| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/05220/и |
| Дугаар | 101/ШЗ2021/00864 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 101/ШЗ2021/00864
| 2021 01 13 | 101/ШЗ2021/00864 |
|
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “ХБ” ХХК,
Үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/ дугаар шийдвэрээр Л.Бгаас 385.938.985 төгрөг гаргуулж ХБ-д олгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж Л.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 тоот хаягт байрлах 614 м.кв талбайтай авто засварын газар болон гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 343.043.000 төгрөгөөр үнэлсэн. Уг 2018 онд гаргасан үнэлгээгээр 2020 оны 10 дугаар сарын байдлаар ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтэгх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “..тухайн орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлж, талуудад мэдэгдэнэ.” гэж заасан заалттай зөрчилдөж байна. Мөн зах зээлийн ханшийг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д хандахад Баянзүрх дүүргийн 17 тоот хаягг байрлах 614 м.кв талбайтай авто засварын газар болон гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрын зах зээлийн үнэ 515.150.000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр миний өмчлөлийн хөрөнгийн зах зээлийн үнэ ханш өссөн байх тул дахин үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргасан боловч хариу хугацаанд өгөөгүй тул 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүсэлт шийдвэрлэхгүй гомдлыг гаргасан. Шийдвэр гүйцэтгэх албаны улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04а/ дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “...хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тоггоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэсэн нь хуулиар зөвшөөрсөн өмчлөгчийн эрхийг хамгаалсан, эрх зүйн байдлыг дордуулахаас урьдчилан сэргийлсэн заалт бөгөөд хариуцагч төрийн байгууллага өмчлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсанд гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үнэлгээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Л.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж 17 тоот хаягт байрлах 614 м.кв талбайтай авто засварын газар болон гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газарт дахин үнэлгээ хийхийг хариуцагч НШШГГт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12987 дугаар захирамжаар Л.Бгаас 385.938,985 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүургийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 25 дугаар байрны 49 тоотод байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамжны 17 тоотод байрлах 614 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17262119/03, 17262119/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 01 дүгээр 04-ний өдрийн 172621119/05, 17262119/06 дугаар тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилоход Баянзүрх дүүргийн 49 тоотод байрлах орон сууцыг 72.078.000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 1-17 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрыг 343.043.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л.Б 2018-04-19-ний өдөр шүүхэд "эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгох" нэхэмжлэл дахин гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3647 дугаар шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар магадлалаар, Улсын дээд шүүхийн оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 699 дүгээр тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөрт хураагдсан Л.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2 дахь албадан дууддлага худалдаанд оруулахад Баянзүрх дүүргийн 49 тоотод байрлах 39 м.кв талбайтай орон сууц 52.000.000 төгрөгөөр худалдан борлогдож, Баянзүрх дүүргийн 1-174 тоотод байрлах үйлчилгэээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар худалдан борлогдоогүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т наар төлбөртөө тооцон авахыг санал болгох хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж “Л.Б 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 1-17 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн 343,043,000 төгрөгөөр тооцож төлбөр авагч Хас банкинд шилжүүлж, төлбөр авагч тал зөрүү 7.956.015 төгрөгийг төлбөр төлөгчид төлснөөр өмчлөх эрх үүсэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь дахин үнэлгээ хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Баянзүрх дүүргийн 1-17 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 343.043.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээр дахин нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гурван шатны шүүх хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/ дугаар шийдвэрээр Л.Бгаас 385.938.985 төгрөг гаргуулж ХБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүургийн 49 тоотод байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 17 тоотод байрлах 614 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2016 онд уг шүүхийн шийдвэр гарсанаас хойш манай банк одоо болтол шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө авч чадаагүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ажиллагааг удаашруулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан. Уг үнэлгээтэй холбоотой асуудлыг анхан, давах болон хяналтын шатны шүүх хангахгүй орхиж эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл дахин үнэлгээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч НШШГГт үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дyraap сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/ дугаар захирамжаар Л.Бгаас 383,861,726 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,077,259 төгрөг тус тус гаргуулж “ХБ” ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 17 тоотод байрлах 614 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжид 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1295 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас Баянзүрх дүүргийн 17 тоотод байрлах 614 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэлгээг нийт 343,043,000 төгрөгөөр үнэлжээ.
Дээрх үнэлгээг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, шүүхэд үнэлгээ хийсэн ажиллагаа болон үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/ дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00699 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Талуудын маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 17 тоотод байрлах 614 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт дахин үнэлгээ хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээнээс хойш одоо уг эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ нэмэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг.
Нэхэмжлэгчийн “...үнэлгээ хийлгэснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байхад дахин үнэлгээ хийлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг шууд төлбөр авагчид санал болгох хуралдааныг хийснийг зөвшөөрөхгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүйтэй холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/ дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00699 дүгээр тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.
Иймд Л.Бгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлтэй, НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн 17 тоотод байрлах 614 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт дахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Л.Бд буцаан олгосугай.
3. Нэхэмжлэгч Л.Бгийн 63 хуудас нэхэмжлэлийг түүний нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ганчимэгт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тус шүүгчийн захирамжид зохигчид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ