Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0004/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч О.Пүрэвбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Цорос овогт Отгонбаярын Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн 2318000000672 дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Цорос овогт Отгонбаярын Пүрэвбаатар / РД: ОА******** / 2005 оны 10 сарын 27-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан Өргөө политехникийн коллежийн Авто засварчны 4 дүгээр  курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, 4 дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум,  5-р баг, 20.4 дүгээр байрны 136 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч О.Пүрэвбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Пүрэвбаатар нь 2023 оны 11 сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7-р багт үйл ажиллагаа явуулдаг Дархан захаас Дархан Өргөө коллеж руу таксигаар үйлчлүүлэхдээ тухайн таксинд хохирогч Ц.Содбаярын гээсэн байсан 1.300.000 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн HUAWEI Nova 11i маркийн гар утсыг олж аван П.Дунай гэх хүнд 390,000 төгрөгөөр худалдсан болох нь:

Шүүгдэгч О.Пүрэвбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/,

2023 оны 12 сарын 8-ны өдрийн Мобиком корпораци ХХК-н “8620610609*****, 8620610609***** IMEI кодтой утсанд ашигласан дугаарууд, эзэмшигчийн мэдээллийг хүргүүлэв” гэх албан тоот /хх-н 5/,

2023 оны 12 сарын 8-ны өдрийн иргэний нэхэмжлэгч П.Дунайгаас HUAWEI Nova 11i маркийн гар утас 1 ширхэг, өнгөгүй хамгаалалтын гэр 1 ширхгийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/,

2023 оны 12 сарын 8-ны өдрийн HUAWEI Nova 11i маркийн гар утас 1 ширхэг, өнгөгүй хамгаалалтын гэр 1 ширхгийг насанд хүрээгүй хохирогч Ц.Содбаяр, хууль ёсны төлөөлөгч Ш.Цэцэгбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 7/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Содбаярын мэдүүлэг /хх-н 10/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Содбаярын нас тоолсон тэмдэглэл /хх-н 11/,

Иргэний нэхэмжлэгч П.Дунайгийн мэдүүлэг /хх-н 14, 16/,

2023 оны 11 сарын 10-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн " HUAWEI Nova 11i маркийн 128 GB багтаамжтай саарал өнгийн гар утас 1,300,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24-25/

О.Пүрэвбаатарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 50-55/, 2023 оны 12 сарын 18-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н 56/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч О.Пүрэвбаатарын үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн эзэмшилд авч бусдад худалдан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч О.Пүрэвбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Иймд шүүгдэгч О.Пүрэвбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгч О.Пүрэвбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч О.Пүрэвбаатар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Пүрэвбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Пүрэвбаатарыг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цорос овогт Отгонбаярын Пүрэвбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пүрэвбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Пүрэвбаатарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 45,000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Пүрэвбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР