Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0438

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

   

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК,*********

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г*********, Б.Ш*********,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу*********,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т*********,

Маргааны төрөл: “Э*********” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 4,777,300,013.92 төгрөгийн төлбөр төлүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б*********, хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Б*********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*********, Б.Ш********* нараас тус шүүхэд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу********* нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу********* нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. “Э*********” ХХК нь “Э*********” ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 754.9 тн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч, “Э*********” ТӨҮГ-аар дамжуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 419.3 сая төгрөгийг төлжээ.

3. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н*********, Ш.Ц********* нар нь “Э*********” ХХК-ийн 2009-2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалган 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210271 дүгээр актаар 2009-2012 онд экспортод гаргасан болон дотоодод борлуулсан катодын зэсд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй 86,307,318.3 төгрөгийн зөрчилд 10,358,574 төгрөгийн төлбөр ногдуулсаныг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна. 

Тус зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Хаягдал хүдэр хэлбэрийн ашигт малтмалд ногдох нөөцийн төлбөрийг “Э*********” ХХК нь “Э*********” ХХК-аар дамжуулан төсөвт талсан байтал тухайн хаягдал хүдрийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, борлуулсан орлогод татварын улсын байцаагч нар дахин нөөцийн төлбөр ногдуулсаныг татварыг давхардуулан ногдуулсан гэж үзэхээр байна” гэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулжээ.

4. “Э*********” ХХК-иас Гааль, Татварын ерөнхий газарт холбогдуулан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хууль бусаар төлүүлсэн 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх үнийн дүнг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, Татварын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 588 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн байна.

5. Мөн нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт холбогдуулан “Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн 982.6 сая төгрөгийн илүү төлөлтөнд алданги тооцож өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 940 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар магадлалаар өөрчлөлт оруулсан байна.

6. Татварын ерөнхий газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй, ашигт малтмал ашиглагч компанид хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05/287 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиуд батлагдсантай холбоотойгоор 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2019 оны жилийн эцсийн тайланд өссөн дүнгээр тусгах тайлагнах талаар мэдээлэл хүргүүлжээ.

Нэхэмжлэгч ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүнд өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох талаар Татварын ерөнхий газарт хүсэлт хүргүүлэхэд Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр үүсмэл орд ашиглах, үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх талаар зохицуулсан гэж 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05/308 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1036 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 06/277 дугаар албан бичгүүдээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасаж, чөлөөлөх боломжгүй талаар мэдэгджээ.

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу********* нар “Э*********” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2120902223 дугаар томилолтын дагуу хяналт шалгалт хийж, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн  ““Э” ХХК нь 2019 оны 5-10 дугаар сарын хугацаанд экспортод гаргасан 959,733 кг, дотоодод борлуулсан 7,999 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 42,807 кг, нийт 1,010,539 кг катодын зэсийн 15,719,771,016.03 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй, 2019 оны 11, 12 дугаар сарын борлуулалтыг хамааруулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 345,857,926.09 төгрөгийн төлбөрийг ногдуулсан боловч дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн гэх 345,857,926.06 төгрөгийг хасаж тайлагнасан, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үүсмэл ордоос олборлож экспортод гаргасан 4,560,280 кг, дотоодод борлуулсан 58,881 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 200,356 кг, нийт 4,819,446 кг катодын зэсний 75,365,506,798.35 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэх үндэслэлээр нийт 91,431,135,740.44 төгрөгийн зөрчил гаргасан” гэж үзэж, 3,200,931,561.42 төгрөгийн нөхөн татвар, 960,279,468.43 төгрөгийн торгууль, 616,088,984.07 төгрөгийн алданги, нийт 4,777,300,013.92 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх актыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/203 дугаар албан бичгээр хүргүүлжээ.

7.  Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу********* нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргахад тус зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээн шийдвэрлэж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 59 дүгээр албан бичгээр хүргүүлжээ.

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

8.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“1/ *********” ХХК нь өнөөг хүртэл ашиглаж байгаа 754,9 мянган тонн хаягдал хүдрийн овоолгод ногдох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн төлсөн байхад дахин ногдуулсан тухай,

“Э*********” ХХК нь 2009-2011 онуудад “Э*********” ТӨҮГ-тай байгуулсан “Хүдэр худалдах, худалдан авах гэрээ"-нийхээ үндсэн дээр нийт 754.9 мянган тонн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч, үүнд ногдох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /цаашид “АМНАТ" гэнэ/-ийн 418.3 сая төгрөгийг тухайн үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу “Э*********” ТӨҮГ-аар дамжуулан улсын төсөвт бүрэн төлсөн.

*********" ХХК нь 2009-2011 онуудад “Э*********" ТӨҮГ-аас АМНАТ-ийг нь төлж, худалдан авсан хаягдал хүдрийн овоолгоо өнөөдрийг хүртэл ашиглаж буй бөгөөд үүнээс өөрөөр "хаягдал хүдрийн овоолго"-ыг худалдах болон худалдан авах ажиллагаа огт хийгдээгүй болно. Энэ нь “Э*********" ТӨҮГ-аас Маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-911-12/1045 дугаартай "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичгээр бүрэн нотлогддог. Тодруулбал “Э*********” ТӨҮГ нь энэхүү албан бичгээрээ “Э*********” ХХК-д 2012 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд хүдэр /хүдрийн овоолго/ нийлүүлж байгаагүй болохоо бүрэн нотолж, тодорхойлсон байна.

Татварын улсын байцаагчид маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаартай актыг гаргахдаа "Э*********" ТӨҮГ-аас гэрээний дагуу 2009-2011 онуудад худалдан авсан, ингэхдээ тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу АМНАТ-ийг нь бүрэн төлсөн хаягдал хүдрийн овоолгыг өнөөг хүртэл ашиглаж байгаа "Э*********" ХХК-ийн үйл ажиллагааг дүгнэхгүйгээр шууд давхардуулж 2017-2019 онуудад үйлдвэрийн хэрэгцээнд ашигласан болон гадаад дотоод борлуулалтын дүнгээс дахин АМНАТ төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь огт үндэслэлгүй бөгөөд ашигт малтмалын болон холбогдох бусад хууль тогтоомжийн өөрчлөлтийг буруугаар ойлгож хэрэглэсэн, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгээгүй, хуулийг эрх зүйн онол, зарчмын эсрэг тайлбарлаж дур зоргын байдлаар хэрэгжүүлсэн, зарим талаар хуулийн илт тодорхой заалтыг шууд зөрчсөн зэрэг зөвшөөрөх аргагүй, хууль хэрэглээний ноцтой алдаа бүхий шийдвэр болсон.

2/ “Э*********” ХХК нь өнөөг хүртэл ашиглаж байгаа 754.9 мянган тонн хаягдал хүдрийн овоолгод ногдох АМНАТ-ийг бүрэн төлсөн, дахин төлөх нь үндэслэлгүй гэдгийг Татварын маргаан таслах зөвлөл болон захиргааны хэргийн гурван шатны шүүх тус бүрдээ өмнө нь тогтоож, эцэслэн шийдвэрлэсэн тухай,

*********" ХХК нь “Э*********” ТӨҮГ-ын 005/11А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад исэлдсэн хүдрийн овоолго ашиглах эрх болон үйл ажиллагаа явуулах талбайг тэмдэглүүлж, бүртгэл хийлгэсний үндсэн дээр АМНАТ төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд “Э*********” ТӨҮГ-тай байгуулсан "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу хүдэр болон уурхайн хаягдал овоолгыг худалдан авч, 1997-2008 онуудад АМНАТ-ийг улсын төсөвт төлбөр төлөгчийн хувиар төлж, тайлагнаж байсан.

2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар АМНАТ-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөхөөр зохицуулсан бөгөөд “Э*********" ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр АМНАТ төлөгчийн бүртгэлээс хуулийн дагуу хасагдсан.

*********" ХХК-ийн 2009-2012 онуудын татвар төлөлт, тайлагналтад хэсэгчилсэн буюу АМНАТ төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 210271 дугаартай актаар 6,500,143,2 төгрөгийн нөхөн татвар, 1,953,347.1 төгрөгийн торгууль, 1,905,083.7 төгрөгийн алданги, нийт 10,358,547.0 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын улсын байцаагчийн энэхүү 210271 дугаартай актыг "Э********* ХХК эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг бөгөөд тус зөвлөл 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 68 дугаартай тогтоол гаргаж, татварын улсын байцаагчийн 210271 дугаартай актад өөрчлөлт оруулж, "Э*********" ХХК-ийг холбогдуулсан 86,163,658.5 төгрөгийн зөрчил (АМНАТ)-д ногдох 10,353,287 3 төгрөгийн төлбөрийг хасаж шийдвэрлэсэн.

Маргаан таслах зөвлөлийн 68 дугаартай тогтоолтой холбоотойгоор “Э*********” ХХК-ийг 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр АМНАТ төлөгчийн бүртгэлээс хассан.

*********" ХХК нь 2009-2011 онуудад Э*********" ТӨҮГ-тай байгуулсан "Хүдэр худалдах, худалдан авах гэрээ"-нийхээ дагуу нийт 754.9 мянган тонн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч, үүнд ногдох АМНАТ-ийг тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд “Э*********" ТӨҮГ-аар дамжуулан улсын төсөвт бүрэн төлсөн болохыг Маргаан таслах зөвлөлийн 68 дугаартай тогтоолд тодорхой дүгнэсэн бөгөөд үүнтэй Татварын ерөнхий газар, түүний улсын байцаагчдын зүгээс өнөөдрийг хүртэл маргадаггүй болно.

*********" ХХК нь өнөөг хүртэл ашиглаж байгаа 754.9 мянган тонн хаягдал хүдрийн овоолгод ногдох АМНАТ-ийг тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу “Э*********" ТӨҮГ-аар дамжуулан улсын төсөвт бүрэн төлснийг Татварын маргаан таслах зөвлөлөөс гадна Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаартай шийдвэрээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0588 дугаартай магадлалаар, Монгол Улсын дээд шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дугаартай тогтоолоор тус тус тогтоож эцэслэн шийдвэрлэсэн.

3/ “Э*********” ХХК нь өнөөг хүртэл ашиглаж байгаа 754.9 мянган тонн хаягдал хүдрийн овоолгод ногдох АМНАТ-ийг бүрэн төлснийг эцэслэн тогтоосон эрх бүхий байгууллагын болон шүүхийн шийдвэр, тогтоолыг татварын байгууллага, түүний байцаагчид биелүүлэх үүрэгтэй тухай,

Татварын улсын байцаагчийн актын "маргаан бүхий" үндэслэлийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянах чиг үүрэгтэй Маргаан таслах зөвлөл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үл ойшоож, манай компанийн гаргасан гомдлын үндэслэлийг зарим талаар илэрхий мушгин гуйвуулах байдлаар тайлбарлаж, татварын улсын байцаагчдын илт үндэслэлгүй актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хууль хэрэглээний ноцтой алдаа төдийгүй. Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан "хууль дээдлэх, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх" зарчмуудыг илэрхий зөрчсөн явдал болсон.

4/ Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон нь "Э*********” ХХК-ийн өмнө бүрэн төлсөн АМНАТ-ийг үгүйсгэж, шинээр дахин төлүүлэх үндэслэл болохгүй тухай,

2016 онд батлагдсан Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2009-2011 онуудад буцаан уйлчлуулж өмнөх хуулийн дагуу хэрэгжиж дууссан харилцааг үгүйсгэж, нэгэнт төлөгдсөн татвар, АМНАТ-ийг давхардсан байдлаар дахин дахин төлүүлэх нь эрх зүйн үндэслэлгүй болно

Эрх зүйн ерөнхий онолын үүднээс авч үзвэл, хуулийн буцах үйлчлэл нь Үндсэн хуулиар бэхжүүлсэн нэг суурь нөхцөл болох эрх зүйн аюулгүй байдлын зарчим (хуулийн тодорхой, тогтвортой байдлын зарчим)-тай зөрчилддаг учраас зарчмын хувьд зөвшөөрөгддөггүй. Салбар эрх зүйн онолын үүднээс авч үзвэл, хуулийн буцах үйлчлэл буюу хууль буцаан хэрэглэх зарчим нь хувийн эрх зүй болон эрүүгийн эрх зүйд хуульд заасан тохиолдолд зөвшөөрөгдөх бөгөөд харин үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн салбарт маш хязгаарлагдмал хүрээнд буюу тухайн хуульд нь зөвшөөрсөн, эсхүл хуулийг дагаж мөрдөх журмын хууль (шилжилтийн зохицуулалт)-д зохицуулсан тохиолдолд зөвшөөрөгддөг

Захиргааны ерөнхий хуульд дээр дурдсан шиг хууль буцаан хэрэглэх үндэслэлийг дурдаагүй байдаг бөгөөд энэ нь тус салбар эрх зүйд хууль буцаан хэрэглэх зарчим нь үндсэн зарчмуудын нэг биш болохыг шууд илтгэдэг. Гэхдээ дээр дурдсанчлан захиргааны эрх зүйн салбарын хуульд тухайлан заасан, эсхүл тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгайлан зохицуулсан тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх асуудал яригдаж болно. Тийм биш бол тухайн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээсээ хойшоо буюу ирээдүй рүү чиглэж, ямар нэг болзол, шалгуургүйгээр үйлчлэх зарчимтай байдаг

Түүнчлэн хуулийн буцах үйлчлэлийг онолын хувьд бодитой ба бодитой бус буцах үйлчлэл гэж ангилдаг. Бодитой буцах үйлчлэл гэдэг нь шинээр баталсан хуульд цаг хугацааны хувьд тус хууль нь өнгөрсөн цаг руу үйлчлэхээр ерөнхий байдлаар заасныг ойлгоно. Жишээ нь: 2016 оны 11 дүгээр сарын 10-нд баталсан хууль нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн үйлчилнэ гэж заасан.

Харин бодитой бус буцах үйлчлэл гэдэг нь шинээр баталсан хууль нь ирээдүйд үйлчлэх хэдий ч өнгөрсөн цаг хугацаанд тодорхой хууль зүйн факт буюу эрх зүйн харилцаа үүссэн байхыг шаардана. Жишээ нь: 2016 оны 11 дүгээр сарын 10-нд баталсан хууль нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойшоо үйлчлэх хэдий ч тухайн хуульд нь заасан, эсхүл дагаж мөрдөх журмын хуульд заасан тохиолдолд өмнө үүссэн тодорхой төрлийн харилцаанд үйлчилж болохоор заасан.

Эхний буюу бодитой буцах үйлчлэлийг онолын хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хийгээд эрх зүйн аюулгүй байдлын зарчмыг үндэслэн зөвшөөрдөггүй. Учир нь, аливаа хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээд болон захиргааны байгууллагын аль алинд нь ийм хүрээнд ажиллаж болох юм байна, ийм эрх, үүрэгтэй байх юм байна гэсэн хууль ёсны итгэл үүсдэг. Нөгөө талаас тухайн хууль нь тодорхой бөгөөд тогтвортой байх ёстой гэсэн зарчмын шаардлага тавигддаг. Ийм нөхцөлд тодорхой хугацааны дараа шинээр батлагдсан хууль нь өмнөх хуулийн үйлчлэлийн хүрээн дэх эрх зүйн харилцаанд шууд буцаж үйлчлэх боломжгүй гэж үздэг. Харин удаах буюу бодитой бус буцах үйлчлэлийг хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг авч үзсэний үндсэн дээр шилжилтийн үеийн зохицуулалт байгаа тохиолдолд түүнийг харгалзан зохих хэмжээнд зөвшөөрч болно гэж үздэг.

Эдгээрийн хүрээнд авч үзвэл захиргааны эрх зүйд шууд хамаарах ашигт малтмалын АМНАТ-ийн болон татварын хууль тогтоомжид аливаа нэг нэмэлт, өөрчлөлт өнөөдөр орсон гэж үзвэл үйлчлэл нь өнгөрсөн рүү буцаж биш зөвхөн ирээдүйд чиглэж хэрэгжинэ. Нэхэмжлэлийн хүрээнд тодруулбал хуульд орсон өөрчлөлтөд "буцах үйлчлэл"-ийг заагаагүй бол өмнөх хуулийн дагуу бүрэн төлөгдсөн татвар, АМНАТ-ийг дахин төлүүлэхээр маргах нь боломжгүй юм. Түүнчлэн хууль өөрчлөгдөх тохиолдол бур нь өмнө төлсөн татвар, АМНАТ-ийг дахин төл гэдэг шаардлага үүсэхгүй нь ч туйлын тодорхой байна.

Монгол Улсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, "үүсмэл орд”, “үүсмэл орд ашиглах" гэсэн ойлголтуудыг томьёолон хуульчлахдаа дагалдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, "үүсмэл орд ашиглах" уйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан эдгээр хуульд "буцах үйлчлэл"-ийг зааж тогтоосон зүйл заалт огт тусгагдаагүй байхгүй болно. Тиймээс "Э*********" ХХК-ийн 10-аад жилийн өмнө худалдан авсан. АМНАТ-ийг нь бүрэн төлөөд ашиглаж байгаа овоолгыг хуулиар "үүсмэл орд" гэж нэрлэж, тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр хуульчилсан нь АМНАТ-ийг давхардуулсан байдлаар дахин төлүүлэх үндэслэл болохгүй юм.

5/ “Э*********” ХХК нь өнөөг хүртэл ашиглаж байгаа 754.9 мянган тонн хаягдал хүдрийн овоолгод ногдох АМНАТ-ийг бүрэн төлснийг үгүйсгэж, давхардсан байдлаар дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн татварын улсын байцаагчдын акт, Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн бусад үндэслэл хуульд нийцэхгүй тухай,

Татварын улсын байцаагчид “Э*********” ХХК-ийн өмнө нь бүрэн төлсөн АМНАТ-ийг давхардуулсан байдлаар дахин төлүүлэх үндэслэлгүй акт /НА-21210000022/-ыг гаргахдаа нэхэмжлэлийн эхэнд дурдсан 3 асуудлыг үндэслэл болгосон байдаг бөгөөд эдгээрийн аль нь ч, тухайлбал хуульд өөрчлөлт орсон, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хууль хүчингүй болсон, хууль дахин батлагдсан, үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл бий болсон гэх мэт үндэслэл нь “Э”*********-ийн хаягдал хүдрийн овоолгыг 2009-2011 онуудад худалдан авч, тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд АМНАТ-ийг нь бүрэн төлсөний үндсэн дээр өнөөг хүртэл ашиглаж байгаа “Э*********” ХХК-д дахин АМНАТ төлөх үүрэг үүсгэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм.

*********" ХХК өнөөг хүртэл ашиглаж байгаа 754.9 мянган тонн хаягдал хүдрийн овоолгод ногдох АМНАТ-ийг тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд “Э*********” ТӨҮГ-аар дамжуулан улсын төсөвт бүрэн төлсөн. Үүнийг бүрэн нотолж эцэслэн тогтоосон эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрүүд хэрэгжих естой гэдэг байр суурийг хатуу баримталж ирсэн. Гэвч Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 03 болон 11 дүгээр саруудад тус тус нэмэлт өөрчлөлт орж, хууль эрх зүйн орчин ойр ойрхон өөрчлөгдсөн нь зарим төөрөгдлийг үүсгэсэн, үүний хүрээнд татварын байгууллагаас дарамт шахалт үзүүлсэн зэрэг байдлаас шалтгаалан 2019 оны 11 болон 12 дугаар сард АМНАТ-ийг давхардуулсан байдлаар дахин төлж тайлагнасан бөгөөд хуулийн өөрчлөлтийн талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй болсныхоо дараа энэхүү алдаагаа засаж, үндэслэлгүй төлсөн 345,857,926.09 төгрөгийг хасаж тайлагнасан.

“Э*********” ХХК нь үүнийхээ талаар Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолдоо тодорхой тайлбарласан боловч тус зөвлөл манай компанийн гаргасан гомдлын үндэслэлийг илт буруугаар мушгин, 07 дугаартай тогтоолдоо 2009-2011 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн тухайн онуудад суутган ногдуулж “Э*********" ТӨҮГ-аас дамжуулан төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сүүлд хүчин төгөлдөр болсон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль (2019.11.22)-ийн заалтыг буцаан хэрэглэж хасалт хийх буюу суутган тооцох эрх зүйн үндэслэлгүй юм." гэх зэргээр огт үндэслэлгүй, маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн байдаг.

*********" ХХК нь улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа "хууль буцаан хэрэглэх" үндэслэлээр гаргаагүй бөгөөд дээр дурдсанчлан манай компанийн зүгээс 2011 он хүртэл худалдаж авсан хаягдал хүдрийн овоолгод ногдох АМНАТ-ыг тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу бүрэн төлсөн, уг овоолгыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа тул дахин давхардуулж АМНАТ төлөх үндэслэлгүй тухайгаа учирлаж маргасан. Гэвч Маргаан таслах зөвлөл бодит үйл баримт, холбогдох хуулийн зохицуулалтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, асуудлыг илт буруугаар мушгиж, тайлбарлах байдлаар шийдвэрлэсэн.

Татварын улсын байцаагчид маргаан бүхий /НА-21210000022/ захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн болох нь тогтоогдож, хүчингүй болсон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтийг баримталж, "Э*********" ХХК-ийн 2019 оны 5, 6, 7, 8, 9, 10 саруудын үйл ажиллагааг тусгайлан авч үзэж, тухайн саруудын борлуулалтын унэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэх үндэслэл бий болгож нийт 1.438 635 819 93 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн

Маргаан таслах зөвлөлд манай компани гомдол гаргахдаа өмнө хэрэгжиж байсан хуулийн хүрээнд бүрэн төлөгдсөн АМНАТ-ийг давхардуулсан байдлаар дахин төлүүлэх нь үндэслэлгүй гэдэг гол шаардлыг тавьсан.

Гэтэл маргаан таслах зөвлөл манай компанийн гомдлын гол шаардлагыг авч үзэхгүйгээр “... Үндсэн хуулийн цэц 2019 оны 10 дугаар сарын 30-нд хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож байгаа нь тухайн хууль анхнаасаа хүчингүй, хууль зүйн үйлчлэл үзүүлээгүй гэсэн үг биш бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх хүртэл Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр үйлчилсэн" гэх мэт дүгнэлтийг хийж Үндсэн хууль зөрчсөн заалтын дагуу тавьсан улсын байцаагчийн актыг зөвтгөж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь хэдийгээр манай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд голлох ач холбогдолтой биш боловч татварын байгууллага, түүний байцаагчид Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, биелүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу********* нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаартай "Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" нөхөн ногдуулалтын акт нь илт хууль бус, Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль хэрэглээний илэрхий алдаатай, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүй дордуулсан болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малталын тухай хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтүүдийг татварын улсын байцаагч нарын зүгээс буруу дүгнэж байна гэж үзэж байна. “Э*********” ХХК-ийн зүгээс үүнтэй холбоотой асуудлаар Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд манай компанийн гомдлын гол шаардлагыг авч үзэхгүйгээр “...Үндсэн хуулийн цэц 2019 оны 10 сарын 30-ны өдөр хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож байгаа нь тухайн хууль анхнаасаа хүчингүй, хууль зүйн үйлчлэл үзүүлээгүй гэсэн үг биш бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх хүртэл Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр үйлчилсэн” гэх дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчийн нэг үндэслэл болох 2019 оны 05 сараас 10 саруудад ногдох амнатыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж хуулийг хүчингүй болгосон байхад хүчингүй болсон хуулийг үндэслэл болгож акт тавьж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг сахиж биелүүлэх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.

Маргаан бүхий захиргааны акт үндсэндээ цаг хугацааны хувьд 3 хуваагдаж байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэл нэг хэсэг. 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл нэг хэсэг.  2019 оны 11 болон 12 дугаар сар гээд 3 хуваагдаж байна. Гэхдээ тавьж байгаа үндэсэлэл нь нэг байна.

2019 оны 05 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийн 47.3.3, 47.5 дахь заалтыг барьж байна. Үүнийг барихдаа “экспортлосон” гэдэгт хамаарч байна гэдэг. Гэхдээ 2019 оны 11 болон 12 дугаар сарыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалтыг баримталсан. Мөн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 буюу энэ хууль нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэсэн байна. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийн 47.2, 47.3.3 дахь заалтыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл зөрүүтэй юм ярьж байна. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны татварыг тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулсан гээд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн заалтуудыг иш татаад акт тавьж байгаа юм. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын хуулийн өөрчлөлтөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч АМНАТ төлөгч байна гэдэг заалт хуулийн 47.1.1-д орж ирсэн байхад уг заалтаа биш өөр заалт бариад байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлөгч байна гэдэг заалт байхгүй байхад тэр заалтыг баримталж илэрхий алдаатай акт гаргасан гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 зүйлд зааснаар тухайн үед татвараа авсан байвал Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тэр хүний зөрчигдсөн эрх сэргэхгүй. Гагцхүү эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэнэ. Учирсан хохирол, бусад үр дагаврыг хэрхэн арилгахыг уг зарлиг, хүсэлт, шийдвэрийг баталсан, гэрээг соёрхон баталсан байгууллага, албан тушаалтан эсвэл шүүх тухайн хууль тогтоомжийн дагуу тухайн үед нь хянан шийдвэрлэнэ. 2019 оны 05 дугаар сараас 11 дүгээр сард татварын хяналт шалгалт ороод экспорлогдсон гэдэг үндэслэлээр акт тавьсан. Түүнийг нь Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Гэтэл 2021 оны 03 дугаар сард акт тавихдаа хүчингүй болсон хуулийн заалтыг баримтлаад Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэдэг ганц үгийн эсрэг тайлбар хийгээд байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 зүйлийг үндэслэл болгоогүй, хүлээж аваагүй. Тухайн үед зөрчигдсөн эрх сэргэхгүй ч гэсэн нөхөж үйлчлэхгүй гэдэг нь ойлгомжтой байна гэж үзэж байна.

Энэ танилцуулга нь Маргаан таслах зөвлөлд гол баримт болсон. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Татварын ерөнхий газрын Төсвийн орлого хяналтын газраас үүнийг Том татвар төлөгчийн газар руу явуулсан. Үүнд “Э*********” ХХК-д акт тавь гэдэг чиглэлийг өгсөн. Хяналт шалгалтын журмаараа манай компанийг эрсдэлтэй гэж үзээд хяналт шалгалт оруулаад шалгаад зөрчил илэрвэл акт тавих ёстой байтал хяналт шалгалт нь 05 дугаар сард болж байгаа юм. 2020 оны 02 дугаар сард акт тавих чиглэлийг өгсөн байдаг. Үүний дагуу хяналт шалгалт оруулаад акт тавьсан. 

2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллага АМНАТ төлөгчөөс хасагдаад 2020 оны 01 дүгээр сар хүртэл АМНАТ төлөгч биш байсан. Энэ хооронд татварын байгууллагаас АМНАТ төлөгчөөр бүртгэх шаардлага ирж байгаагүй. Ирсэн баримт нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн баримтыг хэлдэг. 3 жилийн хугацаанд танай байгууллага АМНАТ төлөгч мөн байна гэж нэг ч шаардлага хүргүүлж байгаагүй байтал 2020 онд акт тавихдаа ийм шаардлага тавьж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Ингээд манай байгууллагыг хүчээр АМНАТ төлөгчөөр бүртгэсэн.   ” гэв. 

10. Хариуцагч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Тус компанийн үндсэн үйл ажиллагааны үр дүнд бий болдог катодын зэс нь “Э*********" ТӨХК-ийн балансын бус хүдрийн болон уурхайн хаягдал овоолгын ашигт агуулгын нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн бөгөөд тус бүтээгдэхүүийг борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болох бөгөөд тус хуулийн 47.2-д заасан борлуулалтын үнэлгээ тооцох журмаар тооцсон үнэлгээнээс мөн хуулийн 47.3-д заасан хувь хэмжээгээр АМНАТ-ыг ногдуулан төлөх үүрэгтэй юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг заалтад хамаарах Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь хэн нэгэн этгээдэд АМНАТ-ийг ногдуулж төлөхгүй байх боломжийг олгоогүй гэж бид үзэж байна.

Иймээс бид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар АМНАТ-ийн хувь хэмжээ болон АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээнд өөрчлөлт оруулахгүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран ашигт малтмал ашиглаж буй этгээд нь АМНАТ төлөгч байж, дотоодын зах зээлээс худалдан авсан ашигт малтмалд өмнө ногдуулсан татварыг хасаж тооцох болсон.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй боловч ашигт малтмал ашиглаж буй аж ахуйн нэгжийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн өдрөөс 10 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн хуулийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дагаж мөрдөнө. Иймд ус компанийн 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш худалдсан, ашигласан өөрөөр хэлбэл 2019 оны 5, 6, 7, 8, 9, 10 саруудын хугацаанд экспортод гаргасан 959,733 кг, дотоодод борлуулсан 7,999 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 42,807 кг, нийт 1,010,539 kr катодын зэсийн 15,719,771,016.03 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцож ногдуулсан.

2/ Бидний үзэж байгаагаар татвар төлөгч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болж тус хуулийн 47.2-д заасан борлуулалтын үнэлгээ тооцох журмаар тооцсон үнэлгээнээс мөн хуулийн 47.3-д заасан хувь хэмжээгээр АМНАТ-ийг ногдуулан төлөх үүрэгтэйгээ ухамсарлан 2019 оны 11 болон 12 сарын катодын зэсний борлуулалтын үнэлгээнд АМНАТ-ийг ногдуулж тайлагнасан байсан нь үнэхээр сайн үйлдэл болсон гэж үзсэн. Харамсалтай нь 2019 оны 11 болон 12 саруудын борлуулалтыг хамааруулсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 345,857,926.09 төгрөгийн төлбөрийг ногдуулсан боловч дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн гэх 345,857,926.06 төгрөгийг хасч тайлагнасан нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай" 47 дугаар зүйлийн 47.7-д Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.“, мөн хуулийн 6 дугаар зүйлд "Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж заасан байна. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Э*********” компанийн “Э*********" ТӨҮГ- аас худалдан авсан хүдрийн ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх, төлбөрийн хасалт хийх татварын харилцаа хэрэгжинэ. Харин 2010, 2011 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн тухайн онуудад суутган ногдуулж тесевт телсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сүүлд хүчин төгөлдөр болсон /Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн хууль/ хуулийн заалтыг буцаан хэрэглэж хасалт хийх буюу суутган тооцох эрх зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр барагдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 3.4 дэх хэсэгт "Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч Ашигт малтмалын тухай хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт болон мөн хуулийн 47.19-д зааасны дагуу суутган төлсөн тайлан мэдээг үндэслэн өмнө нь ногдуулсан, суутган төлсөн төлбөрийг хасаж тооцно" гэж заасан. Энэхүү тогтоол нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д "Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр байна. Гэтэл дээр дурдсан төлбөрийн баримт болон суутган төлсөн тайланг татварын албанд ирүүлээгүй байхад өмнөх шатанд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн гэх 345,857,926.06 төгрөгийг хасч тайлагнасан нь буруу тул зөрчлөөр тооцсон.

3/ Тус компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э*********” ТӨҮГ-тай гэрээгээ шинэчлэн байгуулаагүй, үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл аваагүй гэж байгаа ч уурхайн балансын бус хүдрийн овоолгоос зэс ялган боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдан борлуулж байгаа нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27.”үүсмэл орд" гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг;", 4.1.28."үүсмэл орд ашиглах" гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг" гэж заасан агуулгатай нийцэж байна. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "энэ зүйлд заасан үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ", 15.10.22-д "үүсмэл орд ашиглах" гэж заасны дагуу үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх, уг тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2017 оны 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам"-ын дагуу авах үүрэгтэй боловч татвар төлөгч нь 2016 онд хууль батлагдсанаас хойш дээрх тусгай зөвгөөрлийг эрх бүхий байгуулллагаас аваагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчээр бүртгүүлээгүйгээр үүсмэл ордоос ашигт малтмалын хүдэр, овоолгыг боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан борлуулалтын үнэлгээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахгүй байх үндэслэл болохгүй гэж үзсэн. Мөн тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг” А*********” ХХК нь үүсмэл ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл авч АМНАТ ногдуулан төлдөг.

Иймд бид 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үүсмэл ордоос олборлосон 4,560,280 кг, дотоодод борлуулсан 58,881 кг, 4,819,446 кг катодын зэсийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 200,356 кг, нийт 75,365,506,798.35 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж хариуцлага хүлээлгэсэн болно.” гэжээ.

11. Хариуцагч Б.Ба********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн танилцуулга бол Том татвар төлөгчийн газрын дарга Татварын ерөнхий газрын Олон улсын татварын хэлтэст танилцуулга хийсэн, дүгнэлт биш. Үүсмэл орд ашиглахтай холбоотойгоор “Э*********” ХХК-д удаа дараа компанийг хариуцсан татварын улсын байцаагч нар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үүсмэл орд ашиглаж байгаа учраас татвар, төлбөрөө төл, тайлангаа ирүүл гэдэг үүднээс шаардлага тавьсан. Энэ бидний хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамаараагүй. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүсмэл ордын зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд орж ирсэн. Үүнээс хойш ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх нь тодорхой болсон байсан. Татвар төлөгч өөрөө нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлэхгүй байсан учраас Татварын албанаас магадгүй 2020 онд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр төлөгчөөр бүртгэж, тайлангаа зайлшгүй өг гэдэг шаардлагуудыг тавьж Татварын албаны зүгээс санаачилгаараа бүртгэсэн байх магадлалтай байна. 2017 оноос үүсмэл ордыг ашиглаад явсан. Тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулсанд ногдуулах хариуцлагыг мэдээж тусгай зөвшөөрөл олгодог байгууллага ногдуулах байх. Гэхдээ тусгай зөвшөөрөлгүйгээр энэ үйл ажиллагааг явууллаа гээд хариуцлага ногдуулсан асуудал биш. Энэ үйл ажиллагааг явуулаад ашигт малтмалыг Монгол улсын хилээр гаргаад, дотооддоо борлуулаад, ашигласан энэ үйл ажиллагаанаас орлого олсон. Энэ борлуулалтын үнэлгээнд ашигт малталын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан. 

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан хууль нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш гэдэг нь нэг ёсондоо 2019 оны 5, 6, 7, 8, 9 саруудад экспортод гаргасан, дотоодод борлуулсан, үйлдвэрлэсэн нийтдээ 1 сая кг кадотын зэсний 15.7 тэрбум төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулаагүй. Ногдуулаагүйтэй татвар төлөгч маань маргадаггүй. 

Татвар төлөгчийн гомдолд энэ хуулийн заалт нь нэмэлт өөрчлөлтөөр орсон хуулийн заалттай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд хэсэг хүмүүс гомдол гаргаад шийдэгдээгүй байсан. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 4 дүгээр тогтоолоор энэ хуулийн заалт хүчингүй гэж шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 11.4-д цэцийн эцсийн шийдвэр нь гармагц хүчин төгөлдөр болно, 36 зүйлийн 36.4-д цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тус тус зааснаар Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарсан өдөр Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт хүчингүй болохоор байна. Үндсэн хуулийн цэц 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаад Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн байгааг тогтоож байгаа нь тухайн хууль анхнаасаа хүчингүй, хууль зүйн үйлчлэл байхгүй гэсэн үг биш бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх хүртэл Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хүчин төгөлдөр байсан гэдгийг нотолж байгаа юм.

Тийм учраас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан учраас Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийн 47.2-т зааснаар борлуулатын үнэлгээг тооцож, 47 зүйлийн 47.3-д заасан хувь хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан. Ногдуулахдаа мөн хуулийн 47 зүйлийн 47.5-д зааснаар нэмэлт хувиар ногдуулсан. Зах зээлийн үнэ өндөр байх юм бол нэмэлт хувь тооцох зохицуулалтыг хуулинд оруулсан учраас ногдуулсан. 2019 оны 11 болон 12 дугаар саруудын борлуулалтыг хамруулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 345 сая төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Татвар төлөгч Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараад 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн тухай хууль дахин гарч хугацааны хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой гэдгээ мэдэж байсан. Татвар төлөгч 2019 оны 11 болон 12 сарын тайлангуудаа өөрөө өгөхдөө 345 сая төгрөгийн төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт ногдуулсан байдаг. Ногдуулсан ногдолоо 0 болгосон нь өмнө шатанд 459 сая төгрөгийг төлсөн учраас төлөхгүй гэдэг тайлбарыг гаргасан. 

Энэ хууль нь дамжуулан борлуулагчийн өмнөх шатанд төлсөн татварыг хасах харилцаа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөгдөх байсан зохицуулалт учраас тэр өдрөөс хойш “Э*********” ТӨҮГ-аас худалдаж авсан ямар нэгэн овоолгод төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасах зохицуулалт гэж бид үзэж байгаа учраас 345 төгрөгийг төлөх ёстой гэж үзсэн. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үүсмэл ордыг ашигласан. Үүсмэл ордыг ашиглан экспортод бүтээгдэхүүн гаргасан, дотооддоо борлуулсан, үйлдвэрлэлийн хэрэгцээнд мөн ашигласан. 4.8 сая кг катодын зэсийн 75.3 тэрбум төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой гэж татварын албанааас үзсэн.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28-д заасан үүсмэл орд ашиглах болон үүсмэл ордын тухай зохицуулалт орж ирсэн учраас тусгай зөвшөөрөлтэй ашиглах байсан. Татварын төлөгчийн зүгээс Уул уурхайн яам энэ хариуцлагыг бидэнд хүлээлгээгүй байхад Татварын ерөнхий газар энэ хариуцлагыг хүлээлгэлээ гэж яриад байна. Уул уурхайн яамны ажлыг бид ерөөсөө хийгээгүй. Бид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой татварын харилцаа явж байгаа учраас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас хяналт шалгалт орж нөхөн татварыг тавьж, нөхөн татварт оногдох хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн.” гэв. 

12. Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн маргаан бол тус компанийн 2009-2011 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой маргаан байсан. Бид өнөөдөр 2017-2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой маргааныг хэлэлцэж байна. 2017 оноос үүсмэл орд ашиглах талаар хуулийн зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд орж ирсэн. Энэ сая дурдаж буй Улсын дээд шүүхээр шийдвэрлэсэн хэрэг маргаанаас эрх зүйн зохицуулалтын хувьд өөр болж ирсэн. Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолоор үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам батлагдсан. Энэ журмаар тусгай зөвшөөрлийг авах, бүртгүүлэх зохицуулалтууд орж ирсэн.

Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр үүсмэл ордыг ашиглах эрх зүйн зохицуулалтууд 2017 оноос бий болсон байна. Тусгай зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүйгээр Монгол улсын байгалийн баялаг, ашигт малтмалыг ашигласны төлөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөгч биш гэдэг үндэслэл гаргаж ирээд маргаан үүсгэж улсад төлөх ёстой татвараас зайлсхийж байгаа нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж байна. 

Хууль тогтоомжийг зөрчиж ашигт малтмалыг ашиглаад, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүйнхээ төлөө өөрт ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Ингэж тайлбар гаргаснаараа, хуулийг зөрчсөнөөрөө татвар төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийн 47.1 дэх хэсгийг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн жаран долдугаар зүйлд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. 

Ашигт малтмалын тухай хуулийн хасалт хийхтэй холбоотой зохицуулалтыг нэг мөр ойлгох, нарийвчлан зохицуулах үүднээс Засгийн газраас 2019 оны 465 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын 3 зүйлийн 3.4-т ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэн баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах хувь хэмжээнээс хамаарч Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийн 47.18-д заасан төлбөрийн баримт болон мөн хуулийн 47.19-д заасны дагуу суутган төлсөн тайлан, мэдээг үндэслэн хасалт хийнэ гэж нарийвчилсан. Хэрвээ хасалт хийх нөхцөл байлаа гэж үзэхэд тухайн хасалтыг хийхдээ дээрх хуульд заасан төлбөрийн баримт, суутган төлсөн тайлан мэдээг үндэслэж байж хасалт хийнэ. Нөхцөл нь бүрдсэн байсан ч гэсэн төлбөрийн баримт болон суутган төлсөн тайлан мэдээ байхгүй бол хасалт хийхгүйг тодорхой зохицуулсан. Энэ компанийн тухайд хяналт шалгалтаар тайланг 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны 4 дүгээр улирлын тайланд хасалт хийж татварт ногдох орлогыг тодорхойлж, бууруулсан үйлдэл гаргасан байдаг. Хяналт шалгалтаар тухайн зөрчлийг илрүүлж хариуцлага хүлээлгэсэн. 

Тайлан засахтай холбоотой асуудлын зөв бурууг нягтлах ажлыг хийх явцад Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийн 47.18, 47.19-д заасан баримтууд байхгүй байсан. Хэрэв хангагдсан нөхцөлд баримт байхгүй бол хасалт хийх хуулийн шаардлага хангагдахгүй. Нэгдүгээрт нэхэмжлэгчид төлбөрийн баримт болон суутган төлсөн тайлан мэдээ байгаагүй. Иймд хасах үндэслэл байхгүй гэдэг нь тогтоогдоно. Хоёрдугаарт, хасан тооцох ямар ч нөхцөл байхгүй. Хуулийн зохицуулалт хэзээнээс эхэлж үйлчилж байгаа вэ гэдгээс хамаараад өмнө нь улсын төсөвт төлсөн байгаа татварыг бууруулах байдлаар өмнө нь төлсөн татвараас хасах хуулийн зохицуулалт байж болохгүй. Ийм зохицуулалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой байсан гэж үзэж байна. 

Үндсэн хуулийн цэц 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын хуулийн 47 дугаар зүйлийг хууль зөрчсөн байна гэдэг шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 67 дугаар зүйлд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэгэхээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2019 оны 03 дугаар сарын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тэр болтол аль нэг эрх бүхий байгууллагаас хүчингүйд тооцсон, хууль зөрчсөн гэдэг шийдвэр гараагүй байсан.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмал ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө.” гэсэн заалтыг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж өөрчлөн найруулсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 13/1066 дугаарт нийтлэгдсэн, хуульд хүчин төгөлдөр болох хугацааг тусгайлан заагаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын хуулийн Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 8-нд хүчин төгөлдөр болжээ.

            Үндсэн Хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг хүчингүй болгосон байна. 

Үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг "47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:

47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч;

47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд;

47.1.3.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд.” гэж өөрчлөн найруулжээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28 дахь заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 4.1.27-д "үүсмэл орд" гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг;”, 4.1.28-д “"үүсмэл орд ашиглах" гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг.” гэж заасан байна. 

1.1 Нэхэмжлэгч “Э*********” ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 754.9 тн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч боловсруулж катодын зэс болон цахилгаан утас үйлдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч нь үүсмэл ордоос ашигт малтмал ялган авах, боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаа явуулдаг болохын хувьд Ашигт малтмалын тухай хуульд 2011, 2019 онуудад оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч юм.

1.2 Өөрөөр хэлбэл тухайн хуулийн заалт Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон ч хүчин төгөлдөр үйлчилж байх үеийн харилцааг зохицуулах бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

1.3 Мөн үүсмэл орд ашиглагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.22-д зааснаар үүсмэл ордыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрөл аваагүй нь төлбөр ашигт малтмалын нөөц ашиглах төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

  1. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.”, 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө:” 47.16.1”.худалдсан, худалдахаар ачуулсан;” 47.16.2”.экспортолсон; 47.16.3”.өөрийн хэрэгцээнд ашигласан.” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахааргүй байна. 

2.1 Нэхэмжлэгч “Э*********” ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 754.9 тн хаягдал хүдрийн овоолгыг худалдан авч, үүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 419,3 сая төгрөгийг төлсөн болон төлбөрийг давхардуулан төлөхийг шаардсан нь хууль бус болох нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 68 дугаар тогтоол болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоол болон  тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар нэхэмжлэгч нь ашиг малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн болох нь тогтоогдож байх тул дахин дүгнэж нотлохгүй юм.

  1. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу********* нар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актаар ““Э*********” ХХК нь 2019 оны 5-10 дугаар сарын хугацаанд экспортод гаргасан 959,733 кг, дотоодод борлуулсан 7,999 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 42,807 кг, нийт 1,010,539 кг катодын зэсийн 15,719,771,016.03 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй, 2019 оны 11, 12 дугаар сарын борлуулалтыг хамааруулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 345,857,926.09 төгрөгийн төлбөрийг ногдуулсан боловч дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт төлсөн гэх 345,857,926.06 төгрөгийг хасаж тайлагнасан, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үүсмэл ордоос олборлож экспортод гаргасан 4,560,280 кг, дотоодод борлуулсан 58,881 кг, үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан 200,356 кг, нийт 4,819,446 кг катодын зэсний 75,365,506,798.35 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй гэж үзсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д  47.16-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй болон суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцох зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу********* нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д  47.16-д заасныг баримтлан “Э*********” ХХК-иас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу********* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Б.Ба*********, Б.Бу********* нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН