| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2024/0168/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/177 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/177
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч С.Бат-Орших,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2310033240035 дугаартай, 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** суралцдаг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь ***ны цахилгаан шатны удирдлагыг шалтгаангүйгээр 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гараараа цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-12 дахь тал),
- хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №ХУ1-23-636 дугаартай” товчтой orb (Хьёндэ элеватор Монгол ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн үнийн санал дээр үндэслэн тогтоов) 8,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24-28 дахь тал),
- Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч *** Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцсон болно.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэргийн шинжийг гэмтээсэн гэж дүгнэжээ.
Цахилгаан шатны удирдлагыг гараараа цохисны улмаас дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдсан нь устгах шинжид хамаарахаар байна. Иймд шүүгдэгч *** Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж хэргийн шинжийг зөвтгөсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас *** СӨХ-ийн лифтний кноптой товчлуур 4,000,000 төгрөг гэж нэхэмжилсэн байх ба шүүгдэгч *** нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны *** тоот данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт, тус СӨХ-өөс хохирол бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй гэх албан бичиг (хавтаст хэргийн 69-70 дэх тал)-ийг тус тус ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон, хуульд заасан нөхцөл шаардлагууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд талууд, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН