Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/04180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ***** тоотод оршин суух Х******* овогт Д*******ийн Ө /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** байрт байрлах *******Гт холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэрээр надаас 74,003,393 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 598,167 төгрөгийг гаргуулан Э******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар уг төлбөрийг төлж чадаагүй тул миний өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй, Б*******зүрх дүүрэг, ****** тоотод байрлах 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилох тухай 8/386 дугаар тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээний шинжээчээр Б******* м******* ХХК-ийг томилсон ба тус компани нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 104,837,000 төгрөг гэж үнэлжээ. Тус орон сууц зах зээлийн ханшаар 150,000,000-180,000,000 төгрөгийн үнэтэй байхад зах зээлийн ханшаас илт доогуур буюу 104,837,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй, Б*******зүрх дүүрэг, ******** тоотод байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Б******* м******* ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БЗДОС 20/017 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч *******Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00830 дугаар тогтоолоор Д.Өаас 74,003,393 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 598,167 төгрөгийг гаргуулж, Э******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Өт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Өийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Б*******зүрх дүүрэг, ******* тоотод байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20260051/01 дугаар тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөхийг 164/02 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20260051/06 дугаар тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/386 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин Б******* м******* ХХК-ийг томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 104,837,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан, Б******* м******* ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч *******Гт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Б*******зүрх дүүрэг, ******* тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 104,837,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч *******Г нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

Б*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00830 дугаар тогтоолоор хариуцагч Д.Өаас 74,003,393.04 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 598,167 төгрөгийн хамт гаргуулан Э******* ББСБ ХХК-д олгох, хариуцагч Д.Ө шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, Б*******зүрх дүүрэг, ****** тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдахыг *******Гт даалгаж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй /хх-31-41/.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Б*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2019/19883 дугаар захирамж гарч, 1505 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ /хх-28-29, 30/.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн /хх-42/ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөр төлөхийг төлбөр төлөгчид мэдэгджээ /хх-45/.

Гэвч дурдсан хугацаанд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүйгээс шүүхийн шийдвэрт заасан орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20260051/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, мөн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлбөр төлөхийг дахин мэдэгдсэн байх /хх-46, 47/ ба улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20260051/06 дугаар тогтоолоор орон сууцыг хурааж, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлбөр төлөхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн байна /хх-49-50, 51/.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх ба талууд энэ талаар шүүхэд маргаагүй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчнээр тогтоолгох, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр тус тус заасан.

Төлбөр төлөгч, өмчлөгч Д.Ө орон сууцыг 180,000,000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Э******* ББСБ ХХК уг саналыг зөвшөөрөөгүй байна /хх-52, 53/.

Шийдвэр гүйцэтгэгчээс дээрх орон сууцны өмчлөгчөөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх иргэн Ц.Д*******д төлбөр төлөгч, төлбөр авагч нартай тохиролцон орон сууцны үнийн саналыг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байх боловч үнийн санал ирүүлээгүй /хх-54/.

Хариуцагч байгууллагын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/7835 дугаар албан бичгийн дагуу Б*******зүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8/448 дугаар лавлагаа болон түүнд хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд дээрх орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Ө бүртгэлтэй байх ба Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгч Д.Өийг тус орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэстэй /хх-44/.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/386 дугаар тогтоолоор шинжээчээр Б******* м******* ХХК-ийг томилсон нь дээр дэлгэрэнгүй дурдсан хуулийн зохицуулалтад нийцжээ /хх-55, 56/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилох, мөн хуулийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар тус тус заажээ.

Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчнийг шинжээчээр томилсон, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулан эрхүүрэг, хариуцлагыг урьдчилан сануулсан байх ба нэхэмжлэгч уг шийдвэрийн талаар маргаагүй.

Шинжээч Б******* м******* ХХК-ийн үнэлгээний тайланд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Б*******зүрх дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 104,837,000 төгрөгөөр үнэлжээ /хх-58-64/.

Нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байх боловч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд баримтаар нотлоогүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

Шинжээчийн дүгнэлтэд орон сууцны шинж байдлыг тодорхой тусгаж, орлогын хандлагын арга, зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж, өртгийн хандлагын аргыг хэрэглэх боломжгүй үндэслэлээ тайлбарлаж, улмаар орлогын хандлагын арга, зах зээлийн хандлагын арга тус бүрээр хэрхэн үнэлснээ тусгаж, нэгдсэн дүгнэлтийг гаргасан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явцшинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлээ тусгасан байна.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журамд хуульд заасан журмын дагуу орон сууцны үнэлгээ хийгдсэн байх ба түүнийг хүчингүй болгох үндэслэл шүүхэд баримтаар тогтоогдоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хариуцагч байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4-229/31489 дүгээр мэдэгдлээр орон сууцны үнэлгээний талаар мэдэгдсэнийг үндэслэн нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна /хх-5/.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд хариуцагч *******Гт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Б*******зүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжүгийн гудамж, 170 дугаар байр, 100 тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 104,837,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Өийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тодорхойлсон нэмэлт тайлбар гаргах шатанд Ц.Д*******ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлттэй гэх тайлбар гаргаж байх хэдий ч тэрээр хэргийг хэлэлцэхээс өмнө зохигчийн хүсэлт хянан шийдвэрлэх шатанд энэ талаар санал хүсэлтээ илэрхийлээгүйн дээр Ц.Д******* нь хариуцагч *******Гт холбогддуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхэд иргэний хэрэг хянагдаж байгаа болох нь шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/22559 дүгээр захирамжаар нотлогдсон, шүүхээс гарах шийдвэр Ц.Д*******ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******Гт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Б*******зүрх дүүрэг, ******* тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 104,837,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Өийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Өаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА