Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

С

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга М.Энхмаа,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

улсын яллагч Н.Түвшинбаяр нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Лхагвадоржийн Бэд холбогдох эрүүгийн 1911 01798 1566 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х ургийн овогт Л Б, /РД: ФБ98041419/,

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж ахын хамт Орхон аймаг Шандын 68-12а тоот хаягт бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1259 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 4 cap 18 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж ял эдэлж байгаа.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр .............. дүүргийн 8 дугаар хороо, 7-1116 тоот иргэн Д.Ганболдын эзэмшлийн гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч пүүз, монетон бөгж, мөнгөн аяга, малгай, үнэртэй ус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,285,400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 823 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Б нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7-1116 тоот иргэн Д.Ганболдын эзэмшлийн гэр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч пүүз, монетон бөгж, мөнгөн аяга, малгай, үнэртэй ус зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,285,400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд эхнэр хүүхдээ аваад лагер руу явсан байсан ба лагер дээр байхад манай ах Гантөмөр над руу 18 цаг 45 минутын орчимд залгаад танай хашааны хаалга болон байшингийн урд талын цонх нээлттэй байна гэхээр нь гэртээ яаралтай ирсэн чинь манай байшингийн урд болон хойд талын цонх нээлттэй байсан ба гэртээ ороод эд зүйлсээ шалгатал пүүз 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг, арьсан цүнх 1 ширхэг, малгай 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг алга болсон байсан гэх мэдүүлэг...” гэх /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ломбарданд /фб98041419/ регистрийн дугаартай Лхагвадоржийн Б гэдэг хүн 2019 оны 06 дугаар сарын 23-ны 17 цаг 21 минутад “гарнет” /ногоон өнгийн/ 43 размерын пүүзийг 100,000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 7-1116 тоот хашаанд дүү Ганболдын хажуугийн байшинд ээж Лхагважавын хамт амьдардаг. 2019 оны 06 дугаар сарын 23-ны өглөө Ганболдыг гэрээсээ гараад явснаас хойш би 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явж байхад манай хашааны зүүн талын буланд 17-18 насны эрэгтэй хүн намайг хашаагаа түгжиж байхад хараад байсан тэр хүнийг хулгай хийсэн болов уу гэж бодож байна...” гэх /хавтаст хэргийн 46 дугаар тал/,

Гэрч Д.Гтаньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,

Дамно ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЧД1-23-1086 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 61-63 дугаар тал/,  

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр очиж цагаа бүртгүүлээд Баянхошуу руу явах замдаа Чингэлтэй дүүргийн 8-р хороо, зүүн тасганы орчимд  хашаа дээрээ 111б гэсэн хаягтай айлын хашааны завсраар харахад хүн байхгүй юм шиг байхаар нь хашаанд ороод цэнхэр өнгийн 1 давхар байшингийн вакум цонхыг нь түлхээд орсон тэгээд тухайн айлаас 2 ширхэг хос пүүз, монетон бөгж 2 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг аваад гарсан...” гэх /хавтаст хэргийн 134-135 дугаар тал/,

шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт, би 6 дугаар сарын 23-ны өдөр тухайн айл руу нэвтэрч орсон нь үнэн. Өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхдээ Чингэлтэй дүүрэгт өөрт холбогдох нэг хэрэг шалгагдаж байгаа талаар хэлсэн. Мөн түүний дараагаар Хан-Уул үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхдээ Чингэлтэй дүүрэгт өөрт холбогдох нэг хэрэг шалгагдаж байгаа талаар хэлэн, тус хэргийг нэмж нэгтгэж өгөхийг хүссэн. Харин шүүх, прокурорын зүгээс Чингэлтэй дүүрэгт ийм гэмт хэрэг байхгүй гэж хэлсэн. Би үнэхээр харамсаж байна. Өөрт оноосон ялаа эдлээд ээж, эмээгийн хамт сайхан амьдармаар байна гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Ганболдын мэдүүлэг дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.

            Иймд шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Л.Бээс 1,285,400 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 8-р хороо, зүүн тасганы 7-111б тоот оршин суух хаягтай, Д.Ганболд /РД: ЧО85090279/-д олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Л.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”  гэж зааснаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 cap 18 хоногийн Зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бэд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Б түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нар “шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Шүүгдэгч Л.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 4 cap 18 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлэхдээ 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байх тул дахин хамруулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 40 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Л Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдсэн 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан .......... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.    

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Бээс нийт 1,285,000 төгрөг гаргуулж хохирогч .................. дүүргийн 8-р хороо, зүүн тасганы 7-111б тоот оршин суух хаягтай, Д.Ганболд /РД: ЧО85090279/-т олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийн энэ хэрэгт нийт 40 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулсан тооцсугай.

8. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг дурдсугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             П.АРИУНБОЛД