Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бн овогт ..Дд холбогдох эрүүгийн 2411 00000 0054 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Д Д /РД: /,

Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хувиараа хөдөлмөр эрхлэгч ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-399 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 00 цагийн үед ............... дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-399 тоотод эхнэр Ж.Цыг “аягатай цай шидлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Д нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-399 тоотод эхнэр Ж.Цыг “аягатай цай шидлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:           “ ... Би 2006 онд Д г төрүүлсэн ба одоо ам бүл гурав Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд өөрийн хашаа, өвлийн байшинд амьдарч байна. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би найзуудтайгаа уулзахаар гэрээсээ гараад хороолол ороод өөрийн найз нар болох Оюунцэцэг, Оюунболор хоёртой уулзаад бааранд орж 1 шил 0.75 литрийн “эдэн” нэртэй архи хувааж уугаад орой баарнаас гараад би гэр лүүгээ такси бариад ганцаараа харьсан. Гэрт ирэхэд нөхөр, охин хоёр байсан ба би шууд жижиг өрөөнд унтсан. Манай нөхөр надад цай хийж өгөхөөр нь уусан чинь аймар шорвог давстай цай байхаар нь аягатай цайгаа аваад шидчихсэн. Тэгсэн чинь манай нөхрийн ааш нь хөдлөөд цөс нь хөөрөөд уурлаж намайг янхан, гичий гэж элдвээр харааж зүхээд миний нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Үүний улмаас миний нүд хавдаад цус гараад байсан. Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй хоёр цагдаа манай гэрт ирээд юу болсныг тодруулаад нөхөр бид хоёрыг аваад явсан” гэх /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/,

Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-399 тоотод төрсөн дүү Дгийн хашаанд 3 хүүхдийнхээ хамт монгол гэрт 2019 оноос хойш амьдарч байна. 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед шиг санаж байна намайг орондоо ороод унтах гэж байтал манай дүү Дгийн охин Анужин манай гэрт уйлаад ороод ирэхээр нь юу болов гэхэд аав ээж хоёр хоорондоо зодолдоод байна гэхээр нь би дүүгийндээ яваад ортол миний төрсөн дүү Д эхнэртэйгээ хоёулаа байсан ба эхнэр нь архи уусан бололтой согтуу Д эрүүл байсан. Юу болсон талаар асуухад Ц намайг элдвээр харааж зүхээд үгэнд орох шинжгүй байхаар нь би эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдгийн гэж хэлчхээд гараад явсан эргэж гэрээр нь ороогүй. Удалгүй цагдаа нар ирээд Ц, Д хоёрыг аваад явсан” гэх /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,

Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүрэгт охиныхоо хамт амьдардаг миний төрсөн эгч Ц Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд нөхөр Д охин Анужин нарын хамт амьдардаг. 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой намайг шинэ жилдээ орж байхад миний төрсөн эгч Ц над руу фейсбүүкээр Д намайг зодоод нүд хөхрүүлчихлээ гээд зургаа явуулсан. Тэгээд би шууд эгчийнхээ гэрт шууд яваад очтол эгч Д ах хоёр цагдаагийн хэлтэс рүү явчихсан байхаар нь шууд яваад очсон. Ингээд эгчтэйгээ уулзахад миний эгчийн баруун нүд нь хөхрөөд хавдчихсан цус гарчихсан байдалтай байсан тул шууд шүүх эмнэлэгт очиж үзүүлээд эгчийгээ гэрт нь хүргэж өгөөд би харьсан” гэх /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Чулуунсүхийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан №739 дугаартай дүгнэлтэд:

Ж.Цын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2023.12.23-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна..

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр Ц хуучин ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахаар явсан. Ингээд орой 21 цагийн үед манай эхнэр согтуу гэртээ ирсэн. Ирэхээр нь би хэрүүл маргаан хийгээгүй эхнэрийгээ жижиг өрөөнд унтуулахаар хэвтүүлсэн чинь цай хийгээд өг гэхээр нь цай хийж өгөхдөө элсэн чихэр хийх гэж байгаад давс андуурч хийгээд эхнэртээ өгсөн байсан. Тэгсэн чинь манай эхнэр давстай цай хийж өглөө гэж уурлаад бид хоёр хоорондоо хэрэлдсэн ба эхнэрийнхээ гаржаас барьж аваад ор руу түлхсэн босоод ирэхээр нь шанаа уруу нь алгадсан тэгсэн чинь нүднээс нь цус гараад манай эхнэр утсаараа цагдаа дуудсан. Тэгснээ арай гайгүй тайвшраад ирэхээр нь би цагдаа уруу эргэж утасдаад дуудлагыг нь буцааж болох уу гэсэн чинь дуудлага буцаахгүй гээд цагдаа нар манайд ирээд охиноо эгчийндээ үлдээчхээд эхнэр бид хоёр цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. Эхнэрийн дүү ирж эгчийгээ авч яваад шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх           /хавтаст хэргийн 39-43 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх ба улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Ж.Ц нь шүүгдэгч Д.Дгээс нэхэмжилсэн зүйлгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.АРИУНБОЛД