Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Урангоо,

хохирогч ***,

хохирогч, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт ***, *** нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310031491562 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич инженер мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл-5, эхнэр, гурван хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

            2. Монгол Улсын иргэн, 1*** төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй, “***” ХХК-нд захирал ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч ***, *** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

1. *** шүүгдэгчээр мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед түр зуур уураа барьж чадаагүй байдлаас болж уг гэмтлүүдийг би учруулсан. гэх мэдүүлэг,

- хохирогчоор мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 16-ны 20 цагийн үед энэ асуудал болсон. Тухайн үед би хөдөө ажлаар явж ирээд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо “Шинэ яармаг” хотхоны “M mаrt” дэлгүүрийн ойролцоо автомашины зогсоол дээр машинаа тавих гэсэн чинь зогсоол байхгүй байсан. Тэгээд гэрээсээ 2 байр өнгөрөөд явган хүний гарц орчимд хөдөөгөөс авч ирсэн 5 литрийн савтай 4 ширхэг усыг гэртээ оруулах ёстой байсан учраас машинаа тухайн газар байрлуулсан. Тэгтэл үл таних эмэгтэй буюу хохирогч *** ирээд энд машинаа тавьж болохгүй гэсэн шаардлагаас шалтгаалаад маргалдсан. Тэгээд маргаан нэлээн ширүүссэн учраас хөлөөрөө жийчхээд яваад өсгөн. Гэртээ усаа оруулж тавиад гарч ирэхэд миний машины ойролцоо зогсож байсан залуу шууд нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд өөрийнхөө хийсэн зарим үйлдлийг сайн санахгүй байна. Тэгтэл цус гарсан, хамар эвгүй болсон байсан. Би машинаа “Степпа арена”-ийн зогсоолд тавиад намайг цохисон хүнийг хайсан. Тэгтэл “M-mart” дэлгүүрийн өмнө нэг хүүхэдтэй эхнэрийн хамт зогсож байхад яваад очиход зугтаахаар нь араас нь хөөсөн. 50 орчим метр гүйгээд “CU” дэлгүүрийн орчимд өөрөө унасан. Очоод хамар хугалчихлаа гэж хэлсэн. Энэ залууд ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй. Ойр орчимд явж байсан 2-3 залуучууд боль гэж байсан. Тэгээд цагдаа ирээд цагдаагийн машинд суугаад цагдаагийн хэлтэс рүү явсан.гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч *** мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 16 орой ажлаа тараад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ яармаг” хороололд гэртээ ирээд байж байхад эхнэр эгчийнхээ хүүхэдтэй дэлгүүр орохоор гараад удалгүй утсаар залгаад танихгүй хүн намайг зодчихлоо гэсэн. Гараад очиход энэ залуу байсан. Яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм гэхээр нь наад писда чинь хэн юм гэхээр нь нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Газраас чулуу, төмөр авах гээд чамайг ална гээд байсан. Тэгээд цаашаа явчихаар нь “M-mart” дэлгүүр ороод юм аваад гараад ирэхэд хүүхдийн тоглоомын талбайн тэндээс гартаа нэг зүйл барьсан, чамайг ална гээд байсан. Харанхуй байсан учраас гартаа юу барьсныг нь хараагүй зугтсан. “CU” дэлгүүрийн тэнд бүдэрч унахад толгой руу алгадаад ална чамайг одоо ална гээд байсан. Энэ үед цагдаа ирээд зогсоож хамтдаа цагдаагийн хэлтэс рүү явсан.гэх мэдүүлэг,

3. Хохирогч *** мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 16-ны  20-21 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ яармаг” хорооллын   манай хотхоны хамгийн том явган хүний гарц дээр энэ залуу машинаа тавихаар нь машинаа энд тавьж болохгүй, замын цаана хүүхдийн тоглоомын талбай, энд дэлгүүр байна. Хүүхдүүд тоглоно, хүүхэд гэнэт гараад ирэх юм бол харагдахгүй, тэнд 200 машины зогсоол байна. Тэнд машинаа тавьчих гэхэд би машинаа хаана тавих нь чамд ямар хамаатай юм, чи юу юм, цагдаа юм уу гээд хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжилсон. Би хүүхэдтэйгээ явж байхад эмэгтэй хүнийг ямар аймар хэлдэг юм бэ гэхэд миний хажуугаар аймар хараагаад явсан. Тэгэхээр нь чи машинаа холдуулахгүй бол зургийг нь дараад “E-police” руу явуулна гэж хэлэхэд бүр их уурлаад эргэж ирээд чи явуулаад үзээрэй, чамайг хаа байгаа газраас чинь олоод орон дээр чинь хэвтэрт хатаана гэж заналхийлээд цээж хэсэг рүү цохиод өшиглөсөн. Би хойшоо савж унаад босож ирээд цагдаа дуудаад нөхөртөө хэлсэн. Манай нөхөр гарч ирээд цагдаа хүлээгээд зогсож байхад энэ залуу ирсэн. Тэгээд манай нөхөр чи хүүхэдтэй эмэгтэй хүнд яагаад гар хүрч байгаа юм бэ гэхэд дахиад намайг аймар хараасан. Тэгэхээр нь манай нөхөр нүүр рүү нь нэг цохисон. Энэ залуугийн яриад байгаа шиг цус гараагүй. Хотхоны цэцгийн мандлыг татаад, замын тэмдэглэлийн шон авах гээд байсан. Тэгэхээр нь энэ хүн аймар хүн байна, камертай дэлгүүр рүү оръё гээд явсан. Дэлгүүрт ороод нөгөө залуу байна уу гээд байхгүй байна гэхээр нь явъя гээд гараад ирэхэд замын цаанаас малгай өмссөн, гартаа гялтганасан зүйл барьсан, одоо чамайг ална гээд дайрсан. Манай хүн чи хүүхдүүдээ аваад дэлгүүр рүү ор гээд зугтаахад араас нь ална гээд хойноос нь гүйсэн. Тэгтэл цагдаа хаалт нээгдэхгүй байна, хаалтаа нээгээд өг гээд, гүйж байхад манай нөхөр доошоо хараад хэвтсэн байсан. Би нөхрийгөө үхсэн байна гэж  бодсон. Энэ залуу цохиод, цаана нь хэдэн залуучууд боль гээд салгаж байсан. Тэгээд цагдаа руу та нар хурдан ир гээд залгасан. Цагдаа нар ирээд салгахад гартаа том төмөр барьсан байсан.гэх мэдүүлгийг тус тус гаргасан.

Хоёр. Эрүүгийн 2310031491562 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, иргэн ***аас гаргасан гомдол (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: ...Тухайн үед буюу 2023 оны 08 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд гэрээсээ гараад хүнсний дэлүүр рүү охин ***гийн хамт явж байхад авто машины зам дээр байрлах явган хүний хүний гарц дээр үл таних нэг хүн авто машинаа байрлуулан тавиад автомашинаасаа бууж ирэхээр нь тус жолоочид хандан би хэлэхдээ та автомашинаа энд тавьж болохгүй, та явган хүний гарц дээр автомашинаа байрлуулан тавьчихлаа гэж хэлсэн чинь тус автомашины жолооч надад хариу хэлэхдээ чамд ямар хамаатай юм, чи ямар цагдаа юм уу гэж хэлсэн тул би тус жолоочид хандан зуны улирал тул бага насны хүүхдүүд энэ замаар тоглодог, мөн таны автомашины цаанаас бага насны хүүхэд харагдахгүй, гэнэт таны машины цаанаас гарч ирэх магадлал өндөр тул та автомашинаа зөв байрлуулан тавиач, цаана чинь хоосон авто машины зогсоол маш их байна гэж дахин хэлсэн. Тус авто машины жолооч надад маш их уурлаж бухимдан гичий минь чамд ямар хамаатай юм, би авто машинаа хаана тавих нь чамд ямар хамаатай юм гэх мэтээр хэл амаар маш их доромжилчхоод цааш явсан. 5-6 алхам надаас холдохоор нь тус жолоочид хандан та авто машинаа буруу байрлуулсан тул би таны авто машины зургийг гар утсан дээрээ аваад I-Police руу явууллаа шүү гэж араас нь хэлэхэд тус авто машин жолооч эргэж хараад надад хандан пизда минь чи тэгээд үзээрэй, би чамайг хаа газраас чинь олоод орон дээр чинь хатаана гэж хэлээд гартаа барьсан 5 литрийн цэвэр усаар миний цээж рүү 1 удаа цохисон, үргэлжлүүлэн аль хөлөөрөө өшиглөснийг би хараагүй. Хөлөөрөө миний баруун ташаа, гуя хэсэгт 1 удаа хүчтэй өшиглөхөд нь би хойшоо тэнцвэр алдан газар унахдаа толгойн ар хэсгээр савж газар унахдаа толгойдоо гэмтэл авсан. Тухайн үед би газраас босоход миний биед халдсан үл таних эрэгтэй явсан, байхгүй байсан тул би шууд цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсний дараа нөхөр ***ын ...гар утас руу залгаад дээрх хэрэг учралын талаар хэлээд би автомашиных нь хажууд зогсож байна гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр 5-6 минутын дараа гэрээсээ гараад над дээр 21 цагийн орчимд ирэхэд миний биед халдсан үл таних эрэгтэй хүн 735 дугаар байрнаас гарч ирсэн. Машиныхаа хажууд нөхөр бид хоёр дээр ирэхээр нь би нөхөртөө хандан энэ эрэгтэй хүн миний биед халдсан гэж зааж өгсний дагуу миний нөхөр *** тус үл таних залууд чи хүүхэдтэй эмэгтэй хүнийг яагаад цохиж зодсон юм бэ гэж асуухад үл таних залуу хариулахдаа наад гичий чинь гэж намайг доромжилсон өнгө аястай хэлэх үед нөхөр *** нь зүүн гараа атгаад үл таних залуугийн нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Тус залуу миний нөхөрт цохиулсныхаа дараа одоо би чамайг ална гэж хэлээд цаашаа явж замын хажууд байсан төмөр цэцгийн мандал авах гэж оролдоод чадаагүй тул хажууд нь байсан замын тэмдэглэлийн төмөр шонг сугалж авах гэж оролдоод чадахгүй, ойр хавиас гартаа барих эд зүйл хайгаад цааш явахаар нь би нөхөр ***ын дагуулаад цааш Е-МАРТ дэлгүүр рүү орсон. Ойролцоогоор 5-10 минутын дараа Е-МАРТ хүнсний дэлгүүрээс гарахад үл таних залуу байхгүй байхаар нь нөхөр бид хоёр дэлгүүрээс дөнгөж гарахад манай нөхөрт цохиулсан залуу замын цаанаас гартаа юм барьсан /гартаа барьсан зүйл нь тухайн үед гудамжны гэрэлд гялтганаад хутга мэт харагдсан/ байдалтай байсан тул би хүнсний дэлгүүр рүү ороод нөхөр ***ыг зугтаа гэж хэлээд цааш зугтаалгасан. Гэтэл миний нөхөр ***ын араас нь дээрх үл таних залуу гартаа эд зүйл барьсан байдалтай хөөж байгаад CU  нэртэй дэлгүүрийн үүдэнд нөхөр *** доошоо хараад хэвтэж байхад нь нөгөө залуу дээрээс нь баруун гараараа шилэн хүзүү дээр нь 2 удаа цохиж байх нь надад харагдсан. Тухайн үед урд өмнө цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсний дагуу 2 цагдаа ирж таараад нөхөр ***ыг дээрх үл таних залуугаас салгаж цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Би шинжээчийн №10959, №10384 тоот дүгнэлттэй уншиж танилцсан. Миний биед учирсан гэмтлийг *** гэгч нь хөлөөрөө өшиглөж, миний баруун гуянд гэмтэл учруулсан. Тухайн үед би өшиглүүлснээс болж газар унахдаа ар дагзаараа газар унаж толгой болох ар дагзандаа тус тус гэмтэл авсан. Миний биед учирсан гэмтлийг *** хөлөөрөө өшиглөж, дээрх гэмтлүүдийг учруулсан. Харин ***ын биед учирсан гэмтлийг миний нөхөр *** нь зүүн гараа атган толгой тус газарт нь 1 удаа цохиж учруулсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Миний хувьд *** гэдэг хүнийг огт танихгүй, урд өмнө харж байгаагүй. Тухайн үед 2023 оны 08 дугаар сарын 16-ны 21 цагийн орчимд тээврийн хэрэгслээ явган хүний гар дээр байрлуулан тавихаар нь дээрх үйлдэл тань буруу энэ замаар бага насны хүүхдүүд явдаг гэж хэлснээс болж дээрх хэрүүл маргаан үүссэн. Би зөв шаардлага бусдад тавьснаас болж зодуулсандаа маш их гомдож байна. Миний хувьд *** гэдэг хүнд зодуулснаас болж сэтгэл санааны айдастай болсон, зөв шаардлага бусдад тавихаас айдаг болсон. Дээрх хэргийг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Мөн би бусдад зөв шаардлага тавьснаас болж *** гэдэг хүнд нөхөртэйгөө хамт зодуулсандаа маш их гомдож байна.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

            3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: Миний хувьд 2023 оны 08 дугаар сарын 16-ны 20 цаг өнгөрч байхад гэртээ орох зорилгоор өөрийн *** улсын дугаартай авто машинаа замын хажууд байрлуулан тавиад явж байхад танихгүй 30 гаруй настай эмэгтэй хүн миний хойноос намайг дуудаж, та энд авто машинаа тавьж болохгүй гэж хэлэхээр нь тус эмэгтэйд хандан би гэртээ ус тавиад удахгүй буцаад гараад ирнэ гэж хэлэхэд тус эмэгтэй намайг хэлэх хэлэхгүй үгээр давшлаад надаас холдохгүй байсанд миний уур, дургүй маш их хүрч баруун хөлөөрөө тус танихгүй эмэгтэйн зүүн талын гуяны гадна хэсэг рүү 1 удаа жийчхээд гэр рүүгээ явсан. Би гартаа барьсан цэвэр усаа гэртээ оруулж тавьчхаад шууд өөрийн авто машин дээрээ очиход миний өөдөөс үл таних 30 гаруй настай залуу ирээд юугаар гэдгийг нь би харж чадаагүй миний нүүрэн тус газарт 1 удаа цохисноос болж миний дух, хамраас цус гарсан. Тухайн үед миний толгойд гэмтэл учруулсан хүнтэй би маргалдаж байхад эхнэр нь гэх анх надтай маргалдсан эмэгтэй нөхрөө аваад явсан тул би *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ авто зогсоолд байрлуулан тавихдаа машиныхаа арын багажаас автомашин засдаг төмөр түлхүүр гартаа бариад миний нүүрэнд гэмтэл учруулсан залууг хайхад М март хүнсний дэлгүүрийн урд зогсож байхыг нь хараад гүйгээд очих гэтэл надаас зугтаасан тул би араас нь хөөсөөр Си Юу нэртэй дэлгүүрийн урд надад хөөгдөж байсан 30 гаруй настай залуу бүдэрч унахаар нь хажууд нь очоод чи миний хамар хугалсан байж, яаж байгаа юм гэж хэлээд баруун гараараа 1-2 удаа зөөлөн алгадсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. Би шинжээчийн №10959, №10384 тоот дүгнэлттэй уншиж танилцсан. Миний биед учирсан гэмтлийг ***той хамт байсан 30 орчим настай махлаг эрэгтэй хүн 1 удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан. /миний тогой руу юугаар цохисныг би мэдэхгүй/. Би шинжээч эмчийн гаргасан №10595 тоот дүгнэлттэй уншиж танилцсан.  ***ийн тархи доргилттой, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун цус хуралт зэрэг гэмтэл тус тус учирсан байна. Дээрх гэмтлийг хэн хэзээ хэрхэн учруулсныг би мэдэхгүй. Би ***ийг зодож цохисон асуудал байхгүй. Миний баруун хөлөөрөө түүний зүүн гуя руу 1 удаа жийсэн /өшиглөөгүй/ дээрх үйлдэлд гэмтэл гарсан гэж огт бодохгүй байна. 2023 оны 08 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орой гэртээ цэвэр ус оруулж тавихаар замын хажууд машинаа байрлуулан явж байхад араас *** гэх танихгүй эмэгтэй дуудаж чи муу наанаа машинаа тавьж байгаа юм уу наана чинь машин тавьдаггүй гэж хэлээд намайг явуулахгүй хэл амаар доромжилсноос дээрх хэрэг маргаан үүссэн. Миний хувьд маш их гомдолтой байна. Би гэртээ цэвэр ус оруулж өгөхөөр машинаа түр хугацаагаар замын хажууд машинаа байрлуулж тавьснаас болж танихгүй авгай над дээр ирсэн. Мөн үл таних эрэгтэй хүн дагуулж ирээд миний биед гэмтэл учруулсанд гомдолтой байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10384 дугаартай:

            - ***ын биед хамрын ясны баруун хажуу хананы зөрүүгүй, зүүн хажуу зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөгт няцарсан шарх, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            - Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10595 дугаартай:

            - ***ын биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.

            - Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

            6. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: Тухайн өдөр би гэртээ амарч байхад манай эхнэр *** гар утас руу залгасан, дуудлагыг нь авахад уйлсан байдалтай, надад хэлэхдээ танихгүй залуу намайг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж газар унагаалаа гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад эхнэр *** дээр очиход уйлчихсан байсан. Болсон хэрэг учралын талаар надад тайлбарлан хэлж байх үед миний эхнэр ***ыг цохисон, хөлөөрөө өшиглөсөн гэх эрэгтэй хүн явж байсныг надад зааж өгсөн. Гэтэл тус залуу эхнэр бид хоёрыг чиглээд хүрээд ирэхээр нь түүнд хандан чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм гэж хэлэхэд надад хариулахдаа миний эхнэр ***ыг зааж наад пизда чинь надад заадаг хэн бэ гэж хэлээд духаа миний нүүр рүү ойртуулан, тулах үед зүүн гараа атгаад нүүр рүү нь 1 удаа цохиход надаас хойшоо холдох үед дээ надад хандан одоо би чамайг ална гэж хэлээд ойр хавьд газраас чулуу хайгаад, замын тэмдэглэгээг газраас сугалах гэж татаад дийлэхгүй цааш явах үед нь би эхнэр хүүхдээ аваад хүнсний дэлгүүр рүү орсон. Хэсэг хугацааны дараа буцаад дэлгүүрээс гарах үед дэлгүүрийн хаалгаар тэр зүг рүү харахад ямар нэгэн хүн байхгүй болохоор нь гараад алхаж байхад цохиулсан үл таних залуу миний өөдөөс хар өнгийн малгайтай цамц өмссөн,  гялалзсан зүйл барьсан байхыг нь хараад хутгатай миний өөдөөс ирж байна гэж бодоод биеэ хамгаалахын тул буцаад зугтаахад миний араас хөөж байсан тухайн үед би гүйж байгаад газар бүдэрч унахад миний хажууд ирээд газраас босож амжаагүй байхад толгойн ар хэсэгт гараараа 2-3 удаа цохих үед цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Үл таних залуу эхнэр ***ыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж газар унагаасан. Дээрх хэргийг тодруулж үл таних залуугаас асуухад тус залуу надад хэлэхдээ эхнэр ***ыг зааж наад пизда чинь надад заадаг хэн бэ гэж хэлээд духаа миний нүүрэнд ойртуулах үед нь би зүүн гараа атгаад нүүрэнд нь 1 удаа цохисон. Хэрвээ тус залуу миний эхнэрийг пизда гэж хэлээгүй. Мөн духаа миний нүүрэнд наагаагүй бол би түүнийг цохихгүй байх байсан. Би зүүн гараа атгаад *** гэх хүний нүүрэнд 1 удаа цохисноос болж дээрх гэмтэл үүссэн юм. Би өөрийн гэм бурууг ухамсарлаж байгаа мөн дээрх хэргийн хурдан хугацаанд шийдүүлэх хүсэлтэй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

            7. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Миний хувьд ***ыг зүүн хөл рүү баруун хөлөөрөө 1 удаа жийхэд *** баруун талаараа хагас сууж байгаа мэт газар унасан. Би дээрх хэргээс болж Баатар гэх үл таних залууд цохиулж хамартаа гэмтэл авсан, гэмтэлдээ одоогийн байдлаар эмчилгээ хийлгээгүй байгаа. Би хамартаа учирсан гэмтлийг эмчид очиж үзүүлэхэд 3 сарын дараа унтуулгатай хагалгаанд орж хамраа засуулах шаардлагатай гэж хэлсэн. Би маш их гомдолтой байгаа тул  хэргийн хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал),

8. Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал) иргэний үнэмлэхийн, төрсний бүртгэлийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн,  гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх болон авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 37-38, 40-45 дахь тал),

- шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх болон авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаанууд (хавтаст хэргийн 48-54 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул тэднийг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. гэсэн;  

Хохирогч, шүүгдэгч ***ын өмгөөлөгч О.Цэвэлмаа: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн зүйлчлэлд маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч аваагүйгээс болж миний гэм буруутай үйлдэл байна уу, хохирогчийн хохирол хор уршгийг яаж барагдуулах вэ гэдэг асуудлууд нь  эргэлзээтэй байсан. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа, зөвлөгөө аваад хохирогч, шүүгдэгчийн эрх үүргийг ойлгож эргэлзээ нь тайлагдсан тул гэм буруу дээрээ маргахгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. гэсэн;  

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар: Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлснийг харгалзан үзнэ үү. гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

            Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Яармаг” хотхоны авто замд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “явган хүний гарц дээр машин тавьсан” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргаан үүсгэж улмаар иргэн ***ын цээжин тус газарт савтай усаар цохиж, баруун ташаа, гуя хэсэгт нь өшиглөж биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг;

            Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Яармаг” хотхоны авто замд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эхнэр ***ыг өмөөрч ***тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хамрын ясны хугарал баруун хажуу хананы зөрүүтэй, зүүн хажуу зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгт няцарсан шарх, хамар зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, иргэн ***ын гаргасан гомдол (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

            - Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №10384, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10595 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 21-22, 25-26 дахь тал),

            - Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

            - Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хохирогч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шүүгдэгч ***ын үйлдэлтэй, хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шүүгдэгч ***ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Мөн шүүгдэгч ***, *** нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарын үйлдэл тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

            Хохирогч *** нь хохирогч ***ын хууль ёсны шаардлагыг хүлээж аваагүй, олон нийтийн газар бусадтай харилцаж буй хандлага, харилцаанаас үл ойлголцол үүссэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд нь улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэнд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.гэж тус тус заасан.

Хохирогч ***ын өмгөөлөгч О.Цэвэлмаагаас: ***ын эмийн эмчилгээ хийлгээд эдгэрэх байсан бол хохирол төлбөр нэхэмжлэхгүй байсан. Гэвч хамрын хугарал, таславчийн мурийлт нь хагалгаа хийж эрүүлждэг. Хагалгаа хийлгэхгүй бол хүчил төрөгчийн дутагдлаас болж амьсгалын замд өөрчлөлт орж унаж татах зэрэг өөрчлөлт орох нөхцөл байдал байгааг эмч хэлсэн. Эрүүл мэндийн тухай хуульд заасан эмчлүүлэх эмнэлгээ сонгох эрхийнхээ хүрээнд Эм Жи Жи эмнэлгийг сонгоход 5,0-6,0 сая төгрөгийн үнэтэй хагалгаа хийнэ гэсэн учраас зайлшгүй энэ хохирлыг нэхэмжлэхээс өөр аргагүй байгаа тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу цаашид гарах хор уршгийн зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.гэсэн дүгнэлтийг гаргасан.

Хохирогч ***, *** нар нь эрүүл мэндтэй холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлээгүй тул шүүгдэгч ***ыг хохирогч ***од, шүүгдэгч А.Баатарыг хохирогч ***т энэ тогтоолоор тус тус төлөх төлбөргүй гэж үзэж, цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             2.1Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                       

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., гэж тус тус хуульчилсан.

2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

            Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

            Хохирогч, шүүгдэгч ***ын өмгөөлөгч О.Цэвэлмаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Энэ хуулийн үйлчлэл хангалтгүй байна. Яагаад гэхээр хавтаст хэргийн материалтай танилцахад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хөнгөрүүлэх буюу түүний хувийн байдлыг нь тогтоосон баримт бараг байхгүй. Эд хөрөнгийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг авагдсан байсан. Миний үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа аваад гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд гэмшиж байгаа, хохирогч хохирол төлбөр нэхэмжилсэн бол бид нар баримтын хүрээнд төлөх байсан. Цаашид гарах эмчилгээний баримтаар нэхэмжлэх юм бол төлнө. *** мэргэжлээрээ 21 жил ажиллаж Монгол Улсын ард иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангасан, стандартын мэргэжлийн түвшний хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг хүн юм. *** эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Өөрийнхөө гэр бүлийн амьдралыг авч явдаг хүн нь ***, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, өөрийн хүлээцгүй байсан байдлаа ухамсарлаж байгааг илэрхийлсэн. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэм бурууд маргаагүй. Хохирогчийн хувьд эрүүл мэндээрээ хохирсон ч гэсэн адилхан залуу хүмүүс учраас бие биеэсээ уучлалт гуйж, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Улсын яллагч 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байгаатай санал нийлэхгүй. Миний үйлчлүүлэгч гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг, 21 аймаг, Улаанбаатар хотод эрүүл хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлж байна. Хэрэгт нотлох баримт байхгүй байгаа ч гэсэн Батсүмбэрийн сангийн аж ахуйд мал аж ахуй эрхэлдэг. Эдгээр нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан торгох ял шийтгэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч ***т оногдуулах торгох ялын саналыг дэмжиж байна.гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн” -ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хувийн байдлын тухайд тогтмол цалин хөлс, орлоготой, хохирогч тус бүр гомдол, саналгүйг илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***т мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***, *** нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч ***ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр;

- шүүгдэгч ***ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээрт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***, *** нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээдүүд нь шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН