Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/130

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч З.Бат-Амгалан,

хохирогч, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Ариунцацрал,

хохирогч, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт *** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000001153 дугаартай, 2 хавтаст хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:***)

            2. Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер багш мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, *** (РД:***)

Холбогдсон хэргийн товч агуулга: Яллагдагч ***, *** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

1.*** шүүгдэгчээр мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг нэмж өгөх шаардлагагүй. гэх,

Хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр МСМ компанийн байран дээр ***тай маргалдсаны улмаас харилцан зодолдож түүнээс болж миний биед хөнгөн хохирол учирсан. Одоо гомдол, саналгүй. гэх мэдүүлэг, 

2. *** шүүгдэгчээр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. гэх,

Хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр компанийн арга хэмжээний үеэр ***тэй бие засах өрөөнд муудалцсан. Үүнээс болж миний биед хөнгөн хохирол учирсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2310000001153 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн ***аас гаргасан гомдол (1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал),

2. Камерын бичлэгт 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 26-31 дэх тал),

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах *** компанийн 25 жилийн ой болсон. Тухайн үед бүх ажилчдыг хамарсан хурал болон арга хэмжээ зохион байгуулагдсан. Би хурлын өрөөнд сууж байгаад доод давхар луу угаалгын өрөө орж байх үед *** угаалгын өрөөнд орох үед зөрөөд гарсан хэдий ч намайг угаалгын өрөөнөөс гарахад үүдэнд зогсож байсан. Хаалган дээр зогсчхоод холдохгүй байсан учир гарах гээд маргалдаж, намайг унагааж, дээр гараад нүүр рүү цохиж байсан тэр үед хэд хэдэн хүмүүс байсан ч салгаж дийлээгүй хэн нэгэн хүн тухайн арга хэмжээг зохион байгуулж буй *** гэх залууг дуудаж ирснээр салгаж, би гэртээ харьсан. 2023.07.01-ний өдөр Гэмтлийн эмнэлэг дээр ***тэй уулзаад болсон зүйлийн талаар хэлэхэд *** хэлэхдээ “Би чиний хамарт гэмтэл учруулаагүй харин нүд рүү чинь цохисон нь үнэн тухайн үед харилцан зодоон болсон би биеэ хамгаалах үйлдэл хийсэн” гэсэн. Би ажлын чиг үүргийн хувьд ***т ажлын шаардлага тавьдаг байсан. Мөн 2023.06 сард байрны найран дээр хамт сууж байгаад угаалгын өрөө орох гэтэл намайг гаргаагүй тэр хэлэхдээ “Чи миний урдуур гарах эрхгүй, ард талаар ч гарах эрхгүй” мөн ажлын талаар гүжирдсэн үгсийг хэлсэн тэр үед салбарын захирал байж л маргааныг зогсоосон. *** нь, амиа бодсон талтай. Тэр үед хуучны таагүй харилцаанаас болоод маргалдсан. Би ***т өөрийн хариуцсан ажлыг үргэлжлүүлэхийн тулд ажлаа тодорхой болгох, сэлбэг бараа материалын нөөцийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хоног хугацаа зэрэг шаардлагуудыг тавьдаг байсан...Би ***т хувийн өш хонзон бодсон зүйл байхгүй. Би 2006 оноос хойш ***  компанид ажиллаж байна. Би 2012-2016  оны хооронд Оюу толгойд компрессын багийг ахалж ажиллаж байгаад 2016 оноос ***-н төв оффис дээр ирж ажиллахдаа танилцаж байсан. *** хувийн зан чанарын хувьд нь хүнтэй ойлголцохдоо тааруу, багаар ажиллах чадвар сул, биеэ тоож бардсан, харилцаа хандлага муу, ажилчидтай таарамж муутай. Тэр хэсэгт хяналтын камер байхгүй, Гэрчүүдийн талаар гэвэл ажлын газрын ***, ***, *** нар байсан *** болон *** нар салгах гээд дийлээгүй харин *** нь “ өөрсдөө учраа олог гээд салгаагүй. *** гарч яваад арга хэмжээг зохион байгуулж байсан ***ийг дуудаж ирээд салгасан дугаар нь *** юм. *** болон *** нь тэр арга хэмжээний үеэр хамт гадуур явж байсан. Гэмтлийн эмнэлэгт биеийн байдлын талаар үзүүлэхэд хамрын ясны хугарал, хамар баруун тал руу мурийсан, Зүүн нүдний ухархайн дотор хана 1,4 см хэмжээтэй өргөн хэсэгт дотогш 0,8 см гүн цөмөрсөн хугаралтай, зүүн талд нүдний эргэн тойронд хоншоор, хацар, чамархай, эрүү, хүзүүний хэсгээр зөөлөн эдэд хавдар хий ихтэй. 2 талын хоншоор, суурь баруун талын этмойд хөндийнүүдийн хана дагасан салст зузаарч агааржилт буурсан. Зүүн талын этмойд хөндийд цустай гэж гарсан. Би эрүүл мэнд болон гоо сайхнаараа хохироод байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал),

            - мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 30-ний өдөр *** группийн 25 жилийн ойн арга хэмжээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо *** группийн байранд зохион байгуулагдсан. Уг арга хэмжээний үеэр оройны 22-23 цагийн орчимд байх би бие засахаар 00 орох үед ***, ***, *** нар байсан. Би жорлон ороход жорлонгоос *** гараад би зөрөөд орсон. Тэгээд бие засчхаад гараад ирэхэд *** үүд хаагаад зогсож байсан. Тэгээд гарья гээд маргалдаад ***ийг түлхэхэд зөрүүлээд түлхсэн. Тэгээд хавирч унагаагаад цээжин дээр өвдөглөж байгаад хоёр гараараа миний нүүр рүү удаа дараалан цохисон. Би эсэргүүцэл үзүүлж, хувцаснаас зууралдах зэргээр доороос нь цохиж чадаагүй. Тэгээд гаднаас *** орж ирээд ***ийг салгаж авч яваад салсан. Тэрнээс хойш зодолдоогүй. Таксинд суугаад харьсан. ***тэй зодолдсоноос өмнө болон хойш би хэн нэгэнд зодуулсан, зодолдсон зүйл байхгүй. Таксинд суугаад харих явцад хүнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Миний биед ***т зодуулсны улмаас нүдний ухархайн яс хугарсан, хамар яс хугарсан. Шил хүзүү дагз, цээж, гар бугалга, хоёр хөл, цавь хэсгээр одоог хүртэл хөндүүр өвчтэй байна. Эмчилгээний зардал одоогоор 460,000 төгрөг гараад байна. Цаашдаа үүсэх эмчилгээ, нүдний хагалгааны зардал бас 2400,000 гаруй төгрөг шаардагдах болоод байна. Би зардал мөнгөнийхөө баримтыг гаргаж өгнө. Бас ажилгүй, акт аваад хохироод байна. Ажлаас акттай өдрүүдийнхээ баримтыг гаргаж өгье. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал),

            4. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 30-ний өдөр МСМ группийн 25 жилийн ойн арга хэмжээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо МСМ группийн байранд зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр *** нь ажлын хамт олон болох бусад хүмүүстэй маргаан үүсгээд, бусдыг цохиод яваад байсан. Тэгээд *** гэдэг төслийн зохицуулагчтай маргаан үүсгээд бусад хүмүүс салгасан байсан. Химийн үйлдвэрийн эмэгтэй захирал ***г бусадтай зүгээр харилцаж байхад салтаанаас барьж аваад *** нь ***д өшиглүүлсэн байсан. Тэгээд бусад хүмүүс өмөөрч, хэрүүл маргаан үүсгэх гэхэд *** нь болиулсан байсныг камерын бичлэгээс дараа нь харсан. Дараа нь *** гэдэг хүнийг маргаан үүсгэж, нэлээн цохиж зодсон. Түүнийг нь *** салгасан байсан. Би энэ үйл явдлуудыг дараа нь байгууллагын теле хяналтын камер шүүгээд мэдсэн. Үүний дараа оройны 22 цагийн орчимд байх би ариун цэврийн өрөө рүү бие засахаар орох үед гомдол гаргагч *** болон *** хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би тэд нарыг “болиорой” гэж хэлээд гарах гэж байхад *** над руу маргаан үүсгэж зодсон. Тэр үед зүүн нүд, зүүн шанаа руу маш хүчтэй хоёр удаа цохиж, “ална шүү” гэж заналхийлэн намайг хана савуулан, хагас манаралтын байдалд оруулсан. Тэгээд дундуур *** гэх хүн салгахад миний зүүн гуя руу *** нь хүчтэй өшиглөсөн. Би энэ үед намайг үргэлжлүүлэн зодоод байсан тул ***ыг өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Бас *** бид хоёр салгах гэж байхад түүнийг бас нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэр үед *** гараад явсан. *** нь цамцнаас зуураад миний хоолойг боож ухаан алдуулахыг завдсан. Тэр үеэр *** хоолой боосныг тавиулахаар салгах үед нь намайг *** 4-5 удаа хажуугаас нүүр, толгой руу цохисон. Удалгүй *** орж ирээд намайг аваад салгаад хажуугийн хувцасны өрөө рүү орсон. ***ыг *** салгаж аваад цаашаа ариун цэврийн өрөөнөөс гараад явсан. Дахиж намайг зодоогүй ***тай ч таараагүй. *** яаж гэр рүүгээ харьсныг мэдэхгүй. Камерын бичлэгээс ***, ***, *** нар цагаан өнгийн *** улсын дугаартай “байгууллагын ***ын *** утастай” машинд суулгаад явуулсан байсан. Автомашинд суулгаж өгснийг дараа нь камераас харсан. ***ыг суулгах гэж Хүний нөөцийн захирал, харуулын ажилтан хүмүүс нэлээд гуйж байж суулгаж явуулсан байсан. Цохиулсан зүүн нүдний хараа муудсан. Толгой байнга өвдөөд байгаа. Манай байгууллага тогтмол эрүүл мэндийн үзлэгт ордог. Оюутолгой ХХК-нь манай компанийн харилцагч учраас би ажил хэргийн шугамаар эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх шаардлага тавигддаг. Цаашдаа Оюутолгой ХХК-ийн талбайд очиж ажил үүргээ гүйцэтгэхэд эрүүл мэндээр тэнцэхгүй байх эрсдэл үүсээд байна. Миний зүүн гарын тохойны уут нь задраад, шөрмөс нь холбирч гэмтсэн, маргааш хагалуулна. ***ын учруулсан гэмтлээс болоод буглаа үүсээд эмчилгээнүүд хийгдэж байна. Би энэ оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлаасаа акт аваад, гадуур эмчилгээтэй. Цалингүй хохироод байна. Эмчилгээний зардал одоогоор 1,200,000 төгрөг гараад байна. Цаашдаа нэмэгдэж гарвал, дахиад нэхэмжилнэ. Баримтуудыг гаргаж материалд хавсаргуулъя. Би тэр үед 2 аяга пиво уусан байсан. Ер нь архи, тамхийг огт хэрэглэдэггүй. Миний зан байдлын талаар ажлын хамт олон бүгд мэдэж байгаа, би зодоон цохион хийж бусдад халдаж, хохироож байсан удаа байхгүй. Би одоогоор эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаад компани болон олон нийтийн арга хэмжээнд оролцдоггүй. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, нийтээр дарвиж баярлах зүйлд сонирхолгүй.  Маш их гомдолтой байна. Би ***т зодуулж хохироод, дээрээс нь хуулийн байгууллагад шалгуулаад, ажлаа ч хийж чадахгүй, хүүхдийн сургууль эхлэх гээд зардал, мөнгөний дутагдал ороод сэтгэл санаа, эрүүл мэндээр хохироод байна. ***ын болон түүний эхнэр гэх эмэгтэйгээс утсаар байнга заналхийлээд “намайг шоронд хийнэ” гэх зэргээр дарамталсаар байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал),

5. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо *** группийн задгай талбайд болсон 25 жилийн ойн арга хэмжээний үеэр засварын ворк шоп менежер ажилтай *** нь тус группийн Атлах копко брэндийн харилцагчийн зөвлөх ***тэй зодолдож байна гэж ажлын хүн ирж хэлсэн. Тэгээд ажилчдын хувцас солих өрөөний жорлонд очиход *** доор нь *** түүний дээр суусан байдалтай байсан. Би ***ийн хойш нь татаад дээрээс нь буулгаад ажилчдын хувцас солих өрөө рүү авч орсон. Тухайн үед ***ыг харахад хоёр нүд нь цохиулсан, хавдаж хөхөрсөн байдалтай байсан. ***ийн цамц нь урагдсан, өөр биед нь ил харагдах шарх сорив, ул мөр байгаагүй. Миний хувьд тус арга хэмжээний зохион байгуулалтын комисс байсан учраас хүмүүст хяналт тавьж байсан. Өмнө нь *** нь өөр хүмүүс муудалцаж, зодолдсон зүйлгүй. Тухайн үед яг юунаас маргалдаж, зодолдох болсныг мэдэхгүй, харин хүмүүс салгаж дийлэхгүй байна гэсний дагуу очиж салгасан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал),

            6. Гэрч Ж.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо *** группийн задгай талбайд болсон 25 жилийн ойн арга хэмжээний үеэр намайг жорлонд бие засахаар ороход манай ажлын менежер *** нь гадаад худалдаа хариуцсан менежер *** хоорондоо маргалдсан байдалтай “би чиний ах гэхэд нөгөөх нь дургүйцэж үгүй би чамаас ах” гэх мэтээр таарамжгүй байхад нь салгаад ***ыг жорлонгоос гаргаад явуулсан. Тэгээд намайг бие засаад байж байхад миний ард *** хүлээж байх үеэр *** үүдэнд хүрээд ирсэн байсан. Тэгээд *** сүүлд ирсэн ***ээс “*** бид хоёрын чи хэнийх нь талд орох вэ” гэж асуухад *** нь “хэн ч байсан чиний талд орохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд *** нь ***ийн нүүр рүү нь шууд гараараа цохисон. Тэгээд барилцаад авахаар нь шууд салгахад *** ахиад цохиход намайг оноод дараа нь ***ийг нэг удаа цохисон. *** зөрүүлээд ***ыг цохиж зодолдож, би салгаж дийлэхгүй байсан тул хүмүүст очиж хэлэх гээд гарч хүн дагуулан орж ирсэн. Тэр үед *** ***ыг доороо хийсэн, харин *** гэх ажлын хүн дахиж цохих боломжгүй байрлалд ***ийг оруулан дундуур нь хаасан байдалтай байсан. ***ийн цамц нь урагдсан боловч ил харагдах хавдар, цохилтоос үүссэн хавдар, цус хуралт ил харагдаагүй. Харин ***ын нүд нь цохиулсан оромтой буюу улайж, бага зэрэг хөхөрсөн ул мөртэй байсан. Тус арга хэмжээний үеэр *** өөр хэн нэгэнтэй барилцаж авч, цохилцоогүй. Харин ***тай маргалдсан. Гэхдээ ***тай *** нь зодолдоогүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал),

7. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо *** группийн задгай талбайд болсон 25 жилийн ойн арга хэмжээний үеэр оройны (цагийг нь санахгүй байна) би жорлон ортол *** ***тай маргалдаад байж байсан. Тэгээд би бие засаад гараад иртэл *** явсан. *** харин ***тэй маргалдаад, нэлээн уур амьсгал ширүүсэж эхэлсэн. Тэгээд би ***тай хамт ***ийг хориглоод байж байтал *** намайг цаашаа бай гээд түлхсэн. Тэгээд *** бид хоёр салгаж чадахгүй юм байна гэж бодоод *** руу утсаараа залгаад, дуудлага аваагүй байхад нь *** ***, ***, *** дөрвийг орхиод жорлонгоос гарсан. Тэр үед арай зодолдож эхлээгүй байсан. Гүйгээд гартал *** үүдэнд байсан тул түүнийг “энд зодоон үүсэх гээд байна” гэсэн. Буцаад ороход *** дээр нь гарсан, харин *** доор нь байдалтай байсан. *** нь ***ыг дээрээс нь гараараа цохиж байсан. Тэгээд *** очоод ***ийг салгаж аваад хувцас солих өрөө рүү аваад явсан. Тэнд *** ***ийг эсэргүүцэн “намайг тавь” гэх зэргээр барилцаад, нэг нь хөдөлгөөнийг нь хорьж, нөгөөх нь эсэргүүцэж тавиулахаар ноцолдсон байдалтай байсан. ***ыг хэн авч явсныг мэдэхгүй нэг нь аваад гараад явсан байх. ***ын царай зүс, хувцас хунарын байдлыг хараагүй. Харин ***ийн цамц нь урагдаад цээж нүцгэн байсан. Өөр зүйл ажиглагдаагүй. *** *** хоорондоо л зодолдсон. Өөр хүмүүстэй зодолдоогүй.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал),

8. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо *** группийн задгай талбайд болсон 25 жилийн ойн арга хэмжээний үеэр оройны 22 цагийн орчим би жорлон ортол эрэгтэй жорлонд 4 хүн байсан. ***, жижиг ***, ***, *** нар өөд өөдөөсөө хараад зогсчихсон байсан. *** ***тэй маргалдсан байдалтай, ***, *** хоёр маргалдаж байгаа талуудыг эвлэрүүлэхээр “та хоёр болио” гэх үг хэлж байсан. Би эрэгтэй жорлон давчуу, мөн тэр дөрвөн хүн байгаа учраас шууд эмэгтэй жорлонд ороод хөнгөнөөр бие засаад байж байтал, пижигнэсэн чимээ гарч эхлэхэд би шууд бие засахаа болиод гүйгээд очоод хартал, *** ***ын дээр нь гарсан байдалтай. Би гүйж очоод ***ийг хоёр суганаас нь дээш өргөсөн. Гэтэл *** ***ийг доороос нь зууралдан татсан. Тэр үед ***ийг салгаж дийлээгүй учир нь хоорондоо зууралдаад байсан. Яг тэр үед *** ***ийг 2 удаа гараараа цохисон. Тэгээд би хүн дууд гэхэд *** орж ирээд ***ийг аваад, би ***ыг аваад хоёр тийш нь салгасан. Тэрнээс хойш зодолдуулаагүй. Тэр хоёрыг хоёр тийш нь салгаад би ***ыг аваад холдуулаад нүүр рүү нь харахад ***ын баруун нүдний орчим маажуулсан мэт улайсан байдалтай байсан. ***ийг бол сайн анзаараагүй. ***ыг л илүү хөдөлгөөн хийхээс болгоомжлон анхаарсан. Тэр зодооноос хойш би байнга ***ыг харж, хяналт тавьсан. Учир нь яг миний хариуцсан дарга учраас анхаарал хандуулж, байнга ажиглаад таксинд суугаад гэр рүүгээ явтал нь дагаж явсан. Өөр хүнтэй зодолдоогүй гэдгийг баттай хэлнэ.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),

9. Гэрч Ц.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...2023.06.30-ны оройны 22:20 минутын орчим угаалгын өрөөнд би ***тай таарсан тэгтэл *** “ юу байна ахын дүү, халзан бандиа, бацаанаа,” гэх зэргээр хэл үгээр доромжилж эхлэхэд нь би өөрийгөө өмөөрч маргалдсан. Уг нь *** надаас дүү, гэхдээ өмнө ажил дээр тааралдахад харилцаа зүгээр байсан. Тэгээд л шууд угаалгын өрөөнөөс гарч явахад *** угаалгын өрөөний үүдэнд таарсан. Би гадаа задгай талбай дээр байсан надтай ойролцоо суудаг хүмүүс рүү оччихоод тамхины цэг рүү явсан. Тэгээд угаалгын өрөө рүү буцаад очиход *** болон *** нар байхгүй байсан. Түүнээс хойш *** болон *** нартай таараагүй...гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),

10. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ***ын хувьд эмнэлэгт хэвтэхээс өмнө чих, хамар, хоолойн кабинетад үзүүлсэн. Тэр үед үзлэгээр хамар яс зүүн талдаа доод ирмэг /хянга яс/ дээр ойролцоогоор 1-2 мм орчим, доошоо дотогш цөмөрсөн хүрэхэд эмзэглэлтэй, таславчийн мурийлттай байсан тул хамар ясны цөмөрлийг татаж янзлах байсан. Хамрын таславч бага зэрэг мурийлттай учир зөвхөн гадна талыг нь хагалгаа хийлгэлгүйгээр янзалъя гэсэн. Тэгэхэд *** нь миний хамар амьсгалахад битүүрээд байгаа учир шүдний хагалгаанд ороход бага зэрэг мурийлтыг янзлуулах, гадна ясыг тэгшлэх мэс засалд оръё гэж өөрөө санал тавьсан. Мөн цаашид миний хамар битүүрээд байвал шүдний хагалгаанд унтуулгатай орох учир хагалгаанд орж эмчлүүлье гэсэн тул зөвшөөрч хийсэн. Би ***ын хамрын таславчийг тэгшилсэн. Хамрын нүхээр нь зүслэг хийж, мурий хэсгийг хайчлан авах мэс засал хийсэн. Уг хайчлан авсан эд нь яс, мөгөөрс байдаг...гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 17-19 дэх тал),

 

11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №8568 дугаартай:

            - ***ийн биед зүүн нүд, хацар, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд цус хуралт, баруун тохойд шарх, баруун мөрний урд хэсэг, цээжний урд зүүн дээд хэсэг, зүүн бугалгын урд дунд хэсэг, зүүн гуяны гадна дунд ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

            - Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

            - Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 82-83 дахь тал),

 

12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №8515 дугаартай:

            - ***ын биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

            - Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

            - Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал),

 

            13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №806 дугаартай:

            - ***ын биед зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - 2023-07-01-ний өдрийн толгойн КТГ-н шинжилгээний хариунд хамрын ясны хугарал нь хуучин гэж уншигдсан, уг зургийг дүрс оношилгооны шинжээчээр дахин уншуулахад мөн хуучин гэж батлагдсан учир 8515 дугаартай дүгнэлтэд оруулаагүй болно.

            - Хүний биед учирсан гэмтэлд хийгдсэн эмчилгээ, мэс засал нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 90-92 дахь тал),

           

            14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчдийн хэргийн материалаар хийсэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1142 дугаартай:

            - Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №806 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

            - ***ын 2023.07.01-ний Мөнгөн гүүр эмнэлгийн толгойн компьютер томографын шинжилгээг шүүх эмнэлгийн дүрслэл оношилгооны эмч нараар уншуулахад хамар ясны хуучин, хугарал гэмтэл тогтоогдсон байна. Дээрх хамар ясны хуучин хугарал гэмтэл нь 2023.06.30-ны өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл ба гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Хамар ясны хуучин хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - ***ын УНТЭ-н 2023.08.03-ны өдрийн зүүн нүдний ухархайн дотор ханын хугарлыг засаж имплант тавих, хамрын таславч тэгшлэх, хамар ясны хугарлыг засах эмчилгээ болон эмчилгээний дараах эдгэрэлтээс хамаарч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 40-43 дахь тал),

 

            15. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Яллагдагчаар татаж буй тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яллагдагчаар татсан тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргана. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 117-119 дэх тал),

            16. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 30-ний өдөр *** группийн 25 жилийн ойн арга хэмжээ ХУД 3 дугаар хороо МСМ группийн байранд зохион байгуулагдсан. Уг арга хэмжээний үеэр оройны 22-23 цагийн орчимд байх, би бие засахаар ариун цэврийн өрөө ороход *** байсан. *** бид хоёр “би эхэлж бие засна” гэж тоглоход *** уурлаад байсан. ***ыг *** ариун цэврийн өрөөнөөс аваад гарсан. Тэр үед *** бие засаад гарч явж таарсан. Би бие засаад гарч ирэхэд ариун цэврийн өрөөний үүд хэсгийг *** хаагаад зогсож байсан. Тэгээд давчуу ариун цэврийн өрөөнөөс гарах гэхэд *** намайг гаргаагүй. Би маргалдаж ***ийг гараараа түлхээд гарах гэхэд, намайг бас түлхсэн. Тэгээд бие биеийнхээ хувцаснаас барьж авах үеэр намайг хөлөөрөө хавирч унагаагаад цээжин дээр өвдөглөж байгаад толгой, нүүр нүд рүү цохисон. Би доороос нь өөрийг хамгаалах гэж түлхсэн. Би ***ийг цохиогүй. Тэнд байсан ***, *** хоёр салгаж дийлээгүй. Тэгээд *** оролцоогүй хараад зогсоод байсан. Тэгээд гаднаас *** орж ирээд бид хоёрыг салгаж, ***ийг миний дээрээс аваад хувцасны өрөө рүү орсон. Намайг *** босгож аваад тамхины цэг рүү явсан. Тэндээс таксинд суугаад явсан. Намайг хавирч унагаах үед би өөр дээр ***ийг татаад унагаасан. Тэр үеэр тохойгоороо шаланд цохисон байх. Мөн миний дээр *** суучхаад намайг цохих үед би өөрийгөө хамгаалж, холдуулах зорилгоор хариу эсэргүүцэл үзүүлж, гараараа хаах, түлхэх үйлдэл хийж гарыг нь барьсан. Уг арга хэмжээний үеэр ***тэй л үл ойлголцол, маргаанаас болоод зодуулсан, өөр хэн нэгэнтэй маргаан, зодоон үүсгээгүй. Ямар нэг асуудалгүй гэртээ орсон. Надад учирсан гэмтэл бол *** намайг зодсоноос үүссэн. Өөр хэн нэгэнд зодуулаагүй бас унаж бэртээгүй. Анх 2019 оны 04 дүгээр сард намайг одоо байгаа албан тушаалд томилогдох үед *** нь “чамайг энэ албан тушаал дээр хэр удахыг харна” гэж хэлж байсан. Мөн дарга удирдлагуудад намайг ажил хийгээгүй мэт ойлголтыг төрүүлэхүйц утгатай албаны цахим мэйл явуулах, гүйцэтгэх аждын хувьд өөр ч бие бийнээсээ харилцан хамаарч ажил явагддаг байхад *** нь ажлыг буруу хуваарилж, цаг хугацааг нь тулгадаг учраас үл ойлголцол үүсээд, хааяа маргалдаж байсан зүйл байдаг. 2022 оны 11 дүгээр сард харилцагчаас гаргасан хүсэлтийг биелүүлэх болоход миний удирдах дарга болон *** нь холбогдохгүй байсан тул өөрөө бие даан шийдвэр гаргахад *** нь “яагаад өгч явуулж байгаа юм. Мөнгийг нь олж өгөөрэй” гэсэн тэгээд хэдэн сарын дараа төлбөрийг нь би харилцагчаас гаргуулаад авсан. Тэгэхэд *** нь “чи хэл амтай юм байна” гэх хорон үг хэлж байсан. Ажлын хүний шинэ байрны найр болох үеэр *** нь бие засах гээд хажуугаар нь гарах гэхэд “чи миний урдуур ч гарахгүй, хойгуур ч гаргахгүй” гэсний улмаас маргаан үүсэж байсан. Тэр үед хүмүүс салгаад зодоон үүсээгүй. Ер нь ажаас болоод удаа дараа маргалдаж айсан. Чи яагаад ингэж байгаа юм гэхэд “чи ажлаас гарсан хүмүүст ажил олж өгдөг, дунд нь зуучилдаг гэсэн утга бүхий” зүйл хэлсэн. Би энийг нь эсэргүүцэж ор үндэсгүй талаар хэлж байсан. Хамт олны дунд гүтгэж байсан. Зодуулснаас хойш эмнэлгээр явж байна. Нэгдүгээр эмнэлэгт шинжээчийн дүгнэлтэд дурдсан зүүн нүдний гэмтэл, хамартаа хагалгаанд орсон. Мөн зүүн нүдний ухархайн ясан дээр имплант тавиулсан. Цаашид эрүүл мэндэд сөрөг үр дагавар ихтэй. Нүдний хараа муудаж болзошгүй гэсэн. Би тэрийг зодоогүй. Тохойны гэх гэмтэл нь өөрөө намайг унагаахдаа тохойгоороо тулж унаад гэмтээсэн. *** гэх залуу ***ийг салгаад хувцасны өрөөнд авч ороход "***оо яагаад намайг салгаж байгаа юм, би ***ыг зөндөө зодох байсан юм” гэж хэлсэн байсан. Би ***ийн доор зодуулж байх үед өөрийгөө хамгаалахаар бугуйнаас барих, цохилтын хүчийг бууруулахаар гараараа хаалт тавих үед л учирсан байж болзошгүй. Би прокурорын яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би өөрт учруулах хохирлыг бууруулах зорилгоор л эсэргүүцсэнээс л ***т хохирол учруулсан болов уу гэж бодож байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал),

17. Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1762 дугаартай тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 124-135 дахь тал),

- шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 137-146 дахь тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй байна. гэх,

Хохирогч, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Ариунцацрал: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Тухайн хэрэг гарах өдрийн бичлэгийг бидний зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн ба үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж үзнэ үү хэмээн хүсэж байна. Шүүгдэгч *** нь 475,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн хэдий ч хоорондоо эвлэрсэн тул бусдад төлөх төлбөргүй байна. гэх

Хохирогч, шүүгдэгч ***ын өмгөөлөгч И.Хонгор: Миний үйлчлүүлэгч нь гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг харилцан зөвшилцөж нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

            Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” группийн байрны ариун цэврийн өрөөнд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ***тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны  улмаас маргалдан харилцан зодолдож биед нь зүүн нүд хацар, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд цус хуралт, баруун тохойд шарх, баруун мөрний урд хэсэг, цээжний урд зүүн дээд хэсэг, зүүн бугалгын урд дунд хэсэг, зүүн гуяны гадна дунд ар хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МСМ группийн байрны ариун цэврийн өрөөнд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хохирогч ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны  улмаас маргалдан харилцан зодолдож биед нь зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн ***аас гаргасан гомдол (1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал),

- Камерын бичлэгт 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 26-31 дэх тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал),

            - мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал),

            - Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал),

- Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал),

            - Гэрч Ж.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал),

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал),

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),

- Гэрч Ц.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),

- Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 17-19 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №8568 дугаартай, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №8515 дугаартай, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №806 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1142 дугаартай дүгнэлтүүд  (1 дэх хавтаст хэргийн 82-83, 90-92,  85-86, 2 дахь хавтаст хэргийн 40-43 дахь тал),

            - Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 118-119 дэх тал),

            - Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал), болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогч нарт учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгч ***, *** нарын харилцан зодолдсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Мөн шүүгдэгч ***, *** нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

            Хохирогч, шүүгдэгч нар нь хоёулаа согтууруулах ундаа хэрэглэн, олон нийтийн эзэмшил, үйлчилгээний газар биеэ зөв боловсон авч яваагүй, маргаан үүсгэж, үл ойлголцол бий болсон зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд нь улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, *** нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэнд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.гэж тус тус заасан.

Хохирогч ***, *** нар нь эрүүл мэндтэй холбоотой баримтыг  гаргаж өгсөн боловч хоорондоо харилцан зөвшилцөж бие биедээ гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн тул төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          2.1Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                  

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж. тус тус хуульчилсан.

 

2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

            Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялаас чөлөөлөх саналтай байна. гэх,

            Хохирогч, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Ариунцацрал: Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул дээрх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү. гэх,

            Хохирогч, шүүгдэгч ***ын өмгөөлөгч И.Хонгор: *** нь урьд 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж байсан нь төрсөн дүүтэй нь холбоотой байсан. Энэ удаа бол тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.гэх тайлбарыг тус тус гаргасан.

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба уг ялыг эдэлж дуусгавар болсон талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа авагдсан байна. Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд ял шийтгэлгүй байх тул нэмж нэгтгэх ялгүй байна. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн” -ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***, *** нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх”  зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***т мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно ...гэж заасан ба энэхүү  заалт нь үүрэг болгосон бус шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.

Иймд шүүгдэгч *** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байдал, мөн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан, дээрх хуулийн заалтыг хэрэглэхэд шаардлага хангагдсан гэж үзэж, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаас мөн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр, шүүгдэгч ***ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

6. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН