гэж оролдсон боловч татлага нь тасраад болохгүй байсан. Тэр үед Т.Идэрмөнх өөрийн эксковатортой байсан. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед Баруунбаян-Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Батжаргалын 00-05 ӨВА улсын дугаартай “Лексус 450” маркийн автомашины жолооч С.Баасансүрэн манай гэрт ганцаараа ирээд даргын машин “Цагаан нууранд” мөсөнд суучихлаа, очоод гаргалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Баасансүрэнтэй хамт Засаг даргын машинаар “Цагаан нуур” руу явж очих үед нуурын эргээс 200 орчим метрийн зайд С.Батжаргал даргын 00-05 ӨВА улсын дугаартай “Лексус 450” маркийн машин 4 дугуй нь мөсөнд далд орсон байдалтай зоогдсон байсан. Намайг очих үед Т.Идэрмөнх эксковатортой ирчихсэн байсан ба тухайн газар Засаг даргын жолооч Д.Бат-Эрдэнэ, Цогтбаяр, Ганбат, Доржсүрэн, Хорлообаатар, Төмөрхуяг, Оюунсүрэн, Идэрмөнх нар байсан. Өөр хүн байсан үгүйг санахгүй байна. Тэгээд Т.Идэрмөнх эксковатороо асаагаад машины ар талын чирэгч эксковаторын урд чирэгч хоёрын хооронд троссоор холбосон ба уг тросс нилээд хэдэн залгаатай байсан. Тэгээд машиныг чирж эхэлтэл тросс тасарсан ба эксковатор зогссон байдалтай, ямар нэг хөдөлгөөн хийгээгүй. Ингээд Т.Идэрмөнх эксковатороо машин руу эргэж харуулаад зогсоосон. Энэ үед би эксковаторын баруун гар талын шатахууны саван дээр суучихсан байсан бөгөөд тросс нь арай хүрэхгүй болохоор нь Т.Идэрмөнхөд хэлэх гээд урд талын цонхоор нь толгойгоо өнгийлгөтөл ар талаас эксковаторын сум буюу шанага их бие хоёрыг холбосон хэсэг нь толгой цээж хавсраад хавчсан. Энэ үед толгой их өвдөөд орилох гэтэл орилж болохгүй байсан. Тэгээд миний санаж байгаагаар эксковаторын сум буцаж миний толгой тавигдаж байсныг нь санаж байна. Мөн миний толгойноос их цус гоожиж байсан. Тэрнээс хойш би ухаан алдсан байсан. Би хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. Ямар ч байсан шөнө л нэг мэдэхэд сумын эмнэлэг дээр сэрсэн. Тэгээд өглөө нь аймгийн БОЭТөвийн гэмтлийн тасагт 2017 оны 12 дугаар сарын 21-нээс 24-ний хооронд хэвтэн эмчлүүлж байтал эмнэлгээс нэг өвчтөний бие нь муудаад тэрэнтэй хамт түргэний тэргээр Улаанбаатар хот руу очиж ГССҮТөвд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 11 хоног хэвтсэн. ГССҮТөвөөс намайг суурь ясны хугаралтай, бага тархины бяцралтай гэсэн онош гараад 1 дүгээр эмнэлэгт 4-5 хоног нүдээ үзүүлээд хэвлийн тодосгогчтой MRI-д харуулсан. Ингээд гэртээ эргэж ирээд Баянхонгор аймгийн Богд сум руу очиж 5 хоног бариулаад тэндээсээ Улаанбаатар хот руу явж баруун 4 замын урд талд байх “Ганзүү” эмнэлэгт очиж 14 хоног хэвтэж, зүү тавиулах, хануур хийлгэх, бариа засал зэрэг эмчилгээ хийлгэсэн. Одоо миний баруун нүд юм харж болохгүй хэцүү байгаа. Мөн тархины баруун тал хэсэг хатгаж өвддөг, чих жаахан дүлийрээд байгаа, өөрөөр бие гайгүй. Цээж эдгэсэн. Яг осол болох үед хөдөлгөөнд оролцоогүй тросс нь тасарчихсан зогсож байсан. Би гомдолтой байна. Намайг гэмтсэн байхад ер нь харьцаагүй. Эмчилгээ болон бусад зардлаа баримтаар нэхэмжилнэ. Надад 2 сая гаруй төгрөг өгсөн. Мөн би Т.Идэрмөнхөөс урьд зээлсэн 1 сая төгрөг байдаг. Өөр мөнгө өгөөгүй. /хх-ийн 81-82 хуудас/

Гэрч С.Баасансүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчимд Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг “Нуурын цээж” нэртэй газар руу аргал түүхээр сумын иргэдийн хурлын дарга С.Батжаргалын 00-05 ӨВА улсын дугаартай, саарал өнгийн, “Лексус-450” маркийн автомашинтай ганцаараа явсан. Ингээд аргал түүж машиндаа аччихаад буцах замдаа нуурын захын мөсөн дээгүүр явж байтал нуурын мөс цөмрөөд машины урд дугуй далд ороод хойд дугуй обудны гол хүртлээ мөсөнд суусан байсан. Тухайн үед би машинаа гаргах гээд нэлээд хэдэн цаг урагш хойш холхиж оролдсон боловч гарахгүй байхаар нь утсаар Цогтбаярыг дуудтал Цогтбаяр, Ганбат хоёр 22 цагийн орчимд миний байгаа газар ирэхээр нь машинаа тэндээ орхичихоод тэр хоёртой хамт сумын төв яваад Т.Идэрмөнхтэй уулзаж хурлын даргын машин мөсөнд суучихлаа, эксковатороороо татаад өгөөч гэж хэлтэл одоо орой болчихсон байна, тэглээ ч эксковатор хөдөө байгаа, тиймээс маргааш өглөө эрт болоё гэж хэлсэн. Тухайн үед шөнийн 02 цаг өнгөрч байсан. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 08 цагийн орчимд гэрээсээ гараад сумын төвөөс хэд хэдэн айлаас тросс цуглуулж аваад Цогтбаярынд очтол тэднийд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 4 хүн Пургон машинтай ирсэн байхаар нь би тухайн шийдвэр гүйцэтгэх албаны жолооч Мөнхбаатараас машин татаад өгөөч гэж гуйсан. Би Мөнхбаатарыг таньдаг бөгөөд надад зөвшөөрөөд машиныг нь шийдвэр гүйцэтгэлийн Гүрсэд бас нэг ажилтантайгаа хамт, Цогтбаяр, би, Засаг даргын жолооч Бат-Эрдэнэ, Ганбат нартай хамт Засаг даргын машинтай нийт хоёр машинтай “Цагаан нуур” руу хөдөлсөн. Цагаан нуур дээр очоод мөсөнд суусан машинаа тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн Пургон машинаар татах гэтэл тросс нь хүрэхгүй байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ч ажилтай гээд явцгаасан. Тэгээд буцаад сумын төврүү 11 цагийн үед Т.Идэрмөнхийн гэрт очоод Т.Идэрмөнхийн дүүгийн машинтай Бат-Эрдэнэ, Т.Идэрмөнх бид гурав эксковатор байгаа газар руу явж Т.Идэрмөнхийн таньдаг ачааны машинтай хүнийг гуйгаад эксковаторыг нь ачуулаад хэрэг болдог “Цагаан нуур”-ын эрэг дээр аваачиж 21 цагийн үед буулгаад гэртээ харьж амарсан. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө Бат-Эрдэнэ, Ганбат, Доржсүрэн нар руу утсаар яриад Ука замд таараад 12 цаг өнгөрч байхад Т.Идэрмөнхийн гэрт очоод Бат-Эрдэнийн машинтай машин суусан газарт 14 цагийн орчимд очсон. Эксковатороо паяалникдаж асаах гэтэл паяалникны шатахуун дууссан. Ингээд би Батнасан руу яриад шатахуун дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгтэл 16 цагийн орчимд Б.Батнасан мотоцикльтой ирээд бензин өгчихөөд бид нарт тусалсан. Эксковатороо паяалникдаж асаачихаад машинаа таттал тросс нь тасраад болохгүй байсан. Тэгээд орой 18 цагийн үед байх гэр гэртээ харьцгаасан. Тэгээд Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө Бат-Эрдэнэ, Т.Идэрмөнх, Доржсүрэн, Оюунсүрэн, Падиг, Цогтбаяр, Ганбат, Б.Батнасан, Хорлообаатар бид нар 10-уулаа Бат-Эрдэнийн унадаг Засаг даргын машин, Ганбатын Истана гэсэн хоёр машинтай “Цагаан нуур” руу 12 цагийн үед очиж эксковатороо паяалникдаж 15 цагийн үед асаачихаад суусан машинаа татаж эхэлсэн. Энэ үед 00-05 ӨВА улсын дугаартай “Лексус-450” маркийн автомашины хажууд Бат-Эрдэнэ, Доржсүрэн, Оюунсүрэн, Падиг, Хорлообаатар, Цогтбаяр, Ганбат нар байсан ба эксковатор баруун зүг рүү харж зогссон байсан ба би эксковаторын зүүн талд, баруун талд Б.Батнасан газар зогсож байсан. Харин эксковаторыг Т.Идэрмөнх жолоодож байсан. Энэ үед эксковаторын шанага ажиллаж байсан. Нэг хартал Б.Батнасан хамраас нь цус гоожоод толгой, цээж хэсгээрээ эксковаторын кабин сум хоёрын хооронд хавчуулагдсан бололтой сум тавигдчихсан байсан. Б.Батнасан гинжин дээр тэгнэж хагас хэвтээ байдалтай байсан. Тэгээд Идэрмөнх, Бат-Эрдэнэ хоёрын нэг нь эмнэлэг дуудсан бөгөөд 18 цагийн үед сумын эмч Байгалмаа ирж үзээд эмнэлэг рүү аваад явсан. Тэр өдрөө эмнэлэг дээр хоноод маргааш нь аймгийн эмнэлэг рүү явсан. Тэр машин нь сумын иргэдийн хурлын даргын албан ажилдаа унаж хэрэглэдэг төрийн өмчийн, 00-05 ӨВА улсын дугаартай, саарал өнгийн Лексус-450 маркийн машин байсан. Уг машиныг аймгийн иргэдийн хурлаас манай суманд 2013 онд өгсөн. 1996 онд үйлдвэрлэгдсэн засвар үйлчилгээ муу хийгдсэн хуучин машин. Тухайн машин “Цагаан нуур”-ын мөсөнд суусны улмаас түүнийг татаж гаргахын тулд бид нар нуур руу очсон. Би тухайн үед Засаг даргад машин суусан талаар хэлэхэд манай сумын Засаг дарга Баатарчулуун надад мэргэжлийн байгууллага дуудах уу? Ямархуу байдалтай байна? гэж асуухаар нь би хэрэггүй ээ, нэг их сүртэй биш юм байна, энүүгээрээ ингэс хийгээд гаргачих боломжтой юм байна гэж хэлээд машиныг нь гуйж авсан. Би С.Батжаргал болон холбогдох бусад хүмүүсээс зөвшөөрөл аваагүй. 00-05 ӨВА улсын дугаартай машинаар аргалд явсан талаар дарга нар мэдээгүй байсан. Б.Батнасангийн хамарнаас нь цус их гарч байсан. Аль талыг нь сайн санахгүй байна нэг ханцуй нь их цус болсон байсан. Тонгойх гээд чадахгүй байсан бөгөөд найз нь үхлээ шүү дээ л гэж хэлж байсан. Т.Идэрмөнх юу гэж ярьсан талаар би сонсоогүй. Тухайн үед би их балмагдсан байсан. Цус гоожилт нь багассан. Эксковатороос 4-5 метрийн зайтай нуурын эрэг дээр суучихсан би хажууд нь түшээд сууж байсан ба үхлээ гэхээс өөр үг хэлэхгүй байсан. /хх-ийн 84-86 хуудас/

Гэрч Б.Оюунсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Бид нарын байсан газраас 200 метрийн зайд байх эксковаторын хажууд Б.Батнасан, С.Баасансүрэн нар байсан. Эксковаторын хоёр талд зогсоод зааварлаад байгаа бололтой байсан. Эксковаторыг Т.Идэрмөнх ажиллуулж байгаа харагдаж байсан. Их хол байсан болохоор сайн харагдаагүй. 00-05 ӨВА улсын дугаартай Лексус-450 маркийн машины хажууд байсан Бат-Эрдэнэ, Цогтбаяр, Ганбат, Падиг, Хорлообаатар бид нар Ганбатын машинд байсан 1 шил 750 граммын “Хараа” нэртэй архийг бид 7-уулаа хувааж уусан. Б.Батнасан, Т.Идэрмөнх, С.Баасансүрэн тухайн архинаас уугаагүй. Өөр архи дарс тусдаа уусан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Бид хэд уг архийг ууж дуусчихаад машинаас гараад мөсөө цохиж байтал С.Баасансүрэн /Бор/ даллаад байхаар нь бид нар бүгд эксковатор байгаа газарт яваад очтол С.Баасансүрэн, Т.Идэрмөнх нар Б.Батнасанг хоёр талаас нь сугадаад эксковаторын сумны харалдаа газраас түшээд Засаг даргын “Ланд круйзер-80” маркийн машины хойд суудалд суулгасан. Энэ үед Б.Батнасангийн хамарнаас нь цус гарчихсан хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Бид нар гадаа байсан бөгөөд С.Баасансүрэн машин дотор Б.Батнасантай хамт байсан. Т.Идэрмөнх хаана байсан талаар санахгүй байна. Удалгүй эмнэлгийн машинтай их эмч Байгалмаа, бага эмч Амарбаясгалан жолоочийн хамт ирж үзээд шингэн залгаад эмнэлэг рүү аваад явсан. Эксковатор  Т.Идэрмөнхийн эзэмшлийнх гэж бодож байна. Би өмнө нь харж байгаагүй. Хамарнаас нь цус гарч байсан. Тэр хоёр юу ярьсан талаар мэдэхгүй байна. /хх-ийн 88-89 хуудас/

Гэрч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Машинаас 200 орчим метрийн зайд байх эксковатор байгаа газарт Б.Батнасан, С.Баасансүрэн нар байсан бөгөөд эксковаторын жолоон дээр Т.Идэрмөнх суусан байсан. Бид нар мөсөнд суусан машины мөсыг мод, лоомоор цохиж байтал Доржсүрэн нэг шил архи авсан байсан бөгөөд тэр архиа бид нар 7-уулаа Ганбатын Стана маркийн машин дотор хувааж уусан ба тухайн архинаас хүн болгон бага зэрэг амсаад л дууссан гэж хэлж болно. Архи уусан шалтгаан нь тухайн өдөр гадаа их хүйтэн байсан болохоор л архи уусан. Бид хэд уг архийг ууж дуусчихаад Стана машинаас гараад ирэхэд Б.Батнасан, Т.Идэрмөнх, С.Баасансүрэн гурав эксковатороо ажиллуулаад мөс цөмлөж байсан. Бид хэд ч гэсэн суусан машины мөсийг тойруулаад ломоор цохиж байсан. Тэгтэл С.Баасансүрэн /Бор/ даллаад байхаар нь бид нар бүгд эксковатор байгаа газарт яваад очтол Б.Батнасан эксковаторын хажууд хамраас нь цус гоожоод бага зэрэг орилоод байж байсан. Бид нарыг очиход С.Баасансүрэн, Т.Идэрмөнх нар Б.Батнасанг хоёр талаас нь сугадаад Засаг даргын “Ланд круйзер-80” маркийн машины хойд суудалд суулгасан. Тэгтэл эмнэлгийн машинтай Байгалмаа, Амраа эмч жолоочийн хамт ирж үзээд эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед яг юу болсон талаар би сайн мэдэхгүй. Учир нь хэрэг гардаг газраас 200 метрийн зайтай хол байсан. Машин 4 хоног л лав суусан байх. Тухайн мөсөнд суусан машиныг л татаж гаргах гэж нуур руу очсон. Тухайн машин Иргэдийн хурлын дарга С.Батжаргалын албаны машин. Хувийн ажлаар явж байгаад л нуурын мөсөөр гарах үедээ суусан гэсэн. Аргалд явж байсан гэсэн байх аа. Би яг сайн мэдэхгүй байна. Хурлын дарга С.Батжаргал л хариуцдаг байх. Улаан шаргал өнгийн жижиг оврийн эксковатор байсан. Би эксковаторт ойртоогүй тул цус болсон эсэх талаар мэдэхгүй байна. Т.Идэрмөнхийн эксковатор байх. Ихэнхдээ хөдөө байдаг юм билээ. Батнасангийн хамарнаас нь цус гарч байсан ба цус нь удалгүй тогтсон. Тэр хоёр хэлэхдээ сум кабин хоёрын хооронд хавчуулагдчихлаа гэж хэлсэн. /хх-ийн 91-92 хуудас/

Гэрч Д.Цогтбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Тэр гурав эксковатороо ажиллуулаад мөс цөмлөж байсан. Бид хэд ч гэсэн суусан машины мөсийг тойруулаад ломоор цохиж байсан. Тэгтэл С.Баасансүрэн /бор/ даллаад байхаар нь бид нар бүгд эксковатор байгаа газар руу яваад очтол Б.Батнасан эксковаторын хажууд хамарнаас нь цус гоожоод байж байсан. Бид нарыг очиход С.Баасансүрэн, Т.Идэрмөнх нар Б.Батнасанг хоёр талаас нь сугадаад Засаг даргын “Ланд круйзер-80” маркийн машины хойд суудалд суулгасан. Ингээд удалгүй эмнэлгийн машинтай Байгалмаа, Амраа эмч жолоочийн хамт ирж үзээд эмнэлэг рүү аваад явсан. Нуурын мөсөнд суусан 00-05 ӨВА улсын дугаартай “Лексус-450” маркийн машин, эксковатор хоёрын хооронд 200 метр зайтай байсан. Тийм болохоор тэнд яг юу болсон талаар нарийн мэдэхгүй байна. Уг машин нь сумын иргэдийн хурлын даргын албан ажилдаа унаж хэрэглэдэг төрийн өмчийн машин байсан. Тухайн машин 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Цагаан нуур”-ын мөсөнд суусан. Эксковатор нь Т.Идэрмөнхийнх байх, миний мэдэхээр сая машин мөснөөс татах үед л харсан. Б.Батнасангийн хамарнаас нь их цус гарч байсан. Дээлнийх нь энгэр рүү нь цус гоожсон байсан. Муухан алхаж байсан ба хажууд нь С.Баасансүрэн түшээд явж байсан. Тэр хоёр бид нарт хэлэхдээ Б.Батнасанг эксковаторын суманд хавчуулагдсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. /хх-ийн 94-95 хуудас/

Гэрч Б.Доржсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Б.Батнасангийн хамарнаас нь их цус гарч байсан. Дээлнийх нь энгэр рүү цус гоожсон байсан. С.Баасансүрэн, Т.Идэрмөнх нар Б.Батнасанг түшиж байсан бөгөөд өөрөө алхаж чадахгүй байсан. Т.Идэрмөнх хэлэхдээ эксковаторт хавчуулагдчихлаа гэж хэлсэн. С.Баасансүрэн ямар нэг зүйл яриагүй. /хх-ийн 97-98 хуудас/

            Гэрч Б.Ганбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Бид хэд архи ууж дуусчихаад машинаас гараад мөсөө цохиж байтал С.Баасансүрэн /бор/, Т.Идэрмөнх хоёрын нэг нь даллаад байхаар нь бүгд эксковатор байгаа газарт яваад очтол С.Баасансүрэн, Т.Идэрмөнх нар Б.Батнасанг хоёр талаас нь сугадаж эксковаторын сумны хавиас буулгаад Засаг даргын “Ланд круйзер-80” маркийн машины хойд суудалд суулгасан. Энэ үед Б.Батнасангийн хамарнаас нь цус гарчихсан, хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Бид нар гадаа байсан бөгөөд Т.Идэрмөнх, С.Баасансүрэн нар л машин дотор Б.Батнасантай хамт байсан. Удалгүй 30-40 минутын дараа эмнэлгийн машинтай их эмч Байгалмаа, бага эмч Амарбаясгалан нар жолоочийн хамт ирж үзээд шингэн залгаад эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед яг юу болсон талаар би сайн мэдэхгүй. Учир нь хэрэг гардаг газраас бид 7-уулаа 200 метрийн зайтай хол байсан. С.Баасансүрэнгийн унаж явсан машиныг мөснөөс гаргаж тус болох зорилготой явсан. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу хэрэг гардагийн маргааш өдөр нь хурлын даргын 00-05 ӨВА улсын дугаартай машиныг сумын онцгой байдлын аврах бүлгийн гишүүд очиж гаргасан. Би тэр бүлэгт бас байдаг. Б.Батнасангийн хамарнаас нь цус гарч байсан. Дээлнийх нь энгэр рүү нь цус гоожсон байсан. С.Баасансүрэн, Т.Идэрмөнх нар Б.Батнасанг түшиж байсан бөгөөд өөрөө муухан байсан. Т.Идэрмөнх хэлэхдээ эксковаторын сум татаж байх үед зааварчилж байгаад хавчуулагдчихлаа гэж хэлсэн. /хх-ийн 100-101 хуудас/

Гэрч Б.Хорлообаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… С.Баасансүрэн /бор/ орилоод даллаад байхаар нь бид нар бүгд эксковатор байгаа газарт яваад очтол С.Баасансүрэн нь Б.Батнасан эксковаторын шанаганд хавчуулагдчихлаа, одоо яах вэ? гэхээр нь эмч дууд гээд дуудсан. Тэгтэл эмнэлгийн машин удалгүй хүрч ирсэн. Сумын эмч Байгалмаа 1 эмчтэй хамт ирээд Б.Батнасанг сумын эмнэлэг рүү аваад явсан. Би тэгээд гэр рүүгээ явсан. Тэр хэд сумын төв рүү явсан. Манай гэр нуурын ойролцоо хөдөө байдаг. Би тэнд тэмээ хариулж яваад санамсаргүй тэд нартай таарсан. Мөсөнд суусан машиныг С.Баасансүрэн унадаг бөгөөд иргэдийн хурлын дарга С.Батжаргалын машин. Хэд хоног мөсөнд суусныг нь би мэдэхгүй. Надад тэд нар энэ талаар хэлээгүй. /хх-ийн 103-104 хуудас/

            Гэрч Д.Байгалмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Тухайн хэрэг гардаг өдөр 18 цагийн орчимд Т.Идэрмөнх 89807210 дугаарын утаснаас миний 99669831 дугаарын утас руу залгаж эксковаторт хүн хавчуулагдчихлаа, хамарнаас нь цус гараад байна, яаралтай ирээч гэсэн утгатай дуудлага өгсөн. Дуудлага авснаас хойш 30 минутын дараа “Цагаан нуур”-т очсон. /хх-ийн 105-106 хуудас/

Гэрч С.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Хэргийн талаар тухайн үед мэдээгүй. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 21-нд Засаг даргын орлогч Төрмөнхөөс мэдсэн. С.Баасансүрэн надад хэлэхдээ элсний хаяанд айлд очоод буцахдаа нуур хөлдсөн байх гэж бодоод нууран дээгүүр явтал цөмрөөд орсон гэж хэлсэн. Би сумын хурлын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 04-нд томилогдсон. Машиндаа өөрөө ч сууж үзээгүй. Баасансүрэн дураараа авч явж унагасан байсан. /хх-ийн 107 хуудас/

Гэрч Д.Баатарчулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би тухайн өдөр гэртээ байхад 18 цагийн үед Т.Идэрмөнх над руу залгаад эксковатороор хүн хавччихлаа, эмчийн дугаарыг өгөөч гэж хэлсэн. Тэгээд би хэргийн газар нь сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа 2-ын хамт очиход эмч нар оччихсон Б.Батнасанд шингэн залгаад байж байсан. Тухайн үед манай сумын иргэдийн хурлын даргын машин “Цагаан нуур”-ын мөсөнд суугаад Т.Идэрмөнх түүнийг татаж гаргах гэж туслаж байгаад энэ хэрэг гарсан юм байна лээ. Хурлын даргын жолооч ажилтай С.Баасансүрэн хувийн ажлаар унаж яваад мөсөнд суулгасан гэсэн. Мэргэжлийн байгууллагаас тусламж хүсээгүй. Учир нь С.Баасансүрэн жолооч надад машин суусан талаар танилцуулахдаа сүртэй зүйл болоогүй, машинаар татаад гаргачих бүрэн боломжтой гэж танилцуулсан. /хх-ийн 108-109 хуудас/

Гэрч Б.Адъяадолгор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Манай нөхөр Т.Идэрмөнх над руу залгаад би эксковатор барьж байтал хүн хавчуулагдчихлаа. Эмнэлэг дуудчихлаа гэж хэлсэн. Би тэр талаар хадам аавд хэлээд бид 2 эмнэлгийн гадаа хүлээж байтал сумын эмч Байгалмаа Б.Батнасанг эмнэлэг дээр авч ирсэн. Б.Батнасан нь тухайн үед ухаантай байсан. /хх-ийн 110 хуудас/

Гэрч Д.Төмөрчөдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Тухайн өдөр 18 цагийн орчимд Т.Идэрмөнхийн эхнэр Адъяадолгор над руу утсаар яриад Т.Идэрмөнхийг эксковатороор хүн хавччихлаа гэж хэлсэн. /хх-ийн 111 хуудас/

Гэрч Л.Цэрэндулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 11 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн орчимд манай бэр дүү Гантүлхүүр залгаад Дэлгэрмаа сая манайд ирээд явлаа, урд мөсөн дээр л нэг зүйл болсон юм шиг байна, эмч тийшээ явчихлаа гэж хэлсэн. Би эмнэлэг явах гээд гарсан. Жаахан байж байгаад юу болсон юм бол гээд утсаар асуутал мэдэхгүй, би эмнэлэг орох гээд явж байна гэсэн. Тэгэхээр нь би Дэлгэрмааг цуг эмнэлэг явъя, хүрээд ир гэхэд удалгүй Дэлгэрмаа хүрч ирээд Б.Батнасанг алчихсан гэж байна шүү дээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр, бэр, бид нар Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг “Цагаан нуур” гэх газарт 19 цагийн орчимд яг хэрэг болсон газар руу очиж явтал урдаас 3-4 машины гэрэл гараад сумын төв рүү явж байсан. Тэгээд тэд нарын эгнээнд ороод шууд сумын эмнэлэг дээр ирсэн. Тэгтэл нэг машин нь манай сумын Засаг даргын машин байсан. Дотроос нь манай хүү Б.Батнасан цус нөж болчихсон, хүмүүсээр түшүүлээд гарч ирсэн. Ингээд эмчилгээ хийлгээд шөнөжингөө л эм тариа хийлгэж хоносон. Сумын их эмч Байгалмаа Б.Батнасанг тархины хүнд гэмтэлтэй, аймаг орж томографийн зураг авахуул гэж надад хэлсэн. Маргааш нь 14 цагийн орчимд сумаас гараад 18 цагийн орчимд аймгийн БОЭТөвд ирсэн. Тухайн үед Б.Батнасангийн биеийн байдал нь их муу байсан. БОЭТөвийн гэмтлийн тасагт шууд хэвтэж 3 хоносон. Томографийн зураг авахуулсан. Хариу нь гэмтэл нь хүнд биш зүгээр гэж хэлсэн. Тэгэхээр БОЭТөвийн захирал Ц.Анхтуяагийн өрөөнд манай худ Саран бид хоёр ороход Батмягмар, Энх-Амгалан гэх хоёр эмчийг дуудаж оруулж ирээд бид 5 ярилцсан. Би манай хүүхдийн биеийн байдал муу байна, хот руу хүргэж өг гэж хэлэхэд Энх-Амгалан, Батмягмар гэх хоёр эмч нь танай хүүхэд зүгээр, хүнд биш, гэмтэл нь энд эмчлэгдэнэ, хот руу явуулах шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэр хариуг сонсоод хүүхдийнхээ хэвтэж байсан тасагт очоод тэндээ хоносон. Маргааш нь манай охин Мөнгөнцэцэг эмч нартай уулзахад мөн л дээрх хариуг хэлсэн гэсэн. Ингээд манай хүүхдийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Цэрэнбатаа эмч үзээд их хүнд гэмтсэн байна. Яаралтай хот явуулах шаардлагатай гэж үзсэнээр Улаанбаатар хотод 18 цагийн орчимд очиж гэмтлийн эмнэлэгт 11 хоног хэвтсэн. Тэндээ нарийн шинжилгээнүүд хийгдээд гэмтэл нь хүнд гэж тогтоогдсон. ГССҮТөвөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гараад 1 дүгээр эмнэлэг дээр очоод нүд, дотор, мэдрэл, хэвлийн хөндийн тодосгогчтой эмираед үзүүлсэн. Ингээд одоо Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байх “Ганзүү” гэх эмнэлэгт 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж хэвтсэн. Б.Батнасан надад хэлэхдээ манай иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга С.Батжаргалын машин “Цагаан нуур”-ын мөс цөмөрч суугаад тэрийг нь Т.Идэрмөнх болон бусад найзуудынхаа хамт татаж гаргах гээд Т.Идэрмөнх эксковатороо ажиллуулж байсан. Тухайн үед хурлын даргын машин мөсөнд 200 метрийн зайтай суусан байсан бөгөөд дунд нь мэдээллийг нь дамжуулж хэлж байсан. Тэгтэл нэг мэдэхэд толгойг нь сум кабин хоёрын хооронд хавчсан гэж хэлсэн. /хх-ийн 112-113 хуудас/

Гэрч Ц.Анхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би уг асуудлын талаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн. Би тухайн үед БОЭТөвийн захирлын албыг хашиж байсан ба тэр өдөр 11 цагийн орчимд Б.Батнасангийн ээж нь өөрийнхөө үеийн нэг хүнтэй манай өрөөнд орж ирээд надад манай хүүхэд Баруунбаян-Улаан сумаас ирээд эмнэлэгт хэвтсэн, ямар ч эмчилгээ хийхгүй байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь гэмтлийн тасгийн эрхлэгч Батмягмарыг өвчний түүхийг нь аваад ир гэж дуудсан. Тэгээд Батмягмар эмч ирээд өөрөө өвчний түүхийг нь харуулж байгаад Б.Батнасангийн ээж, цуг явсан хүн хоёрт нь бүрэн танилцуулсан. Тэр үед цусны ерөнхий шинжилгээ гараагүй маргааш нь гарах байсан ба бусад төрлийн шинжилгээнүүд хийгдээд хариу нь гарчихсан, өвчний түүхэн дээр нь бичээтэй байсан. Тэгээд би эмнэлэг эрхэлсэн орлогч дарга Энх-Амгаланг өрөөндөө дуудаад ар гэрээс нь ийм хүсэлт тавьж байна гэж хэлсэн. Түүнээс хойш надтай дахиж уулзаагүй. Биеийн байдал дунд зэрэг л гэж танилцуулсан. Суурь ясны хугаралтай гэж хэлээгүй. Өвчний түүхэн дээр суурь ясны хугарал гэж онош бичигдээгүй байсан. /хх-ийн 114 хуудас/

Гэрч Д.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би уг асуудлын талаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдээ авч байх үед мэдсэн. Тэгээд би 2016 оны 11 дүгээр сарын 23-ны орой Б.Батнасангийн өвчний түүхийг үзэхэд тархины няцралын 1, 2 дугаар зэрэг, нүд хөдлөх мэдрэлийн саажилт, дунд чихний шүүдэст хурц үрэвсэл баруун талдаа гэсэн оноштойгоор эмчлэгдэж байсан. Томографийн дүгнэлтэд бичихдээ тархинд голомтот болон эзэлхүүнт үүсгэвэргүй, тархины эдийн хатуу зөөлөн бүрхүүл эдэд цус хуралтгүй, суурийн хөндийд 1.1x1.1 хэмжээтэй үрэвслийн шингэнтэй, дух, суурь, гайморын хөндийн агааржилт хэвийн, гавал яс нь деструкц гэмтэлгүй гээд дүгнэлт хэсэгт суурийн хөндийн архаг синусит гэсэн байсан. Синусит гэдэг нь суурийн ясны хөндийн архаг үрэвсэл гэсэн онош юм. Тархины суурь ясны хугарал гэсэн онош тавигдаагүй. Нүдний эмч нүд хөдлөх мэдрэлийн саажилт гэж оношилсон. /хх-ийн 115 хуудас/

Гэрч В.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би уг эксковаторыг зарын дагуу нэг хүнд зарсан. Тухайн хүн Өвөрхангай аймгийн Т.Идэрмөнх гэх хүн байсан. Бэлэн 24.000.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед надад бэлэн 24.000.000 төгрөг тоолж өгчихөөд одоо ажилтай байна, утсаар ярьж байгаад шилжүүлье гэж хэлээд эксковаторыг ачаад аваад явсан. Ямар нэг төлбөрийн асуудал байхгүй. /хх-ийн 116 хуудас/

Гэрч С.Батмягмар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би уг хүнийг Баянмөнх эмчид хүлээлгэж өгөөд шаардлагатай эмчилгээг бүрэн хийлгэсэн. Биеийн байдал тогтвортой дунд, шаналангуй байсан. Манай томографикийн зураг 16-тай учир шугаман хугарал харагдахгүй байх тохиолдол байдаг. /хх-ийн 117 хуудас/

Шинжээч Ц.Халтархүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би уг дүгнэлтийг гаргахдаа Б.Батнасанг өөрийн биеэр үзэж мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн өвчний түүхэнд бичигдсэн гавал ясны зураг, цээжний зураг, гавал тархины компьютер томографикийн шинжилгээнүүдийг үндэслэж дүгнэлт гаргасан. Тухайн шинжилгээнүүдэд гэмтлийн шинж тэмдэг илрээгүй бөгөөд тархины доргилт, даралт буух, цээжний зөөлөн эдийн гэмтэл, дагз, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий гэмтлүүд үзлэгээр тогтоогдсон учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж гаргасан. Тухайн өвчний түүх болон томографикийн зураг дээрээс харахад ямар нэгэн тархины няцрал, ясны хугарал гэмтэл байгаа талаар огт бичээгүй байсан. Зүгээр л дагз хэсгийн зулгаралт гэсэн ерөнхий онош л байсан. /хх-ийн 122 хуудас/

Шинжээч Б.3агдзэсэм мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Үйлдвэрлэлийн осол гэдэг нь хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа үйлдвэрлэлийн болон түүнтэй адил хүчин зүйлд өртөхийг хэлнэ гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд томъёолж өгсөн байдаг. Энэ болсон асуудал нь өөрийнхөө аюулгүй байдлыг хангаагүйн улмаас үүссэн болохоор үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй. /хх-ийн 146-147 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Батнасангийн биед тархины доргилт, дагз, хуйх, цээжний зөөлөн эдийн гэмтэл, дагз, зүүн хацрын зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 119 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Батнасангийн биед гавлын ясны баруун талын хөхлөг сэртэнгээс суурь ясны их далавч хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөгийн хөндийд цус хуралт, бага тархины баруун талын дэлбэнд голомтлог цус хуралт, дагзны хуйх, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 125-126 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 224 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Батнасангийн биед гавлын ясны баруун талын хөхлөг сэртэнгээс суурь ясны их далавч хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөгийн хөндийд цус хуралт, бага тархины баруун талын дэлбэнд голомтлог цус хуралт, дагз, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн 37 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 364 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь нарийн шинжилгээ хийгдэж оношлогдоогүй байна. Б.Батнасангийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөхгүй. /хх-ийн 131-132 хуудас/

            Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг үүргийг тусгасан байдаг. Дээрх хуулийн 18.2.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн гормыг чанд мөрдөх, 18.2.7-д өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 141-143 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... Уг болсон хэрэг нь зам тээврийн осол биш байна. Т.Идэрмөнх нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй учир зөрчсөн үндэслэл байхгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний тайлбар 1 дүгээр бүлэгт “Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал” гэж заасан байгаа нь осол гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 136 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №02/45, №02/46 дугаартай үнэлгээний тайлангууд, эмчийн үзлэгийн тэмдэглэл, хохирогч Б.Батнасангийн өвчний түүхийн хуулбар, хохирол хүлээлцсэн тэмдэглэл, шүүгдэгч Т.Идэрмөнхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1-2, 13-17, 37-65, 68-75, 150-151, 153-162, 164-177, 179-185, 191-192, 194-196, 224-225 хуудас/

Шүүгдэгч Т.Идэрмөнхийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 199, 217, 222-223 хуудас/

Шүүгдэгч Т.Идэрмөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 200 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Идэрмөнх нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан нуур” гэх газарт тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан хэрэгцээний автомашиныг мөсөнд суусан байхад нь өөрийн эзэмшлийн 82-45 УН улсын дугаартай Daewoo Doosan маркийн эксковатороор мөснөөс татаж гаргах явцдаа хохирогч Б.Батнасанг эксковаторын шанагаар хавчиж бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Идэрмөнхийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Батнасангийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баруунбаян-Улаан сумын иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга С.Батжаргалын 00-05 ӨВА улсын дугаартай “Лексус 450” маркийн автомашиныг тус сумын “Цагаан нуур”-т мөсөнд суусан байхад Т.Идэрмөнх эксковатортой ирчихсэн троссоор татаж гаргах үед би эксковаторын баруун гар талын шатахууны саван дээр суучихсан байсан бөгөөд тросс нь арай хүрэхгүй болохоор нь Т.Идэрмөнхөд хэлэх гээд урд талын цонхоор нь толгойгоо өнгийлгөтөл ар талаас эксковаторын сум буюу шанага их бие хоёрыг холбосон хэсэг нь толгой цээж хавсраад хавчсан. Миний толгойноос их цус гоожиж байсан. Гэрч С.Баасансүрэнгийн эксковаторыг Т.Идэрмөнх жолоодож байсан. Эксковаторын шанага ажиллаж байсан. Нэг хартал Б.Батнасан хамраас нь цус гоожоод толгой, цээж хэсгээрээ эксковаторын кабин сум хоёрын хооронд хавчуулагдсан бололтой сум тавигдчихсан байсан. Б.Батнасан гинжин дээр тэгнэж хагас хэвтээ байдалтай байсан. Б.Батнасангийн хамарнаас нь цус их гарч байсан ба аль талыг нь сайн санахгүй байна нэг ханцуй нь их цус болсон байсан. Гэрч Б.Оюунсүрэнгийн эксковаторын хажууд Б.Батнасан, С.Баасансүрэн нар байсан. Эксковаторын хоёр талд зогсоод зааварлаад байгаа бололтой байсан. Эксковаторыг Т.Идэрмөнх ажиллуулж байгаа харагдаж байсан. Бид нар мөс цохиж байтал С.Баасансүрэн /Бор/ даллаад байхаар нь бид бүгд эксковатор байгаа газарт яваад очтол С.Баасансүрэн, Т.Идэрмөнх нар Б.Батнасанг хоёр талаас нь сугадаад эксковаторын сумны харалдаа газраас түшээд Засаг даргын “Ланд круйзер-80” маркийн машины хойд суудалд суулгасан. Энэ үед Б.Батнасангийн хамарнаас нь цус гарчихсан хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Гэрч Д.Бат-Эрдэний С.Баасансүрэн /Бор/ даллаад байхаар нь бид нар бүгд эксковатор байгаа газарт яваад очтол Б.Батнасан эксковаторын хажууд хамраас нь цус гоожоод бага зэрэг орилоод байж байсан. Тэр хоёр хэлэхдээ сум кабин хоёрын хооронд хавчуулагдчихлаа гэж хэлсэн. Гэрч Д.Цогтбаярын С.Баасансүрэн /бор/ даллаад байхаар нь бид нар бүгд эксковатор байгаа газар руу яваад очтол Б.Батнасан эксковаторын хажууд хамарнаас нь цус гоожоод байж байсан. Дээлнийх нь энгэр рүү нь цус гоожсон байсан. Тэр хоёр бид нарт Б.Батнасанг эксковаторын суманд хавчуулагдсан гэж хэлсэн. Гэрч Б.Доржсүрэнгийн Т.Идэрмөнх хэлэхдээ эксковаторт хавчуулагдчихлаа гэж хэлсэн. Гэрч Б.Ганбатын С.Баасансүрэн, Т.Идэрмөнх нар Б.Батнасанг хоёр талаас нь сугадаж эксковаторын сумны хавиас буулгаад Засаг даргын “Ланд круйзер-80” маркийн машины хойд суудалд суулгасан. Энэ үед Б.Батнасангийн хамарнаас нь цус гарчихсан, хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Т.Идэрмөнх хэлэхдээ эксковаторын сум татаж байх үед зааварчилж байгаад хавчуулагдчихлаа гэж хэлсэн. Гэрч Б.Хорлообаатарын С.Баасансүрэн /бор/ орилоод даллаад байхаар нь бид нар бүгд эксковатор байгаа газарт яваад очтол С.Баасансүрэн нь Б.Батнасан эксковаторын шанаганд хавчуулагдчихлаа, одоо яах вэ? гэж хэлсэн. Гэрч Д.Байгалмаагийн тухайн хэрэг гардаг өдөр 18 цагийн орчимд Т.Идэрмөнх залгаж эксковаторт хүн хавчуулагдчихлаа, хамарнаас нь цус гараад байна, яаралтай ирээч гэсэн утгатай дуудлага өгсөн. Гэрч С.Батжаргалын 2016 оны 11 дүгээр сарын 21-нд Засаг даргын орлогч Төрмөнхөөс мэдсэн. Гэрч Д.Баатарчулууны намайг тухайн өдөр гэртээ байж байхад 18 цагийн орчимд Т.Идэрмөнх над руу залгаад эксковатороор хүн хавччихлаа, эмчийн дугаарыг өгөөч гэж хэлсэн. Тэгээд би хэргийн газар сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа 2-ын хамт очиход эмч нар оччихсон Б.Батнасанд шингэн залгаад байж байсан. Тухайн үед манай сумын иргэдийн хурлын даргын машин “Цагаан нуур”-ын мөсөнд суугаад Т.Идэрмөнх түүнийг татаж гаргах гэж туслаж байгаад энэ хэрэг гарсан юм байна лээ. Гэрч Б.Адъяадолгорын манай нөхөр Т.Идэрмөнх над руу залгаад би эксковатор барьж байтал хүн хавчуулагдчихлаа, тэгээд эмнэлэг дуудчихлаа гэж хэлсэн. Гэрч Д.Төмөрчөдөрийн тухайн өдөр 18 цагийн орчимд Т.Идэрмөнхийн эхнэр Адъяадолгор над руу залгаж Т.Идэрмөнхийг эксковатороор хүн хавччихлаа гэж хэлсэн. Гэрч Л.Цэрэндуламын 2016 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчимд манай нөхөр, бэр, бид нар Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг “Цагаан нуур” гэх газарт яг хэрэг болсон газар руу очиж явтал урдаас 3-4 машины гэрэл гараад сумын төв рүү явж байсан. Тэгээд тэд нарын эгнээнд ороод шууд сумын эмнэлэг дээр ирсэн. Тэгтэл нэг машин нь манай сумын Засаг даргын машин байсан. Дотроос нь манай хүү Б.Батнасан цус нөж болчихсон, хүмүүсээр түшүүлээд гарч ирсэн. Б.Батнасан надад хэлэхдээ манай иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга С.Батжаргалын машин “Цагаан нуур”-ын мөс цөмөрч суугаад тэрийг нь Т.Идэрмөнх болон бусад найзуудынхаа хамт татаж гаргах гээд Т.Идэрмөнх эксковатороо ажиллуулж байсан. Тухайн үед хурлын даргын машин мөсөнд 200 метрийн зайтай суусан байсан бөгөөд дунд нь мэдээллийг нь дамжуулж хэлж байсан. Тэгтэл нэг мэдэхэд толгойг нь сум кабин хоёрын хооронд хавчсан гэж хэлсэн. Гэрч Ц.Анхтуяагийн би тухайн үед БОЭТөвийн захирлын албыг хашиж байсан ба тэр өдөр 11 цагийн орчимд Б.Батнасангийн ээж нь өөрийнхөө үеийн нэг хүнтэй манай өрөөнд орж ирээд надад манай хүүхэд Баруунбаян-Улаан сумаас ирээд эмнэлэгт хэвтсэн, ямар ч эмчилгээ хийхгүй байна гэж хэлсэн. Гэрч Д.Болормаагийн би 2016 оны 11 дүгээр сарын 23-ны орой Б.Батнасангийн өвчний түүхийг үзэхэд тархины няцралын 1, 2 дугаар зэрэг, нүд хөдлөх мэдрэлийн саажилт, дунд чихний шүүдэст хурц үрэвсэл баруун талдаа гэсэн оноштойгоор эмчлэгдэж байсан. Гэрч В.Гантулгын би уг эксковаторыг зарын дагуу Өвөрхангай аймгийн Т.Идэрмөнх гэх хүнд бэлэн 24.000.000 төгрөгөөр зарсан. Гэрч С.Батмягмарын манай томографикийн зураг 16-тай учир шугаман хугарал харагдахгүй байх тохиолдол байдаг. Шинжээч Б.3агдзэсэмийн энэ болсон асуудал нь өөрийнхөө аюулгүй байдлыг хангаагүйн улмаас үүссэн болохоор үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 364, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 224 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №02/45, №02/46 дугаартай үнэлгээний тайлангууд, эмчийн үзлэгийн тэмдэглэл, хохирогч Б.Батнасангийн өвчний түүхийн хуулбар, хохирол хүлээлцсэн тэмдэглэл, шүүгдэгч Т.Идэрмөнхийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Т.Идэрмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Идэрмөнхөд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Идэрмөнх нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Батнасангийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон хохирол хүлээлцсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Идэрмөнх нь анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

   Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Б.Батнасангийн биед учирсан гэмтлийн талаархи бичлэг бүхий CD 3 ширхэгийг хохирогч Б.Батнасанд, шүүгдэгч Т.Идэрмөнхийн эзэмшлийн №00610443 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, №2012/01 дугаартай эксковаторын операторчны 3 дугаар зэргийн үнэмлэх 1 ширхэгийг шүүгдэгч Т.Идэрмөнхөд тус тус буцаан олгож, хэрэгт хавсаргасан /хх-ийн 45-54 хуудас/ хохирогч Б.Батнасангийн амбулаторын картын хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, 

              Шүүгдэгч Т.Идэрмөнхийн эзэмшлийн 18.000.000 төгрөгийн үнэ бүхий, 82-45 УН улсын дугаартай, Daewoo Solar V-Gold маркийн эксковатор, Samsung брэндийн Samsung Galaxy S3 маркийн, хар өнгийн, хуучин гар утас тус тус 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

            Шүүгдэгч Т.Идэрмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Батнасанд 8.710.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Т.Идэрмөнхөд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Т.Идэрмөнхөд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.      

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нүдэн овогт Төмөрчөдөрийн Идэрмөнхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Т.Идэрмөнхөд 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Идэрмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

  4.Шүүгдэгч Т.Идэрмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Батнасанд 8.710.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Б.Батнасангийн биед учирсан гэмтлийн талаархи бичлэг бүхий CD 3 ширхэгийг хохирогч Б.Батнасанд, шүүгдэгч Т.Идэрмөнхийн эзэмшлийн №00610443 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, №2012/01 дугаартай эксковаторын операторчны 3 дугаар зэргийн үнэмлэх 1 ширхэгийг шүүгдэгч Т.Идэрмөнхөд тус тус буцаан олгож, хохирогч Б.Батнасангийн амбулаторын картын хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Т.Идэрмөнхийн эзэмшлийн 18.000.000 төгрөгийн үнэ бүхий, 82-45 УН улсын дугаартай, Daewoo Solar V-Gold маркийн эксковатор, Samsung брэндийн Samsung Galaxy S3 маркийн, хар өнгийн, хуучин гар утас тус тус 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Т.Идэрмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Т.Идэрмөнхийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Идэрмөнхөд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Идэрмөнхөд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Х.ОТГОНЖАРГАЛ