| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2026/0722/З |
| Дугаар | 221/МА2026/0677 |
| Огноо | 2026-09-23 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0677
“Ш” ХХК, “Ж Ж Ж
Ё” ХХК-иудын түншлэлийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, М.Ц
Нэхэмжлэгч: “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-иудын түншлэл
Хариуцагч: Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл арга хэмжээний тухай” А-1/**** дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 750 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ө
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, М.Ц
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э Д.Н
Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/722/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-иудын түншлэлээс Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл арга хэмжээний тухай” А-1/**** дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 750 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хулийн 23 дугаар зүйлийн 23.3, 30 дугаар зүйлийн 30.5, 59 дүгээр зүйл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК болон “Ж Ж Ж Ё” ХХК-ийн Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл арга хэмжээний тухай” А-1/**** дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх хуралдаан болох үед буюу 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 болон 13.1.2 дахь заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэцээр хянан шийдвэрлэгдэж байсан байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуулийн дээрх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "хууль дээдлэх нь үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тиймээс дээрх нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчид болон шүүх бүрэлдэхүүн мэдэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэр гаргасан байх тул уг хэрэг маргааныг анхан шатны шүүх рүү буцааж, хэргийг Үндсэн хуулийн Цэцээр эцэслэн шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэх ёстой байсан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.7-д заасны дагуу тендерийн баталгааг цахимаар илгээсэн байхад 22.7 болон 23.3-д заасныг үндэслэл болгож огт тендерийн баталгаа ирүүлээгүй оролцогчтой адилтган үзэж байгаад гомдолтой байна. Улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.7 болон 23.3-т баталгааны хэмжээг огт тусгаагүй болохыг анхаарч үзнэ үү. Хуулиар тендер нээхээс татгалзах үндэслэлд 22.7 дахь заалтыг заасан байдаг. Өөрөөр хэлбэл тендерийн баталгааг цахимаар ирүүлээгүй тохиолдолд тендерийг нээхээс татгалзахаар зохицуулсан байхад хуулийн өөр зүйл заалтыг буюу 14.2-ыг 23.3-д заасныг хамааруулж дүгнэсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна. Зүй нь тендерийн баталгааг 785 төгрөгөөр дутуу ирүүлсэн бол ямар шалтгааны улмаас дутуу ирүүлсэн, захиалагч нь тендерийн багцын үнийн дүнг нэмэгдүүлсэн нь үндэслэлтэй байсан эсэх, тендерт оролцогч нарт хуульд заасан хугацаа олгосон эсэх зэрэг холбогдох хууль зүйн үндэслэлийг шүүхээс тогтоох ёстой байхад эдгээр үйл баримтад дүгнэлт хийгээгүй.
3.2. Захиалагчийн зүгээс тендерийн баримт бичигт 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр "Тендер шалгаруулалтын баримт бичиг өөрчлөлт оруулах тухай" А-1/1587 дугаартай албан бичгээр өөрчлөлт оруулсан байдаг. Уг албан бичиг тендер хүлээн авах эцсийн хугацааг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны 15 цаг 00 минут болохыг дурдсан байна. Захиалагч нь 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан атлаа хуулийн 20.6-д заасан ажлын 5-аас доошгүй өдөр байх ёстойг баримтлаагүй. Ингэснээр нэхэмжлэгчийн баталгаагаа өөрчлөх, нэмж байршуулах боломжит хугацааг олгоогүй болно. Хуульд заасан хугацааг баримталсан бол 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тендер хүлээн авах эцсийн хугацаа байхаар байсан юм. Сангийн яам нь 2026 оны 5 сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай шийдвэрээрээ Захиалагчийн нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээний хороонд дахин үнэлэхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нь Баасан гараг байх ба ирэх Даваа гараг нь 06 дугаар сарын 01-ний өдөр буюу бүх нийтээр амрах баярын өдөр таарсан байдаг. Энэ хугацаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д "батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах" гэж заасны дагуу төсөв татагдах нөхцөл байдлыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, Сангийн яам нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт гаргасан ба илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа хуулийн үйлчлэлгүй байдаг. Улмаар энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд Монгол Улсын дээд шүүхийн 30 дугаар тогтоолыг үндэслэн тайлбарласан боловч энэ талаар ямар нэгэн шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
3.3. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 20-д гомдлыг хянан шийдвэрлэхэд мэдэгдэх, сонсох ажиллагааг хийхийг зөвшөөрөөгүй гэж дүгнэжээ. Гэтэл Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 7.1-д "Хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тендер шалгаруулалтад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн талаар мэдээллийг Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-д зааснаар цахим системээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ" гэж заасан байдаг. Түүнчлэн Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай шийдвэр нь нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгосон Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон Захиргааны ерөнхий хуулийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Сангийн яам нь ийнхүү сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа Захиргаан ерөнхий хуулийн 4.2.9-д заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" тусгай зарчмыг зөрчиж нэхэмжлэгчид мэдэгдээгүй болно. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-иудын түншлэлээс Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл арга хэмжээний тухай” А-1/**** дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах, Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.1. Анхан шатны шүүх “... хүргүүлсэн тендерийн баталгааг хэрхэн цуцлах, өөрчлөх эсэхийг тодруулга авах байдлаар шийдвэрлэх боломжтой, нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ ... тендерт оролцогч “С к” ХХК-ийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03/5701 дугаартай мэдэгдэл үндэслэлтэй, мөн гомдлыг хуульд заасан ажлын 10 хоногийн хугацаанд шийдвэрлэж, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гаргасан байх тул “төсөв татагдах үр дагаварт хүргэж, гэрээ байгуулах боломжийг хаасан” гэж үзэхгүй ... ” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Төрийн худалдан авах ажиллагааны газраас Байгалийн түүхийн музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж /У, Хан-Уул дүүрэг/ УТ****** төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах таван багц тендер шалгаруулалтыг зарлаж, тендер шалгаруулалтын баримт бичгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахим системд нийтэлсэн бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээний төсөвт өртгийг 169,748,143,000 төгрөг байхаар тооцож, 848,740,715 төгрөгийн тендерийн баталгааг ирүүлэхээр баталсан байна.
3.2. Нэхэмжлэгч “Ш” ХХК болон “Ж Ж Ж Ё” ХХК-иудын түншлэлээс Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээг сонгох тендер шалгаруулалтад оролцохоор тендер илгээж, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 24.1-д заасан баталгааны дүнгээр 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 848,740,715 төгрөгийн тендерийн баталгааг хүргүүлжээ.
Гэтэл тендер шалгаруулалтын явцад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/151 дүгээр тушаалаар дээрх төсөл, арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулж, Багц-1-д хамаарах тендерийн төсөвт өртгийг 169,748,300,000 төгрөг байхаар санхүүжих дүнг нэмэгдүүлснээр тендерийн баталгааны дүн 848,741,500 төгрөг болж, 785 төгрөгийн зөрүүгээр өөрчлөгдсөн байна.
3.3. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай хуралдаанаар Багц-1: Музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж дагалдах ажил, үйлчилгээг сонгох тендерийн хянах үзэх, үнэлэх ажиллагааг хийж, “Ш” ХХК болон “Ж Ж Ж Ё ХХК”-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр сонгон гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, хуралдааны явцад тендерийн баталгааг 785 төгрөгөөр дутуу ирүүлсэн болохыг хэлэлцсэн боловч шаардлага хангасанд тооцсон байна.
Үүнийг эс зөвшөөрч, оролцогч “С к” ХХК-аас 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлээд, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай албан бичгээр “оролцогч гэх ойлголтод хамаарахгүй, тендерийн баталгаа шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А-1/2636 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтыг дахин хянан үзэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгджээ.
3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.12-т “"оролцогч" гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг”, 4.1.15-д “"тендер" гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр оролцогчийн ирүүлсэн саналыг”, 6.1-д “Тендер шалгаруулалтад аж ахуй эрхлэгч дангаараа, эсхүл түншлэлээр тендер ирүүлж болно” гэж тус тус хуульчилсан бөгөөд үүнээс үзвэл нэхэмжлэгч нь “оролцогч” этгээдэд хамаарахаар байна.
Өөрөөр хэлбэл Тендерийн үнэлгээний хороо нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр сонгон гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан бусад оролцогч этгээдээс гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яам уг гомдлын дагуу нэхэмжлэгчийн тендерийн баталгаа шаардлагад нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэхдээ тендер ирүүлсэн этгээдийг анхнаас нь “оролцогч биш” гэж үзсэн нь буруу байх тул хариуцагчийн “тендерийн баталгаа шаардлага хангаагүй тул оролцогч биш” гэх тайлбар үндэслэлгүй.
3.5. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Тендерийн баталгаа”, 14.2-т “Захиалагч тендерийн баталгааг төсөвт өртгийн 0.5 хувиар тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн түншлэлээс тендерийн баталгааг ирүүлэх үед тендерийн баримт бичигт тусгагдсан тухайн үеийн төсөвт өртгийн 0,5 хувьд нийцүүлэн баталгаа ирүүлсэн бөгөөд захиалагчийн шийдвэрээр баримт бичигт оруулсан өөрчлөлтийн улмаас бий болсон 785 төгрөгийн зөрүүг үндэслэн тендерийн баталгаа “шаардлага хангаагүй” гэж бүхэлд нь дүгнэхэд хангалттай үндэслэл болохгүй буюу тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлөхүйц санхүүгийн чадваргүй гэж үзэх, захиалагчийн санхүүгийн ашиг сонирхлыг хохироосон нөхцөл байдал бий болгох хэмжээний үнийн зөрүү гэж шууд үзэхэд учир дутагдалтай байна.
3.6. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д “Захиалагч тендер нээхээс ажлын таван өдрийн дотор тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим системд нийтэлсэн бол тендер хүлээн авах эцсийн хугацааг .... шаардлагатай хугацаагаар сунгана” гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... бид Солонгос, Хятад, Монгол гэсэн 3 улс хооронд дамнасан үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд цаг хугацаа шаардагддаг ... тендерийн баталгаагаа шинэчлэн байршуулахын тулд бид хүсэлтээ явуулна. Тэнгэр даатгал Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа шийдүүлнэ, эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ, ингээд Тэнгэр даатгалын эрх бүхий этгээд шийдвэр гаргаад манай компани дээр 2 төрлийн гэрээ байгуулна гэж хэлсний нэг нь тендерийн баталгаа гаргах тухай байдаг ...Тендерийн баталгааг өөрчлөн хүргүүлэх хугацаа, боломж хангалттай байгаагүй” гэх тайлбараас үзэхэд тендерийн төсөвт өртөг болон тендерийн баталгааг өөрчлөн дахин ирүүлэх хугацаа боломжийг Төрийн худалдан авах ажиллагааны газар болон захиалагчаас холбогдох хуульд нийцүүлэн хангаж ажиллаагүй байна.
3.7. Гэвч, Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлээд, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай албан бичигт үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор “Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлт болон 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааны үр дүнд гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцож, тухайн шатны төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг холбогдох төсвийн захирагч нарт даалгаж” шийдвэрлэсэн байна.
3.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан, хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор зохицуулсан.
3.9. Сангийн яамны 2026 оны 1/6411 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосны дараа дээрх Засгийн газрын тогтоолоор мөн худалдан авах ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл арга хэмжээний тухай” А-1/**** дугаар мэдэгдлээр тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон зэрэг нөхцөл байдал үүссэн нь маргаан бүхий захиргааны актыг бусад байдлаар хэрэгжсэн гэж үзэхээр байна.
3.10. Энэ тохиолдолд маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгосноор тендер шалгаруулалтыг сэргээж, гэрээ байгуулах эрх олгосон өмнөх шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй болсон хэдий ч дээрх байдлаар Сангийн яамны 2026 оны 1/6411 дүгээр албан бичиг нь хууль бус байсан болох нь тогтоогдож байх төдийгүй нэхэмжлэгч хуулийн этгээд нь цаашид энэ төрлийн тендерт оролцох эрхтэй учир дараагийн тендер шалгаруулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа зөв хэрэгжих, тендерт оролцогч нарт тэгш боломжийг бүрдүүлэх үр дагаврыг үүсгэхээр байх бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3.11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад маргаан бүхий Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/6411 дүгээр албан бичгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл арга хэмжээний тухай” А-1/**** дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлагын тухайд:
4.1. Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “Засгийн газрын бүрэн эрх” гээд 10.1.7-д “төсвийн хэрэгжилтэд хяналт тавих”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 45 дугаар зүйлийн 45.2.2-т “төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, эсхүл тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл” гэж,
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална”, 13.1.1-д “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах”, 13.1.2-т “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох”, 13.1.3-д “хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлтийг зарцуулахгүй байх” гэж,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцохоор заажээ.
4.3. Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор Байгалийн түүхийн музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмж /У, Х*** дүүрэг/ УТ****** төсөл арга хэмжээний санхүүжилтийн төсвийг буцаан татах шийдвэрийг гаргаснаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл арга хэмжээний тухай” А-1/**** дугаартай мэдэгдлээр тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч компанийн түншлэлээс Засгийн газрын дээрх тогтоолтой холбогдуулан аливаа байдлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
4.4. Нэгэнт дээр дурдсан үндэслэлээр тухайн тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул “Ш” ХХК болон “Ж Ж Ж Ё” ХХК-иудын түншлэлтэй гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл арга хэмжээний тухай” А-1/**** дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
5. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан. Энэ тохиолдолд “С к” ХХК нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар оролцох хүсэлтийг шүүхэд гаргаагүй, маргаан бүхий захиргааны актуудтай шүүхийн маргаан үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул уг актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзэхээргүй байна.
6. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсанаар шийдвэрийг хүчингүй болгож, Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 750 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 30 дугаар зүйлийн 30.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасныг тус тус баримтлан “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-иудын түншлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/**** дугаартай “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон” шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх хэсэг болох “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл арга хэмжээний тухай” А-1/**** дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын олгосон “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Ш” ХХК, “Ж Ж Ж Ё” ХХК-тай гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА