Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2020/01191

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух, С к овогт С. А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн  Өлгий сумын 0 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн  Ө сумын Ерөнхий боловсролын  дугаар сургууль / захирал Б.Т/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагч байгууллагын захирал Б.Т, хариуцагч байгууллагын өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Сг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн “Эрүүл мэндийн хичээлийн цагийн багшийн” ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.  

Нэхэмжлэгч  С.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.А нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд 2009 оноос эхлэн одоо хүртэл 11 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш С.А би тус сургуулийн хүн нийгэм,эрүүл мэндийн багшийн цагийн ажилд томилогдсон юм. Гэтэл тус сургуулийн эрхлэгч  Б.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хүн нийгэм, эрүүл мэндийн цагийн багшаар ажиллуулахгүй байгаа явдалд гомдолтой байна. С.А тус сургуульд ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажилдаа эзний ёсоор хандаж ирсэн мэргэжлийн багш юм. Ажил олгогч намайг цагийн багшийн ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй ажиллуулахгүй байгаа тул шүүхэд хандсан. Миний бие анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хүн нийгэм, эрүүл мэнд хичээлийн цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан бөгөөд би эрүүл мэндийн хичээлийн цагийн багшаар ажиллаж байсан тул шаардлагаа тодруулж тус сургуулийн эрүүл мэнд хичээлийн цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсье гэв.

Хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн захирал Б.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. С.А нь манай сургуульд олон жил цагийн багшаар ажиллаж ирсэн. Тус сургуульд хэн нэгэн чөлөө авах үед болон илүү цаг гарсан үед С.А гүйцэтгүүлж, хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн байна. Хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 4 цагийн эрүүл мэндийн хичээлийг заахаар болж харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хугацааг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэлэлцэн тогтоосон байсан. Учир нь эрүүл мэндийн хичээл 6 дугаар сарын 01-ний өдөр орж дуусах ёстой байсан. Өнгөрсөн хичээлийн жилд олон сараар хорио цээрийн дэглэм тогтоож багш нар ажиллаагүй. Гэвч хорио цээрийн дэглэмийн үед багш нарын цалин хасаж болохгүй гэсэн тул гэрээгээр тохиролцсоны дагуу С.А цалин хөлсийг нь өгч байсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж гэрээ нь цуцлагдсан.Тухайн үед С.А ажлаас чөлөөлсөн шийдвэрийг танилцуулах гэсэн боловч түүний утас холбогдохгүй байсан. Өөрөө ч сургуульдаа огт ирээгүй.Тушаал шийдвэр өгөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй..Ажилтан өөрөө ирж, тушаал шийдвэрээ авах ёстой байсан.Тэр өөрийгөө 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулахгүй байгаад гомдолтой гэжээ.Энэ жилийн сургуулийн үйл ажиллагаа 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн бөгөөд тухайн жилийн хичээлийн цагийн хуваарь,бэлтгэл ажил, хичээлийн төлөвлөгөө зэргийг батлуулсан, багш нарын сургалт,семинар зохион байгуулагдсан.Гэтэл С.А нь энэ хичээлийн жилийн эхэнд манай сургуульд ажиллахаар ирээгүй ямар нэгэн өргөдөл хүсэлт гаргаагүй юм.Тэр байтугай С.А нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш дахиж сургуульдаа ирээгүй тул түүнийг Өлгий сумын 13 дугаар багт шинээр ашиглалтад орсон Ерөнхий боловсролын сургуульд ажилд орсон гэж сонссон юм. Манай сургуулиас С.А-ыг олон жил цагийн багшаар ажиллаж ирсэн байдлыг харгалзаад илүү гарсан цагт нь гэрээ байгуулан ажиллуулж ирснээс болж эргээд буруутай болох гэж байгаа юм байна.Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2018 онд манай сургуульд хийсэн төлөвлөгөөт шалгалтын үеэр С.А-ыг багшлах эрхгүй хүнийг цагийн багшаар авч ажиллуулсан гэж зөрчилд тооцсон билээ.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А-аас анх шүүхэд Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн “хүн нийгэм, эрүүл мэнд хичээлийн цагийн багшийн” ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Ө сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн “Эрүүл мэнд хичээлийн цагийн багшийн” ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэнийг хариуцагчаас байгууллагаас эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч С.А  01 нас 10 сартай нялх хүүхэдтэй,  Монгол улсын Боловсрол Соёл,Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2019 оны А/491 дугаар тушаалын хавсралтад Эрүүл мэндийн хичээлийн цагийг 4 ба  дугаар ангийн тус бүрт нь 32 цаг нийт 64 цагаар баталсан байх тул Эрүүл мэндийн хичээлийн цагийн багшаар ажиллах ёстой гэж маргаж, хариуцагчаас цагийн багшаар ажиллах тухай өргөдөл гаргаагүй, энэ жилийн хичээл 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн бөгөөд тухайн жилийн хичээлийн цагийн хуваарь, бэлтгэл ажил, хичээлийн төлөвлөгөө зэргийг батлуулсан, багш нарын сургалт,семинар зохион байгуулагдсан тул цагийн багшаар авч ажиллуулах боломжгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг харьцуулан судалж үзэхэд нэхэмжлэгч С.А нь Ба аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд 2010 оны 01 дүгээр сараас  2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаандаа дүрслэг урлаг технологийн үндсэн багшаас чөлөөлөгдөж, дүрслэг урлаг технологи болон англи хэл, туслах хичээл гэх мэт хичээлүүдийн цагийн багшаар ажиллаж  улмаар ажил олгогчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар тушаалаар Эрүүл мэндийн хичээлийн цагийн багшаар  2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар томилогдон, мөн өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан болох нь үйл баримтаар тогтоогдож байна.

Ажилтан, ажил олгогч нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т  2019.09.02-2020.06.01 хүртэл хугацаатай,1.6-д  7 хоногт 4 цаг, 1.7-д Эрүүл мэндийн цагийн багш (5-р ангид 7 хоногт 4 цаг эрүүл мэндийн хичээл заах) гэж талууд харилцан тохиролцож байгуулсан байх тул ажил олгогчоос  2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн №23  дугаар тушаалаар  нэхэмжлэгч С.А-ыг “Эрүүл мэндийн хичээлийн цагийн багшийн” ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн зөрчөөгүй байх боловч уг ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид гардуулснаа нотолж чадаагүй тул нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргасан байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч С.А нь  2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн 01 нас 10 сартай хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээгээр нотлогдож байгаа мөн Монгол улсын Боловсрол Соёл,Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2019 оны А/491 дугаар тушаалын хавсралтад Эрүүл мэндийн хичээлийн цагийг 4 ба 5 дугаар ангийн тус бүрт нь 32 цаг нийт 64 цагаар батлагдсан байгаа хэдийн боловч  тэрээр ажил олгогчтой  2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс  2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаатай Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байх бөгөөд түүнээс хойш ажил олгогч болон ажилтан нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй  байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.1-д заасан үндэслэл нь нэхэмжлэгчид хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.

Бага, дунд боловсролын тухай  хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.2 дахь хэсэгт “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” эрх нь ажил олгогч буюу Ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрхийн асуудал  байхаар хуульчилсан байх бөгөөд хариуцагч Ө сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захирлаас маргаан бүхий “Эрүүл мэндийн хичээлийн 4 цагийг” тус сургуулийн англи хэлний багш нараар заалгаж  2020-2021 оны хичээлийн хуваарийг батлуулж ажиллуулж байсан  ба энэхүү  “Эрүүл мэндийн хичээлийн 4 цагийн багшаар”  нэхэмжлэгч С.А нь би ажиллах ёстой  гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч С.А-ын хувьд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэл тогтоогдоогүй байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим тусгагдсанаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад хуулийн зорилго оршиж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал болохынхоо хувьд ажил олгогч Ө сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн захирал хэнийг ажилд авах, хэнийг ажилд авахаас татгалзах буюу хөдөлмөрийн гэрээ байгуулах этгээдийг чөлөөтэй сонгох эрхтэй ба бусад этгээдийн хэнийг ажилд авах, эс авах талаар ажил олгогчид хөндлөнгөөс нөлөөлөх үндэслэлгүй.

Учир нь, ажилтныг ажилд авч, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэнээр ажилтныг ажлаар хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох г.м. эрх зүйн үр дагавар буюу хариуцлага зөвхөн ажил олгогчид  Бага, дунд боловсролын тухай  хуулийн 20 дугаар зүйлд олгосон эрх, үүрэг тул шүүхээс тус сургуулийн “эрүүл мэндийн хичээлийн 4 цагийн багшийн” ажилд С.А нь ажиллах ёстой гэж ажил олгогчийн хуулиар олгосон эрхэнд хөндлөнгөөр оролцож томилох нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.А-ын Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн “Эрүүл мэндийн хичээлийн цагийн багшийн” ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ