Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 140/ШШ2021/00078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.******* /Улаанбаатар хотоос онлайнаар/, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч В.*******цэрэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Ж.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******, *******т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 88,618,726 /наян найман сая зургаан зуун арван найман мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ХХК нь Завхан аймгийн суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын тендерт оролцон шалгарч Захиалагч Завхан аймгийн *******тай 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БУ-03/2011 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Завхан аймгийн суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлж, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгож, ашиглалтад оруулахаар заасан.

Гэрээний нийт дүн 348,000,000 /гурван зуун дөчин найман сая/ төгрөгөөр санхүүжихээр байгуулсан боловч 14,325,000 /арван дөрвөн сая гурван зуун хорин таван мянган/ төгрөгийн санхүүжилтыг дутуу олгосон. Тухайн онд гэрээнд заасны дагуу санхүүжихээр байсан. Гэвч барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ аймгаас тоосгоны нийлүүлэлтийг хийж 1 дүгээр давхрын цонхны хэмжээний дунд хүртэл барьсныг аймгийн ын газраас шаардлага хангахгүй хэмээн ажлыг зогсоосон. Ингээд барьсан барилгыг нурааж аймгийн ХХК-н тоосгоны үйлдвэрээс тоосго нийлүүлж, тоосгоны нийлүүлэлт хүлээгдэж цаг хугацаа нилээдгүй алдаж, барилгын үнэ, тээврийн зардлын нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон. Ингээд захиалагч тал болох Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, хяналт хэрэгжүүлэгч байгууллага гүйцэтгэгч талын хамтарсан ажлын хэсэг хуралдаж, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг нэмэлтээр санхүүжүүлэхээр гэрээг хийсэн. 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ,000,000 /ерэн сая/ төгрөгийн санхүүжилтийг олгож 60,000,000 /жаран сая/ төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон. Гэрээг сунгасан хэдий ч санхүүжилт орж ирээгүй шалтгаанаар ажил хойшлогдож манай компани банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч ажлыг явуулж байсан хэдий ч удаа дараагийн санхүүжилт хойшилсны улмаас барилгын материалын үнийн өсөлт, ажилчдын цалингийн зардал өссөн. 2015 онд -н гишүүн Я.т хүсэлт тавьсны үндсэн дээр 2015 оны улсын төсвийн тодотголоор 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү санхүүжилтээс 185,706,274 /нэг зуун наян таван сая долоон зуун зургаа мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 14,293,726 /арван дөрвөн сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун хорин зургаан/ төгрөгийг мөн санхүүжүүлээгүй.

...Дээрх хүснэгтээс үзэхэд нийт 698,000,000,00 /зургаан зуун ерэн найман сая/ төгрөгийн санхүүжилт олгохоос 564,328,608,00 /таван зуун жарин дөрвөн сая гурван зуун хорин найман мянга зургаан зуун найман/ төгрөгийг олгож, 88,618,726.00 /наян найман сая зургаан зуун арван найман мянга долоон зуун хорин зургаан/ төгрөг олгоогүй нь харагдаж байна. Иймд Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг Барилга байгууламжийн норм норматив баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн зохих журмын дагуу баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно гэж заасны дагуу санхүүжилтийг үндэслэлгүйгээр саатуулах эрхгүй юм. Манай компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр техникийн комисс, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын комисс ажиллаж, цэцэрлэгийн барилгыг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн, одоогоор тус цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

Иймд Иргэний хуулийн 343.1, 345.1 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу барилга угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилт болох 88,618,726.00 /наян найман сая зургаан зуун арван найман мянга долоон зуун хорин зургаан/ төгрөгийг Завхан аймгийн *******ас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 2011 онд тендер зарлагдаж, гүйцэтгэгчээр ******* ХХК шалгарсан.

2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БУ-03/2011 гэрээ байгуулсан. Гэрээнд 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 30-ны дотор 348,000,000 /гурван зуун дөчин найман сая/ төгрөгөөр барьж ашиглалтанд оруулах гэрээ байгуулсан. 2011 он 04 сарын 18-ны өдөр 31,500,000 төгрөг, 2011 он 08 сарын 30 өдөр 50,000,000 төгрөг, 2011 он 11 сарын 30 өдөр 2,110,573 төгрөг, 2011 он 12 сарын 09 өдөр 125,000,000 төгрөг, 2012 оны 07 сарын 25 өдөр 100,000,000 төгрөг, нийт 321,110,573 төгрөгийн санхүүжилт авсан. Тус барилгын гүйцэтгэгч ******* ХХК нь ажлыг маш удаан хийж, хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгодог байсан тул үлдэгдэл санхүүжилтийг авч чадаагүй буцаан татуулсан.

2013 оны 01 сарын 29 өдөр БУ-03/2011 сунгалт дугаартай 150,000,000 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2013 оны 03 сарын 20 өдрөөс 2013 оны 07 сарын 30-нд ашиглалтанд оруулна гэж заасан. 2013 оны 08 сарын 12 өдөр ,000,000 төгрөгийн санхүүжилт авсан. Тус барилгын гүйцэтгэгч ******* ХХК нь ажлыг маш удаан хийж, хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгодог байсан тул үлдэгдэл санхүүжилтыг авч чадаагүй буцаан татуулсан. Гүйцэтгэгч компани нь өөрийн гэсэн мэргэжлийн ажилчид байхгүй, орон нутгийн 5-6 ажилчин ажилд авч маш удаан ажилласан. Энэ бол чадамж муутай, ажилчид байхгүй, гүйцэтгэгч компаний буруутай үйл ажиллагаа.

2015 оны Улсын төсвийн тодотголоор 200,000,000 төгрөг батлагдаж 2015 оны 07 сарын 06-ны өдөр БУ-03/2011+2 дугаартай гэрээг БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, аймгийн *******, гүйцэтгэгч ******* ХХК гурвалсан гэрээ байгуулсан. 2015 онд 133,216,000 төгрөгийн санхүүжилт авсан. Тус барилгын гүйцэтгэгч ******* ХХК нь ажлыг маш удаан хийж, хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгодог байсан тул үлдэгдэл санхүүжилтыг авч чадаагүй буцаан татуулсан. 2015 онд сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 70%-тай хийгдсэн. Гүйцэтгэгч компанийн ажлын чадамж муугаас ашиглалтанд ороогүй.

2016 онд үлдэгдэл санхүүжилт болох 63,800,000 төгрөгийн санхүүжилт вексилээр санхүүжих ажлын жагсаалтанд орсон боловч гүйцэтгэгч ******* ХХК нь барилгын ажлыг хийгээгүй тул 20,000,000 сая төгрөгийн санхүүжилт олгож, 2016 оны үлдэгдэл санхүүжилтыг буцаан татсан.

2017 оны 10 сарын 25-ны өдрийн Техникийн комисс болон 2017 оны 11-р сарын 06-ны өдрийн Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, даалгавар, дутуу ажлуудыг гүйцээж хийгээгүй хаяад явсан. Барилгын тухай хуульд гүйцэтгэгч компани 3 жилийн хугацаанд тухайн барилгыг хариуцдаг. /Хурлын тэмдэглэл, дутуу ажлуудын жагсаалт, ашиглагч байгууллагаас ирсэн албан бичиг, гүйцэтгэгч компанид явуулсан албан бичгийг хавсаргав/

Харин ч гүйцэтгэгч компанид захиалагчийн зүгээс маш их тусалж дэмжиж ажилласан. Ажил гүйцэтгэх гэрээг 3 удаа сунгаж, санхүүжилтийг 4 удаа шийдвэрлүүлж, гэрээний алдангийг тооцоогүй болно.

Гүйцэтгэгч компани дутуу ажлуудыг хийж дараа нь хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг авах боломжтой.

Утсаар ярихаар ******* ХХК-ний төлөөлөл Н.******* нь уурлаад ярьдаггүй. Албан бичиг хүргүүлэх болохоор хаягаа хэлж өгдөггүй асуудлууд байна. Зүгээр л мөнгө авна гээд дайраад байдаг. Бид харин ч Сангийн яамны хар жагсаалтанд оруулах санал өгөөгүй.

2017 оны 11 сард ашиглалтанд орсны дараа 2018 оны 01 сард бохир усны сүлжээ нь хөлдөж усгүй өвөлжсөн. Хавар орон нутгийн мэргэжлийн байгууллага болох ОНӨААТҮГ-аар бохир усны шугам сүлжээг 500,000 төгрөгөөр засвар шинэчлэлт хийлгэсэн. Гүйцэтгэгч ******* ХХК нь дутуу ажлуудаа одоо хүртэл хийгээгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу үлдэгдэл мөнгөө нэхэмжилсэн. 2011 онд анх 348.000.000 төгрөгөөр Завхан аймгийн Цаагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг хийхээр гэрээ хийсэн. 2011 оны 4 сарын 18-нд 31.500.000 төгрөгийг авсан, 2011 оны 8 сарын 30-нд 50.000.000 төгрөг, 2011 оны 11 сарын 30-нд 2.110.000 төгрөг авсан, 2011 оны 12 сарын 09-нд 125.000.000 төгрөг авсан. 2012 оны 7 сарын 25-ны өдөр 100.000.000 төгрөг авсан, эхний санхүүжилтээс 14.325.000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2013 онд орон нутгийн санхүүжилтээс 150.000.000 төгрөг тавигдсан гэсэн. Тэр жил Завхан аймгийн жил болоод гэдэг *******тай байсан. тэгээд мөнгөө өгч чадахгүй байж байгаад 2013 оны 8 сард .000.000 төгрөг өгсөн, тэгээд 60.000.000 төгрөг үлдсэн байсан. Үүний дараа 2015 оны 7 сард 200.000.000 төгрөгийг төсөвлөж өгсөн. 2015 оны 10 сарын 19-нд 93.000.0000 төгрөг өгсөн, 2015 оны 12 сарын 25-нд 30.000.000 төгрөг өгсөн, харин үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй. 2017 оны 3 сард 20.000.000 төгрөг өгөөд 14.293.000 гаруй төгрөг үлдсэн: Би илүү мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Гэрээнд заасан ажил гүйцэтгэсний хөлс мөнгөө нэхэмжилж байгаа. би хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаа бүгдийг нь гаргаж өгсөн гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч В.*******цэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* анх ******* ХХК-тай Завхан аймгийн сумын 75 хүүдийн цэцэрлэгий барилгыг 348.000.000 төгрөгөөр бариулахаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хуулийн нөхцөлүүдийг тохиролцож гэрээ байгуулсан, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаад дараа нь төсөв мөнгө нь хүрэлцээ муутай байна гэж дахин гэрээ байгуулсан. Үйл ажиллагаа явуулж байхад стандарт нь тохирохгүй байна гэж барилгын ажил гүйцэтгэх явцад нураасны улмаас дахин барилга баригдах явцад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүссэний улмаас 150.000.000 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулсан. Түүний дараа дахин 200.000.000 төгрөгийн гэрээг гэрээний сунгалт байдлаар байгуулсан. Үүний дараа тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгээд үлдэгдэл 88.616.726 төгрөгийн авлагатай гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгэнт ажил үүргээ гүйцэтгэж тодорхой бодит үйл ажиллагаа явуулаад тухайн үед тухайн барилгыг улсын комисс хүлээж аваад тодорхой хийгдээгүй үлдсэн 25 нэр төрлийн ажил үүргийг хийлгэх асуудал яригдсан. Тухайн үед барилгын ажлыг хүлээж авах үед өвлийн улирал байсан учраас нэхэмжлэгч тал дараа хавар нь үлдэгдэл мөнгөө өгөх юм бол дээрх ажил үүргийг хийж гүйцэтгэе гэсэн боловч ажил гүйцэтгэлийн хэмжээгээр санхүүжилт олгоно гэдэг шалтгаанаар санхүүжилт олгогдоогүй. Мөн урд гүйцэтгэсэн ажлын хөлсийг дутуу олгосон гэж өдий хүртэл маргаан бий болсон. Маргаан үүсгэх эрх зүйн үндэстэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэл нь хуульд заасан эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ******* ХХК 698.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн асуудал яригдаж, тухай тухай үед нь тухайн шатны ******* түүний хэлтэс, хэлтсийн дарга нар *******тай байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч үүрэг гүйцэтгэлийн мөнгийг шилжүүлэх асуудал яригдаж байсан байна гэж харагдаж байна. Хийгээгүй үлдсэн ажлын талаар яригдаж өнгөрсөн жил хариуцагч талаас шинжээч томилж тухайн хийгдээгүй ажлын хөлс ямар байсан бэ гэдгийг тогтоолгох, дахин өөр газраар үргэлжлүүлэн хийлгэх, хийгдээгүй ажлын хэдэн төгрөгийн хөлс байсан бэ гэдгийг тогтоох зорилгоор шинжээч томилсон байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнтэй танилцаад манай талаас энэхүү нэхэмжилж байгаа мөнгөн дүнтэй санал нийлэхгүй байгаа. 2017 оны 3 сарын 01-ний өдрийн эцсийн байдлаар гэрээ хийсэн. Дээрх гэрээн дээр гэрээний нийт төсөвт өртөг нь 638.000.000 төгрөг байна, үлдэгдэл санхүүжилт болох 63.000.800 төгрөг олгоно гэж заасны дагуу нэмэлт гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тайлбартаа манай тал 698.000.000 төгрөгөөр гэрээ байгуулсан гэж байна. Гэтэл нийт төсөвт өртөг 638.000.000 төгрөг гэж гэрээ байгуулсан байна. Бид нийт өртгийг нь 638.000.000 төгрөг байна гэж тогтоогоогүй, боловсролын яам дээр хэлцэл хийгдээд улсын төсөвт тогтоосон мөнгөн дүн ий байгаа. Гэрээнд дурдсан дээрх дүнгээр ажлаа гүйцэтгүүлээд үлдэгдэл санхүүжилтээ олгохоор гэрээ хийсэн. Үүнээс 20.000.000 төгрөгийг олгосон. Үлдэгдэл 43.800.000 төгрөг нь байгаа. Гэрээ нь нийт дурдсан ажлыг гүйцэтгэх талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно гэсэн заалт гэрээн дээр байгаа. Хэрэв гэрээний бичиг баримт нь хоорондоо зөрчилдвөл дээр дурдсан нөхцөлөөр шийдвэрлүүлнэ гэсэн заалт байгаа. Хэрвээ урд өмнө хэрэгжих ёстой мөнгө хэрэгжих байсан юм бол энэ талаар гэрээнд тусгагдах байсан. Тийм учраас урд өмнөх ажил хэрэгжих байсан бол сүүлд байгуулсан энэ гэрээнд тусгагдах байсан, гэтэл одоо тийм зүйл байхгүй, эцсийн байдлаар 63.800.000 төгрөгийн гэрээ хийгдсэн учраас манай тал 20.000.000 төгрөгийг олгосон, үлдэгдэл 43.800.000 төгрөг дээр асуудал үүсгэж болох юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн дүнг харахаар 2011 оны 4 сарын 8-ны үлдэгдэл 14.325.000 төгрөгийг өгсөн бол гэрээ дуусах ёстой байсан. Нэгэнт гэрээ дууссан учраас дээрх мөнгө царцаагдаад дансандаа байж байдаггүй улсын төсөв буцаагаад татдаг. Гэтэл дараа онд нь 14.325.000 төгрөг биш 150.000.000 төгрөг болгон нэмж гэрээнд тусгаж өгсөн. 150.000.000 төгрөгөөс .000.000 төгрөгийг өгчихөөд дараа нь 60.000.000 төгрөгийг өгөөд дуусах байсан учир дахин царцаагдаад 2015 онд нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөг биш 200.000.000 төгрөгийг нэмэлт гэрээнд тусгаж нэмэгдүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох 200.000.000 төгрөгт нь зөрчилдөөн үүсэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ 185.000.000 төгрөг авсан гэж бичсэн байна. Үүнийг боловсролын яамнаас олгосон учраас үүнийг бид нар мэдэхгүй байгаа гэтэл нэхэмжлэгч тал 133.000.000 төгрөг авсан юм шиг тайлбар бичсэн байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 88.616.726 төгрөг бол огт олгогдох ёсгүй мөнгө. Энэ нь юугаар батлагдаж байна вэ гэхээр өсөн нэмэгдүүлж тавьсан мөнгөн дүн, 2017 оны 3 сарын 01-ний өдрийн өмнөх бүх хэлцлийг орлож 63.800.000 төгрөгөөр дуусгана гэсэн агуулга бүхий заалттай гэрээгээр 88.616.726 төгрөгийг өгөх ямар ч үндэслэлгүй, харин үлдэгдэл 43.800.000 төгрөгийн асуудал ярьж болох байх. Шинжээчийн дүгнэлтийг яаж харгалзан үзэх вэ, шинжээчийн үнэлгээ дахь мөнгөн дүнгээр олгохгүй, дараагийн ажил бол захиалагчийн эрхийн асуудал болох байх, 43.800.000 төгрөгийн зөрүүг олгож болох байх гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК 2011 онд гэрээ байгуулахдаа тухайн ажлыг 348.000.000 төгрөгт багтааж хийж гүйцэтгэнэ гэсэн гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь 3, 4 удаа сунгагдаад хамгийн сүүлд 2017 оны 3 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр нийт төсөв 638.000.000 төгрөг, үүнээс 2017 онд 63.800.000 төгрөг гэж гэрээнд тусгагдсан. Энэхүү гэрээнд тусгагдсан мөнгөн дүнтэй маргаагүй байж илүү мөнгө нэхэмжилж байна. 2012 онд 14.000.000 төгрөгийн ажил үлдсэн байсан гэсэн үг. 2012, 2015, 2017 онуудад нэмэлт санхүүжилт хийгээд бүхэл бүтэн 300.000.000 төгрөг нэмж байхад 14.000.000 төгрөгийн ажлаа хийж гүйцэтгээгүй байсан байна. Тийм учраас тухайн компани гэрээний үүргээ биелүүлээгүй, тухайн сумын ард иргэд хүүхдүүдийг цэцэрлэгт явах боломжийг хангахгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн барилга бүхэл бүтэн 7-8 жил үргэлжилж байна. 14.000.000 төгрөгийг нь нэмээд 150.000.000 төгрөг болгоод 150.000.000 төгрөгийг нь нэмээд 60.000.000 төгрөг болгож байхад тухайн барилгын ажил дуусаагүй. Бичгийн нотлох баримтад шинжлэн судалсан хурлын тэмдэглэл дээр ******* ХХК-ийг төлөөлж гэдэг хүн 200.000.000 төгрөгийг батлаад өгөх юм бол бид үлдэгдэл ажлаа энэ мөнгөндөө багтааж хийж өгөх болно гэж хурлын тэмдэглэлд тусгуулсан байгаа учраас 2012, 2015 онуудад байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тийм учраас үлдэгдэл санхүүжилтийг нэхэмжлэх ямар ч боломж байхгүй. 2017 онд байгуулсан гэрээний 63.800.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг нь ******* ХХК-д олгож үлдэгдэл 43.800.000 төгрөгийг олгох боломжтой. Үүнээс шинжээчийн тайланд дурдсан 42.000.000 гаруй төгрөгийг хасаад үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжтой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгуулланы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ний хийгдээгүй ажлын үлдэгдэл хөлс 43.800.000 төгрөг дансанд байгаа гэдгийг баталж хэлж байна. Уг мөнгөнөөс шинжээчийн дүгнэлтэд дурдсан 42.000.000 гаруй төгрөгийг хасаад зөрүү мөнгийг нь олгох боломжтой гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Завхан аймгийн *******, *******т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 88,618,726 /наян найман сая зургаан зуун арван найман мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч ******* ХХК, Завхан аймгийн *******, *******т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 88,618,726 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч ажлаа дутуу гүйцэтгэсэн, маш удаан хугацаанд ажлыг хийсэн, зарим ажлын гүйцэтгэл муу байсан гэж маргаж байна.

Талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №БУ-03/2011 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр хийж, уг гэрээгээр Завхан аймгийн суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 335,435,573 төгрөгийн хөлстэйгээр 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцжээ.

Улмаар 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар №БУ-03/2011-сунгалт гэх гэрээнд нэмэлт оруулж, уг гэрээгээр дээрх барилгын ажлын хөлс 150,000,000 төгрөгийг, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дугаар №БУ-03/2011+2 гэх гэрээнд нэмэлт оруулж, уг гэрээгээр ажлын хөлс 200,000,000 төгрөгийг тус тус нэмж, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаар №БУ-3/2011-сунгалт гэх гэрээнд нэмэлт оруулж, уг гэрээгээр Завхан аймгийн суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг нийт 638,000,000 төгрөгийн хөлстэйгээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тус тус тохиролцсон, дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

Гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээнд зааснаар Завхан аймгийн суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг, төслийн дагуу, гэрээгээр тохирсон төсөвт багтаан гүйцэтгэх үүрэг хүлээсэн, гэрээний дагуу дээрх барилгыг барих явцад барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан барилгын төсөвт өөрчлөлт орж, төсвийн хэмжээ нэмэгдсэн талаар захиалагчид нэн даруй мэдэгдсэн байх бөгөөд тэрээр захиалагч тал Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3-т зааснаар гэрээг дуусгавар болгох эрхээ эдлэх боломжтой байсан боловч ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн нь төсөв өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх гэрээгээр талууд Завхан аймгийн суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх, уг ажлыг хүлээлгэж өгөх хугацаа, ажлын хөлс, түүнийг төлөх журмыг тохирсон байгаагаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу ашиглагч байгууллагад 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг батлагдсан зураг төслийн дагуу хийж, гүйцэтгэсэн барилга байгууламжийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэж өгсөн болох нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2017 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ээр тогтоогдож байгаа бөгөөд дээрх ажлын хөлсөнд 551,826,608 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч шилжүүлэн өгчээ.

Харин ажил гүйцэтгэгчийн хийгдээгүй дутуу үлдсэн ажил буюу Авторын нэгдсэн дүгнэлт гаргуулах /захиалагч, гүйцэтгэгч хамтран хийх/, гал тогооны өрөөний газардуулга хийх, бохирын цооногт, лотки, таг дулаалга хийх, нөөц халаалтын тогооны яндан холболт хийх /рефактор хийх/, халаалтын тогооны янданд дулаалга малгайвч хийх, тогооны өрөөнд суурийн ус зайлуулагч хийх, гадна фасадын өнгийг дахин хийх, аваарын шатны гишгүүр засварлах, орц, гарцын тэмдэг, тэмдэглэгээ хийх, галын дохиолол, утаа мэдрэгч суурилуулах, угаалгын өрөө, душинд разетик, ус чийгнээс хамгаалагдсан таг хийх, халаалтын системийн хэвийн ажиллагааг хангах, цонх, хаалгагы хэвийн онгойдог болгох, гал тогооны өрөөнд 380 Вт-ын цахилгааны оруулга хийх, бичиг баримт дутуу байгаа тул гүйцээж хийх /далд ажлын акт хийх/, цахилгааны шит, тоолуур суурилуулах /солих зардал оруулах, материал байгаа/, ангиудын ханын халтарыг засварлах зэрэг 42,517,088 төгрөгийн ажил хийгдээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон -ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч талын хийгдээгүй ажлын талаар нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан хийсэн ажлын хөлснөөс хийгдээгүй ажлын хөлсийг хасч тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрх хийгдээгүй дутуу үлдсэн гэх ажил нь гол ажил бус дагалдах шинжтэй байх ба ажил гүйцэтгэх гэрээний онцлогоос хамааран ажлын тодорхой үе шаттайгаар гүйцэтгэх, улмаар хөлсийг мөн шат дараалалтайгаар хэсэгчлэн төлөх талаар талууд тохиролцсон бөгөөд тухайн үе шатанд гүйцэтгэвэл зохих ажлын үр дүнг хүлээн авсны дараа хөлс төлөх үүрэг захиалагчид үүснэ.

Хариуцагчаас ******* ХХК-нд 551,826,608 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч шилжүүлсэн болох нь ******* ХХК-ний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 31,500,000 төгрөг, 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,110,573 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 125,000,000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 100,000,000 төгрөг, мөн ******* ХХК-ний Хас банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 93,4,443 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 39,725,592 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн байдлаар нотлогдож байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 638,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 551,826,608 төгрөгийг төлснийг хасч, үлдэгдэл ажлын хөлс 86,173,392 төгрөгийг захиалагч төлөхөөс ажил гүйцэтгэгчийн хийгдээгүй дутуу үлдсэн ажлын хөлс 42,517,088 төгрөгийг, мөн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2,445,334 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

-ийн шинжээчийн дүгнэлтээр хийгдээгүй дутуу ажлын хөлсийг тогтоосон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй тул шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулаагүйг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн шинжээчээр томилогдсон нь дүгнэлт гаргасны ажлын хөлс 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан хариуцагч тал уг шинжээчийн зардлыг хариуцахаар заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаатай холбогдуулан Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын төсвөөс шинжээчийн зардалд 2,015,000 төгрөгийг урьдчилж гаргуулж д олгосон болно.

Иймд шинжээчийн ажлын хөлс нийт 3,000,000 төгрөгийг шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан хариуцагч Завхан аймгийн *******, Засаг даргын Тамгын газраас гаргуулж, 2,015,000 төгрөгийг т, 985,000 төгрөгийг -д тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601,044 төгрөгнөөс 588,817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн сан буюу 1000000941 тоот данснаас 12227 төгрөгийг, хариуцагчаас 86,173,392 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 588,817 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2-т заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн *******, Засаг даргын Тамгын газраас 43,656,304 /дөчин гурван сая зургуун зуун тавин зургаа мянга гурван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,962422 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601,044 төгрөгнөөс 588,818 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын төсвийн сан буюу 1000000941 тоот данснаас 12226 төгрөгийг, хариуцагч Завхан аймгийн *******, Засаг даргын Тамгын газраас 588,818 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Завхан аймгийн *******, Засаг даргын Тамгын газраас шинжээчийн ажлын хөлс нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж, 2,015,000 төгрөгийг т, 985,000 төгрөгийг -д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ