Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 23 байранд байрлах С.С сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 23 байр, 31 тоот хаягт оршин суух Сутай овогт Дашжамцын Ариун-Эрдэнэ /ДЮ79120473/-д холбогдох,

1,703,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С сууц өмчлөгчдийн холбоо, түүний төлөөлөгч Б.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Д.А нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө цаг тухайд хийлгүй бөөгнүүлж, 2015 оны 05 дугаар сараас эхлэн 2020 оны 09 дүгээр сарыг дуустал 1,703,000 төгрөгийг төлөхгүй байгаа болно. Д.Ад сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд төлөхгүй гэдэг байсан, төлбөрөө төлөхгүй гэдэг эсэргүүцлийг үзүүлж, олон нийтийн төлбөр төлсөн лифт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, цахилгааныг ашиглаж байгаа юм. Дугуй алдсан асуудлаас болоод сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхөө больсон, камерын бичлэг хуулбарлаж аваад цагдаагийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлнэ гээд явсан учир манай байгууллага хариуцахгүй. Д.Ариун-Эрдэнийг гараашнийхаа хойд талд хүний нүдэнд ил харагдах сараалжин хашлага хийгээд тэндээ дугуйгаа бэхлэж байгаад алдсан. Анх хашлага хийхэд нь хүний нүдэнд харагдах ийм газар хийж болохгүй гэдгийг хэлж байсан. Иймд иргэн Д.Аэс 1,703,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,198 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 23 дугаар байрны доорх зогсоолоос 2015 оны 06 дугаар сард трек брэндийн 1,200,000 төгрөгийн үнэтэй унадаг дугуй алдсан. Уг байр харуул, жижүүртэй бөгөөд гадны хүн нэвтэрч хулгай хийх боломжийг олгосон учир унадаг дугуйны хохирлыг төлүүлэх хүсэлтэй бөгөөд энэ тухай сууц өмчлөгчдийн холбооны захиралтай ойлголцож чадаагүй. Тухайн үед дугуй алдсан баримт материал болон хэрэг Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Анхбаяр хариуцан ажиллаж байсан. Иймд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөөс дугуй алдсан хохирлыг хасч тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Ад холбогдуулан 2015 оны 05 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,703,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч дээрх хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй үйл баримтыг маргаагүй боловч 2015 оны 06 дугаар сард орон сууцны зоорийн давхарт байрлах автомашины зогсоолоосоо унадаг дугуй хулгайд алдсан, сууц өмчлөгчдийн холбоо гадны хүн нэвтрэх боломж олгосон үндэслэлээр төлөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 23 дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоолоор С.С сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 56 дугаар гэрчилгээ олгогджээ /хх-3/.

 

Хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 23 байр, 31 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018064 дугаартай орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон байна /хх-20/.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэлд орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2015 оны 05 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал нийт 65 сарын хугацааны төлбөрт сард 26,200 төгрөг, нийт 1,703,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн /хх-5-13/.

 

С.С сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрээр сууц өмчлөгчөөс сард засвар үйлчилгээ 4,000 төгрөг, лифт 4,000 төгрөг, жижүүр 6,500 төгрөг, цэвэрлэгээ 5,450 төгрөг, цахилгаан 6,000 төгрөг, халаалт 150 төгрөг, ус 100 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн зүгээс тус шийдвэрийн талаар шүүхэд маргаагүй /хх-4/.

 

Хариуцагч нь 2015 оны 06 дугаар сард орон сууцны зоорийн давхарт байрлах автомашины зогсоолоосоо унадаг дугуй хулгайд алдсан гэж тайлбарласан ба энэ тухай гомдлоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасныг Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 443 дугаар тогтоолоор хулгайлсан этгээд тогтоогдохгүй, унадаг дугуйг эд зүйлийн үнэлгээний газраас 190,000 төгрөгөөр үнэлсэн, Эрүүгийн хуульд заасан хохирлын бага бус хэмжээнд хүрэхгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ /хх-33/. Хариуцагч ажлын ачааллаас шалтгаалан тус шийдвэрийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж чадаагүй гэж тайлбарлаж байна.

 

Дээр дэлгэрэнгүй дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд сууц өмчлөгчөөр төлүүлж буй төлбөр нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх зориулалттай тул хариуцагчийн хувийн өмчид байгаа эд хөрөнгийн хамгаалалтыг нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо хариуцах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Үүнээс гадна хариуцагчийн татгалзалд нэхэмжлэгчийг гадны хүн нэвтэрч хулгай хийх боломжийг олгосон гэж буруутгаж байх боловч энэ байдал шүүхэд баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болох бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхийг өмчлөгч хэрэгжүүлнэ.

 

Иймд хариуцагч нь өөрийн өмчлөлийн автомашины зогсоолоосоо унадаг дугуй хулгайд алдсан гэх шалтгаанаар хуульд заасан үүрэг болох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхөөс татгалзаж байгааг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Д.Аэс 2015 оны 05 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,703,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.С сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Аэс 1,703,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.С сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аэс 42,198 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.С сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА