Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/169

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Г.Золзаяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогч ***, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310032501981 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 19-ний өдөр *** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

1. Шүүгдэгч ***: Гэм бурууд маргахгүй, болсон үйл явдлын тухай дахин ярих шаардлагагүй. гэх,

            2. Хохирогч ***: 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр энэ үйл явдал болсон. Цээжин тус газраа хүнд гэмтэл авч цаашид ажил хийх чадваргүй болсон. Эхнэр хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амьдарч байсан. Одоо ганцаараа  байна. Миний гэдэс хагараад цүлхэн үүсэж, хүнд юм өргөх боломжгүй болсон. Тухайн үед амралтын газар бид бүгд амарсан. Цонхоор харахад манай эхнэр, *** хоёр нэг оронд хэвтэж байхаар нь би ороод юу болж байгаа талаар асуусан. Тэгэхэд *** намайг боосон. Би боолтоос нь гараад явж байхад араас ирээд хутгалсан. Намайг хутгалчихлаа хүмүүсээ авраарай гэж би орилсон. Гэтэл дахиж араас ирээд цохисон. Ингээд би газар унасан. гэх мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2310032501981 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “хутгалсан цус алдаад байна /103-аас дамжуулсан дуудлага/” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал),

2. Хэргийн газарт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Paradise амралтын газарт 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

3. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажлын хамт олонтойгоо амрахаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Рагаdise” амралтын газарт очсон. Эхнэр *** хамт байсан. Манай ажлын хамт олон 20 гаруй хүмүүс байсан. Тухайн амралтын газар өдрийн 11 цаг орчмын үед очсон. Тэр үед би Соёрхол, Чингис нэртэй 0.75 литрийн архи нэг нэгийг ажлын хүмүүстэйгээ түрээсэлж авсан, байшин дотроо хувааж уусан. Тухайн байшингаас манай ажлынхан тэмцээн болон сугалаа сугалахаар гарсан. Тэр үед эхнэр *** архи хэрэглэсэн байсан тул байшин дотор орон дээр унтаад үлдсэн. Би харин ажлын хүмүүстэйгээ хамт сугалаа сугалж тэмцээнд оролцохоор гадагшаа гарсан. Удалгүй 5-10 минутын дараа би тухайн түрээслэн авсан байшингийн цонхоор эхнэрээ харахад эхнэр ***ийн хажууд надтай хамт ажилдаг *** хамт орон дээр хэвтэж байсан. *** нь эхнэрийн гэдсийг нь гаргачихсан илж байсан тул би юу болж байгааг харахаар байшин руу ороод ***д хандан “юу болж байгаа юм бэ?” гэж асуухад “чи юу хуцаад байгаа юм бэ?” гэж хэлээд миний хоолойг гараараа боохоор нь гарыг нь өөрөөсөө салгаж аваад цааш нь түлхээд гаднаас тусламж хүсэхээр байшингаас гартал араас *** гүйж гарч ирээд миний шилэн хүзүүний араас гараараа татаад цээж рүү цохих шиг болохоор нь ***г цааш нь дахин түлхчхээд хоёр, гурав алхтал баруун цээж хэсгээс халуу оргиод эхэлсэн. Тэгэхээр нь гайхаад цээж рүүгээ хартал цус гоожиж байхаар нь ***гийн баруун гар руу хартал гарт нь хутга байсан болохоор нь хутгалсныг би мэдсэн. Байшингийн урд хамт ажилладаг хүмүүс сууж байсан болохоор нь тухайн хүмүүсээс тусламж хүсэж “Намайг авраарай, намайг хутгалчихлаа” гэж хэлээд орилоод гүйтэл *** нь араас орилж гүйж ирээд баруун мөр болон нуруу руу тус тус нэг удаа цохисон. Тэгээд ажлын хүмүүс бид хоёрыг салгаад байж байтал удалгүй Цагдаагийн алба хаагчид ирсэн. Тэр үед эхнэр *** миний хажууд байсан. Би ***тай урьд өмнө нь хэрэлдэж муудалцаж байсан удаа байхгүй, бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн сэдэлтэй зүйл байхгүй. Би ***гийн хутгалсан хутгийг хаана байгааг мэдэхгүй. *** нь намайг хутгалж байхад хэн нэгэн хараагүй. Хутгалуулсны дараа ажлын хүмүүс намайг харсан. Манай эхнэр ***ийн хувцсыг тайлсан зүйл байгаагүй. *** нь өөрөө хувцастайгаа байсан. Би *** гэх хүнд гомдол, саналтай байна. Надад учирсан эмчилгээний төлбөр болон сүүлийн хоёр сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй, орлогогүй байсан, мөн цаашид миний биеийн эрүүл мэндэд учрах эмчилгээний зардлыг *** гэх хүнээр барагдуулмаар байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

4. Гэрч ***ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай түүхий эдийн цэгийн хамт олон амрахаар болоод Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Рагаdisе” амралтын газар өдөр 11 цаг орчмын үед ажлынхантайгаа болон нөхрийн хамт очсон. Тухайн амралтын газар нэг байшин түрээсэлж аваад 0.75 литрийн Соёрхол, Чингис нэртэй 2 шил архийг хувааж уусан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж чаддаггүй учир тухайн түрээслэн авсан байшин дотроо нэг мэдэхэд унтсан байсан. Унтаад байж байтал нэг хүн сэрээгээд нөхөр чинь хүнд хутгалуулчихлаа /хэн сэрээснийг би санахгүй байна/ гэж хэлээд гараад явахаар нь тухайн хүний араас байшингаас гартал хүмүүс бужигналдаад байхаар нь нөхөр ***ыг хайж эхэлтэл *** нь байшингийн урд талд зогсож байсан. Би *** дээр очтол цээжнээс нь цус гарсан, гар нь цус болсон байдалтай байхаар нь юу болсон юм бэ гэж асуутал “намайг *** хутгалчихлаа” гэж хэлсэн. ***ы тэр хэлсэн үгийг сонсоод би ухаан балартаад унаад өгсөн, цааш юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирсэн байсан. Би ***тай хамт нэг газар ажилладаг гэдэг утгаараа мэднэ. Өөр бусдаар сайн мэдэх зүйл байхгүй, мэндийн зөрөөтэй зөрдөг хүн юм. Урьд өмнө нь ***, нөхөр *** нар нь хоорондоо муудалцаж байхыг хараагүй, тухайн өдөр ч би муудалцаж байхыг нь хараагүй. Тухайн өдөр *** бид хоёрын дунд ямар нэгэн харилцаа үүсээгүй, би сэрэхэд хувцастайгаа байсан. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир ***г гартаа хутгатай байсан эсэхийг харж амжаагүй.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

5. Гэрч ***ийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай ажлаас энэ зун салхинд гарч амжаагүй учраас зун дуусахаас өмнө салхинд гарах санаатай өнөөдөр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах амралтад ирсэн. Тухайн газар ирэхдээ би болон *** нар зохион байгуулсан. Манай ажилчид 37 хүн байсан. Бид нар амралт дээр ирээд хоол унд идээд хөгжөөнт тоглоом тоглох санаатай гадаа гараад байж байтал гэнэт хүмүүс шуугилдаад байсан. Тэгтэл амралтын байшингаас *** нь биеийнхээ цээжин хэсэгт гараараа дарсан байдалтай, араас нь *** гараад ирсэн. Бид нар юу болсон талаар асуухад *** намайг хутгалчихлаа гэж *** хэлсэн. Тэгээд бид нар сандралдаад цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн байгууллагаас алба хаагч нар ирээд араас нь эмнэлгийн байгууллагаас эмч ирээд ***ыг эмнэлэг рүү аваад явсан. ***, *** нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ тийм их согтуу байгаагүй. Ер нь бол тухайн 2 хүн тухайн үед болсон явдлын талаар санаж байгаа байх. Би энэ үйл явдлыг хараагүй. Тухайн үед би гадаа тэмцээн зохион байгуулах гээд гараад ирсэн байсан учраас хараагүй. Тухайн үйл явдлыг хэн, хэн харсан гэдгийг сайн мэдэхгүй байна. ...Манайд ажиллаж байхдаа ийм зүйл болж байгаагүй. Ямар шалтгааны улмаас ийм зүйл болсон гэдгийг сайн мэдэхгүй байна.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн №10708 дугаартай:

            - ***ы биед хэвлийн хөндийг нэвтэрч өрц, нарийн гэдэс, элгэний 6,7-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            - Уг гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.

            - Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

7. Эд зүйлд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал),

8. Бичлэгт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн: ...бор өнгийн модон 1 давхар, цагаан саарал өнгийн гурвалжин дээвэртэй, 2 цонхтой 1 хаалгатай байшин тухайн байшинтай залгуулсан цагаан өнгийн 1 цонхтой бор өнгийн хаалгатай байшин байв. Бор өнгийн модон байшингийн урд талд олон тооны суусан болон босоод зогссон байдалтай хүмүүс байв....бор өнгийн 2 цонхтой байшингийн үүднээс хохирогч *** нь шаргал бор өнгийн өмд, хар өнгийн гуталтай, хар өнгийн цамц, цайвар өнгийн малгайтай гарч ирэв, хохирогч ***ы араас сэжигтэн *** цагаан футболктой, футболкны гадуур улаан бараан өнгийн ханцуйгүй хувцас өмссөн, цэнхэр өнгийн өмдтэй, цайвар болон хар өнгийн гуталтай гарч ирнэ. Хохирогч ***ы араас сэжигтэн *** нь баруун гартаа барьсан байсан хутгаар нэг удаа хатгана. Хохирогч ***ыг сэжигтэн *** нь дахин баруун гартаа барьсан байсан хутгаараа хатгах гэж оролдоход хохирогч *** нь гараараа түлхэн өөрөөсөө холдуулан зугтаана. Сэжигтэн ***г шар цамц, цагаан малгайтай хүн тэврэн зогсооно. Сэжигтэн *** нь тухайн шар цамцтай хүний гарыг мултлан хохирогч *** руу дахин гүйнэ.  Сэжигтэн *** нь хохирогч *** дээр гүйж очин гараараа нэг удаа түлхэнэ. Тэр үед цэнхэр цамц, цагаан малгайтай хүн болон хар өнгийн өмд цамцтай хүн сэжигтэн ***г барьж авна, хохирогч *** нь камерт орж ирэн газар унана. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 81-85 дахь тал),

9. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажлын хамт олонтойгоо амрахаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рагаdise” амралтын газарт 11 цаг орчмын үед ирсэн. Тухайн амралтын газар нэг байшин түрээслэн аваад ажлын хүмүүстэйгээ 2 литрийн Соёрхол нэртэй архи, 0,5 литрийн Голд Чингис нэртэй архи 3-4 хүн хуваан уусан. Тухайн хоёр архийг уучхаад цааш юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд цагдаа болон түргэн тусламжийн хүмүүс ирсэн байсан. Би ***д хэрхэн яаж бэртэл, гэмтэл учруулснаа санахгүй байна, нэг мэдэхэд *** нь байшингийн урд хэвтэж байсан. Удалгүй цагдаа болон эмнэлгийн хүмүүс ирснийг санаж байна. Тухайн өдрийн өмнөх өдөр 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрийнхээ ойролцоо байх дэлгүүрээс бор алаг иштэй жижиг хутга мах эвдэж, жижиглэх зориулалтаар 12,000 орчим төгрөгөөр худалдан авсан. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тухайн худалдан авсан хутгаа амралтад явахдаа авч явсан. Зорилго нь амралт дээр мах эвдэж боодог хийхээр авч явсан. Хэрэг учрал болох үед авч явсан хутгаа өөрийнхөө бүсэлхийгээр бүсэлсэн тэлээндээ хавчуулсан байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал),

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89-95 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Мөн шүүгдэгч нь хохирогчид баримтаар учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардал болон орлогогүй байсан хугацааны цалин хөлс, өмгөөлөгчийн хөлс зэргийг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. гэсэн дүгнэлтийг,

Хохирогч ***ы өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг: ***гийн өмгөөлөгч нь баримтаар учирсан хохирлыг төл гэж хэлсний дагуу төлсөн болов уу гэж бодож байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болгочхоод, мөн хамт ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байж өдийг хүртэл яагаад эмчилгээний зардлыг төлөх сэтгэл байгаагүй юм бэ, үүнд харамсалтай санагдаж байна. гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах: Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд гэм бурууг тогтвортой хүлээн зөвшөөрч байсан. ***гийн хувийн байдлын тухайд архи согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглэдэг, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Энэ хэрэг гарах болсон шалтгаан тухайн өдөр болсон архидан согтуурч, улмаар биеэ хянах чадваргүй байдлаас бий болсон. Энэ үйл явдал болсонд харамсаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс ярьж буй өвчтэй байсан хугацаанд олох байсан цалин хөлс  6,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг гэх баримт хэрэгт огт авагдаагүй. Үүнийг нотлох баримтыг бүрүүлэн цаашид нэхэмжлэх эрхтэй. Гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рагаdise” нэртэй амралтын газарт 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ шалтгаангүйгээр иргэн  ***ы цээж хэсэгт өөрийн биед байсан хутгаар 1 удаа хутгалж биед нь
хэвлийн хөндийг нэвтэрч өрц, нарийн гэдэс, элгэний 6,7-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай
учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу
зэвсэг хэрэглэж үйлдсэн үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал),

- Хэргийн газарт Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Paradise амралтын газарт 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дур сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

- Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

- Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний  шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн №10708 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- Эд зүйлд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал),

- Бичлэгт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 81-85 дахь тал),

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”-ыг үндсэн шинжээр, дээрх зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол хүндрүүлэх шинжээр тус тус тодорхойлжээ.

            Мөн хууль зүйн ойлголтоор зэвсэг гэдэгт бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие х***лах зэрэг зориулалт бүхий эд зүйл буюу хутгыг хамааруулж ойлгоно.

            Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хутга буюу зэвсэг хэрэглэж хохирогч ***ы эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар тогтоогдсон байх ба  хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

            Шүүгдэгч ***, хохирогч *** хэн хэн нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйл баримт байх боловч шүүгдэгчийн хувьд өөрийн биеэ удирдан хянах чадвар, ухамсарт байдлаа алдсан байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хуульд заасны дагуу оролцож, шүүгдэгч ***г гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлт нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

            Иймд прокуророос ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдал, хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардал нэхэмжилсэн 5,714,650 төгрөгийн баримтыг ирүүлсэн ба шүүгдэгч *** нь 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 4,714,650 төгрөг, мөн 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж төлсөн баримтууд хэрэгт авагдсан байх тул түүнийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч *** нь ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 6,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг зэргийг нэхэмжилсэн ба үүнийг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. ., 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж. тус тус хуульчилсан.

 

2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэхэд татгалзах зүйлгүй.гэсэн дүгнэлтийг,  

Хохирогч ***ы өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг: Тусгайлан саналгүй гэсэн тайлбарыг,

Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлууд шүүгдэгчид тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно гэж хуульчилсан. Иймд ***д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан байдал, мөн хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтлийг учруулсан үйлдлийн шинж чанар, нөгөө талаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгдээгүй,  тодруулбал гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, хохирогчийн гомдолтой тухай санал хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гурваны хоёроос багагүй ял оногдуулж болох талаар хуульчилсан  бөгөөд энэхүү зохицуулалт нь үүрэг болгосон хэм хэмжээ бус эрх олгосон хэм хэмжээ юм.

Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ялыг хөнгөрүүлэх тухай саналыг хүлээж аваагүй болохыг тэмдэглэв.

3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар өнгийн иштэй 15,9 см урттай нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж,

- мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ***г Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***г 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн иштэй 15,9 см урттай нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгахыг тус шүүхийн эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж; мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТБОЛОР

 

 

 

                         ШҮҮГЧ                                                            И.ГАНБАТ