Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч З.Бат-Амгалан,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

            Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2410000000077 дугаартай, 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр хауст 2023 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө хохирогч ***ийг бусадтай хардан улмаар гараараа толгой хэсэгт нь цохиж, цээж хавирга хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж биед нь цээжний баруун талд 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),

- Хохирогч ***ийн биеийн гадна хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 10-14 дэх тал),

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №1015 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч ***ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгийн харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***т гомдол санал байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан талаар хүсэлтийг (хавтаст хэргийн 44 дэх тал) ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон, хуульд заасан нөхцөл шаардлагууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7  дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд талууд, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН