| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0568/З |
| Дугаар | 221/МА2026/0707 |
| Огноо | 2026-10-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2026/0707
Л.Б-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Л.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Б
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0703 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0568/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б гээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0703 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Л.Б гээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Л.Б давж заалдах гомдол болон нэмэлт тайлбартаа:
“...Гэтэл тус яамны сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар намайг дээрх албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн. Тус тушаал нь намайг хуулийн яг тодорхой ямар зүйл, заалт, үндэслэлээр чөлөөлж байгаа нь тодорхой бус өөрөөр хэлбэл хууль бус захиргааны акт байсан тул шүүхэд хандан тус хэргийн анхан шатны шүүх хурал 2026 оны 07 дугаар сарын 30-нд болж миний эрхийг зөрчсөн төдийгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “Төрийн албан хаагч нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, мөн хуулийн 49.1-д Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халахыг хориглоно гэж тус тус заасан байдаг. Гэтэл намайг чөлөөлсөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны Б/10 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 42.1 дэх хэсэг гэж бичсэн байдаг ба энэ зүйл хэсэг нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх харилцаатай огт холбоогүй мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг чөлөөлөхдөө төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тодорхой дурдаагүй зөрчил байгаа"-гэж тогтоосон хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна... Харин намайг ажлаас чөлөөлсөн сайдын тушаалд ажлаас чөлөөлөх болсон шалтгаан, бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл, зүйл, заалт нь бодит нөхцөл байдалтай огт нийцээгүй байдаг тул уг акт нь хууль бус захиргааны актад хамаарахаар байна.
Мөн анхан шатны шүүх түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа тохиолдолд төрийн албан хаагчийн баталгааг эдлэхгүй гэж одоогоор хаана, ямар ч хууль, журамд байхгүй тайлбар, томьёолол гаргаж түүгээрээ хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээс өөр аргагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн түр орлон гүйцэтгэхтэй холбоотой журмыг хэрэглэхгүйгээр шууд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилохтой холбоотой журмыг баримтлан, тус журмын дагуу томилогдоогүй гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтээр бол түр орлон гүйцэтгэгчийг томилох бүртээ (гадаад дотоод томилолт, чөлөөтэй, ээлжийн амралттай албан хаагчийн оронд гэх мэт) Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг томилохтой холбоотой шалгалтыг авч, сонгон шалгаруулалт явуулахаар байгаа бөгөөд энэ нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй, төрийн албаны тасралтгүй байх зарчим алдагдах эрсдэлтэй билээ... намайг ямар үндэслэлээр түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн, мөн ямар үндэслэлээр тухайн албан тушаалд Б.У-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа талаар огт тусгагдаагүй... Гэтэл нэхэмжлэгч намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуульд заасан тохирох аль ч үндэслэлийг баримтлахгүйгээр, хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан байна...” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Б гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Л.Б гээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар[1] Л.Б г Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн томилж, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар[2] “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсгийг тус тус үндэслэн тус албан албан тушаалаас чөлөөлжээ.
2.3. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.” 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна.”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус хуульчилсан.
2.4. Маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар “Л.Б г албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
2.5. Нэхэмжлэгч Л.Б г анх тус даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/877 дугаар албан бичгээр “...Төрийн албаны тухай хуульд заасан зохих журмын дагуу томилогдоогүй...” гэж дүгнэсэн, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр томилогдоогүй төдийгүй тус албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь Л.Б г Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан баталгаагаар хангагдана гэж үзэх үндэслэл биш.
2.6. Тодруулбал, анхан шатны шүүхийн “...нэмэгдэл баталгааг эдлэх боломжгүй буюу уг баталгааг тусгай шалгалт өгч, томилогдсон тохиолдолд эдлэх боломжтой байхаар хуульд зохицуулжээ... хуульд заасан болзол шалгуурыг хангаагүй байхад түүнийг тухайн албан тушаалд эгүүлэн томилох үндэслэл болохгүй...” гэх дүгнэлт зөв ба нэхэмжлэгч Л.Б маргаан бүхий даргын албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангаагүй, тусгай шалгалт өгч тэнцэн анх тус албан тушаалд томилогдоогүй, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон энэ тохиолдолд Л.Б г эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн “...төрийн албан хаагчийн баталгааг эдлэхгүй гэж одоогоор ямар ч хууль журамд байхгүй тайлбар гаргаж түүгээрээ хэргийг шийдвэрлэсэн... тушаал дээр намайг ямар үндэслэлээр түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн, мөн ямар үндэслэлээр тухайн албан тушаалд Б.Ууганбаярыг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа талаар огт тусгагдаагүй....” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2026/0703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Б гээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА