Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин,

улсын яллагч Э.Оргилбат,

хохирогч Т.Э,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахир овогт Лхагвасүрэнгийн Бт холбогдох эрүүгийн 2311 01600 1612 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овгийн Л Б, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний газар ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 796Г тоотод оршин суудаг,

урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээ сарын 01-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 797 тоотод хохирогч Т.Эийн биед халдаж эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн хөх, бугалганд цус хуралт, хэвлий, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 749 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Л.Б нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 797 тоотод хохирогч Т.Эийн биед халдаж эрүүл мэндэд нь зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн хөх, бугалганд цус хуралт, хэвлий, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр аавуудын баяр гээд Б нь манай хойд хашааны Жаргалсайханы гэрт нэг шил архитай ирсэн байсан. Тухайн үед Жаргалсайхан нь намайг Тунгаа эгчээ ороод ирээ гээд дуудахад би Жаргалсайханы гэрт ороход Жаргалсайхан, эхнэр Энхжаргал, Б нар байсан. Тэгээд 0.75 литрийн “хараа” гэх нэртэй архинаас надад нэг аяганд хийж өгөөд уугаад сууж байхад Бын эхнэр Анхтуяа гэрт орж ирсэн. Тэгээд Б нь эхнэр Анхтуяатай хэрэлдэж маргалдаад байхаар нь би Анхтуяаг өмөөрч хэрүүлийг болиулах гэхэд Анхтуяа хэл амаар доромжлоод байхаар нь би Бын баруун хацар хэсэгт цохиод Болбаатар нь намайг орноос түлхэж унагаагаад би газарт дээшээ хараад унасан. Намайг унасны дараа Б нь миний цээж хэсэгт нэг удаа дэвсэж өшиглөсөн. Тэгээд босох гээд өвдгөн дээрээ суухад араас түлхэж унагаасан. Тухайн үед Анхтуяа нь Быг дагуулаад тал шил архиа аваад гэрээс гараад явсан. Тэр хоёрыг явсны дараа би босож чадахгүй байхаар нь би хүү Бямбабаярыг дуудаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж үзүүлсэн. Тухайн гэмтлийг Б надад учруулсан. Өмнө нь хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Б нь манай гэрийн хойд хашааны Жаргалсайханы төрсөн ах нь байгаа юм. Тэгээд Бын хүү нь манай хүү Бямбабаяртай найзууд болохоор танилцаж байсан. Би баяр ёслолын өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэж байсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр анх удаа Жаргалсайханы гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан...” гэх /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Хохирогч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад гомдол санал байхгүй. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо төлж барагдуулахыг хүсэж байна. Би “Нарантуул-2” худалдааны төвд махны шулаа хийдэг. Би өдөрт 70,000 төгрөг авдаг байсан. Эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн 1 сар ажиллаагүй. Би ажил хийгээгүй хугацааныхаа хохирлыг авахгүй. Бид нар 10 гаран жилийн хугацаанд бие, биеэ мэдэж байгаа. Шүүх хуралдаанд аав маань нас барсан гэж эхнэр нь хэлсэн байдаг. Тэгж худлаа хэлэх шаардлага байхгүй. Л.Бын аав 2003 онд нас барсан. Чи надтай өдөр бүр зөрөөд явдаг. Нэг ч удаа надтай уулзаад уучлаарай гэж хэлээгүй. Хэрвээ чи надаас уучлаарай гэж гуйгаад миний биеийн талаар асуусан бол өнөөдөр шүүхэд ингээд зогсож байхгүй. Хүнд хүн чанар гэдэг зүйл байдаг. Надаас нэг удаа уучлалт гуйгаад, биеийн талаар асуух хүн чанар чамд байгаагүй. Харин чиний эхнэр надтай уулзаад би Болдоогоор уучлалт гуйлгана гэж хэлж байсан. Танай хүүхэд Тунгаа эгчээ бие чинь гайгүй юу? гэж асууж байсан. Намайг өөрийн ганц хүүтэйгээ түрээсийн хашаанд амьдардаг гэдгийг чи маш сайн мэднэ. Би ч чиний амьдралыг мэднэ. Гэхдээ чи надаас уучлалт гуйгаагүй...” гэх

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10212 дугаартай дүгнэлтэд:

Т.Эийн биед зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн хөх, бугалганд цус хуралт, хэвлий, баруун өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй /хавтаст хэргийн  35-36 дугаар тал/,

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр Анхтуяа, охин Хүслэн нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17 дугаар гудамжны 796г тоотод оршин суух хаягт байх гэртээ амраад гадаа хашаандаа гэдэс чанаад байж байхдаа би 1 шил архи аваад тэрийгээ ганцаараа уусан барахгүй болохоор нь манай гэрийн урд талд байх төрсөн дүү Жаргалсайханы гэр рүү орж хамт уухаар болоод Жаргалсайханы гэр рүү ороход эхнэр Энхжаргал байсан. Тэгээд бид гурав архиа хувааж уугаад байж байтал гаднаас Э орж ирээд хамтдаа бид 4 ууцгаасан юм. Тэгсэн гаднаас манай эхнэр Анхтуяа орж ирээд намайг “архи уулаа, гэр орондоо амарч байж юм хийсэнгүй” гээд уурлаад загнаад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би эхнэр Анхтуяатай маргалдаж байтал Э дундуур орж ирээд намайг эхнэрээ загналаа, зодлоо гэх зүйл яриад надтай маргалдахаар нь би ас өөдөөс нь хэрэлдсэн чинь миний нүүр рүү ууж байсан усаа цацчихаар нь би уурлаад Этай маргалдаад элдвээр хэлсэн чинь Энхжаргал миний хөл рүү өшиглөхөөр нь би хөлийг бариад аваад түлхсэн чинь Энхжаргал хойшоо газарт саваад уначихсан санагдаж байна. Тэгсэн манай эхнэр Анхтуяа намайг дагуулаад гэрээс авч гараад гэр рүү оруулсан. Тухайн үед өдөр 16 цаг орчим болж байсан ба би гэртээ орчхоод Баянхошуунд байх дүүгийнхээ гэр рүү яваад өгсөн юм. /хавтаст хэргийн 69-70 дугаар тал/,

Шүүгдэгч Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,  

Шүүгдэгч Л.Бын шүүхийн хэлэлцүүлэгт “гэм буруугаа хүлээж байна гэх” мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Эт 200,000 төгрөгийн хохирол барагдуулж хохирогч цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөрүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн Л Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              П.АРИУНБОЛД