Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01232

 

ТАПГын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2020/01248 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 223/МА2020/00023 дугаар магадлалтай,

ТАПГын нэхэмжлэлтэй

Ч.Бд холбогдох

7,848,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Ш.Одонсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ТАПГ нь Ч.Бд холбогдуулан 7,848,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2020/01248 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 510 дугаар 510.1, Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, Ойн тухай хуулийн 42 зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус зааснаар ТАПГын нэхэмжлэлтэй, Ч.Бд холбогдох, 7 848 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч ТАПГ нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 223/МА2020/00023 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 151/ШШ2020/01248 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч Ч.Бэс 2 616 300 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 232 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 56 810 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч ТАПГ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг: Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад 2020.10.21-ний өдөр хариу тайлбар гарган давж заалдах шатны шүүхэд өөрийн биеэр өгсөн. Гэвч давж заалдах шатны шүүх нь энэ хариу тайлбарыг магадлалдаа огт тусгаагүй, миний хариу тайлбарын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, үгүйсгээгүй атлаа уг тайлбараар гаргасан үндэслэлийн эсрэгээр шийдвэрлэсэн байна. Би уг тайлбартаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-д зааснаар гарал үүслийн гэрчилгээ аваагүй, мөн журмын 6.6-д “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй. дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ” гэсэн учраас Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохиролд хамаарна гэжээ. Үүний дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013.05.15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ыг үзэхэд уг журмын 2-р зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.2-д “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” хэлнэ гэжээ. Үүнээс үзэхэд “...мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад...” гарал үүслийн гэрчилгээ авахаар журамласан болох нь харагдаж байна. Гэтэл Ч.Бий хувьд Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гараагүй, өөр аймаг, өөр сум руу тээвэрлээгүй учраас “гарал үүслийн гэрчилгээ” авах шаардлагагүй байна. Хоёр: Ойн тухай хуулийн 34-р зүйлийн 34.4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг оор аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1 -д заасны дагуу олгоно” гэж хуульчилсан байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013.05.15-ны өдрийн А-153 тоот тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас харахад мөн л өөр аймаг, сумын хооронд тээвэрлэх, худалдахад гарал үүслийн гэрчилгээ авахаар зохицуулсан байна. Гурав: Түүнчлэн гомдолдоо шүүх хуралдааны явцад Ч.Б нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг өөр газарт гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байдаг гэсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын энэ хэсгээс харахад Ч.Бийг “зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг тээвэрлэсэн” гэж үзээд байгаа, болохоос “зөвшөөрөлгүй бэлтгэсэн” гэж үзээгүй болох нь харагдаж байна. Мөн “өөр газарт гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн” гэсэн нь өөр сум руу эсхүл өөр аймаг руу тээвэрлэсэн гэж үзээгүй байна. Гарал үүслийн гэрчилгээний хувьд заавал авах шаардлагагүй байхад аваагүй гэж буруутгаж байгаа нь өөрийн баримтлаад байгаа журмаа зөрчсөн шаардлага гаргаж байгааг харуулж байна. Дөрөв: Магадлалын “хянавал” хэсэгт “...Тиймээс хариуцагч Ч.Б хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан байх ба хууль бусаар бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл, эс үйлдэхүйдээ байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирлыг хариуцах үндэслэлтэй байна” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь дээр дурдсаны дагуу гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагагүй байхад гарал үүслийн гэрчилгээ аваагүй гэж буруутгах нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Ч.Бий тээвэрлэсэн гэх модыг Жаргалант сумын төв рүү орж ирэх үед нь Цагдаагийн байгууллага хураан авсан байдаг. Прокурор эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ уг хураагдсан модны битүүмжлэлийг хэвээр үлдээсэн учраас уг мод нь Жаргалант сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн хэвээр байгаа. Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас уг мод нь тоо ёсоороо Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа талаар тодорхойлолт болон фото зургийг нь гаргаж өгснийг миний бие анхан шатны шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хэргийн материалд байгаа болно. Үүнээс үзэхэд Ч.Б нь уг модыг аваагүй, уг мод нь Жаргалант сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн хэвээр байгаа нь тогтоогдсон байх тул Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас уг битүүмжлэгдсэн модыг хэрхэх тухай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг Прокурорын байгууллагад гаргах, прокурор уг модны битүүмжлэлийн асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлснээр уг хохирлын асуудал шийдвэрлэгдэх боломжтой байсан. Гэтэл Прокурор нь экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөрийг шүүхээр нэхэмжилсэн, шүүх байгаль орчинд учруулсан шууд хохирол гэж уг модны үнэлгээг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Тав: Ч.Бийг “тээвэрлэсэн” гэх үйлдэлд холбогдуулан шалгаж байгаад Прокуророос хэрэгсэхгүй болгосон байгаа. Өмнө нь хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх үед нь энэхүү хохирлын асуудлаар миний бие маргаж байсан бөгөөд одоо ч энэхүү байр суурин дээрээ байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь уг модыг Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р багийн нутаг “Их морин хөтөл” гэх газраас ачаад Сумын төв рүү орж ирэх үедээ цагдаад саатуулагдан модоо хураалгаж битүүмжлүүлсэн талаар хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын 20019.12.11-ний өдрийн 16 дугаар тогтоолд тодорхой дурдсан байгаа. Энэ нь уг модыг Жаргалант сумын нутаг дэвсгэр дотор ачиж явсан болохыг харуулж байна. Гэтэл мод, модон материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх үед олгодог Гарал үүслийн гэрчилгээ аваагүй гэж буруутгах нь үндэслэлгүй. Хэрэв Ч.Б Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гараад өөр сум, аймаг, хот руу тээвэрлэж явсан бол дээрх Гарал үүслийн гэрчилгээг түүнээс шаардах эрх нь зохих байгууллагуудад үүсэх боломжтой. Гэтэл түүнийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн учраас бэлтгэсэнтэй адилтгаж үзнэ гээд модны хохирлыг гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв цагдаагийн байгууллага модыг бэлтгэсэн этгээдийг олж тогтоож чадсан бол эсхүл нөхөн илрүүлсэн тохиолдолд бүхий л хохирлыг тухайн этгээд хариуцах ёстой. Тэр тохиолдолд Ч.Бэр төлүүлсэн хохирлыг буцааж олгох уу, эсхүл давхардуулан төлүүлэх үү гэдэг асуудал гарна. Мөн одоо хураагдсан байгаа модыг Ч.Бд хүлээлгэж өгөх үү, эсхүл бэлтгэсэн хүнээр төлүүлнэ, Ч.Бэр бас төлүүлнэ, тэгээд хураагдсан модыг орон нутгийн өмчид авиа гээд 3 удаа хохирол төлүүлэх үү гэдэг асуудал үүснэ. Прокурор анхан шатны шүүх хурал дээр шүүгчийн асуултад хариулахдаа “бэлтгэсэн, тээвэрлэсэн хоёр хоёулаа шүүх дээр ирвэл шүүх бэлтгэсэн хүнээр төлүүлэх ёстой" гэж хариулсан болох нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн уг модыг Ч.Б “бэлтгэсэн” болох нь тогтоогдоогүй, зөвхөн “тээвэрлэсэн” тохиолдолд байгаль орчинд хохирол учрах боломжгүй, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагагүй байхад аваагүй нь түүнийг бэлтгэсэнтэй адилтгаж үзэх боломжгүй, тэгээд ч уг моднууд нь бүрэн бүтнээрээ Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд буюу Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжилсэн хэвээр байсаар байтал уг модны битүүмжлэлийг шийдвэрлэхийн оронд үнийг нь Ч.Бэр төлүүлэх нь буруу байна. Иймд Прокурорын нэхэмжлэл болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь тус тус үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

6. ТАПГ, хариуцагч Ч.Бд холбогдуулан гэм хорын хохирол 7,848,900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2020.02.28-ны өдрийн албан бичгээр хохирлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг Прокурорт гаргасан, прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 -д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, байгаль орчинд учруулсан хохирол нь байгаль орчныг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон үйлдэл, эс үйлдэхүйгээс учирдаг, энэ хэрэгт мод бэлтгэсэн этгээд нь тогтоогоогүй, иймд тээвэрлэсэн этгээдийн хувьд хохирлыг хариуцахгүй.., Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахдаа тээвэрлэсэн үйлдэлд л шалгасан учир нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх “...Ойн тухай хуулийн 3.1.1, 42.1-д зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд хохирлыг нөхөн төлөх болохоос “тээвэрлэсэн” үйлдэлд хохирол төлөх эрх зүйн зохицуулалтгүй байна, ...Ч.Б нь тухайн модыг бусдад зарсан, худалдсан, түүнээс ашиг олсон үйл баримт тогтоогдоогүй...” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2,616,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, харин хяналтын шатны шүүхээс дараах эрх зүйн дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

8. ТАПГаас Ч.Бийг Төв аймгийн Жаргалант сумын нутагт 2018.08.09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2 мм урттай, 44 ширхэг нойтон нарс модыг, “гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа буюу “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр 2019.12.11-ний өдрийн Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

9. Давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгож, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

9.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд Ч.Бийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэж заасан нь Ч.Бийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд Үндсэн хуулийн зарчмын дагуу Прокурорын тогтоолыг гэм хорыг хариуцах эрх зүйн үндэслэл болгох учиргүй бөгөөд хариуцагчийн гэм бурууг тогтоосон өөр баримт хэрэгт байхгүй, хариуцагч гэм буруутай нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

9.2. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020.01.29-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ “...зохих зөвшөөрлийн дагуу ойд бэлтгэгдсэн, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ой мод бэлтгэсэн үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдвол тухайн мод, модон материал тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ” гэж эрүүгийн хуулийг тайлбарласан, өөрөөр хэлбэл тээвэрлэсэн үйлдэл нь дангаараа гэмт хэрэг болохгүй гэж үзжээ.

Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа хэдий ч түүний холбогдсон “мод, модон материал  тээвэрлэсэн” үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй тул Прокурорын тогтоол нь гэм бурууг нотлохгүй.

9.3. Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн мод бэлтгэх гэрээ байгуулах, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүсэлд иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана.” гэсэн бөгөөд хариуцагч нь мод бэлтгээгүй, харин тээвэрлэсэн тул хуулийн уг зохицуулалт хамаарахгүй. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаар тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 6.6-д “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэргээр мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэх, тээвэрлэхийг хориглосон ба хариуцагч Ч.Б гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн нь зөрчил байж болох боловч уг зөрчлийн улмаас хохирол учраагүй, тээвэрлэж явсан мод хураагдсан байгаа үйл баримтаас үзэхэд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байв.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 223/МА2020/00023 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2020/01248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.02-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 56,811 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Д.ЦОЛМОН