Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 01567

 

       З.Ц-ын нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00985 дугаар шийдвэртэй, З.Ц-ын нэхэмжлэлтэй, У ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч З.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Ц 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн У ХК-д хөрөнгө оруулалтын шинжээчээр туршилтын хугацаанд ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа тус компанийн бизнес төлөвлөгөө, төсөл хөтөлбөр, танилцуулга зэрэг ажлуудыг богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн учир 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс төслийн судалгаа, төлөвлөлтийн газрын захирлаар ажиллах болсон. Тус корпораци нийт 12-16 ажилтантай бөгөөд үүнээс үндсэн бизнесийг гардаж хэрэгжүүлдэг 5-8 ажилтан байдаг. Тухайн ажлын хэсэг нь Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий чиг хандлагад туссан 90 хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөр, тухайн оны үндсэн чиглэлд туссан 6 ажлыг хэрэгжүүлдэг бөгөөд мөн энэ талаар хөрөнгө оруулагч нарт танилцуулах зэрэг ачаалалтай ажилладаг. Миний зүгээс тус байгууллагад Эмээлтийн ХҮҮТП, органик үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүн, Улаанбаатар аялал жуулчлалын тусгай бүс байгуулах, Улаанбаатар хотын хөгжлийн сан, Улаанбаатар хотын нэгдсэн терминал байгуулах гэх мэт ажлуудыг гардан хариуцаж, нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байсан болно.

Гэтэл гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тушаалаар намайг ажлаас халсан. Уг тушаалд У ХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2, 9.2.5-д заасныг баримтлан удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлын байрыг орхин явдаг зэрэг зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь бодит байдалтай нийцэхгүй. Миний бие удирдлагаас даалгасан бүхий л ажлыг цаг тухайд нь гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргүүдийг дагаж мөрдөж байсан ба сахилгын зөрчлийг давтан гаргаж байгаагүй. Харин даалгасан төсөл хөтөлбөрүүдийг үнэлэх, эрэмбэлэх зэрэгт өөрийн байр суурьтай байж мэргэжлийн байх шаардлагыг тавьж ажилласан нь дээд удирдлагын ашиг сонирхолд нийцээгүй зэрэг тодорхой бус шалтгаанаар намайг ажлаас халсан гэж үзэж байна. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүйд тооцож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын хөгжлийн корпораци Нийслэлийн хөрөнгө оруулалттай хувьцаат компанийн Төслийн судалгаа, төлөвлөлтийн газрын захирал З.Ц нь өмнө сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлэлгүй ажлын төлөвлөгөө, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний үнэлгээгээр муу үнэлгээ авч, ажлын цаг ашиглалтыг удаа дараа мөрдөж ажиллахгүй, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж гардаг зөрчил дутагдал гаргасан нь үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө, З.Ц-ын ажлын тайлан, цаг бүртгэлийн систем, цаг ашиглалтын бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогдож байх тул дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл авч З.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар З.Ц-ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч З.Ц нь "У" ХК-тай 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Төслийн судалгаа төлөвлөлтийн газрын захирлын албан тушаалд ажиллах болсон. "У" ХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б\01 “Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т заасныг үндэслэн гарсан байдаг. Гэтэл өмнө ногдуулсан гэх 2017 оны 08 сарын 31-ний өдөр болон 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тушаалд нэг зөрчлөө дахин давтсан утгыг илэрхийлэхгүй. Ажил олгогчоос сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бол энэ тухай зөрчил гаргагчид мэдэгдэх, танилцуулах ажиллагаа хийгдэх ёстой байсан.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дүгээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болон тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх баримт материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагчийн төлөөлөгчөөс тийм баримт байхгүй талаар мэдэгдсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/. Тэгэхлээр хариуцагч сануулах сахилгын зөрчил гаргасан талаарх тушаалыг нөхөж гаргасан байх боломжтой.

Ажил олгогчийн ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагатай бөгөөд ажлаас халах болсон үндэслэл болон ажилтны гаргасан зөрчлүүд баримтаар нотлогдсон байх шаардлагатай. Учир нь: нэхэмжлэгчээс удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хангалттай сайн биелүүлж байгууллагын эрхэм зорилго, дүрэм болон дотоод журамд заагдсаны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөж ажилласан корпорацийн 2017 онд хийхээр төлөвлөсөн 13 ажлын 10-т биечлэн оролцсон, бодит үр дүн гаргасан нь жилийн эцсийн тайлангаас харагдана. Эдгээр ажлыг удирдлага нь дүгнэхдээ 3-аас дээш оноогоор дүгнэсэн.  Нэхэмжлэгч сахилгын зөрчил давтан гаргаж байгаагүй 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 дүгээр тушаал гарсныг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, сануулах сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй, уг тушаалыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснөөр мэдсэн. Гүйцэтгэх захирлын тушаалгүйгээр чөлөө авах журмыг зөрчсөн бол /ажлын 3-аас дээш хоног ХДЖ-ын 14.3.3/ тухайн сарын цалингаас хасагдах ёстой байтал 2017 оны 08 сарын цалин бүрэн бодогдож олгогдсон нь нийгмийн даатгалын дэвтрээс харагдана.

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/01 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлын байраа орхидог, гадуур гарах, ажиллахдаа бүртгэлийн дэвтэрт бүртгүүлж удирдлагаас чөлөө авдаггүй зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас цаг бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй тийм дэвтэр байхгүй. Нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэлийг гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ гарын үсэг зурсан боловч хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Э.Тэмүүлэн, гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгчээр С.Сод-Эрдэнэ гэж бичигдсэн байна. Хариуцагч байгууллагын дүрэм болон дотоод журамд гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчийн эрх хэмжээ тусгагдаагүй, нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ гэж гарын үсэг зурсан нь эрхзүйн хувьд ойлгомжгүй байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл С.Сод-Эрдэнэд гүйцэтгэх захирлын эрх хэмжээ олгогдоогүй байхад гүйцэтгэх захирлын өмнөөс ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хариуцагч байгууллагын ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаалд заагдсан үндэслэлүүдийг үгүйсгэх нотлох баримтууд болох цаг бүртгэлийн дэвтэр, сануулах сахилгьн шийтгэл ногдуулах тушаалыг зөрчил гаргагчид мэдэгдсэн талаарх баримт, зөрчлийг шалгасан баримт, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэргийг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч байгууллагын төлөөлөгчид шүүх хуралдаан дээр дээрх баримтууд байхгүй гэж мэдэгдсэн, мөн тухайн саруудад нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт цалин хөлс хассан талаарх бичилт хийгдээгүй цалингаа бүрэн авч байсан нь нотлогддог, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд удаа дараа ажил тасалсан, ажлаас хоцорсон зөрчлүүдэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй байхад шүүх дээрх үндэслэлээр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай юм.

Хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 07-ны байдлаарх Гүйцэтгэлийн үнэлгээний маягтын 2-т "Азийн хөгжлийн банкны төслийн бэлэн байдлын үнэлгээ хийх аргачлалд суурилан Корпорацийн аргачлалыг боловсруулж бүх ажилчдын дунд 1 удаа, удирдлагуудын дунд 1 удаа хэлэлцүүлэг зохион тодорхой төслүүд дээр туршиж шалгасан ажлаа танилцуулсан боловч Удирдлагын зүгээс хэлэлцэж батлаагүй хүлээгдэж байгаа" тухай дурдсан байх бөгөөд удирдлагын зүгээс энэхүү ажлыг 3 буюу хүлээлтэд бүрэн нийцсэн гэж үнэлснээс харагдана. "У" ХК-ийн гүйцэтгэлийн үнэлгээний маягтаар нэхэмжлэгч З.Ц нь Зорилгын биелэлтийн үнэлгээ нь хүлээлтэд бүрэн хүрсэн, Ерөнхий ур чадварын үнэлгээ нь ихэнхидээ ажиглагддаг гэж үнэлэгдэж, 70 хувь буюу дунд үнэлгээтэй ажилласан талаар мэдэгдсэн. Гэтэл шүүх 10 cap ажилласан 59 хувь гэсэн бичилтын дагуу нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд боловсруулаагүй, батлуулаагүй гэж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчээс 59 хувийн үнэлгээтэй ажиллаагүй, удирдлагаас нэхэмжлэгчийн хийсэн ажлуудад 3-4 хүртэлх үнэлгээнүүдийг өгч байхад 59 хувь гэсэн үнэлгээ ямар аргачлалаар бодогдсон нь тодорхойгүй, хариуцагчаас шүүхэд нотлох баримт өгөхдөө 59 хувь гэж нэмж бичсэн байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч З.Ц хариуцагч У ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь У ХК-д Төслийн судалгаа, төлөвлөлтийн газрын захирлаар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/01 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын цагаар зөвшөөрөлгүй ажлын байраа орхидог, бүртгэлийн дэвтэрт бүртгүүлж, удирдлагаас чөлөө авдаггүй зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хөдөлмөрийн гэрээ, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-5, 6-8/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан.

Хариуцагч талаас нэхэмжлэгч урьд нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сахилгын арга хэмжээ авагдаж байсан гэж тайлбарлажээ. Хэргийн 75 дахь талд У ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/84 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал авагдсан байх боловч уг тушаалыг З.Ц-т гардуулаагүй, хэргийн 74 дэх талд уг тушаал төсөл хэлбэрээр байх бөгөөд тушаалын эх ноорогт нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулсныг уг тушаалыг гардуулсан  гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Нөгөө талаар ажилтан 2017 оны 09 дүгээр сараас 2018  оны 01 дүгээр сарыг дуустал тухайн сар бүрд нь ажил тасалсан эдгээр зөрчлүүдийг гаргасан талаархи цагийн бүртгэлүүд хэрэгт авагдсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын цагийн бүртгэлээс ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Уг зөрчлүүдийг тушаал гаргахаас өмнө хэлэлцсэн, ажилтанд өөрт нь мэдэгдэж, танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн  0121893 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хх-92/ 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын цалинг ажилтанд бүтэн олгосон байгаагаас үзэхэд “нэхэмжлэгч энэ зөрчлүүдийг баримтаар няцаагаагүй” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно.

Хариуцагч У ХК нь нэхэмжлэгчийг ажлын гүйцэтгэлийн 59 хувийн үнэлгээтэй ажилласан тул өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд энэ үнэлгээг хэрхэн яаж тооцох талаар зохицуулсан журам хэрэгт авагдаагүй тул уг үнэлгээг бодитоор болсон гэж үзэхгүйгээс гадна энэхүү үзүүлэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй зохицуулалтад хамаарахаар байна. Иймд дээрх үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

Ийм учраас анхан шатны шүүх ажилтан хөдөлмөрийн гэрээнд зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу ажил тасалсан зөрчлийг давтан гаргасан гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар З.Ц-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 598 977 төгрөгийг олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалган, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:.

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00985 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч З.Ц-ыг У ХК-ийн Төслийн судалгаа, төлөвлөлтийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 598 977 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У ХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “дурдсугай” гэснийг ”дурдаж” хариуцагч “У” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 104 534 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                                      ШҮҮГЧИД                                             А.МӨНХЗУЛ

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА