Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Энх-Амгалан,

хохирогч ***, түүний өмгөөлөгч ***, Ш.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310003931027 дугаартай, нэг хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-1, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***)

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч ***гоос 200,000,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:

1. Шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Хохирогч *** 2022 оны хавар надтай ирж уулзаж байсан. Мөрийтэй тоглоом зохион байгуулдаг *** хочтой *** гэж нэг хүнтэй уулзуулъя, гааль талаас нь туслаад өгөөч гэсэн. Ажил дээр ирээд А4 цаас улсын хилээр оруулмаар байна яадаг юм гэж *** асуухаар зөвлөгөө өгч танилцаж байсан. Тухайн өдрөөс хойш сарын дараа ***гоос хүүтэй мөнгө зээлж байсан. *** гэж хүнээс ямар учиртай хүн бэ гэхэд хүүтэй мөнгө зээлүүлдэг, манай тоглоомын машин барьдаг, эд зүйлсийг 10 хувийн хүүтэй барьдаг гэж байсан. Тэгэхээр нь хэд хоногийн хугацаатай вэ гэхэд 7 хоногийн хугацаатай гэсэн. Тухайн цаастай холбоотой асуудлыг нягталж шалгаад тухайн цаасыг манай агуулах дээр аваад ирэх юм бол мөнгийг нь өгье гэж байсан. Үйлдвэрлэгч нь цаасыг манай агуулах дээр авч ирж өгөөгүй, 7 хоносон учраас бид нар өрөнд орохоос айгаад мөнгийг буцааж шилжүүлж байсан. ***гоос мөнгө зээлээд 2-3 хоногийн хугацаа хэтрээд 10 хувийн хүүтэй нь шилжүүлж байсан. Залуу хүний хувьд төрд ажиллаж байгаад өөрийн гэсэн зүйлийг бий болгоё гээд хичээсэн. Миний эцэг, эх нас бараад дүү хүний гарт амиа алдаад хүнд нөхцөл байдалд байсан. Тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учраас 10 хувийн хүүтэй зээл авсан нь ийм байдалд хүргээд зогсож байна. Тухайн үедээ нэг хэсэг ашигтай байсан. Тэгтэл 2 жилийн хугацаанд ковидоос шалтгаалаад тээвэр зогссон. Энэ хугацаанд үнэхээр мөнгө болон хүүг нь төлж чадаагүй. Монгол Улсаас оргон зайлаагүй, түрээсийн гэрээтэй, агуулахтай. Монгол Улсын харилцаа холбооны яамны тусгай зөвшөөрөлтэй ажил, өнөөдрийг хүртэл өдөр тутам миний ажил явагдаж байна, оргон зайлсан зүйлгүй. Манай компанийн үйл ажиллагаа ковидоос хойш одоо л жигдрээд явж байна. Энэ хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд одоог хүртэл өгч чадаагүй. Энэ хүн мөнгө хүүлэгчийн ажил хийдэг. Над шиг хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Хөрөнгө оруулалт гэж яриад байгаа. Би компанийн тухай хуулийг, зээл болон хөрөнгө оруулалт гэж юу байдгийг мэднэ. Энэ хүн надаас барьцаа аваагүй нь алдаа болсон, зээл гэдгээ нотолж чадахгүй байгаа. Би энэ хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд над руу мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Энэ хүний санхүүжилт авдаг гол газар нь мөрийтэй тоглоом. Би мөрийтэй тоглоомыг *** гэх хүн дээр очиж тоглож байсан. Намайг байнга дууддаг байсан. Тэр хүмүүс нар бизнес нь гайгүй байгаа, мөнгөтэй залуустай утсаар ярьж, холбоо тогтоохыг хүсдэг. Тэгээд баг бүрдүүлж тоглодог байсан. Би өөрийнхөө ***р тоглож 200,0 гаруй сая төгрөг алдсан. Дараа нь намайг мөнгөгүй болсныг мэдээд энэ хүнийг хүүтэй мөнгө зээлдэг, гааль дээр нь туслаад өгөөч гээд танилцуулсан. Энэ хүнээс над руу мөнгө орж ирсэн өдрөөс эхлэн *** над руу зогсоо зайгүй залгаад би очсон, энэ хүн нь тэнд тоглож алдсан хүмүүсийн машиныг барьдаг, хүүлдэг, орой нь ямар ч барьцаагүй өгчихдөг. Яагаад гэхээр ах нар нь аваад өгчих чадалтай. *** хочит *** Улаанбаатар хотын дүүрэг бүр дээр тоглоомын хэргүүдтэй, Монгол Улсад мөрийтэй тоглоомоос мөнгө олж байгаа. Би мөрийтэй тоглоом тоглохоо больсон. Энэ хүн надад мөнгө шилжүүлэхдээ хөрөнгө оруулалт хийсэн юм бол гэрээгээ бэлд уншиж танилцаж гэрээгээ хийж, ийм ашиг өгөх юм байна, хэзээ *** өгөх юм гэсэн гэрээ байх ёстой. Тэгтэл хөрөнгө оруулж байгаа хүн тухайн хүнд эсхүл компанийн дансанд биш, танихгүй хүний дансанд хийнэ гэж байх уу, яагаад тэрийгээ хөрөнгө оруулалт гэж үзээд байгаа бэ, надаас Монгол Улсад ямар бараа их орж ирж байна гэхээр нь барилгын салбарт хөөсөнцрийн бэлдцийн дутагдал байна гэсэн яриа болсон. Тэгээд А4 цаасаа яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна гэсэн. Зээл байсан тул дансны хуулгыг шалгуулмаар байна. ***, *** хочтой *** нар ямар холбоотой юм гэдгийг шалгуулахыг хүсэж байна. Би 4 хүний сургалтын төлбөр, хоол хүнс, бүх зүйлийг нь хариуцаж ажиллаж амьдардаг. Тэгэхээр шударгаар ажиллаж компаниа хөл дээр нь босгож энэ хүнээс зээлсэн *** төлнө, төлөх ч ёстой. Нэг удаа хил гарсан, энэ талаараа ***д хэлж, мэдэгдэж, ирээд манай агуулахтай танилцаад манай түнштэй уулз гээд бүх зүйлээ зааж өгөөд түрээсийн агуулахын гэрээгээ хийгээд Монгол Улсад ирсэн. ***г хэдэн ч цагт залгаж, мессеж бичсэн хариуг нь өгдөг. Би энэ хүнтэй маргалдахыг хүсдэггүй, зээлсэн *** өгнө. Тээвэр одоо л тогтворжиж байна. Өдөр бүр 100 хэрэглэгчтэй харилцаж байна. Өнөөдөр манай ажил дээр ачаа бууж байгаа. 100-200 хүн өдөр бүр над руу мессеж бичиж байна. Би өнөөдөр хоригдоод явах юм бол миний асран хамгаалж байгаа гэр бүлийнхэн, надаар үйлчлүүлэгч байгаа үйлчлүүлэгч нарын ачаа хүнд байдалд орно. Би энэ хүний мөнгийг төлж зөв амьдармаар байна. гэсэн мэдүүлгийг,  

2. Хохирогч *** мэдүүлэхдээ: *** өөрийн ярьж байгаа шиг хүн биш, шүүгчийн өмнөөс харж байгаад удаа дараа худлаа мэдүүлэг өгч байна. Миний ярих гэж байгаа зүйл бол нотлох баримттай. Энэ хүн намайг ганцаараа гэж бүртгэсэн байна. Дүүгийнхээ хоёр хүүхэд, эмээ, хүүхдийн хамт амьдардаг гэж байна. Хүү Эрчис нь өвөө, эмээтэйгээ, дүүгийнх нь хоёр хүүхэд Налайхад ээжтэйгээ амьдардаг. 2022 оны 04 дүгээр сард надаас мөнгө зээлэх үед энэ компани бүртгэлгүй байсан нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно. Прокурорын асуултад худлаа хариулт өгч байна, хүнийг гүтгэх, худал мэдүүлэг өгөх хуультай. Анх *** 2022 оны 02 дугаар сард энэ хүнийг миний таньдаг ахын найз *** гэж хүн байгаа, манай найз, гаальд ажилладаг байсан, одоо хувиараа юм хийж байгаа, түүнд хавтангийн хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа юм гэж танилцуулж байсан. ***тэй танилцахад оффис гээд байранд нь уулзаж хавтангийн талаар мэдээлэл авч ярилцсан. Бид хоёр утсаа солилцсон байсан учраас тухайн өдрөөс 2 хоногийн дараа ***тэй яриад энэ бизнест хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Учир нь алсдаа маш ашигтай бизнес байна. Гэхдээ 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, миний том охин өвчтэй, хүүхдээ эмчлүүлэх гэж мөнгө хуримтлуулж байгаа учраас урт хугацаанд ашгаа өгөх бизнест хөрөнгө оруулж чадахгүй гэж хэлсэн. Энэ хүн дандаа намайг хүнд мөнгө зээлдэг, мөнгө хүүлдэг, мөрийтэй тоглоомын бүлэг байдаг гэх байдлаар миний нэр хүндэд халдаж байна. Би гурван хүүхдээ тэжээх гэж салбар бүрд бизнес хийх гэж зүтгэдэг хүн. Би Оросын Холбооны Улсаас тахианы мах оруулж ирж борлуулж их ажилтай явж байсан. Энэ хүнтэй ямар бизнест хамтарч болох уу гэдгийг маш овжиноор ашигласан. 2022 оны 01 дүгээр сараас эхлэн Монгол Улсын цагдаагийн байгууллага бичгийн цаасны хомсдолд орсон гэдгийг би олж мэдээд энэ талаараа судалгаа хийж ***д хандсан. Энэ талаар ярилцахад  худлаа юм шиг байна гээд миний мөнгийг буцааж өгч надад итгэл үнэмшил төрүүлсэн. 2021 оны 04 дүгээр сард хөөсөнцрийн бэлдэц авах талаар утсаар яриад очиж уулзъя гэж манай гэрийн гадаа ирээд ярилцсан. Хөөсөнцрийн бэлдцийг 2 сарын хугацаанд маш хурдан оруулаад ирэх юм бол хурдан хугацаанд ашгаа өгнө гэж надад хэлсэнд итгэсэн. Би тухайн мөнгийг зээлсэн бол чамаас барьцаа авах байсан. Хамтарч ажиллаж байгаа бол гэрээ хийх ёстой гэж байна. Эсрэгээрээ зээлсэн бол гэрээ хийж, барьцаа авах байсан. Ингээд бага багаар *** шилжүүлсэн. Би өөрөөсөө гарч байгаа *** юу ч гэж хийж болно. Яагаад *** гэж хүний дансаар мөнгө аваад байгаа юм гэж асуухад би өөрөө төрийн алба хаагч учраас дансаараа их хэмжээний мөнгө оруулж болохгүй учраас ***ын дансыг ашиглаж байгаа юм гэж байсан. Ингээд 6 удаагийн гүйлгээгээр 200,0 сая төгрөг шилжүүлсэн. Сүүлд ***тай холбогдож асуухад тэр шөнөө 5, 10,0 сая төгрөгөөр нь зарцуулсан байсан. Би 136,0 сая төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлж хөөсөнцөр авсан. Тухайн үед 136,0 сая төгрөгийг хэний данс руу шилжүүлсэн юм бэ гэхэд энэ хүнд нотлох баримт байгаагүй. Тухайн өдрийн 10 хүртэл байцаагчийн өрөөнд байсан. Агуулахад байгаа гэсэн мэдүүлгийг 2022 оны 12 дугаар сард надтай нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад хэлсэн. Гэтэл үүнийгээ өөрөө няцааж байна. Энэ хүнийг 2023 оны 07 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гараад явсныг мэдээд хамтарч ажиллах юу байна гэж өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайхран *** авах гэж, оршин байгаа газрыг нь мэдэх гэж, ямар хүмүүстэй хамтран ажиллаж байгааг мэдэх гэж ганцаараа явж өөртэй нь болон хамтрагчтай нь уулзаж, танилцсан. Хөөсөнцрийн бэлдэц агуулахад байгаа бол надад харуулах юм болов уу гэж очсон. Тэгтэл надад юу ч үзүүлээгүй. Би энэ хүнтэй хамтарч ажиллаж байгаа гэж хэлээд өдрийн хоол идээд буцаад ирсэн. Энэ тухайгаа байцаагчид хэлж эрэн сурвалжлуулсан. Хилийн хориг тавьж өгөөч гэж хүсэлт гаргаад байхад миний хүсэлтийг хангаагүй учраас би хүсэлт гаргаж байж хилийн хориг тавиулсан. Хилийн хориг тавьсан гэдгийг мэдээд энэ хүн улсын хилээр орж ирсэн. Би чамайг эрэн сурвалжлуулж байгаа шүү гэсэн мессежийг явуулж байж энэ хүнийг ирүүлсэн. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр: Эрүүгийн 2310003931027 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн ***гоос гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 14-17 дахь тал),

2. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: Манай найз *** нь 2020 онд байх ***тэй танилцуулж байсан. Түүнээс хойш танилын холбоотой байх болсон. 2021 онд Хятадаас бараа оруулж ирэх гэж байгаа бизнесийн хамтрагч хэрэгтэй байна гэж надад санал тавьдаг байсан. Тухайн үед Хятад улсаас бичгийн цаас оруулж ирэх талаар ***өөр судлуулан захиалга өгөөд нөгөөдөх нь бүтэхгүй байсаар байгаад би *** эргүүлэн авч байсан зүйл байгаа. Мөн гаальд ажиллаж байсан болохоор нь бараа оруулж ирэхэд татвар хэдийг төлдөг, юу оруулж ирвэл ашигтай байна гэх мэтээр бид харилцдаг байсан. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны хавьцаа байх *** нь надтай уулзъя гэсээр бид уулзаад надад Хятадаас хөөсөнцрийн бэлдэц оруулж ирэх саналыг тавьсан. Тухайн үедээ надад хэлэхдээ би өнгөрсөн жил бага хэмжээгээр оруулж ирээд 70,0 гаруй сая төгрөгийн ашиг олсон. Энэ удаад нэлээн их ***д оруулж ирээд зарвал ашигтай нийлүүлэх газар бэлэн байгаа гэж надад хэлээд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Яагаад зөвшөөрсөн гэхээр надад хэлэхдээ энэ нь гаалиар орж ирэх хориотой бараа, би энийг гаалиар асуудалгүй оруулж ирнэ гэж хэлээд би 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр 200,000,000 төгрөгийг Хаан банкны өөрийн ***, *** дугаарын тоот данснуудаасаа *** гэх хүний Хаан банкны *** дугаартай данс руу гэртээ ***тоотод байхдаа шилжүүлсэн. Тухайн үед *** гэх хүнийг надад “***”ийн гүйцэтгэх захирал хэмжээн танилцуулаад, би өөрийн дансаар их мөнгө авч болохгүй, удахгүй эргээд ажилдаа орноо, тийм болохоор болохгүй гэж надад хэлж байсан. Хөрөнгө оруулалт хийснээр хойш бараагаа оруулж ирэх гэж байгаа, өнөө маргааш гэж байснаа би бараагаа оруулж ирж чадахаа байсан. Эрээнд хураалгаатай байгаа оруулж ирж чадахаа больчихлоо, би удахгүй нүүрс гаргана, тэгэхээр мөнгийг чинь гаргаад өгье, чи болохгүй бол хүү тооц, би хүүтэй нь буцаагаад өгье гэж 11 сар хүртэл ярьж байснаа, 11 сар гарсан чинь би мах гаргах гэж байгаа гэх болсон. Би өөрийн хөрөнгө оруулсан 200,000,000 төгрөгийг эргүүлэн авмаар байна. ***ын утасны дугаар нь *** гэх дугаар дээр байгаа гэж хэлж байсан. Би их гомдолтой байна, тухайн мөнгө нь миний охины хагалгааны мөнгө байсныг мэдсээр байж *** нь миний итгэлийг олж авч намайг хуурч мэхэлж, мөрийтэй тоглосон байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

            2.1 Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн: Би Хаан банкны 2 данстай, аль данснаасаа гүйлгээнүүдээ хийж байснаа санахгүй байна, ямар ч байсан анх 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 80,000,000 төгрөг, мөн маргааш нь 04 дүгээр сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 08-ний өдөр 35,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр ***ий найз гэх *** гэх хүний Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 02 дугаар сард 10,0 гаруй сая төгрөг зээлээч гэж аваад хэд хоногийн дараагаар буцааж өгч байсан. Баримт нотолгоо нь дансны хуулгаар гарч ирэх байх, *** гэх хүний данс руу шилжүүлж байсан. Тухайн үед Хятадаас авч ирэх хөөсөнцрийн бэлдэц гэх шуудайтай зүйлийн зураг үзүүлж байсан. Хятадаас оруулж ирэх хүнийх нь ви чатаар харилцсан хүнийхээ чатыг үзүүлж байсан, надад хэлэхдээ Эрээнд байгаа хятад хүнтэй холбогдож байгаад тэрийгээ захиалаад авчихна гэж байсан. *** надад өөрийгөө гаальд ажиллаж байсан, ковидын үеэр ажлаасаа гараад тээврийн компани байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа гэж байсан. Компанийн нэр нь Эрчист гүрэн, өөрийгөө тус компанийн захирал гэж танилцуулж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

            2.2 Мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: Одоогоор надад учирсан хохирлыг төлж барагдуулсан зүйлгүй. *** надтай 5 дугаар сард холбоо бариад мөнгийг чинь ойрын хугацаанд зохицуулж өгнө, чи цагдаагаас өргөдлөө авчхаач гэж хэлсэн. Би 7 дугаар сард мөнгийг чинь өгч эхэлнэ гэж хэлсэн боловч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

            2.3 Мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн: Би 2022 оны 10 дугаар сард данс эзэмшигч ***тай фейсбүүкээр холбогдож ***ий талаар болон өөрийнх нь дансаар мөнгө авсан талаар асуухад би ***ий талаар мэдэхгүй, би өөрөө гадаадад Солонгост ирчихсэн байна гэж байсан. Тэр үед манай өмгөөлөгч найз надад хэлэхдээ чи бусдын данс руу мөнгийг шилжүүлсэн учраас нотлох баримт хэрэгтэй, тийм болохоор нөгөө хүнээрээ гараар нь мөнгө авсан тухайг бичүүлж ав, яагаад гэвэл та хоёр тухайн үед мөнгө өгч авалцахдаа хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийгээгүй, нотлох баримтгүй гэсний дагуу би ***ийг гараараа мөнгө авсан баримтаа гараараа бичээд явуул гэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр *** миний и-мэйл хаяг руу өөрийн хаягаас зураг бүхий баримт явуулсан. *** надад хэлэхдээ 08, 09 дүгээр саруудаас эхлэн надаас авсан мөнгийг сарын 10 хувийн хүүтэй, чамайг ямар ч хохиролгүй болгож өгнө гэж гуйж байсан. Тийм болхиороо тэр мэйлээр бичсэн баримт дээр сарын 10 хувийн хүүтэй 200,000,000 төгрөгийг зээлсэн гэж бичсэн байсан. Анх мөнгө өгөхдөө би мөнгө зээлсэн бол энэ хүнээс барьцаа авах байсан, ямар ч барьцаа авахгүйгээр мөнгө зээлнэ гэж хэзээ ч байхгүй, тийм учраас ***ий яриа худлаа. Хаан банкны миний *** гэсэн данстай карт манай үеэл дүү ***д байдаг. Би завгүй, эсвэл ямар нэг мөнгө шилжүүлэх боломжгүй үедээ өөрийн үеэл дүүд хэлж мөнгө шилжүүл гэдэг. Ер нь боломжгүй үедээ байнга мөнгө шилжүүл гэж хэлдэг. Би дүүдээ эрхийг нь өгсөн, үеэл дүү ***д 35,15,20 сая төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. *** 3 удаагийн гүйлгээ хийсэн.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143-144 дэх тал),

3. Гэрч Т.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Би ***тэй анх 10 жилийн найзууд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ***-д хамтран ажиллаж байсан. Тухайн үед *** тухайн компанитай холбоотой бүх шийдвэрийг гаргадаг байсан. Тодорхой албан тушаалгүй байсан. Ерөнхий захирлаар нь *** гэх хүн байдаг. ***тэй сүүлийн үед холбоогүй байгаа. ***-ийг байгуулагдах үед *** Гаальд ажилладаг байсан. *** нь анх Солонгосоос карго зөөдөг байсан. Одоо Хятадаас бараа тээвэрлэдэг. Хаан банкны *** тоот данс миний эзэмшлийнх юм. 2022 оны 10 дугаар сарын 19-ний орой *** над руу фейсбүүкээр залгаад *** надад 200,000,000 төгрөг зээлсэн, чиний дансаар авсан ажил төрөл нь юу болж байгаа юм бол, *** надад дорвитой хариу өгөхгүй байна гэж байсан. Би үнэн худлыг нь хархаар өөрийн интернэт банкаар данс руугаа ортол Хаан банкны миний *** тоот дансаар 200,000,000 төгрөг орж гарсан байсан. Тухайн үед намайг харахад дансны үлдэгдэл 0 төгрөг байсан. *** анх 2021 оны 04 дүгээр сард *** нээгдсэний дараахан надад чиний дансыг ашиглаж төлбөр тооцоо хийх хэрэгтэй байна. Би одоохондоо Төрийн албан хаагч учраас өөрийн дансыг ашиглаж болохгүй байна, чи надад дансаа ашиглуулчих гээд Хаан банкны миний *** тоот дансыг интернэт банк, васко төхөөрөмж, картыг ашиглах болсон. Миний найз мөн хамтарч ажиллаж байгаа болохоор итгээд дансаа ашиглуулсан.  Журамт гэх хүн нь ***-ийн Хятад тал хариуцсан хүн, бусад хүмүүсийг нь мэдэхгүй. *** надад ямар нэгэн зүйл хэлээгүй, сүүлд *** танай найз надад 200,000,000 төгрөгийг зээлсэн гэж хэлж байсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

4. Гэрч Л.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: *** үеэл эгч, ээжийн эгчийн хүүхэд юм. 2022 онд эгч нь нэг Гаальд ажиллаж байсан найзтайгаа барилгын юм оруулж ирэх гэж байгаа, тэрэнд би хөрөнгө оруулах гэж байгаа, тэр ажил бүтэх юм бол чамайг тэнд ажилд оруулна гэж ярьж байсан, хэдийд гэдгийг нь санахгүй байна. Би *** эгчийн гэрт нь очиж байсан. Хэд хоногийн дараа намайг 4115-тай данснаас мөнгө шилжүүлчих гэж хэлж байсан. Тэр дансны карт нь надад байдаг. Би 2-3 удаа мөнгө шилжүүлсэн. Тэгэхдээ 15, 20, 30,0 сая төгрөг гэж шилжүүлж байсан. *** эгч бид хоёр ойр дотно байдаг, банкны карт нь Хаан банкны интернэт банкных нь нууц үгийг нь мэддэг, тэгээд ажилтай үедээ надаар мөнгө шилжүүлүүлдэг. 200,000,000 төгрөгийг хөрөнгө оруулж байгаа гэж ярьж байсан. *** гэх хүний Хаан банкны данс руу 3 удаагийн гүйлгээгээр 65,000,000 төгрөгийг шилжүүлж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 147-148 дахь тал),

 

5. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: *** нь манай бага охин Уянгатай гэр бүл болж байсан Гэхдээ гэрлэлтийн баталгаа байхгүй, 5-6 жил хамт амьдраад, одоо салсан тусдаа амьдарч байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй. Хүүхэд нь нөхөр бид хоёр дээр байдаг. Анх энэ компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан, түүнээс хойш үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2021 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Би 2017, 2018 оны хавьцаа тухайн компанийн захирлаар ажиллаж эхэлсэн. *** нь тухайн үед  Гаалийн байцаагч хийдэг байсан учраас давхар ажил хийж болохгүй гээд намайг захирлаар ажиллуулсан. 2021 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс *** нь гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ компани нь 2021 он хүртэл ямар ч үйл

ажиллагаа явуулж байгаагүй. 2021 оноос эхлэн харилцаа холбооны зохицуулах хорооноос Олон улсын шуудан илгээмж явуулах тусгай зөвшөөрөл авсан. Тухайн  үедээ Улаанбаатар-Солонгос хоорондын ачаа бараа шуудан илгээмж зөөж байсан. Дараа нь Хятад-Монголын хооронд карго хийж эхэлсэн. Би энэ компанид захирал гэсэн нэртэй болохоос ямар нэг үйл ажиллагаанд нь оролцдоггүй байсан. *** нь өөрөө үүсгэн байгуулагч нь, өөрийнх нь нэр ороогүй болохоос бүх ажиллагаагаа өөрөө хийдэг. Ерөөсөө хөөсөнцрийн бэлдэц оруулж ирдэггүй байсан. Тэр талаар мэдэхгүй. Манай компанийн данс, ***ын нь тусдаа байдаг. *** нь үйл ажиллагааны хөрөнгө оруулалт гэх 200,000,000 төгрөг авсан талаар ярьж байгаагүй. Манай компани улс хоорондын шуудан илгээмж, хот доторх хүргэлт, ийм үйл ажиллагаа явуулах хоёр өөр төрлийн эрхтэй. Карго нь ямар ч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж болдог, компани гаднаас ямар нэгэн түүхий эд оруулж ирэх тусгай зөвшөөрөл байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дахь тал),

6.Хохирогч ***гийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас Хаан банк дахь Т.***ын эзэмшлийн *** тоот данс руу:

- 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 80,000,000 төгрөг,

- 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг

- 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг,

- 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг,

- 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 35,000,000 төгрөг,

- 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 80-85 дахь тал),

 

7. Гар утсанд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн: ...***өөс ***д хохирол барагдуулах талаар и-мэйл хаягаас зурвас бичиж байсан эсэх талаар шалгахаар ***гийн yahoo хаяг *** гэх хаягт үзлэг хийхэд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр *** гэх хаягаас “*** овогтой *** би иргэн ***гоос 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Уг мөнгийг 2022 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр барагдуулж өгнө, 2022.04.22 өдөр ***” гэсэн байсныг файл хэлбэрээр татан авч хэвлэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 153-155 дахь тал),

 

8. Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: 2022 оны 01 дүгээр сар хавьцаа миний танил ***н гэх залуугаар дамжуулан ***той танилцаж байсан. Түүнээс хойш найз нөхдийн харилцаа хамааралтай болсон. 2022 оны 04 дүгээр сарын дунд хавьцаа би утсаар яриад надад мөнгө зээлээч гэж асуусан чинь хэдийн хугацаатай юм гэсэн. Би 2 сарын хугацаатай 150,000,000 төгрөгийг зээлээч гэхэд *** надад мөнгө наадмын үеэр хэрэгтэй шүү гээд 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр болоод мөнгийг нь ***ын Хаан банкны *** тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр авсан. Хэд хоногийн дараагаар 50,000 000 төгрөгийг нэмж зээлэхээр болж түүнийг мөн адил ***ын дансаар 3-4 удаа хувааж авсан. *** нь тухайн үед манай ***-ийн тээвэр хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, найзынхаа дансаар авсан. ***ын дансыг ашигласан шалтгаан нь их мөнгө шууд орж ирдэг учраас тухайн дансаар авсан. 07 дугаар сард би *** хүүтэй нь төлөх ёстой байсан чинь компанийн үйл ажиллагаа доголдож мөнгө төлөх хугацаанаас хэтрээд явсан. 11 дүгээр сарын 05-ний өдөр *** над руу гар утсаар залгаад банкнаас зээл авах гэсэн юм, надад баталгаа гаргаад өг гэж хэлсэн. 200,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн гэсэн баталгаа гаргаж өгөөч, он сар нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэж бичээд өгөөрэй гэж надад хэлсэн. Би баталгааг гараар бичиж эх хувийг ***д өгч, давхар мэйл ашиглаж явуулсан. ***гоос зүгээр мөнгө зээлээч гэж хэлээд мөнгө авсан. *** компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Бизнес хийнэ гэж мөнгө авсан зүйл байхгүй. 200,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Манай харилцагч нар Хаан банкны данс өгөөч гэдэг байсан. Надад Хаан банкны данс байхгүй байсан. *** тухайн үед манай компанийн гүйцэтгэх захирал байсан учраас дансаа хэрэглүүлдэг байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал),

 

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 111-116 дахь тал) болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ., 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Дараах тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ: 1.1.дэх заалтад энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан. гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч ***ийг гэрч гэсэн субъектээр оролцуулан хохирогч ***той тэднийг мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааг явуулсан (хавтаст хэргийн 57-59 дэх тал) байх бөгөөд тус мэдүүлэг нь яллагдагч, шүүгдэгчийн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан эрхийг зөрчсөн болон хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж явуулсан ажиллагаа байх тул нотлох баримтаар тооцохгүй тухай хуульд заасан үндэслэл үүссэн, нотлох баримтаас хасаж, нотлох баримтаар тооцоогүй болно.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь 2022 оны 04 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хөөсөнцрийн бэлдэц оруулж ирнэ гэх зүйлийг ярьж хохирогч ***гоос 6 удаагийн гүйлгээгээр 200,0 сая төгрөгийг шилжүүлсэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, хохирогч болон гэрч ***ын дансны хуулга, гэрч ***, *** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч ***өөс нийт 200,0 сая төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлбөр төлөгдөөгүй. Хохирогчтой танилцахдаа ***-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, гаалийн байгууллагад ажилладаг байсан учраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хөөсөнцрийн бэлдэц оруулж ирнэ, энэ нь богино хугацаанд ашгаа өгнө гэж хэлсэн нөхцөл байдалд нь үндэслэн хохирогч өөрийнхөө мөнгийг үргэлжилсэн үйлдлээр өгсөн. Хохирогч эхний буюу хавтангийн бизнест хөрөнгө оруулахаас татгалзсан, мөн гаалийн байгууллагад ажиллаж байсан, компанийн захирал гэсэн нөхцөл байдалд итгэсэн тухайгаа мэдүүлж байна. Энэ нөхцөл байдал нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон. Хохирогчийн эд хөрөнгө ямар байдлаар шүүгдэгчид хэрхэн шилжиж байгаагаас завших, хулгайлах, дээрэмдэх, бусад гэмт хэргүүдээс ялгагдана. Залилах гэмт хэргийн хуульд заасан шинж, хэрэгт авагдсан баримтыг дүгнэвэл зохиомол байдал гэж байгаа нь хөөсөнцрийн бэлдэц оруулж ирнэ гэсэн нөхцөл байдал байна. Урьдын харилцаа нь хэзээ үүссэн бэ гэхээр 2021 оны 09 дүгээр сараас хойш мөнгө зээлсэн,  бичгийн цаасны асуудлаар уулзаж ярилцсан нөхцөл байдалд буюу урьдын харилцааны явцад үүссэн итгэл дээр үндэслэн хохирогч тухайн мөнгийг шүүгдэгчид шилжүүлсэн. Тэгэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 200,0 сая төгрөгийг шилжүүлэн авсан, энэ нь их хэмжээний хохиролд хамаарна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,  хохирол төлөгдөөгүй учраас шүүгдэгчээс 200,0 сая төгрөгийг гаргуулж, хохирогч ***д олгуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч ***ээс: Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар *** нь зохиомол байдлыг зориудаар бий болгох зүйлийг ярьж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглаж хохирогч ***гоос 200,0 сая төгрөгийг залилсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч ***, *** нарын мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, дансны хуулганууд, мэйлээр ирсэн баримтууд,  шүүгдэгчийн бичиж өгсөн гар бичмэл зэргээр тогтоогдож байна.Хохирол төлөгдөөгүй тул 200,0 сая төгрөгийг гаргуулж хохирогчид олгож өгнө үү. Тухайн гар бичмэлийг гэрээ гэж яриад байгаа. Хохирогч би ямар ч баримтгүйгээр *** рүү биш *** гэж хүн рүү мөнгө шилжүүлсэн учраас энэ хүнээс буцааж авч чадахгүй гэж санаа зовоод өөрөөр нь ийм зүйл бичүүлж авсан гэдэг тул энэ нь зээлийн гэрээ биш юм.гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг: Улсын яллагчтай санал нэг байна. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай: Улсын яллагчийн саналыг зөвшөөрөхгүй. Хөөсөнцрийн бэлдэц оруулж ирнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж байгаа боловч шүүгдэгч *** залилах гэмт хэргийг үйлдсэн гэх  нөхцөл байдал нотлогдоогүй. Хохирогч ***, шүүгдэгч *** нарын хооронд иргэний эрх зүйн зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ гэдэг нь хэлцэл байдаг. Хэлцэл нь тухайн хэлцэлд оролцогч хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл байж хүчин төгөлдөр хэлцэл болох ёстой. Хохирогч 6 удаагийн гүйлгээгээр 200,0  сая төгрөг өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Бичгийн нотлох баримтад тулгуурлах ёстой ба нотлох баримт нь мөнгө шилжүүлсэн баримт байх ёстой. Зээлийн гэрээг амаар, бичгээр хийж болно. Зээлийн гэрээний дагуу мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаарддаг болохоос нотариат орсон байхыг шаардаггүй. Хохирогч хэлцлийн дагуу 200,0 сая төгрөгийг шилжүүлж, *** хүлээж авсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч би нотлох баримт бүрдүүлэхийн тулд шаардаж байгаад бичүүлж авсан гэж байна. Нотлох баримт бүрдүүлж байгаа чинь зөв, ямар нэг  байдлаар нотлох баримтаар нотлох л ёстой. 200,0 сая төгрөгөө 10 хувийн хүүтэй нь нэхэмжлэх, шаардах эрх чинь үүсэж байгаа. Гүйлгээний утга юунд зориулж байгаа, юу хүсэж байгаа юм гэдгийг илэрхийлдэг болохоос нүдээ аньж байгаад 80,0 сая төгрөг шилжүүлдэг хүн байхгүй. Ялангуяа эрх зүйч мэргэжилтэй, олон жил бизнес хийсэн, мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг мөнгө зээлээд сурчихсан туршлагатай хүн шилжүүлэхгүй. Тэгэхээр иргэний эрх зүйн харилцаа үүсэж байна. Гар бичмэл дээр он сарын 04 дүгээр сарын 22 гэж бичсэн байгаа. *** 04 дүгээр сарын 24-ний өдөр эхний гүйлгээгээр 80,0 сая төгрөг авч байгаа хүн, 04 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж хэлцэл хийх боломжгүй. Тэгэхээр таны гар бичмэл бичүүлж авч байгаа гол зорилго эхлээд зээлийн гэрээ байгуулаад, дараа нь зээлийн гэрээний 200,0 сая төгрөг өгсөн гэсэн агуулгаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэж он сарыг нь бичүүлсэн гэж үзэж байна. Энэ нь таны шаардаад байгаа хүсэл зориг юм. Гэрээ, хэлцэл байгуулагдаад 200,0 сая төгрөг шилжүүлээд, тухайн ***өөс сарын 10 хувийн хүү тооцогдож байгаа. Хөрөнгө оруулалт гэж тайлбарлаж байгаа боловч дараагийн гүйлгээгээ хийхдээ нэмэлт гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Тэгэхээр анхнаасаа зээлж байгаа учраас нэмж зээлсэн тул нэмэлт гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байдаг. Нэг удаагийн кодоор мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. ***ий хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байна. Миний үйлчлүүлэгч зээлийн гэрээний үүрэг 220,0 сая төгрөгөө төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Ар гэрийн нөхцөл байдал болон ажлын нөхцөл байдлаас болоод өнөөдрийг хүртэл хугацаанд төлж чадаагүй. Энэ хүнийг анхнаасаа залилж мөнгө авсан үйл баримт тогтоогдохгүй байгаа тул ***ийг цагаатгаж өгөхийг хүсэж байна.гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяраас: Урьдын харилцааны явцад бий болсон итгэл буюу А4 цаасыг гаалиар оруулж ирэх гэж байсан нөхцөл байдлаас үүдэлтэй харилцааны явцад үүссэн харилцааг итгэлийг ашигласан гэж байна. 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрээр таныг компанийн захирлаар томилсон байна. Тухайн үед та компанийн захирал биш байсан байна гэдэг нөхцөл байдлыг ярьж байсан боловч улсын яллагч тайлбар дүгнэлтдээ энэ талаар дурдсангүй. А4 цаасны асуудалд зуучилж өгөх гээд чадаагүй нь урьдын харилцааны явцад үүссэн итгэл байсан юм байна. Мөн зохиомол байдлыг бий болгосон гэдэгт хөөсөнцөр оруулж ирж өөртөө ашиг олж чадаагүй учраас зохиомол байдлыг бий болгосон гэж үзэж байгаа улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хохирогч би нотлох баримт болгож авсан гэж байна. Нотлох баримт гэдэг нь тухайн үйл баримт нь юу болсон, хэдэн төгрөг авсан, иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн бэ гэдгийг нотлох болохоос *** мөнгө авсан гэдгийг нотлох гээд байгаа юм биш. *** мөнгө авсан гэдэг нь дансны хуулгаар нотлогдоно. Тиймээс гүйлгээний утга гэхээсээ илүүтэйгээр иргэний эрх зүйн харилцаагаа болон тухайн мөнгийг авсан эцсийн хүн нь хэн бэ гэдгийг тодруулах зорилгоор хоёр тал зөвшөөрч хийсэн зээлийн гэрээ буюу бичгийн баримт гэж үзэж байна. Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлийг яллах талын баримт болгож шинжлэн судалж байна. Энэ талаар хуульд яллагдагчаас бусад оролцогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байгаа бол нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ёстой. Гэрч, хохирогч мэдүүлгийн хооронд ноцтой зөрүү байдаг. Зээлийн гэрээ байгуулж байх үедээ гэрч ***тай хохирогчийн харилцсан мессеж байдаг. Тухайн гэрчийн мэдүүлгээр зээлийн гэрээний харилцаа байсан байна гэдэг нь харагдана. Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч хөрөнгө оруулалт байсан гэж мэдүүлдэг. Нүүрэлдүүлсэн мэдүүлэг авах ажиллагааг *** болон хохирогч нарын хооронд бус, гэрч ***, хохирогч нараас нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ёстой байсан. Мэдүүлгийн зөрүүг арилгах санаа нь зөв, гэхдээ зөрүүг арилгах арга хэлбэр нь буруу. Мөн яллагдагчийн нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болохоор хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж авагдсан мэдүүлэг байна. Тэгэхээр энэ хоёр хүний мэдүүлгийн зөрүүг арилгаж зээлийн гэрээ байсан уу, хөөсөнцрийн асуудал байгаа юм уу гэдгийг нэг мөр болгож, хэргийг шийдвэрлэх шаардлагатай. Хөөсөнцрийн асуудал БНХАУ-д тодорхой хэмжээний шаардлага тавигддаг. Тухайн шаардлагыг  биелүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэх юм бол эрүүгийн хариуцлагын асуудал яригдана. Улсын яллагчийн хэлж байгаа үнэн бол бизнесийн түншээ хорлож байгаа хэрэг болно. Иймд дээрх асуудлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах зүйтэй. БНХАУ-д чөлөөтэй нэвтрүүлдэг байсан бол зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэдэг асуудал бий болно. Дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч ***ий мэйл хаягт үзлэг хийлгэж, хохирогч руу илгээсэн мэйлийг шалгуулах хүсэлт гаргасан болохоос хохирогчийн мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй. Энэ нь оролцогчийн эрхийг хязгаарласан, өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан мөртөө хийж гүйцэтгээгүй нь өмгөөлөгч, яллагдагчийн эрхийг хязгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан бол шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж болохоор хуульчилсан, дээрх ажиллагааг нэмж гүйцэтгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хөөсөнцрийн бэлдэц оруулж ирнэ, ашиг ихтэй, ашгаа хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ***гоос хөрөнгө оруулалт нэрийдлээр иргэн Т.***ын Хаан банк дахь эзэмшлийн *** дугаарын дансаар:

- 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 80,000,000 төгрөг,

- 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг,

- 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг,

- 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг,

- 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 35,000,000 төгрөг,

- 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 6 удаагийн гүйлгээгээр 200,000,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилан, их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн ***гоос гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 14-17 дахь тал),

- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр (хавтаст хэргийн 44-45 дахь тал), 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр (хавтаст хэргийн 47-48 дахь тал), 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр (хавтаст хэргийн 52 дахь тал), 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 143-144 дэх тал),

- Гэрч Т.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

- Хохирогч ***гийн Хаан банкны эзэмшлийн *** тоот данснаас Т.***ын Хаан банкны эзэмшлийн *** тоот данс руу нийт  200,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 80-85 дахь тал),

- Гэрч Л.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 147-148 дахь тал),

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дахь тал),

- Гар утсанд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 153-155 дахь тал),

- Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал) болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан ба ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэж, тус гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хүндрүүлэх шинжээр тодорхойлон хуульчилсан.

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хөөсөнцрийн бэлдэц оруулж ирнэ, ашигтай ихтэй, ашгаа хуваана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бэлдэц нийлүүлэх газар бэлэн байгаа ашиг хүртээнэ гэх зэргээр хуурч үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний буюу 200,000,000 төгрөгийг би төрийн албан хаагч учраас өөрийн дансаар авч болохгүй байна гэх шалтгаанаар гэрч Т.***ын Хаан банканд эзэмшдэг дансаар шилжүүлэн авч өөрийнхөө хэрэгцээнд мөнгийг захиран зарцуулж залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Зулбаяр, С.Номиндалай нараас иргэний эрх зүйн гэрээний харилцаа буюу зээлийн гэрээ байгуулагдсан, залилах гэмт хэргийн шинжгүй, анхнаасаа зээл байсан, гэрээний үүргээ биелүүлээгүй асуудал хэлэлцэгдэнэ.гэж мэтгэлцэж цагаатгах, мөн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хуралдааныг 60 хоногоор хойшлуулах тухай тус тус дүгнэлт гаргаж оролцсон бөгөөд өмгөөлөгчдийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хуульд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт байна гэж үзэж хүлээн аваагүй болно. Үүнд:

Иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг бол залилах гэмт хэрэгт “гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүйг гэрээний нэг тал мэдсээр байж гэрээ байгуулах, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулах бодит боломж бүрдүүлэх” үйлдлийг ойлгоно:

Мөн залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг ба ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр хийхгүй санаа зорилго, сэдэлтийг агуулдаг.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч *** нь хөөсөнцрийн бэлдэц хилээр оруулж ирсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан байна. Нөгөө  талаас зээлийн гэрээ байгуулагдсан гэх боловч гэрээний харилцаа Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээг дүгнэсэн эсхүл биелэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Иймээс шүүгдэгч ***ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 200,000,000 төгрөгийг бусдыг данс ашиглан шилжүүлэн авч, буцааж өгөхгүй гэсэн субьектив санаа зорилготой, уг ***ий зарим хэсгийг тоглоом тоглож алдсан, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно. гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан ба шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 200,000,000 төгрөгийн хохирол учирсан ба энэ нь их хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл залилах гэмт хэргийн улмаас бусдын их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *** нь оюун санааны хувьд эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх бөгөөд хохирогчоос шилжүүлэн авсан мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан бодит нөхцөл байдал байгаа нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.гэж заасан. Шүүгдэгч *** нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 200,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тус зүйл хэсгийг журамлах үндэслэл байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч ***гийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

1.2 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...адил чанарын эд хөрөнгө өгөх зэргээр/ буюу учирсан хохирлыг ***р нөхөн төлнө.гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогчид 200,000,000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирлыг төлөөгүй байх тул уг мөнгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ***, түүний өмгөөлөгчдөөс хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасан ба тэдний хүсэлтийг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын хуралдааныг завсарлуулсан. Тус хугацаанд шүүгдэгч *** нь хохирогч ***д 200,000,000 төгрөгийн хохирлоос  2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч ***гийн Хаан банк дахь *** дугаарын данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн, улмаар хохирогч ***, шүүгдэгч *** нар 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  “Porsche Macan” загварын авто машиныг 150,000,000 төгрөгт тооцож авсан талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд хохирогч нь авто машиныг шилжүүлэн авсан гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгч ***ийг хохирогч ***д төлөх төлбөргүй гэж дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

2.2 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ***ий хэрэгт хандаж байгаа санаа зорилго, хувийн байдлын харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг: Хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа. Иймээс заавал хүнийг хорих гээд байх зүйл алга байна.гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч ***: Хохирол төлбөр төлөгдсөн учраас гомдол саналгүй болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулж болохоор хуульчилсан. Тэгэхээр шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн байдал, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, өөрийн орлогоо нотолсон баримтыг шүүхэд өгсөн эдгээр баримтуудыг харгалзан үзэж түүнд торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй.гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай: Шүүгдэгч *** хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөн хувиараа бизнес эрхэлж орлого олдог талаарх баримтыг гаргаж өгсөн, насанд хүрээгүй гурван хүүхэд, өндөр настай эмэг эх нь түүний асрамжид байдаг нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж хохирол төлбөрийг  төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял оногдуулж өгнө үү.гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр: Хөрөнгө оруулалт гэж үзэж  мэтгэлцсэн, мөн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж хойшлуулах санал гаргаж оролцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж оролцсон байр суурь бөгөөд энэ нь ***ий хүсэл зоригийн илэрхийлэл биш гэдгийг ойлгохыг хүсэж байна. Нэгэнт шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд залилсан байна гэж тогтоосон учраас бид нар хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тиймээс *** хохирлоо төлсөн, гэмшиж байна гэдгээ илэрхийлсэн, хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ***ийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ийг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн, нөгөө талаас шүүгдэгч *** нь хуваараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар:

1/ Шүүгдэгч ***өөс хэт нэг талыг баримталж шийдвэрлэх гэж байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзаж байна.гэсэн хүсэлтийг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.шүүгчийг татгалзана гэжээ.

Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04  дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоол гарсан.

Тогтоолын 5.2.3-т Хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно” гэж заасантай уялдуулан энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах... үндэслэл болохгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд “татгалзал гаргаагүйд тооцох”-оор тайлбарлав. Татгалзал гаргаагүйд тооцох нь эцсийн шийдвэр бөгөөд уг шийдвэрийг гаргасан үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаж болохгүй. Түүнчлэн “шүүгч шийдвэр гаргах” агуулгын хүрээнд, ...хэлэлцүүлэгт үг хэлэх, мөн шүүх хуралдааны явцад асуусан асуулт, харилцаа, хандлагын байдал зэрэг нь дангаараа тухайн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж тодруулсан. Иймд шүүгдэгчийн гаргасан татгалзал нь хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул татгалзал гаргаагүйд тооцож, шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2/ Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** үргэлжилсэн үйлдлээр  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *** 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогч ***д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН