Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/00040

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б,

Хариуцагч: А.Б нарт холбогдох,

Эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан хохиролд Э.Б-аас 7,718,944 төгрөг, хөдөлмөрлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд А.Бас 332,000 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Дутуу олгосон цалин 1,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.Б*******гын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Г, хариуцагч нарын өмгөөлөгч О.Г, гэрч Ч.Д, Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Л нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани гүний худгийн өрөмдлөг, худгийн засвар техник үйлчилгээ эрхлэн явуулдаг юм. 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Э.Б гэгч нь Төв аймгийн Заамар суманд байх алтны уурхайд худгийн өрөмдлөгийн ажил хийхээр манай компанийн 3.-7. ******* улсын дугаартай автомашиныг хийн компрессорын хамт түрээслэн авч явж өөрийн ажилдаа хэрэглэсэн юм. Тухайн автомашиныг манай компанийн ажилтан А.Б жолоодож түрээслэгч Э.Б зам заасны дагуу өрөмдлөг хийх газарт нь хүргэж өгсөн ба оператор Ч.Д хийн компресорыг ажиллуулахаар Заамар суманд хүрэлцэн очсон байдаг. Заасан газарт нь хүргэж өгөөд жолооч Б УБ хот руу буцаж 2019 оны 7-р сарын 17-ны өдөр уг ажил дуусаж дахин ажил хийхээр өөр газар руу явахаар болсон. Тэгэхдээ манай компанийн жолооч очоогүй байхад дур мэдэн манай автомашиныг жолоодож хөргөлтийн шингэнгүйгээр явж машины моторыг маань усгүй хуурай ажиллуулж хэт халаасан байсан. Улмаар хэт халсан моторт хүйтэн ус нэмж хийгээд явсаар очих газартаа очсон гэх ба ажлаа хийж дуусгаад Заамар сумын төвд манай машиныг орхиод явсан байсан. Манай жолооч А.Б очиж автомашиныг жолоодон 5 км газар явтал мотор нь халаад ус нэмж хийсээр явж байгаад хөдөлгүүр нь зуурч хөргөлтийн шингэн буюу ус моторын масло нь холилдож мотор бүрэн эвдэрсэн. Уг автомашиныг Заамар сумаас УБ хот руу өөр автомашинаар чирж тээвэрлэн авчраад моторыг задлан үзэхэд ус масло холилдож 28 литр масло тос байх ёстой моторт 80 гаруй литр ус орж дахин ашиглах ямарч боломжгүй болж эвдэрсэн байсан болно. Энэ тухай Э.Бт хэлж учруулсан хохирлыг барагдуулж өгөхийг шаардсан боловч ‘'Би эвдээгүй, танай жолооч эвдсэн би хүлээлгэн өгсөн хариуцахгүй” гэх ба тэр хугацаанаас хойш утсаа авахгүй сураггүй байгаа болно. Жолооч А.Б нь өөрийн хариуцлагагүй байдлаас болж эвдэрсэн машины моторт ус нэмж хийж явсаар бүрмөсөн эвдэж, засварлах боломжгүй болтол нь буюу улайстал нь явсаар эд ангийг нь зууруулж бүрмөсөн эвдсэн болно. Манай компанид учруулсан хохирлын асуудлыг шийдвэрлүүлэхээр шаардлага тавихад “ Би буруугүй, өмнө нь Э.Б эвдэлсэн байсан” гэж тайлбарлан ажилдаа ирэхгүй утсаа салгаж зугтааж байгаа болно. Бид эвдэрсэн автомашиндаа үнэлгээ хийлгэхэд моторын үнийг 9,000,000 төгрөгөөр, эд анги солих ажлын хөлсийг 500,000 төгрөг, тос тослох материалын үнэ 346,000 төгрөг гарсан.  Төв аймгийн Заамар сумаас ачааны машиныг тээвэрлэхэд гарсан шатахууны зардал 560,944 төгрөг, тээвэрлэхэд оролцсон ажилчдын хөлс 624,000 төгрөг, зам тээврийн дүрэм зөрчиж торгуулсан төлбөр болох 20,000 төгрөгийн хохирол тус тус гарсан.

Иймд манай компанийн өмч 3.-7. ******* улсын дугаартай Асиа Кренто маркийн ачааны автомашины моторыг эвдэж шууд хохирол учруулсан дээрх этгээд болох Э.Баас 5.520.372 төгрөг, нэгэнт эвдэрсэн автомашиныг хүчээр бүрмөсөн эвдэж хохироосон А.Бас 5 540.372 төгрөгийн учруулсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээс моторын үнийг 6,000,000 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Моторыг эвдэлсэн гол хүн нь Э.Б учраас тэр хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна.  Ачааны машиныг Төв аймгаас тээвэрлэхэд оролцсон ажилчдын хөлс 624,000 төгрөгийг хариуцагч нар хувааж төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд ажилтан А.Бас 624,000 төгрөгийн тал хувь болох 312,000 төгрөг, зам тээврийн дүрэм зөрчиж торгуулсан төлбөр болох 20,000 төгрөг, нийт 332,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Э.Баас 624,000 төгрөгийн тал хувь болох 312,000 төгрөг, моторын үнэ 6,000,000 төгрөг, эд анги солих ажлын хөлсийг 500,000 төгрөг, тос тослох материалын үнэ 346,000 төгрөг, ачааны машиныг тээвэрлэхэд гарсан шатахууны зардал 560,944 төгрөг, нийт 7,718,944 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч шүүхэд хэргийн талаар дараах үнэн зөв тайлбарыг гаргаж байна. Миний бие  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах газарт гүний худгийн ажил хийхээр болж гүний худаг гаргахад хэрэглэгдэх компресс хэрэг болсон тул 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ““Э” ХХК” ХХК-ийн захирал Ш.Гтай утсаар холбогдож түүнээс компресс түрээслэх үү гэж асуусан. Тэрээр болно миний компресс Төв аймгийн Эрдэнэсант суманд байгаа гэсэн. Ингээд бид амаар тохиролцож компрессийг 2019.07.24-2019.07.30-ны өдрийг хүртэл нийт 7 хоногийн хугацаатай дараах байдлаар түрээслэхээр тохиролцсон. Үүнд: түрээсийн хугацаанд компрессийг ““Э” ХХК” ХХК-ийн ажилтан оператор гэх Ч.Д ажиллуулах, компрессийг зөөвөрлөх 3.-7. ******* улсын дугаартай Киа кренто маркийн ачааны автомашиныг ““Э” ХХК” ХХК-ийн жолооч А.Б жолоодон явах хөлс бүгд ороод 1 өдрийн 800,000 төгрөгөөр тохиролцож, нийт 5,600,000 төгрөгийг Ш.Гын хэлсэн Хаан банкны 50........... дугаар дансанд шилжүүлсэн. Миний бие дээрх тохиролцооны дагуу Эрдэнэсант суманд очиж түүний жолооч А.Бар машиныг жолоодуулж явсаар 2019.07.23-ны шөнө Заамар суманд очиж худаг гаргах газарт тус машиныг компрессийн хамт байрлуулан хоносон. Заамар суманд худаг гаргах ажил 2019.07.24-ний өдөр эхэлсэн ба 2019.07.26-ны өдөр жолооч А.Б нь захирал Улаанбаатар хотод ажил гарсан ир гэж дуудсан гээд явсан. Харин тохирсон ёсоор компрессийг ажиллуулахаар оператор Ч.Д ирсэн. Улмаар Заамарт худаг гаргах ажил 2019...28-ны өдөр дууссан тул тэр дараагийн худаг гаргах газар луу явахаар болж миний бие Ш.Гын утас руу түүнтэй ярьж “бид дараагийн худаг гаргах газар луу явахаар боллоо жолооч явуулаарай” гэхэд Ш.Г нь “манай жолооч Хэнтий аймаг руу ажиллахаар яваад ирээгүй байна, миний дүү өөрөө машиныг жолоодоод дараагийн худаг гаргах газар явчих” гэсэн. Түүний хэлсний дагуу миний бие машиныг жолоодож 7 км явсан. Энэ үед машинд ямар нэгэн гэмтэл илэрсэн зүйл байхгүйгээр хүрэх газарт очиж худгийн ажлаа 2019.07.30-нд дууссан буюу бидний гэрээний харилцаа үүгээр дуусгавар болсон. Улмаар миний бие тус өдөр Ш.Г руу утсаар холбогдож жолооч явуулаарай гэж хэлсэн. Гэтэл Ш.Г нь “Э.Б миний дүү манай жолооч аймгаас ирж байгаа чи автомашиныг сумын төв оруулаад үлдээчихээрэй жолоочоо явуулаад сумын төвөөс авахуулчихъя” гэж гуйсан. Хэдийгээр миний бие машиныг түүний хэлсний дагуу Төв аймгийн Заамар суманд хүргэж орхих тохиролцоо гэрээгээр байхгүй ч гэсэн хүний эд хөрөнгийг эзгүй хээр орхиж болохгүй санагдаад Ш.Гын гуйлтыг зөвшөөрсөн. Тус газраас хөдлөхөөс өмнө миний бие автомашины масло, цахилгаан тог зэрэг анхан шатны үзлэгийг хийж, шалгаж үзсэн энэ үед ““Э” ХХК” ХХК-ийн ажилтан оператор гэх Ч.Д надтай хамт байсан. Бүх зүйл хэвийн байсан учраас миний бие автомашиныг жолоодож Төв аймгийн Заамар суманд автомашиныг үлдээсэн ба Ш.Гад утасдаж хэлсэн. Миний бие 3.-7. ******* улсын дугаартай Асиа Кренто маркийн ачааны автомашиныг Төв аймгийн Заамар суманд очиж орхих үед техник бүрэн бүтэн ямар нэгэн доголдолгүй байсан гэдгийг хэлмээр байна, үүнээс хойш болсон асуудлыг миний бие мэдэхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр бичсэн шиг түүнээс зөвшөөрөл авахгүйгээр өөрийн дураар, жолоочийг хүлээхгүйгээр автомашиныг жолоодож машинд гэмтэл учруулсан зүйл байхгүй болно. Харин ч Ш.Г нь гэрээгээр тохиролцсоноор жолоочоо явуулахгүй надад ажил удсан атлаа өнөөдөр надад холбогдуулан өөрийн автомашины эвдрэлийг надаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг үнэхээр их гайхаж байна. Миний хувьд 3.-7. ******* улсын дугаартай Асиа Кренто маркийн ачааны автомашиныг эвдэлсэн зүйл огтоосоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Б нэхэмжлэгч компанид 2019 оны 06 дугаар сарын 05- ны өдрөөс жолоочоор ажилд орсон. Намайг 3 сарын хугацаанд ажилдаа сайн гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн ажилтан болгоно гэсэн. Миний хувьд байнгын тогтвортой ажилд орж байна гэдэг итгэл үнэмшил бүрэн дүүрэн байсан учраас энэ компанид ажилласан. Учир нь миний бие тус компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавраар, ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, сарын 1,200,000 төгрөгийг цалин хөлсийг тогтмол хугацаанд буюу сард 2 удаа хувааж авч байсан болно. Миний бие 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж байхад захирал Ш.Г над руу залгаад “Э.Б гэдэг хүн манай компанийн комперссийг түрээслэхээр болсон чи 3.-7. ******* улсын дугаартай Асиа Кренто маркийн ачааны автомашиныг жолоодож түүнтэй хамт яваарай, эндээс оператор Ч.Д очиж компрессийг ажиллуулна, түрээсийн хугацаа дуусгаад Улаанбаатарт ир” гэж хэлсэн. Улмаар Э.Б нь 2019.07.23-ны өдөр над дээр ирсэн би түүнтэй хамт Төв аймгийн Заамар суманд худаг гаргах газар луу явсан ба бид тус газарт 2019.07.23-ны шөнө очиж худаг гаргах газарт тус машиныг компрессийн хамт байрлуулан зогсоож хоносон. Заамарын худгийн ажил 2017.07.24-ний өдөр эхэлсэн А.Б миний бие тус газарт 2 хоносон ба энэ хугацаанд машиныг огт хөдөлгөөгүй. 26-ны өдөр захирал Ш.Г над руу залгаад Улаанбаатар хотод ир гэж дуудсан, надтай зөрж хийн компрессийг ажиллуулахаар оператор Ч.Д ирсэн. Намайг Улаанбаатар хотод ирэхэд захирал Ш.Г Хэнтий аймаг руу 2 хоногийн хугацаатай ажлаар явуулсан бөгөөд миний бие Хэнтий аймаг дахь ажлаа дуусгаад Улаанбаатар хотод ирэхэд захирал Ш.Г нь над руу залгаад “Э.Бт түрээсэлсэн компрессийн ажил дууссан, би түүнийг гуйж байгаад Төв аймгийн Заамар суманд машин болон компрессийг хүргүүлчихсэн байгаа чи очиж машин болон компрессийг авч ир” гэсэн. Миний бие захирлын хэлсний дагуу замын унаанд сууж Заамар суманд 08 дугаар сарын 01-ний өдөр очсон. Тэр өдөртөө Улаанбаатар хот руу хөдөлсөн. Бид Заамар сумын төвөөс 20 км явахад автомашин халж эхэлсэн тэгэхээр нь бид зогсож зам дээр хээр хоносон. Өглөө болоод явах гэхэд мөн л халсан учир би сүлжээ ордог газар очиж захирал Ш.Гтай утсаар ярьж “машин 20 кл метр орчим газар яваад мотор халаад явахгүй байна бид 2 хээр хоносон одоо яах вэ гэж шалтгаан нөхцлөө хэлсэн. Захирал аргалаад ямар ч байсан хүрээд ир” гэсэн. Тэгэхээр би унтрааж, хөргөж явсаар худагтай газар ирсэн тэгээд маш сайн хөргөж байгаад ус нэмж хийгээд Төв зам руу орсон гэтэл мөн л халсан учир дахиад л унтрааж, хөргөж байгаад асаах гэтэл асахгүй байсан. Тэгэхээр мөн л захирал руу залгаж учир байдлыг хэлсэн захирал эндээс хүн явуулна, машиндаа байж бай гэсэн миний бие оройн 10:00 цаг хүртэл машиндаа хүн ирэхийг хүлээсэн, машин ирэхээр нь би хот руу ирсэн. Ч.Д үлдсэн. Үүнээс хойш миний бие тус компанид 2019.08.27-ны өдөр хүртэл ажлаа хийж гүйцэтгэж 2019.08.15 өдөр цалингийн урьдчилгаа 500,000 төгрөгийг авчихсан байсан, харин үлдэгдэл цалингаа авахаар захиралтай 2019.08.28-29 /он, cap, өдрийг сайн санахгүй байгаа болно/ хооронд уулзахад цалин хөлсийг өгөхгүй гэсэн учир үүнээс хойш би ажилдаа очоогүй болно. Нэхэмжлэгч компанийн 3.-7. ******* улсын дугаартай Асиа Кренто маркийн ачааны автомашиныг миний бие эвдээгүй болно. Миний бие 2019.07.23-ны өдөр тухайн автомашиныг жолоодож аваачиж үлдээхэд машин хэвийн ажиллаж байсан. Харин 2019.08.01-ний өдөр Заамар сумаас аваад Улаанбаатар хот руу явахад машинд доголдол гарсан тухайн цаг хугацаанд миний бие захиралтай утсаар холбогдож машины доголдлыг хэлсэн захирал өөрөө надад аргалаад яваад ир гэсэн зөвшөөрлийг өгсөн. Түүнчлэн миний бие ажилд орохдоо болон тус ажлын хийж гүйцэтгэх хугацаанд тухайн машинд эвдрэл учирсан тохиолдолд би хариуцах тохиролцоо огт байхгүй учир миний бие уг авто машинд учирсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгээр нэхэмжлэгч компани нь иргэн намайг ажиллуулагчийнхаа хувьд гүйцэтгэх ажлын онцлог шаардлагад нийцэхүйц бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй гэж ойлгож байгаа. Уг автомашины мотор гэмтсэн явдалд жолооч би буруугуй тул надад холбогдуулан автомашинд учруулсан хохирлын төлбөрийг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлээс замын торгуулийн 20,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие ““Э” ХХК” ХХК-нд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаанд ажилласан. ““Э” ХХК” ХХК нь 2019 оны 6, 7 дугаар сарын ажлын хөлсийг тохирсон цаг хугацаанд миний Хаан банкны дансанд хийсэн. Харин 2019 оны 08 дугаар сарын ажлын хөлс болох 1,200,000 төгрөгийг огт өгөөгүй. Иймд дутуу олгосон цалин 1,200,000 төгрөгийг ““Э” ХХК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр манай компанид жолоочоор ажиллахаар болж сарын 1,200,000 төгрөгийн цалинтай С ангилалын ачааны машины жолоочоор ажилд орсон юм. Хөдөлмөрийн гэрээг бэлтгэж хүний нөөцийн ажилтан маань А.Б*******гыг иргэний бичиг баримт, жолооны үнэмлэх, оршин суух газрын лавлагаа зэргээ авч ирэхийг удаа дараа шаардаж байсан боловч өгөлгүй байсаар алга болсон юм. Үүнээс өөрөөр ямар нэгэн хоорондын тохиролцоо байхгүй бөгөөд хууль журмын дагуу захирлын тушаал гарч түүнийг жолооч А.Бд танилцуулж 1 хувийг өгч байсан. А.Б нь 2019 оны 8-р сарын 3-нд манай компанийн өмч болох 3.-7. ******* улсын дугаартай автомашиныг эвдээд Заамар суманд хөдөө хээр орхиж, хамт явсан хүнээ уух ус, идэх хоолгүй үлдээж зугтаж явсан байсан. 8-р сарын 4-ний өдөр бид эвдэрсэн машинаа чирж авч ирэхээр болж жолооч А.Б руу удаа дараа маш олон удаа утас руу нь залгасан боловч утсаа салгаад алга болсон тул өөр жолоочийг А.Б*******гын хийх ажлыг нь гүйцэтгүүлэхээр томилж явуулсан. 2019 оны 6-р сарын 12-нд эхнэрийнхээ ******* тоот дансаар 150,000 төгрөгийг цалин гэж шилжүүлүүлэн авсан. Компаниас 2019 оны 7-р сарын 9-нд хонь авсан ба мөнгийг төлөлгүй зугтсан. А.Б нь 8 дугаар сард ажиллаагүй тул түүнд цалин олгох үндэслэлгүй. Иймд А.Б*******гын шүүхэд гаргасан ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

  Нэхэмжлэгч ““Э” ХХК” ХХК нь хариуцагч Э.Баас 5,520,372 төгрөг, хариуцагч А.Бас 5,540,372 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Э.Баас эд хөрөнгө хөлслөх гэрээнээс учирсан хохиролд авто машиныг тээвэрлэхэд оролцсон ажилчдыг хөлс 624,000 төгрөгийн тал хувь болох 312,000 төгрөг, моторын үнэ 6,000,000 төгрөг, эд анги солих ажлын хөлс 500,000 төгрөг, тос тослох материалын үнэ 346,000 төгрөг, ачааны машиныг тээвэрлэхэд гарсан шатахууны зардал 560,944 төгрөг, нийт 7,718,944 төгрөг,

  хариуцагч А.Бас хөдөлмөрлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд авто машиныг тээвэрлэхэд оролцсон ажилчдыг хөлс 624,000 төгрөгийн тал хувь болох 312,000 төгрөг, зам тээврийн дүрэм зөрчиж торгуулсан төлбөр болох 20,000 төгрөг, нийт 332,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч А.Б нь дутуу олгосон цалин 1,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Э.Б нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох ачааны машиныг түрээслэж байх үедээ дур мэдэн жолоодож, моторт ус хийж Заамар сумын нутагт орхиод явсан, хариуцагч А.Б нь манай компанийн жолооч ба тэрээр Заамар сумаас машиныг Улаанбаатар руу авчирахаар асааж явахдаа мөн мотор руу ус хийж тус тус эвдэлсэн” гэж,

           Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...Дур мэдэн түрээсийн зүйл болох ачааны машиныг би жолоодоогүй. Нэхэмжлэгч өөрөө жолоочоо өөр газар руу дуудаж явуулсан. Би аргагүй эрхэнд өөрөө жолоодож, нэхэмжлэгчийн аваачиж өг гэсэн газар болох Заамар суманд хүргэж өгсөн. Намайг Заамар суманд хүргэж өгөх үед машинд ямар нэгэн доголдол гараагүй, хэвийн ирсэн” гэж,

             Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...Заамар сумаас авто машиныг Улаанбаатар руу авчир гэж захирал хэлсэн. Захирлын хэлсэний дагуу машиныг асаагаад явах үед мотор нь халаад байсан. Энэ тухай захирал руу утасдаж хэлэхэд “яаж ийгээд ус хийгээд, аргалаад хүрээд ир” гэсэн. Ингээд халах бүрт нь унтрааж, хөргөөд ус хийгээд явж байтал машин эвдрээд асаагүй. Захирлын зааврын дагуу ажилласан тул миний буруу байхгүй” гэж тус тус мэтгэлцсэн.

   Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Үндсэн нэхэмжлэлийн талаар:

     Нэхэмжлэгч ““Э” ХХК” ХХК нь хариуцагч Э.Бтай 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр амаар түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ““Э” ХХК” ХХК нь 3.-7. ******* улсын дугаартай автомашиныг хийн компрессорын хамт 7 хоногийн хугацаатай түрээслүүлэх, Э.Б нь өдрийн 800,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.

   Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх  гэрээний харилцаа үүссэн байна.  Уг гэрээнд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул талууд дээрх гэрээг амаар байгуулах эрхтэй, тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр байна.

  Зохигчид эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ хэн аль нь биелүүлсэн үйл баримтад маргаагүй. Харин нэхэмжлэгч ““Э” ХХК” ХХК нь хариуцагч Э.Быг гэрээний зүйл болох автомашиныг ашиглаж байх үедээ автомашины эд анги буюу моторыг гэмтээсэн, уг гэмтлийг өөрийн хөрөнгөөр засан сайжруулсантай холбоотой гарсан зардал болох авто машиныг эвдэрсэн газраас Улаанбаатар руу тээвэрлэхэд оролцсон ажилчдын хөлс 624,000 төгрөгийн тал хувь болох 312,000 төгрөг, моторын үнэ 6,000,000 төгрөг, эд анги солих ажилчдын ажлын хөлс 500,000 төгрөг, тос тослох материалын үнэ 346,000 төгрөг, ачааны машиныг тээвэрлэхэд гарсан шатахууны зардал 560,944 төгрөг, нийт 7,718,944 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах” 288.2.3-т “Хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон” бол хөлслүүлэгч нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлэхийн тулд Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсноос хойш  болон гэрээний зүйлийг буцаан авсанаас хойш зургаан сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон буюу уг өдөр хөлслүүлэгч нь гэрээний зүйлийг буцаан авсан талаар зохигчдын хэн аль нь тайлбарласан. Иймд уг өдрөөс хойш хөлслүүлэгч ““Э” ХХК” ХХК нь хөлслүүлсэн эд хөрөнгөө муутгасантай холбоотой хохирол, зардлаа холбогдох этгээдүүдээр төлүүлэхээр шаардах хөөн хэлэлцэх хугацаа тоологдсон байна. Иймд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гомдлын шаардлага гаргах хугацаа тоолоход 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байна.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2020/05050 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт “Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан.

Уг хуулийн зохицуулалт нь талуудын хариу төлбөр бүхий үндсэн үүрэгт хэрэгжихгүй, эд хөрөнгө хөлслөх гэрээний дагалдах шаардлага буюу хөлслүүлэгч хохирлоо нөхөн төлүүлэх эрх, гаргасан зардлаа нөхөн төлүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 288.2.3 дахь заалтад заасан шаардлагад хамаардаг. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг  сэргээн тогтоох үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй.

Нөгөө талаар, зохигчид эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг /2018 он/ Техникийн хяналт, үзлэгт оруулаагүй байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тус тус тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь хожим талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсоны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий тээврийн хэрэгслийг Техникийн хяналт, үзлэгт оруулжээ. /хх-ийн 7 дугаар тал/

Иймд хөлслүүлэгчээс хөлслөгчид шилжүүлсэн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь чанарын шаардлага хангасан, уг тээврийн хэрэгслийн эд анги  болох мотор нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй байсан гэж үзэхэд учир дутагдалтай.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Дгаас “...жолооч А.Б бид хоёр Заамараас Улаанбаатар руу машиныг авчирахаар явах үед машин халаад байсан. Энэ тухай захирал Ш.Гад утсаар хэлэхэд тэрээр “Мотороо хөргөөд, аргалаад хот руу оруулаад ир  гэж хэлсэн” гэж мэдүүлсэн.

Дээрх гэрчийн мэдүүлгээс үзэхэд машинд доголдол илрэх үед нэхэмжлэгч ““Э” ХХК” ХХК-д хариуцагч буюу ажилтан А.Б нь мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчээс өгсөн зааврын дагуу мотор халах үед унтрааж, хөргөж явах үйлдлийг хийжээ. Иймд жолооч А.Б*******гын буруутай үйлдлээс улбаалан моторт эвдрэл гэмтэл учирсан гэж үзэхгүй.

Мөн хөлслөгч Э.Б нь гэрээний зүйлийг зориулалтын бусаар ашигласан, ажилтан буюу жолооч А.Б нь өөрийн дураар машины мотор халж байх үед нь асааж замын хөдөлгөөнд оролцсон талаархи үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч ““Э” ХХК” ХХК-ийн хариуцагч Э.Баас нийт 7,718,944 төгрөг, хариуцагч А.Бас 312,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Харин хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас зам тээврийн дүрэм зөрчиж торгуулсан төлбөр болох 20,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул үндсэн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч А.Б нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгч ““Э” ХХК” ХХК-д жолоочийн албан тушаалд хугацаагүй томилогдсон, сарын 1,200,000 төгрөгийн цалинтай болох нь түүнийг ажилд томилсон ““Э” ХХК” ХХК-ийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19/0620-Т тоот тушаалаар тогтоогдсон.

Талууд уг үйл баримтад маргаагүй, хэн аль нь тайлбарласан ба тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ.

Тэрээр ажиллах хугацаанд буюу 2019 оны 06, 07 дугаар сарын цалин хөлсийг бүрэн авсан талаар тайлбарлаж, 08 дугаар сарын цалин олгоогүй гэж дутуу олгосон цалин хөлс 1,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ажилтан А.Б нь 2019 оны 08 дугаар сарын цалин хөлсийг олгоогүй болохыг тухайн сардаа мэдсэн, эрх нь зөрчигдөж байгааг мэдэх боломжтой байсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

Хариуцагч нь цалин хөлс дутуу олгосонтой холбоотой гомдлоо буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан. Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж, гомдлоо гаргасан байх тул түүний дутуу олгосон цалин хөлс 1,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Бас 20,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““Э” ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх А.Бас 312,000 төгрөг, Э.Баас 7,718,944 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ““Э” ХХК” ХХК-иас дутуу олгосон цалин хөлс 1,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.Б*******гын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,922 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

                     2020          12            23

                                     101/ШШ2021/00035

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Ч.Ч-ын нэхэмжлэлтэй,     

 

Нас тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Л нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1949 оны .. сарын 15-нд Төв аймгийн Баян-Уул сумын нутаг Дөрөлж хэмээх газарт ард Ч-ийн охин Ц-ын ууган хүү болон төрсөн. Хожим нь Баян-Уул сум Төв аймгийн Эрдэнэ-Сант сум болж засаг захиргааны өөрчлөлт орсон. Би 1-10 нас хүртлэх балчир насаа өвөг эцэг Ч-ийн гэр бүлд өсөөд, 1959 онд Улаанбаатар хотод сургуульд орох үед 1948 оны 10-р сарын 25 гэж бичиг баримтанд буруу бичигдсэн байгаа юм. Миний ээж Ц агсан намайг 1949 оны өвөл ..-р сарын дундуур төрсөн гэж ярьсан. Мөн миний нагац ах Ё-ийн Д намайг төрүүлхээр ээж минь өвдөхөд сумын эмч Г гэдэг хүнийг дуудан ирүүлж төрүүлж байсан гэж ярьж гэрчилдэг юм. Мөн миний дүү нарын аав Ж 1952 онд миний ээжтэй гэр бүл болж амьдархад өөрийн дагавар хүүхэд Д, би ээжийгээ даган очиж хамтран амьдарсан гэж гэрчилдэг. Монгол улсын архивын 2018 оны 4-р сарын 23 ны 03/.... тоот лавлагаагаар бол 1955 онд явсан хүн амын тооллогын бүртгэлийн 307-р хуудсанд нь Ч.Ч 6 настай гэж бичигдсэн байгаа нь би 1949 оны 12 сарын 15 нд төрсөн болох нь батлагдаж байна. 1955 оны .. сард явагдсан хүн амын тооллогын материалыг нэгтгэх ажил 1956 оны 2 сард явагдсаныг архивын лавалгаанд тэмдэглэжээ. Монгол улс даяар 1950 оноос өмнө төрөгсөдөд төрсөний гэрчилгээ бичигддэггүй байсан учир төрсөн он, cap, өдөр, зөрүүтэй байх магадлалтай. Дорнын болон өрнийн зурхайгаар зуруулж тооцоход 1949 оны .. сарын 15 буюу өвлийн эхэн сарын шинийн 21-д баасан гарагт буюу цагаан луу өдөр хилэнцийн ордод төрсөн гэж баталж байгаа учраас би одоо .. сарын 15 гэж тогтоож 1948 оны 10 сарын 25 гэж буруу бичсэнийг залруулж 1949 оны 12-сарын 15 гэж зөвтгөж эрх зүйн үндэслэлтэй болгож байгаагийн учир агуулга нь түүхийн баримт бичгэнд миний төрсөн он, cap, өдөр зөв байх учиртай.

Би цус харваж, эмнэлэгт удаан хэвтсэн. Энэ хугацаанд би ухаангүй байсан тул манай хүүхдүүд, дүү нар миний иргэний үнэмлэх дээрх төрсөн он сараар ламд үзүүлж засал хийлгэсэн байгаа юм. Иргэний үнэмлэх дээрх төрсөн он сар буруу учир тухайн хийлгэсэн засал нь надад хүрч үйлчилгэхгүй. Ингээд би биеийн байдал дээрдсэний дараа хүн өөрийнхөө төрсөн он сар, өдрийг зайлшгүй зөвтгүүлэх шаардлагатай юм байна гэж ойлгосон. Хэдийгээр би одоо 73 нас хүрсэн, энэ хугацаанд бүх бичиг баримт 1948 оны .. сарын 25-ны өдрөөр явсан ч гэсэн цаашдаа төрсөн он сараа зөвтгүүлэх нь үр хүүхдүүдэд болон дүү нарт маань чухал байна. Иймд намайг 1949 оны .. сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ч.Ч нь 1949 оны .. сарын 15-ны өдөр төрсөн, одоо 71 настай болохыг  тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдввэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээдийн зүгээс шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.Ч нь Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүний гаргасан уг нэхэмжлэл мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын шүүхэд гаргана гэсэнтэй нийцэж байна.

 

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Үндэсний төв архивын  2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03... тоот лавлагаа, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-4/5... тоот лавлагаагаар “...Төв аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 307 дугаар хуудсанд Ч-ийн Д эрэгтэй 19 настай, дүү Ч-ийн Ч эрэгтэй 6 настай гэж бүртгэгдсэн байна. Жич тус тооллого 1955 оны 12 дугаар сард явагдаж, 1956 оны 02 дугаар сард нэгтгэгдсэн”  гэж тус тус бүртгэгджээ. /хх-ийн 4 дүгээр тал/

 Мөн гэрч Ё.Д-ээс “...Манай эгч Ч.Ц нь 1949 онд хүү Ч.Ч-ыг төрүүлсэн. 1949 онд эгч Ч.Ц төрөхөөр өвдөж, сумын эмч н.Г-ээр эх бариулсан. Ч.Ч нь 1949 оны ..дугаар сарын 15-ны өдрийн үүрээр мэндэлсэн. Тухайн үед би сумын эмчийг дуудах дуудлага өгч байсан тул сайн мэдэж байна” гэж,

Гэрч Ж.Д-аас “...Манай аав Жанцан нь Ч.Ц-тай 1952 онд гэр бүл болсон. Тухайн үед би аавыгаа дагаж, Ч.Ч нь ээж Ч.Ц-гаа дагаж ирж, хоёр талаасаа гэр бүл болсон юм. Тухайн үед би 11 настай, Ч.Ч нь 3 настай байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.  

Дээрх баримтуудаас үзвэл Ч.Ч нь 1955 оны тооллогоор 6 настай, байсан байх ба уг тооллогыг нэгтгэж 1956 онд бүртгэсэн байна. Мөн гэрч нарын мэдүүлгээр Ч.Ч-ыг 1949 оны .. дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. 

Иймд хүсэлт гаргагч Ч.Ч-ыг 1949 оны .. дугаар сарын 15-ны өдөр төрсөн, одоо, 71 настай болохыг тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгүүд, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Б овогт Ч-ийн Ч-ыг 1949 оны .. дугаар сарын 15-ны өдөр төрсөн, одоо, 71  настай болохыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

  

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Г.БЯМБАЖАРГАЛ