Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 119/ШШ2022/0023

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.А,

Хариуцагч: ОАБӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө,

Нэхэмжлэлийн шаардлага: ОАБӨС-ын Яргуйт багийн зохион байгуулагчийн ажилд томилуулах тухай шийдвэр гаргахыг БӨС-ын ЗДТГ-ын даргад даалгах, тус сумын ЗДТГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Э-ийг ажилд томилох тухай” Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, хариуцагч Ш.Ө, гуравдагч этгээд Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.А нь ОАБӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө-т холбогдуулан

ОАБӨС-ын Яргуйт багийн зохион байгуулагчийн ажилд томилуулах тухай шийдвэр гаргахыг БӨС-ын ЗДТГ-ын даргад даалгах”,

“БӨС-ын ЗДТГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Э-ийг ажилд томилох тухай” Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах-аар маргажээ.

2. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “...эрүүл мэндийн байдал сайжирсан тул ажилдаа орох  тухай” хүсэлтээ бичгээр[1] гаргасан ба хүлээн аваагүй тул Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд мөн хандаж хариуг[2] авсан байна.

3.Нэхэмжлэгч нь анх 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд:

3.1. “ОАБӨС-ын Яргуйт багийн зохион байгуулагчийн ажилд томилсон шийдвэр гаргахыг БӨС-ын ЗДТГ-ын даргад даалгах”, /Хавтаст хэргийн 1-2 дугаарт/,

3.2. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа /Хавтаст хэргийн 87 дугаар тал/ нэмэгдүүлж БӨС-ын ЗДТГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Э-ийг ажилд томилох тухай” А/113 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

4.1. Нэхэмжлэгч М.А би БӨС-ын ЗДТГ-т 1997 оноос багийн Зохион байгуулагчаар ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Өвчний улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх болсон тул түр чөлөө хүсч, ажил олгогчид өргөдлөө 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Миний өргөдлийг Ш.Ө дарга хүлээн авч, түр чөлөө олгосон.

Тууштай эмчилгээний үр дүнд биеийн байдал сайжирч ажилдаа орох хүсэлтээ 2021 оны 01 дүгээр сард байгууллагадаа гаргасан ба хариу өгөөгүй учир  Дотоод ажил, хүний нөөц хариуцсан ажилтантай утсаар ярихад "Төрийн албаны шинэ хуулиар нөөцөд бүртгэлтэй ажлын байр чинь зарлагдсан та төрийн албаны шалгалт өгч байж ажилдаа орно" гэж амаар мэдэгдсэн.

Энэ амаар өгсөн шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргахад Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.С "БӨС-ын ЗДТГ-ын даргын 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар ажлаас түр чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Иймд уг ажлын байранд шууд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болно" гэснийг зөвшөөрөхгүй байна.

М.А би Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар бүрэн хангагдана...

Иймд М.А намайг Яргуйт багийн зохион байгуулагчийн ажилд томилсон шийдвэр гаргахыг БӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө-т даалгаж өгнө үү.

4.2. М.А миний бие төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй хэвээр байгаа. ОАБӨС-ын Яргуйт багийн Зохион байгуулагчаар түр томилогдсон иргэн Д.Э-ийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр жинхлэн томилсон байна. Иймд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаартай БӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө-ын гаргасан тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл, 41.3 дахь хэсгүүдэд зааснаар би захиргааны чөлөөтэй байсан учраас ажил олгогч  миний ажлын байрыг хадгалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүйгээр ажил хийх боломж олгохгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Д.Э-ийг жинхэлж томилсон тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагуудаа бүрэн дэмжиж байна” гэв.

Хариуцагч ОАБӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.А-тай холбоотой ярихад сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан, албан байгууллага олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Сул орон тоо гарсан өдрөөс хойш 21 хоногийн дотор харьяа Төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдэх журамтай. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.6 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлаас болж 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийх боломжгүй, эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд төрийн албаны нөөцөд бүртгэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээрт зааснаар бүртгүүлдэг. Ингээд нөөцөд бүртгээд тухайн ажлын байрыг сул орон тоо гэж үзээд зарласан байгаа. Үүний дагуу тушаал, шийдвэрээ гаргаад явсан. Ер нь зүгээр байсан албан тушаалтныг чөлөөлөөгүй. Эрүүл мэндийн шалтгаантай гэж өөрөө өргөдөл гаргаад тухайн тушаал гарсан” гэв.

Гуравдагч этгээд Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцээд тухайн үед БӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө-т ажилд орох тухай хүсэлтээ гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Яргуйт багийн зохион байгуулагчаар түр томилогдон ажилласан. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийн 17 цагийн хооронд төрийн албаны цахим хуудсан дээр Яргуйт багийн зохион байгуулагчийн албан тушаал дээр төрийн албаны тусгай шалгалт зарлагдаж үүнд холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд 05 дугаар сарын 02-ны өдөр тусгай шалгалтад орж тэнцсэн.

2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлөөс “Нэр дэвшүүлэх тухай” тогтоол гарч, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 тоот тушаалаар Яргуйт багийн зохион байгуулагчийн ажилд жинхлэгдэн томилогдсон байгаа. Энэ бүх процесс хуулийн дагуу явсан бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж байгаа учраас нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь ОАБӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө-т холбогдуулан ОАБӨС-ын Яргуйт багийн зохион байгуулагчийн ажилд томилуулах тухай шийдвэр гаргахыг БӨС-ын ЗДТГ-ын даргад даалгах”, “БӨС-ын ЗДТГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн /Д.Э-ийг ажилд томилох тухай/ Б/113 тоот тушаалыг хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан.

3.1.Нэхэмжлэгч М.А би БӨС-ын ЗДТГ-т 1997 оноос багийн зохион байгуулагчаар ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм.

а/ Өвчний улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх болсон тул 1 жилийн чөлөө хүсч, БӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө-т 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл гаргасан. Миний өргөдлийг хүлээн авч, түр чөлөө олгосон.

Тууштай эмчилгээний үр дүнд биеийн байдал сайжирч ажилдаа орох хүсэлтээ 2021 оны 01 дүгээр сард байгууллагадаа гаргасан ба хариу өгөөгүй учир  Дотоод ажил, хүний нөөц хариуцсан ажилтантай утсаар ярихад "Төрийн албаны шинэ хуулиар нөөцөд бүртгэлтэй ажлын байр чинь зарлагдсан та төрийн албаны шалгалт өгч байж ажилдаа орно" гэж амаар мэдэгдсэн.

б/ Энэ амаар өгсөн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргахад Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.С-ээс  "... ажлын байранд шууд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болно" гэсэн хариу өгснийг зөвшөөрөхгүй.

в/ М.А би Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар бүрэн хангагдана.

Иймд М.А намайг Яргуйт багийн зохион байгуулагчийн ажилд томилсон шийдвэр гаргахыг БӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө-т даалгах”,

3.2.М.А миний бие төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм байхад ОАБӨС-ын Яргуйт багийн Зохион байгуулагчаар түр томилогдсон иргэн Д.Э-ийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр жинхлэн томилсон байна. Иймд БӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө-ын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”  гэж,

4. Хариуцагч ОАБӨС-ын ЗДТГ дарга Ш.Ө-аас

1/ М.А-тай холбоотой тайлбарлахад сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан, албан байгууллага олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Сул орон тоо гарсан өдрөөс хойш 21 хоногийн дотор харьяа Төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдэх журамтай. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.6 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлаас болж 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийх боломжгүй, эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд төрийн албаны нөөцөд бүртгэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээрт зааснаар бүртгүүлсэн.

2/ М.А-г нөөцөд бүртгээд тухайн ажлын байрыг сул орон тоо гэж үзээд зарласан байгаа. Үүний дагуу тушаал, шийдвэрээ гаргаад явсан. Ер нь зүгээр байсан албан тушаалтанг чөлөөлөөгүй. Эрүүл мэндийн шалтгаантай гэж өөрөө өргөдөл гаргаад тухайн тушаал гарсан. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус  тус маргажээ.

5. ОАБӨС-ын Яргуйт багийн Зохион байгуулагч ажилтай М.А нь өвчний улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажил олгогчоос 1 жилийн хугацаагаар цалингүй чөлөө[3] хүсчээ.

6. М.А-гийн дээрх хүсэлтийг ОАБӨС-ын ЗДТГ дарга Ш.Ө хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, “БӨС-ын ЗДТГ-ын хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.9 дэх хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр  /М.А-г түр чөлөөлөх тухай” Б/141 тоот тушаалаар/[4] үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэсэн[5] ба Яргуйт багийн Зохион байгуулагчийн албан тушаалд М.А-гаас өөр нөөцөд бүртгэлтэй иргэн байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байгаа.

7. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 /Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө/, 46.1.1 /хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон/, 46.6 /Энэ хуулийн 46.1заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно/  гэж тус тус заажээ.

8. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл,  төрийн жинхэнэ албан хаагч нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар төрийн албанаас түр чөлөө авч болохоор байна.

9. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам, загвар батлах тухай” 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Хоёр /төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам/-ын 2.1.4 дэх хэсэгт /Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалаас түр чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөц”-д заасан “төрийн албан хаагчийн нөөцөд байгаа/ зааснаар М.А нь төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн.

10. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий ажлын байрыг сул орон тоо гэж үзэн, сонгон шалгаруулалт явуулах захиалга өгч, улмаар түүний үр дүнд  иргэн Д.Э-ийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/113 тоот тушаалаар жинхэлж томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 /Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана/, 62.1.1 /энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх/ дахь хэсэгт заасан баталгааг алдагдуулсан гэж дүгнэхээр байна.

11. Тодруулбал, М.А нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ажил олгогчоос олгосон захиргааны чөлөө дуусаагүй байх хугацаанд түүний ажиллаж байсан ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулж, өөр иргэнийг жинхэлж томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дахь хэсэгт заасан “...төрийн албанаас чөлөөлөгдөхгүй ... байх” баталгааг алдагдуулжээ.

12.Нөгөөтэйгүүр, хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно/, 421.2 /эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй/, 43 дугаар зүйлийн 43.3.4 /жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх/ дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М.А-г түр чөлөөтэй байх хугацаанд түүний ажлын байранд зохих шаардлагыг хангаж буй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулах боломжтой байсан.

13. Дээрх хуулийн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул захиргааны хэргийн шүүх хамгаалах үүрэгтэй.

Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1, 46.6, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ОАБӨС-ын ЗДТГ-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Э-ийг ажилд томилох тухай” Б/113 тоот тушаалыг хүчингүй болгож, БӨС-ын Яргуйт багийн зохион байгуулагчаар М.А-г томилохыг ОАБӨС-ын ЗДТГ-ын дарга Ш.Ө-т даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАБӨС-ын ЗДТГ-ын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] ХХ-ийн 5 дугаар тал

[2] ХХ-ийн 6 дугаар тал

[3] ХХ-ийн 16 дугаар тал

[4] ХХ-ийн 17 дугаар тал

[5] ХХ-ийн 56 дугаар тал